Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/352

 

  2025            03            20                                         2025/ДШМ/352

 

А.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

хохирогч Д.Ж, түүний өмгөөлөгч С.Э

шүүгдэгч А.Э өмгөөлөгч Ч.Н,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ж, шүүгдэгч А.Э өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Э холбогдох 2306 03469 2536 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

А.Э, 

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, г хотхоны 00 байрны 00 тоотод гэр бүлийн харилцаатай Д.Ж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж, хүч хэрэглэн халдсаны улмаас түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч А.Энь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.Ж нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Э холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Энь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 5.000.000 төгрөгийг төлсөн, эд мөрийн баримтаар тооцогдоогүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн хохирогч Д.Ж өгсөн гэх хоосон нэг ширхэг сиди, нэг ширхэг флаш зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 0000 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр болсон гэмт хэрэг нь анх хэрэг бүртгэлтийн процессын алдаатай явсаар шүүхэд шилжсэн. Энэ нь 2 шатны шүүхийн шийдвэрээр нотлогддог. Хоёр жилийн хугацаанд хохирогч би хохирсон дээрээ хохирсоор явна. Эрх бүхий байгууллагын шийдвэр үндэслэлгүйгээр гүтгүүлж, доромжлуулсаар гомдол цөхрөлдөө дарлуулсаар давж заалдах шатанд ирлээ.

1. Гэмт хэрэг болсон цаг хугацаа гэмт хэрэг болсон газар зөрүүтэй. Үүнийг хэргийн зүйлчлэлд нөлөөлж байгаа гэж үздэг. Хэлээд ойлгохгүй, шалгахгүй байгаад гомдолтой байна.

А. Хохирогчийн мэдүүлэгт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Г 10 давхарын 00 тоотод гэмт хэрэг болсон. 00А байрны айлд зодуулсан.

Б. Яллагдагч Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00Б байрны 4 давхарын 36 тоотод гэртээ хувийн таарамжгүй харьцаанаас болж гэдэг.

В. Хавтаст хэргийн 5, 9, 11, 13.

Г. Улсын яллагч мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39Б байрны 4 давхар 36 тоотод яллагдагч А.Эн гэрт болсон мэт дүгнэн шүүхэд хэлж танилцуулдаг.

2. Гэмт хэрэг болсон айлын эзэн Бс мэдүүлэг авдаггүй. Хүсэлт гаргаж, дугаарыг нь олж өгсөн, шүүхээс даалгавар өгсөн боловч хангагдаагүйд гомдолтой байна.

А. Тэднийд байсан Д мэдүүлэг авсан нь үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, уг хүн нь Э хамсаатан, цагдаатай уулзаж намайг эмнэлэгт цагдаагийн тусламж авахаас бүр мөсөн зогсоосон хүн байдаг. Энэ тухай хавтаст хэрэгт бий. Мөн нотлох баримт болох сиди дараа нь арчигдсан байна гэж хэлсэн. Дахин флаш өгсөн, түүнд ярьсан зүйл нь бүгд байдаг.

3. 2020 оноос А.Э таних болсон. /алтан бөгжөө алтны дарх хийдэг хүнд залилуулж явахдаа харсан байдаг/ Луйвар хийсэн хүнийг олж өгөх нэрээр надтай холбоотой болж, улмаар ойр дотно уулздаг болсноос хойш хүчирхийлэлд байнга өртдөг болсон.

А. Дуудлага мэдээллийн санд өгсөн дуудлагууд /хх 71, 38, 77/,

Б. 2023 оны 06 дугаар сарын 22-нд 3-4 долоо хоногтой жирэмсэн, хамар чихэгдсэн, яс хугарсан.

В. 2023 оны 04 дүгээр сард 9 долоо хоногтой жирэмсэн үедээ зодуулсан. Намайг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодсон. /хх 5, 18, 65, 66-70, 61-120/. 2023 оны 04 дүгээр сард 9 сартай байхад яллагдагч тест авчирч өөрөө шалгаж үзсэн байсан. Өөрөөс нь жирэмсэн болоод баярлаад гээд Х, Д нарт ярьсан нь бичлэгт байдаг. Надаас 5.000.000 төгрөг нэхэж зодсон тухай хэрэгт бий. Удаагүй ураг эндэж эмчилгээнд орсон. Гэрээр эмчилгээ хийх хоорондоо бэлгийн хүчирхийлэлд өртөж, 1 сар орчмын дотор дахин жирэмсэлсэн. Шүүгдэгчид 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин айлд ажлаа хийж явахдаа зодуулснаас яс хугарсан, хамар чихэгдсэн, 34 хоногтой ураг эндсэн байдаг. Эдгээр үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нотлох баримттай байхад хуулийн дагуу шийдвэр гаргахгүй байгаа төрийн эрх мэдэлтнүүдэд үнэхээр гомдолтой байна. /Бэлгийн замын халдварт өвчин 2 удаа мэдсээр байж халдварлуулсан./

4. Санаатайгаар хувийн эд хөрөнгөд халдаж, 3 ширхэг утсыг эвдэж, дэвсэлж устгасан өөрөө зөвшөөрдөг боловч эрх бүхий хүмүүс үүнд дүгнэлт хийгээгүй орхисонд гомдолтой байна. /хх 121/

5. Гэрчүүдийн мэдүүлэгт ямар ч ач холбогдол өгдөггүй, хамтран амьдарч байсан эсэхийг тогтоодоггүй, хэд хэдэн хүний мэдүүлэгт байна, шалга гэж шүүхийн даалгаварт байхад шалгаагүйд гомдолтой байна.

6. Сэтгэл санааны хохирол, эмчилгээний хохирол, ажилгүй болж орлого алдсан хоног, сарууд сэтгэцэд нөлөөлөх тухай шинжээчийн дүгнэлт хүртэл гаргаж өгдөггүй. Санал хүсэлт биечлэн уулзаад үзсэн боловч хэлэлцдэггүй, гомдолгүй гэж гарын үсэг зур гэдэг. Бүх зүйлд гомдолтой.

7. Мөрдөн шалгах ажиллагаанд миний зүгээс хүсэлт гомдол гаргаж уулзсан үе маш олон. Гэтэл би мэдэж байна, дуудахаар ир гэж буцаадаг. Мөрдөгчийн саналд эсрэгээр нь дуудахад ирдэггүй, гэрчээ авчирдаггүй гэж бичсэн байдаг. Тухайн цаг үед энэ тухай прокурорт гомдол хүсэлт олон удаа гаргасан, гэрчүүд уулзахад бэлэн ирсэн байна, хаана очих уу гэсэн мессеж бүгд бий. Өөрөө дуудна гэж буцаадаг. Мөрдөгчид шинжээч томилж өгөөч гэхээр томилсон байгаа юм. Өөрөө гарын үсэг зураад шинжилгээний төв рүү явуулсан, надаас ямар нэгэн баримт шаардаагүй. Тогтоолдоо: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэмт хэргийн цогцосны гарын дардсанд тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээ хийлгэх, гарын дардаснаас Ж жирэмсэн байсан эсэх, зулбах боломжтой эсэх гэсэн байдаг. /хх 55-60/ Энэ үйлдэл нь хохирогчийг доромжилсон яллагдагчийг зөвтгөсөн, гэмт хэргийг удаашруулах санаатай үйлдэл гэж харагддаг.

8.  Шинжээчийн дүгнэлт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийлгэсэн зулбаж байна, цэвэрлүүл, өгсөх замын халдвар авдаг, эход харуулаад бичиг баримт үзлэгийн онош авчирч өг гэдэг. Харамсалтай нь дутуу дүгнэлт гаргаж, дээрх зүйлийг доошоо цус гарна гэхээс өөр дүгнэлт бичээгүй орхисон. Хамар цөмөрсөн, яс хугарсан, самалдаг мурийсанд хөнгөн гэж /хх 17/.

А. 2023 оны 06 дугаар сарын 29-ний шинжээчийн дүгнэлт дутуу,

Б. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний дүгнэлтээр цогцост гарын дардас гэсэн, бичиг баримт дутуу, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн.

В. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралд оролцуулах хүсэлт өгсөн. Баяртогтох эмчээс асуусан. 2023 оны 06 дугаар сарын 22-ны үзлэгийн талаар хариу өгөөгүй. Түрүүлж ирсэн материалд дүгнэлт хийсэн гэдэг. /Үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ /1 хх 17-18/.

Г. Хоёр шатны шүүхийн үүрэг даалгавраар урьд өмнө нь хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд гэрчүүдийн мэдүүлэг байх тул холбогдох ажиллагааг хийлгэх шаардлагатай тул өмнө нь 04 дүгээр сард ураг зулбаж /зодуулснаас болж/ байсныг тодруулах зорилгоор шинжээч томилсон мөрдөгч М энэ эмнэлгийн материал цаг хугацаа өөр өөр газарт, өөр байцаагчид шалгагдаж байгаа, хэргийн шинжээч эмч нь бас Б байдаг. Шинжээч эмч 2023 оны 06 дугаар сарын 22-ны гэмт хэргийн хохирогчид гэмтлийн зэрэг тодорхойлохдоо ЭМЖЖ-н баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан. 3-4 долоо хоногтой ургийг шинжлэн судлаагүй, бүрдүүлэх бичиг баримт болно гэж авчихаад 1 жилийн дараа жирэмслэх боломжгүй гэж яриад зогсож байдаг. Үүнд:

а. Намайг үзэж шинжилгээ аваагүй. Хэдийд жирэмслэх магадлалтай, үр тогтоох хугацаа хэдийд гэдгийг ч тодорхойлоогүй байж хийсвэр бодлоороо дүгнэлт ярьсанд нь гомдолтой байна. ...

б. Эх барихын эхо, эмчийн дотуур үзлэгийн онош, гэмтлийн зэрэг тогтоохгүй юм бол яах гэж шаардсан юм, бас гаргасан үйлдэл, үг, яриа бүгд зөрсөн. Мэдүүлэгтээ “... 2023 оны 06 дугаар сарын 23-ны үзсэн үзлэгтээ зовуурь доошоо цус гарна, ЭМЖЖ-н онош дурдсан. /зулбасан байна, эмэгтэйчүүдийн эмчид хандаж цэвэрлүүл гэж зөвлөж холбогдох бичиг баримт хэрэгтэй гээд авсан/. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 23-наас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл чимээгүй байж байгаад хуралд оролцуулах хүсэлт тавьснаар ирж асуултад хариулахдаа урьд хэлсэн үг, өгүүлбэр, дүгнэлтээ үгүйсгээд эхэлсэн. Энэ нь

- 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд гэхдээ зулбаж цус алдалт явагдаагүй хэвийн байсан тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эход харуул гэж зөвлөсөн. Эход ургийн цэврүү төст хэлбэр алдсан зүйл тодорхойлогдоно, толинд цусархаг хөөсөрхөг ялгадастай, оношт гарсан зулбалт гэсэн оноштой. Яг жирэмсэн онош байхгүй байсан. Энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ.

Нөхөн үржихүйн хэт авиан шинжилгээнд эхний мөрөнд 1 ураг тодорхойлогдоно, ургийн хэмжээ 6,5-5,9, жирэмсний хугацаа 3-4, нэмэлт тайлбартаа хэлбэр дүрс алдагдах үргийн цэврүү 1,9х1,7 ургийн эд гэж орчуулагддаг, баруун өндгөвчинд байна гэсэн автоматаар бичигдэж гарч ирдэг маягт дүрс бүхий эхоны зураг. Үүнийг онош тодорхойгүй гэмтэл тогтоох боломжгүй гэдэг /1 хх 229-231/.

б. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний 930 дугаар Амгалан амаржихын хэт авиагаар 6 долоо хоног 1 өдөртэй жирэмсэн байж, ургийн ихэс ховхорсон эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн байдаг.

Иймд эх барих эмэгтэйчүүдийн талаарх мэдлэг байхгүй, ямар нэг туршилт шинжилгээ хийгдээгүй, зөвхөн шүүх хурлын үеийн процессыг сонсоод хийсвэрлэн дүгнэлт гаргаж, хүний хувь заяаг шийдэх гэж оролдож байгаад эрүүл мэндийн салбарын хүний хувьд ээж болж хүүхэд төрүүлсэн хүний хувьд, өөрийн болоод бусдын эрүүл мэндийн манаанд зогсдог тангараг өргөсөн хүний хувиар ийм мэдлэггүй байж болохгүй юм. Уг хэрэгт үнэн зөв үнэлсэн дүгнэлт гаргах чадамжтай, хуульд нийцэхээр онош дүгнэлт гаргах шинжээч эмч томилж, Баяртогтох эмчийг сольж өгөөч гэж эрхэм төрийн түшээд та бүхнээс хүсэхийн ялдамд хохирогч би дээрх гомдлуудыг хянаж өгч, хэрэгт хавсаргасан флашийг шинжлэн судалж, гомдлыг бүрэн барагдуулж, хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Э өмгөөлөгч Ч.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэл, шалтгааны улмаас үл зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч А.Э, хохирогч Д.Ж нар нь ... гэр бүлийн харилцаатай буюу хосын шинжтэй харилцаатай байсан болох нь ... тогтоогдсон ... Шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Ж гэр бүлийн шинжтэй буюу хосын шинжтэй харилцаатай байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээд гэж үзнэ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ... “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна...” хэмээн дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ гэрч Т.С “...Э ахтай бол 2017 оноос хойш таньж мэддэг болсон. Манай хөрш. Э ах гэртээ охин болон хүүхдүүдийнх нь хамт амьдардаг ... Э ах охиныхоо гэрт амьдардаг. Охиныхоо хүүхдүүдийг хардаг...”, Э.Т “...Манай аав Э манай хамгийн бага дүү Э хамт амьдардаг ... Э хүүхдүүдийг харж тус нэмэр болж 2014 оноос хойш тасралтгүй хамт амьдарч байгаа...”, Э.Э “...Манай аав Э надтай хамт амьдардаг. Огт тусдаа амьдарч байгаагүй. Манай аав миний 3 хүүхдийг хардаг, хичээл сургуулиас нь хүүхдийг маань авч, хүргэж хамтдаа амьдардаг...” гэх мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, дээрх мэдүүлэг болон бусад баримтууд А.Э “...би хохирогчийг таньдаг, түүнд хааяа тусалдаг найз нөхдийн харилцаатай байснаас бус бид байнга, тогтвортой хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш...” гэх мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр тэднийг хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгддэг ба тус тус гэртээ өөр өөрсдийн хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг үйл баримт тогтоогддог. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/0000 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Ж өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэмт хэрэг болсон айлын эзэн буюу Бс мэдүүлэг аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой шалгаж хянаж тогтоогоогүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Мөн гомдлын 3 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг тухайн үед гэр бүлийн хүчирхийлэл байсан эсэхийг шалга гэж буцаасан. Гэвч шүүгдэгч болон хохирогч нарыг гэр бүлийн хамааралтай байсан эсэх талаар гэрчүүдээс мэдүүлэг авсан болохоос хүчирхийлэлд байсан эсэхийг шалгаагүй. Иймээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 143 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй. Мөн гар утаснуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлээгүй. Хэрэв үнэлгээ хийгээд 300.000 төгрөгөөс дээш үнэлгээ тогтоогдвол гэмт хэргийн шинж байгаа гэж үзнэ. Хохирогчоос гаргасан олон хүсэлт, гомдлуудад прокурор заримд нь хариу өгөөгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зөрчигдсөн. Хохирогчоос шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлын талаар давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Сумъяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэрэг гарсан газрыг буруу тогтоосныг зөвтгөсөн. Хохирогч давж заалдах гомдолдоо ихэс ховхорсон, урьд нь гэмт хэргийн хохирогч байсан талаар мэдүүлж, хүсэлт, гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор холбогдох шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.5 дугаар зүйлд зааснаар шүүх шинжилгээний үр дүн анхдагч болон нэмэлт шинжилгээний үр дүн ижил бол дахин шинжилгээ хийхгүй гэсэн заалт байдаг учраас дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Мөн гэр бүлийн харилцаа болон гэр бүлийн хүчирхийллийн талаар шалгахад урьд нь, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. Харин 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэрч Д.Д хохирогч болон шүүгдэгчийн хэн аль нь таньдаг. Гэрч Д.Д нь “энэ 2 хүн бол урьд нь гэр бүлийн хамааралтай байсан” гэж мэдүүлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хамтран амьдардаггүй ч гэсэн гэр бүлийн харилцаа үүсгэсэн хүмүүсийн хооронд уг асуудал болсон тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан. Иймд шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн харилцаатай байсан гэж дүгнэж байна. Мөн санаатайгаар урьд нь эд хогшил эвдэж байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаарх асуудлууд яригддаг бөгөөд энэ нь бүрэн гүйцэт нотлогдохгүй байсан. Хэрэв энэ талаарх нотлох баримт байвал тусад нь цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Г хотхоны 00 А байрны 00 тоотод гэр бүлийн харилцаатай Д.Ж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдсаны улмаас түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

            хохирогч Д.Ж “... 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 05 цагийн үед Э манайхаас эрүүл гарч яваад ахиад архи уучихсан байсан. Би эмчилгээний бариа засал хийдэг учраас хүнтэй очиж уулзахаар тэдний байрны хажуугийн байранд очоод Э хажуугийнх нь байрны 10 давхарт байрлах айлд таарсан. Тэр айлд нь ороход явалддаг хүүхнүүд нь гадна байна гэж хоорондоо ярилцаад байхаар нь ингэж амьдраад яахав дээ гэж хэлтэл Э босож ирээд миний амыг бариад гараараа цохисон. Дараа нь гэдэс рүү өшиглөсөн. Цохиулсны улмаас хамар болон баруун нүд хөхөрсөн. Толгой хавдсан. Гэдэс рүү өшиглөснөөс болоод доогуур цус гараад байгаа. Өмнө нь намайг жирэмсэн байхад зодож байсан. ...” /1 хх 9/,

гэрч Д.Д “... Гаднаас Д.Ж “зам дагуу явж байгаад ороод ирлээ” гээд орж ирсэн. Тэгээд удалгүй А.Э гаднаас орж ирээд Д.Ж “чи энд юу хийж байгаа юм” гээд шууд нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Д.Ж  хамраас нь цус гараад А.Э ч гараад зугтаасан. ...” /1 хх 123/,

шинжээч Б.Баяртогтохын “...Д.Ж гэх эмэгтэйд үзлэг хийхэд хамар яс хугарч, таславчийн мурийлттай байсан. Мөн өөрөө зовуурь дээрээ доошоо цус гарч байна зэрэг зүйлс хэлсэн ба эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд ир гэхэд 2023.06.26-ны өдөр, эмэгтэйчүүдийн эмнэлэгт эход үзүүлсэн баримт, 2023.06.28-ны өдрийн Амгалан амаржих эмнэлэгт үзүүлсэн баримт авч ирсэн. ... Тухайн үед үзлэг хийсэн. Гэхдээ зулбаж, цус алдалт явагдаагүй хэвийн байсан тул өөрийг нь эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эход харуулаарай гэж зөвлөгөө өгөөд явуулсан. ... Эхогоор умайн хүзүү орчим ургийн цэврүү төст хэлбэр дүрсээ алдсан зүйл тодорхойлогдоно. ... Яг жирэмсэн онош байхгүй байсан. Уг бичиг баримтууд дээр жирэмсэн байна гэсэн онош огт байгаагүй. Онош нь тодорхойгүй байсан тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. ...” /1 хх 229-231/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Д.Ж биед хамар ясны хугарал, таслагчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ... тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой, ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8164 дугаартай дүгнэлт /1 хх 17-18/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Д.Ж нь Амгалан амаржих газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний 10 цаг 28 минутын хэт авиан шинжилгээгээр 6 долоо хоног 1 өдөртэй жирэмсэн байжээ. Д.Ж-н ураг зулбаж жирэмслэлтийг тасалсан гэх эмнэлгийн бичиг баримт хангалтгүй байх тул уг асуултад хариулах боломжгүй байна. ...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 71-73/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... “Амгалан амаржих газар”-ын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн яаралтай тусламжийн арын хуудас, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн эхний хуудас дутуу, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7 долоо хоног 6 өдөртэй ураг хөндүүлсэн боловч эдийн шинжилгээ ирүүлээгүй тул Д.Ж биед гэмтэл, ихэс ховхорсон эсэхийг тогтоох боломжгүй. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоогоор 6 долоо хоног 5 өдөртэй жирэмсэн байна. ...” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаартай дүгнэлт /1 хх 238-242/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Амгалан амаржих газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 28 минутад хийсэн хэт авиан шинжилгээгээр Д.Ж нь 6 долоо хоног 1 өдөртэй жирэмсэн байжээ. Д.Ж нь 2023.06.06-ны өдөр Нийслэлийн амгалан амаржих газарт үр хөндөлт хийлгэсэн ба уг үр хөндөлтийн түүхэнд эдийн шинжилгээний хариу хавсаргагдаагүй, эдийн шинжилгээнд дээж явуулсан тухай тэмдэглэл үгүй байх тул тухайн ургийн ихэсийн ховхрол үүссэн байсан эсэхийг, мөн шалтгааныг тогтоох боломжгүй. ...” гэх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 930 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 хх 47-56/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 3-4/, дуудлага лавлагаа /2 хх 61-62/ зэрэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн шүүхээс шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм бурууд тохирчээ.

 Шүүгдэгч А.Э өмгөөлөгч Ц.Н нь шүүгдэгч, хохирогч нарыг хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан нь үгүйсгэгддэг талаар маргаж байх боловч тэдгээр хүмүүс нь гэр бүлийн шинжтэй, хамтын амьдралтай байсан талаар гэрч  Ц.О, Д.Я нар мэдүүлсэн, мөн хамтын амьдралтай байх хугацаандаа гэр бүлийн хамт орон нутагт хамт явж байсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... хамтын амьдралтай нь үгүйсгэгдэж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч Д.Ж “...гэмт хэрэг гарсан газрыг тодорхой болгоогүй, А.Э зодуулсны улмаас 2 удаа зулбаж, жирэмслэлт таслуулж байсан, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээс өөр мэдүүлэг өгсөн, мөн санаатайгаар 3 ширхэг утсыг эвдэж, устгасныг өөрөө зөвшөөрч байхад шалгаагүй, дүгнэлт хийгээгүй, Б мэдүүлэг аваагүйд гомдолтой. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоох зорилгоор нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба үүнээс 2 удаагийн буюу бүрэлдэхүүнтэй шинжээч  нарын дүгнэлтээр хохирогч Д.Ж нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 6 долоо хоног 1 өдөртэй жирэмсэн байсныг, мөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн амгалан амаржих газарт үр хөндөлт хийлгэсэн болохыг тогтоосон боловч уг үр хөндөлтийн түүхэнд эдийн шинжилгээний хариу хавсаргагдаагүй, эдийн шинжилгээнд дээж явуулсан тухай тэмдэглэл байхгүй тул тухайн ургийн ихэсийн ховхрол үүссэн байсан эсэхийг, мөн шалтгааныг тогтоох боломжгүй талаар дүгнэлтүүдэд дурджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Д.Ж нь А.Э 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зодуулсан, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таслагчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8164 дугаартай дүгнэлтээр /1 хх 17-18/ тогтоогдсон ба шүүгдэгчийн уг үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хохирогч Д.Ж нь шүүгдэгч А.Э байнга зодуулж, урьд нь ураг зулбаж байсан талаар мэдүүлсэн ба тухайн өдрийн буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүгдэгчийн үйлдэл болон өмнөх үйлдлийн улмаас хэзээ, хэдэн удаа ураг зулбасан эсэх асуудлыг энэ хэргээс тусад нь шалгуулах хууль зүйн боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Үүнээс гадна, шүүгдэгч А.Э холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Иймд хохирогч Д.Ж, шүүгдэгч А.Э өмгөөлөгч Ц.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/0000 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ж, шүүгдэгч А.Э өмгөөлөгч Ц.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР