| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2017/00581/И |
| Дугаар | 210/МА2018/01329 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2018/01329
| 2018 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2018/01329 |
Ц.Солонгын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01247 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ц.Солонгын нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Оюунбаярт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 690 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Жавхланбаяр
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Билэгсайхан
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Т.Бат-Эрдэнэ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч:
Н.Тайван
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Оюунбаяр нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/1 байр, 9 тоот, 55,62 метрквадрат 2 өрөө байрыг барьцаалан 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг ззэлж авсан. Зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Ажлын байдлаас шалтгаалан зээлээ хугацаандаа төлж чадаагүй тул Б.Оюунбаярын хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэл 9 сараар, дахин 2016 оны 5 дугаар сарын 29-нийг хүртэл 5 сараар 2 удаа сунгасан болно. Энэ хугацаанд гэрээний дагуу 20 сарын хүү 18 000 000 төгрөг төлөх ёстойгоос 17 310 000 төгрөгийг төлсөн. Одоо 690 000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэсээр гэрээний хугацаа дуусаад 8 cap өнгөрсөн. Иймд Б.Оюунбаяраас үндсэн зээл 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 690 000 төгрөг 30 690 000 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд, хариуцагч нарын хоорондын асуудал Ц.Солонгод хамааралгүй юм.Тийм ч учраас Б.Оюунбаяр өөрөө хүсэлт гаргаснаар хоёр удаа зээлийн гэрээний хугацааг сунгаж байсан. Уг зээлийн гэрээнд анх байгуулсан зээлийн гэрээний хүү, алданги зэргийг өөрчилж, хөндөөгүй. Хариуцагч тал гэрээний сунгалтыг нэг өдөр хийсэн мэтээр тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Оюунбаяраас цувуулан төлж байсан хүүгийн тооцооллыг хийгээд одоо үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 2 450 000 төгрөг бүгд 22 450 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Оюунбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
2014 оны 9 сард хариуцагч Б.Оюунбаярт найз Б.Бадамханд нь хувийн цэцэрлэг хамтран ажиллуулах санал тавьж Ц.Солонго гэдэг хүнээс 20,000,000 төгрөг зээлж байгаа би өөрийнхөө байрыг барьцаалах гэсэн боловч 8 хувийн зээлтэй тул болохгүй байна. Чи байраа барьцаалаад өгөөч гэж хүссэн. Б.Оюунбаярын зүгээс өөрийн өмчлөлийн 55.62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн. Гэтэл Ц.Солонгын зүгээс зээлийн гэрээг зөвхөн барьцааны зүйлийн өмчлөгчтэй л байгуулах саналыг тавьсны дагуу 2014 оны 9 сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж, нотариатаар батлуулан, 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр авч, Б.Бадамхандад өгсөн. Зээлийн төлбөрийг cap бүр Б.Бадамханд өөрөө, түүний аав Т.Бат-Эрдэнэ, ээж Г.Сэлэнгэ, эсхүл Б.Оюунбаяраар зээл төлбөрт өгөхөөр шилжүүлсэн төлбөрийн тухай бүр Ц.Солонгын Хаан банканд дахь төгрөгийн 5037452030 дугаартай дансанд төлж байсан. Тун цөөн удаа Б.Оюунбаяраас зээлийн мөнгийг төлсөн бөгөөд тэр нь Б.Бадамхандын шилжүүлсэн мөнгийг л дамжуулан цааш төлсөн байдаг. Энэ хугацаанд Ц.Солонгын зүгээс удаа дараа утсаар холбогдож ...Б.Бадамхандын төлсөн төлбөрийг зээлийн гэрээний хүүнд тооцож авч байгаа, зээлийн гэрээний хугацаа дууссан тул сунгах шаардлагатай байна гэж хэлээд зээлийн гэрээний сунгалт гэх 2015 оны 3 дугаар сарын 30, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн огноо бүхий бичгийг нэг өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Б.Оюунбаярын ажил дээр ирж гарын үсэг зуруулан авсан. Уг зээлийн гэрээний нэмэлт нь нотариатаар батлуулаагүй, нөхөж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин Б.Бадамхандын зүгээс төлж байгаа мөнгийг зөвхөн хүү, алданги гэж тооцон аваад зээлээс огт хасалт хийгээгүй. Одоогийн байдлаар 25 450 000 төгрөгийн буцаан төлсөн. Гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш талууд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй байсан бөгөөд Б.Бадамхандын зүгээс зээлийн гэрээний төлбөрийг төлсөөр байсан. Мөн дээрх Зээлийн гэрээний сунгалт гэх бичгэнд хүү болон алдангийг талаар заагаагүй. Иргэний хуулийн 282.3, 232.3-т заасны зөрчсөн байх тул энэ хугацаанд алданги болон хүү шаардах эрхээ алдсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу аливаа хэлцэл хийж талууд өөрсдийн хүсэл зоригийг хангалттай чөлөөтэй илэрхийлж, 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нөгөө тал уг хүсэлт зоригийн илэрхийллийг хүлээж авснаар хэлцэл хийгддэг. Хэрэв дээрх хуульд заасан журмын дагуу хийгдээгүй аливаа гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Дээр дурдсан үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Б.Оюунбаярын нэрээр нэхэмжлэгч Ц.Солонгоос 1 сарын 4.5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлснээс Б.Бадамханд нь одоогийн байдлаар нийт 24 450 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасч, зээл 20 000 000 төгрөг, хүү 2 450 000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь зээл 20 000 000 төгрөг болон гэрээгээс тохиросон хугацааны хүү 5 400 000 төгрөг байхаас 25 450 000 төгрөгийг төлсөн тул үүрэг дуусгавар болсон. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийг дэмжин оролцож байгаа болно. Зээлийн мөнгө 20 000 000 төгрөг шууд бэлэн аваагүй боловч үүнийг Б.Бадамханд шууд болон шууд бусаар авч хэрэглэсэн, зээлийн эргэн төлөлтийг мөн Б.Бадамханд өөрөө зарим үед түүний эцэг, эх төлж байсан. Ц.Солонго нь Б.Оюунбаяртай уулзаж, зээлийн гэрээний хугацаа сунгах талаар бичиг үйлдэхдээ энэ талаар гуравдагч этгээд Б.Бадамхандад мэдэгдээгүй. Зээлийг Б.Бадамханд авсан гэдгийг Ц.Солонго мэдэж байсан бөгөөд нийт 25 450 000 төгрөгийг төлсөн байгаагаас зээл 20 000 000 төгрөг, гэрээнд заасан хугацааны хүү 5 400 000 төгрөг бүгд 25 400 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч алданги шаардахгүй гэж байна. Үүнээс үзэхэд алдангид 50 000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Оюунбаяраас 12 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Солонгод олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 9 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 400 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Б.Оюунбаяраас 215 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Солонгод олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нар давж заалдах гомдолдоо:
... Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа хүү 690 000, алданги 10 000 000 төгрөг, үндсэн төлбөр 20 000 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн төлбөрийг алдангийн 10 000 000 төгрөгт тооцож хасч байгаа эсэх, хүү 690 000 төгрөг нэхэмжилсэн нь ямар шалтгаанаар 2 450 000 төгрөг болж өөрчдлөгдсөн буюу нэмэгдэж байгаа талаар тайлбар гаргаагүй анхан шатны шүүх ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийлгүй шүүгчийн зүгээс өөрөө хүү болон үндсэн төлбөрийн хэмжээг бодож гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрөө тодорхойлох, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 19 сар 25 хоногийн хугацаатай байгуулсан, нэг сарын хүүгийн төлбөр 900 000 төгрөг, нэг хоногийн хүүгийн төлбөр 30 000 төгрөг нийт 17 850 000 төгрөгийн хүүг хариуцагчийн төлсөн 25 450 000 төгрөгийн төлбөрөөс хасч үлдэгдэл 7 450 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр болох 20 000 000 төгрөгөөс хасаж үлдэгдэл төлбөрийг 12 550 000 төгрөг мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх хуралдааныг явцад талуудын зүгээс огт яригдаагүй 19 сар 25 хоногийн хүүгийн төлбөр бодож, уг төлбөрийг хариуцагчийн зүгээс төлсөн төлбөрөөс хасаж тооцоолол хийсэн үндэслэлгүй байна. Энэ хугацаанд Б.Бадамхандын зүгээс нийт 25 450 000 төгрөг төлөөд байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 2 450 000 төгрөг, нийт 22 450 000 гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Бадамхандын зүгээс тухайн хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг өөрийн аав, ээж болон хариуцагч Б.Оюунбаяраар төлүүлж байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэгч Ц.Солонго нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болон 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн огноогоор "Зээлийн гэрээг сунгах хүсэлт" болон "Зээлийн гэрээний сунгалт" гэх бичгүүд дээр гарын үсэг зуруулсан. Гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш талууд бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй байсан бөгөөд Б.Бадамхандын зүгээс зээлийн гэрээний төлбөрийг төлсөөр байсан. Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан "Зээлийн гэрээний сунгалт" гэх нь 2015 оны 3 сарын 30-ны өдөр болон 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн огноо бүхий бичгийг 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хариуцагч Б.Оюунбаярын ажил дээр ирж гарын үсэг зуруулан авсан. Уг зээлийн гэрээний нэмэлт нь нотариатаар батлуулаагүй, нөхөж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу аливаа хэлцэл хийж талууд өөрсдийн хүсэл зоригийг хангалттай чөлөөтэй илэрхийлж, 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нөгөө тал уг хүсэлт зоригийн илэрхийллийг хүлээж авснаар хэлцэл хийгддэг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсанчлан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээний сунгалт нь 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр бичиж гарын үсэг зуруулсан байх тул хүчин төгөлдөр бус байна. Түүнчлэн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл Б.Бадамхандын зүгээс зээлийн гэрээний төлбөрийн төлсөөр байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй мэтээр зээлийн гэрээний сунгалт гэх бичгэнд гарын үсэг зуруулсан нь хүчин төгөлдөр бус юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01247 дугаарт шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэж үзээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Солонго нь хариуцагч Б.Оюунбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 690 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 2 450 000 төгрөг, нийт 22 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... талуудын хооронд хожим байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 30, 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг нэг өдөр бичүүлж авсан тул эдгээр бичгийн баримтууд нь хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.
Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.Солонго нь зээлдэгч Б.Оюунбаярт 20 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцжээ. Зээлчдэгч буюу нэхэмжлэгч Ц.Солонго зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг зээлдэгчид буюу хариуцагч Б.Оюунбаярт шилжүүлэн өгсөн, энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд уг гэрээ бодитоор биелэгдсэн гэрээ байна. /хх-ийн 3-4 тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Нэхэмжлэгч Ц.Солонго, хариуцагч Б.Оюунбаяр нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Оюунбаяр нь гэрээ сунгах хүсэлт гаргаж, талууд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр 6 сарын хугацаагаар сунгаж, энэ талаар бичгийн гэрээ байгуулагдсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгасан тухай бичгийн баримт авагдсан байна. Зохигчдын хооронд байгуулсан бичгийн гэрээгээр өмнөх гэрээний сунгалт 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхад 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэрээг сунгасан нь гэж үзсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусах сүүлийн өдөр гэрээг сунгаагүй байна. Анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэж, уг хугацааны зээлийн хүүг хариуцагч Б.Оюунбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсныг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр 9 сарын хугацаагаар сунгасан гэж үзэж нийт 15 сарын хүүг сарын 4,5 хувиар тооцоход 13 500 000 /20 000 000*4,5*15=13 500 000/ төгрөг болж байна. Иймд хариуцагч Б.Оюунбаяр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, хүү 13 500 000 төгрөг, нийт 33 500 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Хариуцагч Б.Оюунбаярын зээлийн гэрээний үүрэгт 25 450 000 төгрөг төлсөн байх тул зээлийн гэрээний үүрэгт төлөх нийт үнийн дүн болох 33 500 000 төгрөгөөс хасч тооцон /33 500 000-25 450 000=8 050 000/ үлдэх 8 050 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Гэрээний 3-д алданги төлөхөөр заасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл, хүүгийн хэмжээгээр тодорхойлсон тул давж заалдах шатны шүүхээс уг шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүргийг тодорхойлон шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/01247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 12 550 000 төгрөг гэснийг ...8 050 000 төгрөг гэж, ...9 900 0000 төгрөг гэснийг ...14 400 000 төгрөг гэж,
2 дахь заалтын ...215 750 гэснийг ...143 750 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Э.Билэгсайхан нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюунбаярын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ИЧИНХОРЛОО
НЬ:
1. ..........................................................................................................................................................................................................................
2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
ТАНХИМЫН ТЭРГҮҮН .................
ШҮҮГЧИД #OTHER_JUDGE_LARGE#