| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01876/И |
| Дугаар | 192/ШШ2025/07503 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/07503
| 2025 оны өдөр | 09 сар 24 р 192/ШШ2025/07503 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:***
Хариуцагч: ****
Улирлын урамшуулал болон тухайн жилийн 13 дах сарын цалинг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй илүү олгосон ээлжийн амралтын олговрын зөрүү 1,942,785 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ****г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дах заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан шийдэх гурван талт хороонд гомдол гаргасан боловч ажил олгогч зөвшилцөхөөс татгалзаж тохиролцоогүй болно. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисст хүний эрх зөрчигдсөн талаар гомдол гаргасан бөгөөд нотлох баримт хангалттай бүрдээгүй тул хүний эрх зөрчсөн эсэх нь эргэлзээтэй боловч ажил олгогч нь ажилчдыг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийлэл, хүний болон албан хаагчдын хүүхдийн эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэм хэмжээг дотоод журамдаа огт тусгаагүй нь комиссын шалгалтын явцад илэрсэн байна.*** миний бие болон **** ГХОХХК-н хооронд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 31-ны өдөр хөдөлмөрийн хүрээний дарамтын улмаас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Миний бие тус компанид ажиллах хугацаандаа ажлын хариуцлагаа бүрэн ухамсарлаж ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавар, борлуулалтын төлөвлөгөөг тогтмол биелүүлж байсан ба сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэр харгалзахгүй ямар ч байгууллага болон хөрөнгө оруулагч нар Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгох үүрэгтэй байдаг. Гэтэл түүнийг үл тоож Хөдөлмөрийн тухай хуулийг биелүүлэхээс зайлсхийн тухайн жилдээ бүрэн ажиллаагүй гэх байдлаар надад хандаж дотоод журмыг огт танилцуулж байгаагүй мөртлөө түүнийг үндэслэлээр урамшуулал чамд олгох боломжгүй мэтээр миний 2024 оны ажлын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн давуулан биелүүлсэн хувь хэмжээнд ногдох ашиг орлогоос нэг ч төгрөг олгохгүй байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 5.4-д заасан компанийн нэгжийн болон хувийн гүйцэтгэлээр урамшуулал цалин олгогдоно гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн 13 дугаар сарын урамшуулал цалинг тухайн жилийн ажилласан хугацаанд тооцож олгоогүй өнөөг хүртэл шаардуулсаар байна. Энэ талаар яагаад олгохгүй байгаа тухай тодорхой хариултыг бичгээр өгөхийг өнөөг хүртэл шаардсан. Тиймээс улирлын урамшуулал болон тухайн жилийн 13 дах сарын цалинг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: *** нь манай компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл борлуулалтын инженер албан тушаалд ажиллаж байсан болно. Хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох үед түүнд олговол зохих цалин хөлс, урамшууллыг олгосон.****нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дээд шатны удирдлагууддаа 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Гэтэл тэрээр 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, 7 дугаар зүйлийн 7.3, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг үндэслэн...ажлын байрын ялгаварлан гадуурхалтад өртсөн, сэтгэлзүйн дарамт үзүүлж ажлаас халагдах нөхцөл бүрдүүлсэн тухай, улирлын урамшуулал олгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл олгуулах тухай гомдол гаргасан. Ажил олгогчийн хувьд ажилтан ****г аливаа байдлаар ялгаварлан гадуурхаагүй, сэтгэл зүйн дарамт үзүүлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үед олговол зохих цалин хөлсийг олгосон тул эдгээр үндэслэлээр түүний гаргасан гомдлыг эс зөвшөөрсөн. Мөн тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн талаар тайлбарласан. *** ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ дээд шатны удирдлагадаа 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс маргаан таслах комисст хандсан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эрхийг зөрчигдсөн талаар хуульд заасан байгууллагад хандаагүй болно. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан зохион байгуулагдаж, биднийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 24/92 дугаартай тэмдэглэл гарсан. Тухайн тэмдэглэлд тус хороонд гаргасан гомдол, түүний шаардлагын хүрээнд гомдол гаргагч, маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 дах хэсэгт заасны дагуу уг тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоног дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан байдаг тул нэхэмжлэгч тухайн тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн 1-2 дах талд тэрээр 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 9 цаг 18 минутад нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн нэхэмжлэлдээ хавсаргасан Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/92 дугаартай тэмдэглэлээс үзвэл **** нь тус тэмдэглэлд гарын үсэг зурсан байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэлийг хүлээн авсан гэж үзэхээр байна. Иймд **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дах хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр ажилтны үндсэн цалин болон гэрээний 5.3-т заасан урамшууллыг тус тус олгохоор тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээний 5.3-т ажилтан нь дээр дурдсан Ерөнхий нөхцөлд заасанчлан түүний жилийн үндсэн цалин дээр суурилсан Богино хугацааны урамшууллын хөтөлбөрт хамрагдах эрхтэй. Урамшуулал нь компанийн, нэгжийн болон хувийн гүйцэтгэл дээр үндэслэгдэх ба ажил олгогч дангаар шийдвэрлэнэ гэж тохиролцсон. Мөн байгууллагын дотоод журмын 12.2-т урамшууллыг тухайн жилийн үндсэн цалин болон жилийн нэмэлт цалин зэрэг бодит орлогод үндэслэн тодорхойлно гэж тусгасан. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо гэрээ болон журамд заасан цалин хөлсийг олгосон болно. Тодруулбал 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түүнд үндсэн цалин 3,097,068.36 төгрөг, унааны мөнгө 133,884.36 төгрөг, борлуулалтын урамшуулал 5,987,716.15 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,609,660.53 төгрөг, нийт 10,360,691.51 төгрөгийг олгосон. Мөн **** нь дээрх 13 сарын цалинг тухайн жилийн ажилласан хугацаанд тооцож олгоогүй гэж байгаа нь мөн үндэслэлгүй. Учир нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд жилийн цалингийн нэмэлтийг хэзээ, хэнд, хэрхэн олгох талаар зохицуулсан. Энэхүү журмын 11.1 дэх хэсэгт компани нь жил бүрийн 12 дугаар сарын 31-нд 12 сар ажилласан ажилчдад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно гэж тодорхой заасан. Мөн журмын 11.4 дэх хэсэгт энэхүү нэмэгдэл авах ажилчид төлбөр хийх үед компанийн цалингийн жагсаалтад байх ёстой гэж журамласан. Тодруулбал тухай жилдээ 12 сар тасралтгүй ажилласан ажилтанд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх нэмэгдлийг олгодог ба тухайн нэмэгдлийг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдөр олгодог. 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанид ажиллаж байгаа буюу цалингийн жагсаалтад байгаа ажилтан нь 12 сар ажиллаагүй бол түүний ажилласан хуанлийн өдрийн тоогоор хувь тэнцүүлэн нэмэгдэл олгодог юм. Иймд 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компанид ажиллагаагүй байгаа ажилтанд түүний ажилласан хугацааны нэмэгдэл олгох боломжгүй юм. Түүнчлэн ***нь 13 дах сарын цалин гаргуулах талаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гаргасан гомдолдоо дурдаж шаардаж байгаагүй тул**** шүүхэд гаргасан гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ё.Ит**** нь манай компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл борлуулалтын инженер албан тушаалд ажиллаж байсан болно. Хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох үед түүнд олговол зохих ээлжийн амралтыг ажилласан хугацаанаас нь илүү байдлаар олгосон байдаг. Энэ талаар түүнд тухайн үед мэдэгдэж байсан ба өнөөдрийг хүртэлх хугацаанд илүү олгосон 1,942,785 төгрөгийг компанид буцаан төлөөгүй байна. Тодруулбал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/191 дугаар тушаалын хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 2.8.1-д ажилтын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгохоор заасан. Энэхүү журмын дагуу ****н ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор нь 3,920,774.97 төгрөг бөгөөд бид түүнийг ажлаас гарна гэж тооцоолохгүйгээр 5,863,560 төгрөг олгосон болно. Иймд илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг ****с гаргуулж өгнө үү.
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06/201 дугаар албан бичиг,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Хариуцагч байгууллагыг улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ****ХХК-ийн дотоод журам, **** ГХОХХК-ийн цалингийн бүртгэл, ажилтны тойрох хуудас, борлуулалтын урамшууллын төлөвлөгөө, 2024 оны борлуулалтын урамшууллын төлөвлөгөө зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч Ш***ГХОХХК-д холбогдуулан улирлын урамшуулал болон тухайн жилийн 13 дах сарын цалинг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч **** нь **** ГХОХХК-д 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс борлуулалтын инженер албан тушаалд томилогдон ажиллаж, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 4, 38/
Талууд ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл, ажилласан хугацаа, авч байсан цалин, урамшууллын хэмжээний тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх үед тухайн улирлын урамшууллыг болон жилийн эцсийн урамшууллыг тооцон олгоогүй гэж, хариуцагч нь компанийн урамшууллын журамд заасан журмаар тухайн улирал, жил дуусахад ажиллаж байсан хүнд олгох ёстой, ээлжийн амралтын олговрыг бүтэн жилээр тооцон олгосон тул илүү олгосон хэсгийг гаргуулна гэж харилцан маргасан.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь ямар нэг үнийн дүн, хэмжээгээр бус 2024 оны 3 дугаар улирлын урамшуулал болон жилийн эцсийн урамшууллыг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 тал хороо 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, талууд харилцан тохиролцоогүй тул маргааныг шийдвэрлэж чадаагүй болохыг, гомдол гаргагч, маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн, тэмдэглэлд нэхэмжлэгч ***л гарын үсэг зурсан, тэрээр тус шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно. /хх-ийн 7/
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.5 дахь хэсгүүдэд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болохоор заажээ.
Хүний эрхийн үндэсний комиссийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06/201 дугаартай Хариу өгөх тухай албан тоот, ажилтны тойрох хуудас, талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн, хүсэлтийн дагуу ажил олгогч нь түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 11, 87,88/
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтаар ажилтны жилийн үндсэн цалин дээр суурилсан Богино хугацааны урамшууллын хөтөлбөрт хамрагдах эрхтэй байх, урамшуулал нь компанийн, нэгжийн болон хувийн гүйцэтгэл дээр үндэслэгдэх ба ажил олгогч дангаар шийдвэрлэнэ гэж тохиролцсон, компанийн дотоод журмын 12.2-т урамшууллыг тухайн жилийн үндсэн цалин болон жилийн нэмэлт цалин зэрэг бодит орлогод үндэслэн тодорхойлно гэж тусгажээ. /хх-ийн 38, 46/
Хариуцагч **** ГХОХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд жилийн цалингийн нэмэлтийг хэзээ, хэнд, хэрхэн олгох талаар зохицуулсан байх бөгөөд 11.1 дэх хэсэгт компани нь жил бүрийн 12 дугаар сарын 31-нд тухайн жилийн 12 сар ажилласан ажилчдад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно гэж, 11.4 дэх хэсэгт энэхүү нэмэгдэл авах ажилчид төлбөр хийх үед компанийн цалингийн жагсаалтад байх ёстой гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон байх тул жилийн эцсийн урамшуулал буюу өөрийнх нь тодорхойлсноор 13 дахь сарын цалин авах эрх үүсээгүй байна.
Хариуцагч компаниас гаргаж өгсөн цалингийн бүртгэл гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч ****ажлаас чөлөөлөгдөх үед 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түүнд үндсэн цалин 3,097,068.36 төгрөг, унааны мөнгө 133,884.36 төгрөг, борлуулалтын урамшуулал 5,987,716.15 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,609,660.53 төгрөг, нийт 10,360,691.51 төгрөгийг олгосон байна. /хх-ийн 64/
Тухайн баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба түүнд улирлын урамшуулал олгоогүй, эсхүл дутуу олгосон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа **** ээлжийн амралтын олговорт 5,863,560 төгрөг олгосон, ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор нь 3,920,774 төгрөг олгох байсан тул зөрүү 1,942,785 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.3 дахь хэсэгт ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж заажээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход ажилтантай тооцоо дуусган, олгох ёстой цалин урамшууллыг олгож, зохих суутгалыг хийсэн болох нь баримтаар нотлогдох бөгөөд илүү зохих хэмжээнээс илүү олгосон гэх, мөн ажилтан буцаан төлөх үүрэгтэй гэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч *** хариуцагч****ГХОХХК-д холбогдуулан гаргасан улирлын урамшуулал болон тухайн жилийн эцсийн /13 дах сарын цалин гэх/ урамшууллыг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэлийг, илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, Хан-уул дүүргийн хөдөлмөрийн зохицуулах гурван талт хорооны шийдвэр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан байхад шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа зөвтгөх, хуульд заасан хугацаанд гаргасан эсэхээ нотлох баримтыг гарган өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** хариуцагч *** ГХОХХК-д холбогдуулан гаргасан улирлын урамшуулал болон тухайн жилийн эцсийн /13 дах сарын цалин гэх/ урамшууллыг ажилласан хугацаагаар тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэлийг, илүү олгосон ээлжийн амралтын олговор 1,942,785 төгрөгийг нэхэмжлэгч *** буцаан гаргуулах тухай *** ГХОХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 46,035 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ