2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/07492

 

 

 

 

 

2025 оны өдөр

09 сар 24 р 192/ШШ2025/07492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

20*** дугаар тушаалын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***с, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б*** нь *** УТҮГ-т 2022 оноос эхлэн 3 дахь жилдээ судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж өөрийн хариуцсан ажил үүргээ хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохих ёсоор бүрэн гүйцэтгэж ирсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны ******* дүгээр тушаалаар ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-н бүтэц өөрчлөгдөж ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-н 2025 оны 3 дугаар сарын 21-ний ******* албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал гарсан. Тушаалын нэгдүгээр хавсралтад албан хаагчдыг ажлаас чөлөөлж хоёрдугаар хавсралтад албан хаагчдыг эгүүлэн томилсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.*******г үүрэгт ажилд нь эгүүлэн томилохгүйгээр ажлаас чөлөөлсөн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, түүний хөдөлмөрлөх эрхэд халдсан тул уг тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч *** нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс тус байгууллагад Хөдөлмөрийн гэрээ байгуулан судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ба ажилд орсноос хойш хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажлыг цаг тухайд нь биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчилгүй ажилласан ба сар бүр ажлаа дүгнүүлж, ур чадварын нэмэгдэл авдаг байсан. Өөрийн хариуцсан ажлын мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг зохих ёсоор бүрэн биелүүлж ажилдаа хариуцлагатай хандан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа байгууллага болон хамт олноос зохион байгуулсан ажилд тухай бүр идэвх оролцоотой манлайлан ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч *** ажлаас чөлөөлөхдөө дээрх тушаал гарсан өдөр мэдэгдэл өгсөн бөгөөд энэ үйлдэл нь хууль бус юм. Хариуцагч нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэлдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаал бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд дээрх өөрчлөлтөөр албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэх болсныг үүгээр мэдэгдэж байна гэж тусгасан. Нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч ажил олгогчоос тайлбар, мэдээлэл авах гэсэн боловч тушаалын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тайлбарын 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарлажээ. Дээрх тушаалын хоёрдугаар хавсралтад сургалт мэдээллийн алба нь татан буугдаагүй, судалгаа сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй, судалгаа сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо нь сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн болж үг зүй нэршлийн хувьд өөрчлөгдсөн хэдий ч ажил мэргэжил, чиг үүргийн хувьд өөрчлөгдөөгүй. Уг албан тушаалд 1 мэргэжилтэн ажиллах орон тоотой бөгөөд орон тоо хасагдсан, цөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Байгууллагын зүгээс тушаалын хэрэгжилтийг хангаж Б.*******г үүрэгт ажилд нь томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргаж, цаашлаад үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн үйлдэл нь түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байгаад гомдолтой байна. Иймд ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгож, ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сард 6,625,024 төгрөгийн цалин хөлс болон үр дүнгийн урамшуулал, 2025 оны 01 дүгээр сард 2,548,160 төгрөгийн цалин хөлс, 2 дугаар сард 2,357,440 төгрөгийн цалин хөлс, нийт 11,530,624 төгрөгийн цалин хөлс авсан байна. Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журамд тус тус зааснаар нэхэмжлэгчийн үр дүнгийн урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах учир 2024 оны 12 сард авсан 6,625,024 төгрөг нь дундаж цалин хөлсөнд тооцогдоно. Иймд 2024 оны 12 дугаар сард 22 хоног, 2025 оны 01 дүгээр сард 22 хоног, 2 сард 20 хоног нь тус тус ажлын өдөр байх ба нийт 64 хоногийн нэг өдрийн дундаж цалин 180,166 төгрөг болж байх тул ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2025 оны 3-р сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 25/41 дугаар тэмдэглэл, ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалын хуулбар, албан тушаалаас чөлөөлөгдөх, томилох албан хаагчдын жагсаалтын хуулбар, хөдөлмөрийн гэрээ,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ******* тушаал, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт, зэрэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-т холбогдуулан тухай 2025 оны 3-р сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлах бөгөөд хариуцагч ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн.

Хариуцагч ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж томилох тухай тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж, эгүүлэн томилохдоо Сургалт, мэдээллийн албанд Судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.*******г үүрэгт ажилд нь эгүүлэн томилоогүй байна. /хх-ийн 8, 9/

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг шийдвэрлэж чадаагүй болохыг, гомдол гаргагч, маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн, тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зурсан, тэрээр тус шүүхэд 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ. /хх-ийн 5/

Дээр дурдсан ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ийн захирлын 2025 оны 3-р сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаас үзэхэд сургалт мэдээллийн алба нь татан буугдаагүй, судалгаа сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй, судалгаа сургалт хариуцсан мэргэжилтний орон тоо нь сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн болж үг зүй нэршлийн хувьд өөрчлөгдсөн хэдий ч ажил мэргэжил, чиг үүргийн хувьд өөрчлөгдөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 23.5 -т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин, хөлсөөр тооцохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь сүүлийн гурван сарын цалин хөлсийг дээр дурдсан аргачлалаар тооцон ажлаас чөлөөлөгдсөн 2025 оны 3-р сарын 21-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хугацааны олговорт /нэг өдрийн цалин 180,166, ажилгүй байсан 127 хоног/ 22,881,082 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******г ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын Сургалт, мэдээллийн албанд Судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хугацааны олговорт 22,881,082 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэлийн тушаалын хэрэгжилтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч*** ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын Сургалт, мэдээллийн албанд Судалгаа, сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хугацааны олговорт хариуцагчаас 22,881,082 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 272,356 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАТСҮХ