Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/353

 

  2025            03             20                                         2025/ДШМ/353

 

Б.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

яллагдагч Б.Б

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/0000 шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 00 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Б холбогдох 2406 00026 3690 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

М.Б,

Яллагдагч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**** таун” хотхоны 000 дүгээр байрны “***” дэлгүүрт ажиллаж байхдаа “************” ХХК-ийн 5 өдрийн орлого болох 2.199.971 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарласан бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Яллагдагч Б.Б "*** ****" ХХК-ийн ажилтан байхдаа эд хөрөнгө завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт иргэн Н.Г 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үүнээс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "**** ****" ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч *** *** ** компанийн үйл ажиллагааны менежер тушаалтай Н.Г компанийн өмнөөс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэстэй харилцах, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах, компанийг төлөөлж хэргийн материалтай танилцах, тайлбар мэдүүлэг өгөх, баримт материал гаргаж өгөх, хохирогчоор тогтоолгох, шүүх хуралд оролцох, шийдвэр хүлээн авах бүрэн эрхийг олгож итгэмжлэв. Итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хүчинтэй бөгөөд энэ эрхээ итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон гэх албан бичиг ирүүлсэн байна. Үүнээс хойш хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоож зохих ажиллагаануудыг хийгээгүй атлаа яллах дүгнэлтэд Н.Г хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлснээр мэдүүлгийг оруулсан байна. Тодруулбал энэ хэрэгт оролцогчийг зөв тогтоогоогүй, хохирогчоор тогтоогдвол зохих этгээд тогтоогдоогүй, үүнээс үүдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд хууль ёсны байх шаардлага хангаагүй тул зөвтгүүлэхээр хэргийг буцааж, яллагдагч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийн менежер Н.Г хохирогчоор тогтоож оролцуулсан асуудлын талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй, "***********т" ХХК-ийн зүгээс хохирогчоор тогтоогдсон Н.Г итгэмжлэл олгосон, мөн яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад компанид учирсан хохирлыг төлж барагдуулсан байна. Хэдийгээр Н.Г итгэмжлэл олгосон албан бичиг Н.Г хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны дараа мөрдөх байгууллагад ирүүлсэн боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хууль бусаар хассан, хязгаарласан зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, мөн Н.Г итгэмжлэл олгосон албан бичигт тухайн хэрэгт хохирогчоор тогтоон оролцуулах талаар тодорхой дурдсан байна. Түүнчлэн шүүх зөвхөн хохирогчоор тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүйгээс гадна, шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоор тогтоох шийдвэр гаргах боломжтой байна. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/0000 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч ***** тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Б. холбогдох хэргийг “... **** ***** -ийн гүйцэтгэх захирлаас тус компанийг төлөөлүүлэхээр Н.Г итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэл нь 3 сарын хугацаатай бөгөөд хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийг тогтоож зохих ажиллагааг хийгээгүй...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ..., хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” -д оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” хууль ёсны төлөөлөгчөөр томилж болохоор заасан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч байгууллага өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар Н.Г томилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ.” гэснээс үзэхэд шүүх хохирогчийн төлөөлөгчийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэхээр байна.

Үүнээс гадна, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ бөгөөд уг хуулийн зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх ажиллагааг хийлгэхээр прокурорт даалгах боломжтойг дурдаж байна.

Иймд дээрх үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй буцаах шаардлагагүй, мөн яллагдагч Б.Б холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг шүүх хуралдаанаар тогтоох боломжтой гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Иймд прокурор Ц.Гэ бичсэн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/0000 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/000 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР