| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0724/Э |
| Дугаар | 836 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу ҮД:00-96,
хохирогч С.Баттунгалаг, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа ҮД:26-20 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэрэйд овогт Дамдинсүрэнгийн Төрболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0398 10941 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1983 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “ТАТВОС” ХХК-д ерөнхий инженер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 137 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Хэрэйд овогт Д.Т/РД:ЕЮ83040235/
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Д.Т нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 1 дүгээр байрны 6 дугаар давхарын орцонд иргэн С.Баттунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Манай эхнэр А.Баттуяа гадаадаас 4 дүгээр сарын 20-нд монголд ирсэн. Ирээд 7 хонож байсан. Бид хоёр хамт амьдардаггүй. Тиймээс манай эгчийн байр сул байсан учир эхнэрээ охинтойгоо цуг оруулсан. Би охиныгоо өглөө болгон “JET” англи хэлний сургалтад хүргэж өгдөг. Би өглөө эхнэр рүү залгаж охиноо сургалтад хүргэж өгье авчраад өг гэхэд 10 дугаар хороолол явсан гэж хэлсэн. Манай гэрийн цонхноос манай эгчийн байрны цонх харагддаг. Чи гэртээ байна шүү дээ би охиноо очоод авчихъя айлаар дамжиж охиноо авах боломжгүй байна гэсэн. Байрны гэрэл асаалттай учир явж очсон. Намайг очиход хүүхдийг гэрт нь түгжчихсэн байсан. Би уур, уцаар хүрсэн. Эхнэрээ дуудахад 20-30 минутын дараа ирсэн. Гэр рүүгээ ороход манай охин хохирогч С.Баттунгалагийн хүү хоёр хамт байсан. Ингэж байхаар би охиноо аваад явъя чи ч гэр рүүгээ яв гэж хэлсэн. Уурласан байсан учир эхнэрээ хоёр алгадсан. С.Баттунгалаг дуудуулж дуудуулж ирсэн. Гэрээс гарцгаасан. Би С.Баттунгалагтай хэл амаараа муудалцсан. Би охинтойгоо хамт хаалгаа түгжих гээд үлдсэн. 3 дугаар давхрын шатанд би Баттунгалагтай зөрж буухдаа шүргэсэн. С.Баттунгалаг утсаараа намайг 2 удаа цохисон. Эргэж хараад гараа саваад түлхээд гараад явсан. С.Баттунгалаг цагдаа дуудна гэж орилж байсан. Гэр рүүгээ охиноо оруулж өгчихөөд буцаад эгчийн байр руу очсон. Миний өөдөөс эргүүлийн цагдаа ирж байсан. Манай байрны өмнө машинаа тавьсан байсан. Би түрүүлж орж суусан. Эхнэр голд сууж С.Баттунгалаг суусан юм. Би өшиглөөгүй. Би хохирогчийг цохисон учир яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Баттунгалаг мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай хүүгийн хичээл үдээс хойш ороод орой 19 цагт тардаг. Найз А.Баттуяаг Солонгоос ирэхээр онлайнаар хувцас зардаг. Найзыгаа гадаадаас ирэхэд хувцсыг нь зарахад би тусалдаг. Тухайн өдөр найз руугаа залгаж сургуулиас нь хүүгээ аваад явж байна гэж хэлсэн. Манай найз хүрээд ир хороолол орж хүнд хувцас үзүүлэх ажилтай байна гэж хэлсэн. Би гэрт нь очсон. Хороолол орж хувцсыг нь үзүүлчихээд буцах замдаа хоол идэхээр болсон. Манай найз А.Баттуяагийн утас дуугарсан. Д.Т дуудаад байна гэж хэлээд гэр рүүгээ явсан. 20 минутын дараа манай хүүхдийн утснаас Д.Т залгаж чи хурдан ирж хүүхдээ ав, хүүхдийг чинь хананд савж аллаа гэж ярьсан. Тухайн үед би машинтай явж байсан. Манай машиныг хаагаад өөр машин тавьсан байсан болохоор такси бариад яваад очсон. Д.Т шууд хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй нүүрэн тус газар цохисон. Манай хүүхэд ойрхон зогсож байсан. Намайг газар уначихаад байхад хөлийн улаараа олон удаа өшиглөсөн. Мөн миний нүүрэн тус газар 3 удаа цохисон. Би шоконд орсон. Тухайн үед би өөрөө зугтаж болох байсан ч хүүхэд маань зогсож байсан болохоор хүүхдээ авах ёстой гэсэн бодолтой байсан. Түр хугацаагаар Д.Т холдоод явахад манай 9 настай хүү ээжээ хоёулаа эндээс зугтчихъя гэж хэлсэн. Тухайн үед би босож чадахгүй байсан. Д.Т цаашаа буцаж нэг алхаад л ирж намайг олон удаа цохисон. Би Д.Тын эсрэг юу ч хийж чадаагүй, нэг ч үг хэлээгүй. Мөн зодоон ойрхоноос харж үзээгүй. Ийм хэрэг төвөгт орооцолдож ийм мэдүүлэг өгч байгаагүй. Тухайн үед их шоконд орсон байсан. Би хүн рүү гар сарвайдаг хүн ч биш. Машин жижигхэн чулуун дээр гарахад толгой савлан маш их хүчтэй өвдөлттэй байсан. Би саяхан Voice шоунд орсон учир хүмүүс намайг тодорхой хэмжээнд таньдаг болсон. Сарын хугацаанд миний нүүрийг хүн харах хэцүү, толинд ч харах хэцүү байдалтай байсан. Би ийм газар явж байгаа нь ичгэвтэр ба нэр төрийн хувьд маш их сэвтэй байна. Би “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ эмнэлгийн эмч нар бүгд таньж байсан. Би машинаа зарж эмчилгээний зардлаа гаргасан. Би юунаас болж зодуулснаа ойлгохгүй байгаа. Манай нөхөр нэг удаа ч над руу орилдоггүй. Би ийм орчинд байж үзээгүй. Д.Тыг хараад бие чичирч байна. Энэ хүнтэй дараа таарахдаа ч яахыг мэдэхгүй байна. Одоогоор толгой өвдөж дотор муухайраад байгаа. Би эмчлүүлнэ. Үүний дараа гарсан зардлаа яах ёстой вэ. Д.Т Цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаалт өгөөд зогсож байхдаа хүртэл намайг ална гээд цагдаа нарын хажууд дайраад байсан. Тухайн үед эмэгтэй хүн газар уначихаад байхад 2 бага насны хүүхдүүдийн дэргэд хөлийн улаараа савж цохиод байгаа. Би маш их цочролд орж сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа. Би гарын үсэг зурахдаа регистрийн дугаараа бичиж байсан үе бий. Миний ажил маш их хугацаагаар хойшилсон. Би компани удирдаж явдаг. Би нам даралт зуух хийх тендерт ялчихсан. 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулах байсан. Энэ ажил маань тодорхойгүй хугацаагаар 7 хоног хойшлуулж байсан. Миний сэтгэл санаа хүнд байна. Д.Т над руу залгаагүй, нэг удаа ч болов уучлаарай гэж хэлээгүй. Одоо худал мэдүүлэг өгч байгаад би гайхаж байна. Би чиний хийх ёстой үүргийн төлөө, эхнэрт чинь тусалсныхаа төлөө яагаад би зодуулах ёстой юм бэ. Маш их гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Баттунгалагийн: …2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр найз Баттуяагийн хамт хоол идэхээр гарахдаа гэрт нь 2 хүүхдээ үлдээсэн. Тэгээд хүүхдийн 100-ийн орчимд хоол идэхээр сууж байсан чинь найзын салж байгаа нөхөр нь залгаад хүүхдээ авъя гээд байхаар нь хүүхдээ өгөөд буцаад ирье гээд явсан. Тэгээд удаагүй манай хүүхдийн утаснаас дуудлага ирээд нөхөр нь яриад хүүхдээ ирж ав, хүүхдийг чинь хананд савж аллаа гэж хэлэхээр нь яараад 6 дугаар хорооны 1 дүгээр байрны орцонд ирсэн чинь үгийн зөрүүгүй нүүр нүдгүй зодож, толгой руу өшиглөж, хананд савж, үсдэж, шатаар чирч зодсон. Тэгээд эхнэр дээрээ очихоор нь хүргэн, дүү хоёртой утсаар ярьсан чинь зугтаасан. Уг хүн намайг зодсон шалтгааныг мэдэхгүй байна, хүүхдээ манайд орхилоо гэж орилоод байсан. Толгой эргэж манараад байна, зүүн талын шанаа хавдсан, эрүү, хүзүү хөндүүр байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна...
...2018 оны 05 дугаар сарын 02-ны 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 1 дүгээр байрны 6 давхарт Баттуяагийн нөхөр Төрболд гэгч манай хүүхдийг хананд савж ална гээд байхаар нь би хүүхдээ авах гээд хүүхдийн 100-гаас яваад очтол эхнэр Баттуяаг орцон дотор нүүрэн тус газар нь цохиж зодсон байдалтай хэрэлдэж байхаар нь яваад очтол Төрболд үгийн зөрүүгүй миний уруулан тус газар 2-3 удаа цохиход дүгнэлтэнд тусгагдсан урууланд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, тухайн үед би цохиулснаас болоод орцонд унасан чинь миний шанаан тус газар гараараа 2-3 цохисон. Үүнээс болоод зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байх. Унасан байхад миний толгойн тус газар 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд би толгойн ар хэсгээр хананд цохиж байсан. Тэгээд би ухаан алдсан. Нүүр ам цус болсон сууж байхад миний охин ээж ээ хоёулаа зугтъя гэж байсан. Тэгсэн Төрболд 6 давхраас 5 дугаар давхрын гол хүртэл үсдэж байгаад шатаар чирэхэд баруун өвдөг, зүүн бугуйн цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, гэмтэл үүссэн. Тэгээд сүүлд цагдаа нар ирээд би Төрболдыг түрүүлж машины арын суудалд суулгасан байхад би сүүлд нь суух гээд цагдаагийн машины хаалга нээтэл Төрболд чамайг суулгахгүй гэж хэлээд миний хэвлийн тус газар нэг өшиглөсөн. Тэр үед би унасан. Тэр үед би зодуулаад шатан дээр дээш, доош болж байхад хэвлий доргисон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан яллагдагч Д.Тын мэдүүлэг гаргах нь гэсэн гарчиг бүхий гар бичвэр /хх-ийн 33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Тын: ...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 28 тоот орон сууц эзэнгүй байдаг учир манай эхнэр, хүүхэд хоёр түр оршин сууж байсан. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 19-20 цагийн орчим хүүхдээ авахаар очихоос өмнө эхнэрийн 98117072 дугаарт залган хаана байна гэж асуухад эхнэр “би 10 дугаар хороололд хүүхэдтэйгээ явж байна” гэхээр би 10 дугаар хороолол орж авч чадахгүй ээ, чи хүүхдээ аваад ир гэсэн. Тэгээд би хадамын дугаар руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тухайн үед аавын Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21-р байрны 137 тоотод байсан уг байрны цонхоор манай эхнэрийн байсан 1-р байрны 28 тоотын цонх харагддаг юм. Тухайн үед намайг цонхоор харахад гэрийнхэн гэрэл асаалттай, хүнтэй байгаа юм шиг байхаар нь уг байранд яваад очтол гэрийн хаалга цоожтой, манай хүүхэд дотроос нь цоожлуулаад явсан байсан. Тэгэхээр нь би эхнэрийг дуудсан 20-30 минутын дараа пиво үнэртүүлсэн ирсэн. Тухайн үед би ууралсан байсан учир эхнэрийг 2-3 удаа алгадаад гэрийн хаалгыг онгойлгуулан ортол эхнэрийн найзынх нь хүүхэд гэх 4-5 орчим насны эрэгтэй хүүхэд байхаар нь ээж, аавынхаа дугаарыг өгчих гэж асуухад ээжийнх нь гэх 9904-тэй дугаар байсан байхаа /дугаарыг нь одоо санахгүй байна/ ээж Баттунгалаг гэхээр нь утас руу нь залгаад 2-3 удаа дуудуулж байж ирэхээр нь хүүхдээ ав, бид нар явах гээд байна гэж хэлсэн чинь Баттунгалаг бас пиво үнэртүүлсэн ирэхээр нь чи өөрөө шоудах мөрөөрөө шоуд, битгий амьдралтай хүн авч яваад бай гэж хэлэхэд хүүхдээ аваад бид нар гарсан. Би сүүлд гараад хүүхдээ аваад хаалга түгжсэн. Баттунгалаг, Баттуяа нар надаас түрүүлээд шатаар буусан. Би сүүлд охиноо аваад шатаар түргэн бууж байгаад Баттунгалагийг шүргэтэл миний ардаас гар утсаараа толгойн тус газар цохихоор нь яасан юу болов гээд гараа савтал Баттунгалагийн уруулны доод хэсэгт нь цохих шиг болсон. Сүүлд харахад Баттунгалаг зүүн гартаа гар утсаа бариад доод уруулаа дараад байхаар нь яасан юу болов гэтэл цүнхээрээ миний толгой руу цохиод байхаар нь би явах гээд шатаар доош бууж байтал миний ардаас цагдаа дуудна гээд орилоод байхаар нь би цагдаад баригдах юм байна гэж бодоод охиноо аав, ээжийн гэрт хүргэж өгөөд эгчийнх рүү буцаад алхаж байтал Баттунгалаг, Баттуяа цагдаатай хамт ирээд намайг цагдаагийн машинд эхнэртэй хамт суулгаж авч явах гэтэл Баттунгалаг намайг цүнхээрээ цохиод байхаар нь Баттунгалагийг буулгаад эхнэр бид хоёрыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргэж ирсэн. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5800 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Баттунгалагийн биед уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн бугуйнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 66-74 дүгээр тал/,
- Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /48, 24, 25-26, 49-52, 53-59, 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Т нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 1 дүгээр байрны 6 дугаар давхарын орцонд иргэн С.Баттунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.Тод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Т нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 1 дүгээр байрны 6 дугаар давхарын орцонд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Баттунгалагийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч С.Баттунгалаг нь өөрт учирсан хохирол гэж 2.800.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар харилцан тохирч 1.500.000 төгрөгийг бэлнээр өгч бичгийн нотлох баримтаар төлөх хохиролгүй болсон тул шүүгдэгч Д.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 120 дугаар тал/
Шүүгдэгч Д.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэрэйд овогт Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Тод оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ