Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02516

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02516

 

 

Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02014 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын их сургуульд холбогдох,

 

Тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлөх, бичилт хийлгэх, цалингийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Болормаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Түмэнжаргал, Л.Намнансүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Улсьн их сургууль /цаашид МУИС гэх/-ийг 1994 онд эдийн засгийн бакалавр, эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөнөөсөө хойш сургуульдаа судлаач, багш, ахлах багш, дэд професор, профессор зэрэглэлийн албан тушаалд ажиллахын зэрэгцээ удирдах албан тушаалд сүүлийн 10 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа тэнхимийн эрхлэгч, судалгааны төвийн эрхлэгч болон захирал, Эдийн засгийн сургуулийн Сургалтын албаны даргаар, Бизнесийн сургуулийн захирлаар, сүүлд Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажилласан.

Гэтэл МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий Ц.Болормаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай тушаалыг гаргаж намайг үндэслэлгүйгээр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Санхүүгийн аудитын тайлангийн дүн болоод МУИС дээр БСШУСЯ-аас мониторинг хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн намайг ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн МУИС-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар хөдөлмөрийн гэрээг цуцлах ажил олгогчийн санаачлага гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр сонсгох ажиллагаа гэгчийг зохион байгуулан, танилцуулж, улмаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм.

Миний бие ажиллах хугацаандаа МУИС буюу ажил олгогч талд санхүүгийн болоод эд хөрөнгийн хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл хийгээгүй бөгөөд МУИС-д материаллаг болон мөнгөн хөрөнгийн ямар нэг хохирол учруулаагүй. Харин аудитын тайланд тусгагдсан МУИС-ын санхүү, бүртгэлийн алдаа, зөрчлийг цаг алдалгүй засах, залруулах ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байсан болно.

Иймд 2018 оны 05 дугаар сарьш 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан Монгол Улсын Их Сургуулийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх, цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болормаа нь МУИС-ын Захирлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/164 1 дүгээр тушаалаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захиралаар томилогдон ажилласан. Ц.Болормаа дээрхи албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаандаа МУИС-ийн төсвийг захиран зарцуулах санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтанаар томилогдон ажиллаж байсан.

Гэтэл тэрээр ажиллах хугацаандаа МУИС-ын төсвийн гүйцэтгэлд хяналт тавих чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа санхүүгийн хууль тогтоомж, дүрэм, журмыг огт мөрдөж ажиллаагүй. МУИС-ын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар нийт 100,958.8 сая төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн байна.

Энэхүү зөрчлийг үндэслээд Монгол Улсын Үндэсний Аудитын газраас санхүүгийн аудитын тайлан, аудитын гэрчилгээгээр аудитын хязгаарлалттай санал дүгнэлтийг гаргасан. Ц.Болормаагийн санхүүтэй холбоотой ноцтой зөрчлийг санхүүгийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний Аудитын Газар шалгаж тогтоон, актаар нотолсон

Монгол Улсын Их Сургууль болон Ц.Болормаагийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрхи зөрчлийг хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохуйц ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон тул МУИС-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/233 тушаалаар Ц.Болормаагийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 5/233 дугаар тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.Болормааг хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Их Сургуульд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд ногдох нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгаж, үлдсэн цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Болормаагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ийн өдрийн шийтгэврээр хариуцагч байгууллагад мөнгөн торгуулийн арга хэмжээ оногдуулсан ба уг мөнгөн торгууль оногдуулсан шийтгэвэрт гомдол гаргах эрхтэй байсан тул хариуцагчийн зүгээс гомдлыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Шүүхээс хэргийг шийвдэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс болж шүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх маргааны үйл баримтыг үгүйсгэсэн, эсхүл нэхэмжлэгчийг буруутай гэж үзсэн зэрэг өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Хэрэгт авагдсан баримтаар БСШУС-ын сайдын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн МУИС-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн талаарх баримт авагдсан бөгөөд Үндэсний аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/123 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 04/122 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 02/61 дугаартай төлбөр барагдуулах тухай акт зэрэг баримтуудаар МУИС-ийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа нь санхүүгийн болон эд хөрөнгийн холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл нотлогдож байгаа болно. Ц.Болормаа нь дээрх ажил, албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаандаа МУИС-ийн төсвийг захиран зарцуулах санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа дээрх ноцтой зөрчил алдаа дутагдалыг гаргасан, энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай.

Хэрэгт авагдсан баримтуудаар Үндэсний аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/123 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 04/122 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 02/61 дугаартай төлбөр барагдуулах тухай актууд ирснээр санхүүгийн зөрчил гаргасныг мэдсэн. Хариуцагч байгууллагын зүгээс дээрх дүгнэлт, албан шаардлага, актыг мэдсэнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны зөвлөлийн хурлыг хийж зөрчил гаргасан буруутай ажилтан, албан тушаалтан нарт хариуцлага тооцохоор болсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагааг явуулсан ба энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан боловч шүүхээс эдгээр баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Сонсох ажиллагаа явуулсны дараа Ц.Болормаагийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сургуулийн захиргаанд хандан тайлбар гаргасан зэрэг баримтууд авагдсан бөгөөд улмаар 2018 оны 05 дугаар сарны 24-ний өдөр 5/233 тушаал гарч үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн МУИС-ийн ШУС-ийн профессор багшийн албан тушаалд томилон ажилуулсан. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Болормаа нь хариуцагч Монгол Улсын их сургуульд холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан тайлбарыг нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2018/08578 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

 

Гэтэл дээрх шүүгчийн захирамжийн дагуу ирсэн баримтууд болох МУИС-ийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/1255 тоот албан бичиг, Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын тайлан, аудитын гэрчилгээ, Үндэсний аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04/123, 04/122 тоот албан шаардлага, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/31, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/61 тоот акт, МУИС-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоол, МУИС-ийн дүрэм, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаал, МУИС-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1а/4018 тоот албан бичиг, МУИС-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн ажлын хэсгийн тайлан, МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх бичмэл нотлох баримтад тавигдсан шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Монгол Улсын их сургууль нь өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж хүргүүлсэн байхад анхан шатны шүүх уг баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгож дүгнэж, нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. /хх 118-175 дахь тал/

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА