Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01557

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01414 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б хариуцагч С ХКХ, Д.Б , Д.О нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 28 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Д.Б ы өмгөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С ХКХ-ийн захирал Ш.Батсайхан, орлогч захирал Д.О нар надтай уулзаж компрессор эвдэрчихлээ, таны компрессор яг манайхтай ижил байна, ярилцаад авъя гэснээр би компрессороо 25 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Тэд зөвхөн хий хуваарилах хэсэг болох Бельги улсад үйлдвэрлэсэн туслах хуваарилагч хуйлруулагчийг авна гэснээр тэдний хүсэлтээр зөвхөн туслах хуйлруулагчийг өгөхөөр харилцан тохиролцсон. Тиймээс би Швед улсын Атлас кофко-395 маркийн хийн компрессорын нэг хэсэг болох хуйлруулагчийг бэлэн 15 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн. 7 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 8 000 000 төгрөгийг 2016 ондоо багтааж төлнө гэсэн. Тэгээд 2016 оны 09 сарын 06-ны өдөр захирал Ш.Батсайхан би таны дансанд одоо 7 000 000 төгрөг шилжүүлнэ бид кран аваад ирсэн одоо ачаад явлаа гэсэн. Та нар зөвхөн хэрэгтэй хэсгээ аваад яв гэхэд Ш.Батсайхан, Д.О нар бид том крантай ирсэн. Эргээд бид өөрийн жижиг кранаар буцаагаад авчирч өгнө гээд хэсэг ажилчидтайгаа Д.О ийг үлдээгээд компрессорыг тэр чигээр нь аваад явсан. Гэсэн хэдий ч одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй. Иймд анх зарна гэснээрээ компрессорынхоо үнэ 25 000 000 төгрөгийг гаргуулна. Мөн надад 17 м хий шахдаг шланк байсныг үзчихээд бэлэн мөнгөтэй компани авъя гээд байна, би зараад өгье гэж хэлээд 1 000 000 гаран төгрөгийн үнэтэй шланкийг авч үлдээд одоо өөрсдөө хэрэглэж байна. Мөн 2 000 000 төгрөгийн краз моторын үнийг нэхэмжилнэ. Иймд хариуцагч нараас нийт 28 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С ХКХ-ийн тал тайлбартаа: Тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Ж.Чулуунцэцэг бөгөөд захирал Д.Баярсайхан нь 1997 оноос одоог хүртэл ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсан шиг Ш.Батсайхан, Д.О гэж захирал, орлогч захирал байхгүй, ажиллаж байгаагүй. С ХКХ М.Баянтай гэрээ хэлцэл хийгээгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй. Иймд тус компани нь уг иргэний хэргийн хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б тайлбартаа: 2008 оноос хойш хувиараа өрөмдлөгийн ажил эрхэлж байгаа бөгөөд 2016 оны 09 сард ажлын захиалга авсан боловч миний өөрийн Атлас кофко-395 маркийн компрессорын хуйлруулагч эвдэрсэн тул солих шаардлагатай болсон юм. Ингээд М.Баянтай уулзахад би компрессороо 25 000 000 төгрөгөөр зарна гэхэд нь би надад компрессор хэрэггүй зөвхөн хуйлруулагч хэрэгтэй байна гэхэд тэгвэл чи хуйлруулагчийг 15 000 000 төгрөгөөр ав гэсэн. Тэгэхэд би зүгээр ажиллаж байвал урьдчилгаа 7 000 000 төгрөг өгье, үлдэгдлийг нь энэ ондоо багтаагаад өгнө гэсэн. М.Баян хуйлруулагч эвдрэлгүй, би 7-8 жил ашиглаагүй, эвдрээгүй зүгээр гэхэд нь би итгэсэн. Ийнхүү компрессорын хуйлруулагчийг шалгаж үзэх гэтэл М.Баян гуай моторонд нь ус орчихсон асахгүй, авч яваад шалга гэсэн тул би өөрийн зардлаар кранаар компрессорыг нь зөөсөн. Компрессорыг М.Баян гуайн хойд хашаа болох миний төрсөн дүү Д.Жаргалсайханы хашаанд зөөсөн бөгөөд хуйлруулагчийг шалгахаар механик инженер мэргэжилтэй н.Мөнхбаатараар салгуулж, хийн компрессорт угсруулан асаасан боловч хуйлруулагч 30 секунд хүрэхгүй хугацаанд хий шахахгүй унтраад байсан. Ингээд би М.Баян гуайд хуйлруулагч чинь ажиллахгүй байна гэхэд зүгээр байсан, та нар эвдчихлээ гээд уурлаад байсан. Механик инженер мэргэжилтэй н.Цогоог дуудаж М.Баянг байлцуулан түүний хажууд асаахад мөн л ажиллахгүй байсан. Би удаа дараа доголдолтой эд хөрөнгөө эргүүлж авахыг утсаар шаардаж, гэрт нь очсон боловч хөдөө ажлаар явсан гээд хэсэг тааралдаагүй. Хуйлруулагч эвдэрхий ажиллахгүй байсны улмаас би нэг ч ашиглаагүй, хэрэглээгүй. Компрессорыг буцаагаад өгье гэхээр М.Баян гуай зугтааж, олдохгүй, холбоогүй байсаар өдийг хүрсэн. Краз мотороо М.Баян өөрөө аваагүй, хуучин шланк М.Б хашаанд гадаа олон жил байсны улмаас ашиглах боломжгүй элэгдэлд орсон байсан бөгөөд компрессор нь анх авсан байдлаараа харуул хамгаалалттай хашаанд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цуг байсан учир Д.Б тай адил тайлбартай байна. Нэхэмжлэгч краз моторын үнэ яриад байгааг ойлгохгүй байна. Томоохон газар задалж үзэх шаардлагатай байсан учир өөрөөс нь зөвшөөрөл аваад компрессорыг ачаад явсан. Хэд хоногийн дараа өөрөө ирж үзээд та нар эвдчихлээ гэж хэлсэн. М.Б компрессорыг хэдэн цаг өдрөөр ашиглаагүй. Хоёр минут асаагаад л болохгүй гэж мэргэжилтнүүд хэлсэн. Задалж тоносон зүйл байхгүй. Буцаагаад угсарсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин шланкны 1 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 228.1 дугаар зүйлийн 228.1, 242.1 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О ээс шланкны үнэ 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Баянд олгож, Д.Б , Д.О нараас компрессорын үнэ 25 000 000 төгрөг, краз моторын үнэ 2 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Зөвхөн хуйлруулагчийг зарахаар тохиролцсон байхад бүх зүйлийг тоноод хаячихсан байсан. Хэргийн 7-15 дугаар талд тонож авсан сэлбэгүүдийн зураг байгаа. Хавтаст хэргийн 17-18 дугаар талд үнийн тухай баримтууд байгаа. Авах ёсгүй зүйлээ бүгдийг нь аваад явсан учир нийт 28 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нарын зүгээс хуйлруулагчийг авч явж өөрийн машинд тавьсан, хуйлруулагч бүрэн ажиллагаатай байсан. Уг хуйлруулагч Д.Б д одоог хүртэл байгаа. Иймд хариуцагч нараас 28 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М.Баян нь хариуцагч С ХКХ, Д.Б , Д.О нараас компрессорын үнэ 25 000 000 төгрөг, краз моторны үнэ 2 000 000 төгрөг, 17м шланкны үнэ 1 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С ХКХ-аас татгалзсан байна. /хх 1-5, 68/

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн бол хариуцагч Д.О шланкны үнэ 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 46, 77/

 

Нэхэмжлэгчийн ...Швед улсын Атлас кофко-395 маркийн хийн компрессорын нэг хэсэг болох хуйлруулагчийг бэлэн 15 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн. 7 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 8 000 000 төгрөгийг 2016 ондоо багтааж төлнө гэсэн гэсэн тайлбар, хариуцагч Д.Б ы ...би надад компрессор хэрэггүй зөвхөн хуйлруулагч хэрэгтэй байна гэхэд тэгвэл чи хуйлруулагчийг 15 000 000 төгрөгөөр ав гэсэн. Тэгэхэд би зүгээр ажиллаж байвал урьдчилгаа 7 000 000 төгрөг өгье, үлдэгдлийг нь энэ ондоо багтаагаад өгнө гэсэн гэх тайлбар, хариуцагч Д.О ийн Цуг байсан учир Д.Б тай адил тайлбартай байна... гэх тайлбар зэргээс үзэхэд талууд Атлас кофко-395 маркийн компрессорын хуйлруулагчийг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. Худалдан авагч талын зүгээс худалдагч талд аливаа хариу төлбөр төлөөгүй байна.

 

Талууд гэрээний зүйл, түүний үнэ, үнийг хэрхэн төлөх хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар амаар хэлцэл хийгдсэн гэж үзэх ба энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Хариуцагч тал 2016 оны 9 дүгээр сард том хашаанд аваачиж шалгана гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн Атлас кофко-365 маркийн компрессорыг ачиж авч явсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно. Ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө тохиолдлоор гэмтэх эрсдэл худалдан авагч буюу хариуцагч нарт шилжинэ.

 

Хариуцагч нар компрессорын хуйлруулагч доголдолтой байсан хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, уг доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Мөн зохигчдын тайлбараар анх компрессорыг Д.Б ы дүүгийн хашаа буюу нэхэмжлэгч М.Б хойд хашаа руу авч зөөсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч талын гаргасан ...компрессорыг буцаагаад өгье гэхээр М.Баян гуай зугатааж, олдохгүй, холбоогүй байсаар өдийг хүрсэн... гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. Урд хашааны хүнийг 3 жил 6 сарын хугацаанд олж уулзаж чадаагүй гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүйгээс гадна буцаагаад хүлээлгэж өгөх боломжтой байсан гэж үзнэ.

 

Иймд талуудын хэлэлцэн тохиролцсон компрессорын үнэ 15 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Харин талууд компрессорыг бүхэлд нь болон краз моторыг худалдах, худалдан авах, тэдгээрийн үнэ хэд байх талаар тохиролцсон болох нь хэргийн баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул үүнтэй холбоотой 12 000 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 17 м шланкны үнийг гаргуулах шаардлагын хувьд хариуцагч Д.О түүний үнэ 1 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн, шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Б , Д.О нараас 15 000 000 төгрөгийг, хариуцагч Д.О ээс 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Баянд олгож, үлдэх 12 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулан шийдвэрлэв.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг буюу гэм хорын хохирлыг төлөх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэгч М.Баян нь хариуцагч С ХКХ-аас татгалзсан байхад татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч М.Баяныг хариуцагч М.Баян гэж эндүүрч бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01414 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б , Д.О нараас 15 000 000 төгрөг, хариуцагч Д.О ээс 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Баянд олгож, үлдэх 12 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Баян нь хариуцагч С ХКХ-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...хариуцагч Д.О ээс 28 550 төгрөгийг гаргуулан гэснийг хариуцагч Д.Б , Д.О нараас 232 950 төгрөг, хариуцагч Д.О ээс 28 550 төгрөгийг тус тус гаргуулан гэж өөрчилж,

2. гэснийг 3. гэж, 3. гэснийг 4. гэж, 4. гэснийг 5. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Баянгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200700104163 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 07 сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР