Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч М.Цэнд-Аюуш,

          өсвөр насны шүүгдэгч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч А.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан ҮД:22-60 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хавчин овогт О.Хяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0298 50914 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 17 нас 06 сар 08 хоногтой, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Форвард моторс” ХХК-д засварчин ажилтай байсан, ам бүл-5, ээж, 2 ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 1-р гудамжны 217 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Хавчин овогт О.Х/РД:РГ00312311/

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

О.Х нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тэлмэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажилагааны явцад хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн тул ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунцэцэг мэдүүлэхдээ: Миний хүү Хүчитбаатарыг буруу зүйл хийснийг ойлголоо. Дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй, хараа хяналтандаа байлгана гэв.

        Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Тэлмэнгийн: …2018 оны 03 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “B club” нэртэй газарт ажлынхаа Билэгт, Билэгсайхан нарын төрсөн өдрийг ажлынхантайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаад шөнө 02 цагийн үед бид нар гарцгаасан. Тэгээд тэр газраас дөнгөж гараад явж байтал үл таних 2 залуу бидэнтэй хамт явж байсан Турк улсын иргэн Сэм Дэннисийг наадах чинь хаанахын хүн бэ гэсэн. Тэгэхээр нь би Турк гэсэн чинь Төгөлдөр гэх залуу нь би Турк улсад 6 жил боол шиг баас, шээс цэвэрлэж амьдарсан. Та муу сайн Туркын шээс болсон байна гэж хэлсэн. Тэгээд тоолгүй явж байтал араас хэн нэгэн хүн пивоны шил шидэж хажууханд пивоны шил хагарсан. Тэгээд би эргээд хартал Төгөлдөр гэх залуу нь Туркын шээснүүд одоо та нар нааш ир гэж орилоод байсан. Тэгээд бас тоолгүй явж байтал миний араас нэг юм цохих шиг болоод би газарт унасан. Тэгээд би хэсэг ухаан алдаж байгаад сэрэхэд газар цементэн дээр унаж толгойгоо хагалсан байсан. Тэгээд 103 түргэн ирээд намайг ГССҮТ-д хүргэж толгойнд минь 4 оёдол, зүүн талын шанаанд 3 оёдол тавьж өгсөн. Тухайн үед надтай хамт явж байсан Энх-Амгалан, Анударь нар намайг үл таних Хүчитбаатар гэх залуу нь араас өшиглөж, тэгээд би унахдаа машин мөргөөд газар унаж хэсэг хугацаанд ухаан алдсан гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хүчитбаатар, Төгөлдөр нар надад хохирлын 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Иймд надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар О.Хын:... 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу “Цайз” захын гадна хамт ажилладаг Төгөлдөр ах бид хоёр такси дотор тус тус 2 пиво уусан. Тэгээд Төгөлдөр ах виза картнаасаа мөнгө авах гээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ХААН” хуушуурын замын эсрэг талд байрлах “ХААН” банкны АТМ орох гэж явж байгаад хэсэг залууустай маргалдаж байсан. Тэгэхээр нь би таксинаас бууж очиход үл таних улаан малгайтай залуу нь чи яах гээд байгаа юм гээд орилоод байсан. Тэгээд тэр залуус доошоо явахаар нь Төгөлдөр бид хоёр араас нь дагаад хэрэлдээд явж байсан чинь нэг залуу нь машинтай хүн дээр очоод юм ярихаар нь би араас нь гүйж очоод хажуунаас нь баруун гар руу нь хөлөөрөө жийгээд унагаасан чинь тэр залуу унахдаа тэнд байсан “Приус-20” маркын машиныг мөргөж унасан. Тэлмэнгийн биед учирсан хохирлыг би учруулсан. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би сайн дураараа хохирогч Б.Тэлмэнтэй эвлэрч, түүнд хохирлын 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4334 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Б.Тэлмэнгийн биед зулайн хуйханд шарх, зулгаралт, шанаанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Төгөлдөрийн: ...2018 оны 03 дугаар сарын 29-нд манай дүүгийн төрсөн өдөр байсан учраас Хүчитбаатарыг гэртээ урьсан байсан. Би ажлаа тараад ажлын хүнтэйгээ 2,2 литрийн хэмжээтэй пиво уучихаад гэртээ ирэхэд Хүчитбаатар ирсэн. Би Хүчитбаатарыг дагуулж гараад таксинд сууцгаасан. Таксиныхаа жолоочид мөнгө авч өгөхөөр АТМ орох гээд Сансарт машинаасаа буугаад явж байтал хэсэг залуучууд хажуугаар өнгөрөхдөө намайг мөрөлсөн. Түүнээс болоод тэр залуучуудтай хэрүүл хийгээд байж байтал Хүчитбаатар гүйж ирээд нэг залууг нь жийгээд унагаахад тэр залуу унахдаа машин мөргөж унаад ухаан алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

          - Өсвөр насны шүүгдэгч О.Хын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-24, 29 дүгээр тал/,

          - Хохирогчийн гомдол саналгүй тухай баримт /хх-ийн 41, 44 дүгээр тал/

          - Өсвөр насны шүүгдэгч О.Хын нас тоолсон ажиллагааны тэмдэглэл, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны О.Х нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тэлмэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       О.Хт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

        Өсвөр насны шүүгдэгч О.Х нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Тэлмэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Б.Тэлмэн нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч О.Х нь 500.000 төгрөгийг хохирогч Б.Тэлмэнд хүлээлгэн өгсөн байна. Иймд хохирогч Б.Тэлмэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 43, 44 дүгээр тал/

Өсвөр насны шүүгдэгч О.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Өсвөр насны шүүгдэгч О.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 нас 03 сар 07 хоногтой байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч О.Хүчитбаартарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Хавчин овогт О.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар О.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   О.Хыг хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Алтангэрэлийн Оюунцэцэгт /РД:РГ75033101/ даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ