| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/07311/И |
| Дугаар | 192/ШШ2025/07557 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/07557
| 2025 оны өдөр | 9 сар 25 р 192/ШШ2025/07557 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:***
Хариуцагч: ***
Гэрээ цуцалж, урьдчилгаа төлбөрөөс 56,233,404 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***г, нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарын агуулга: *** ХХК нь 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ******* ******* ХХК-тай SD/24/63 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр ******* ******* ХХК нь Силк Реүд төслийн В5 блокийн өрлөгийн ажил, шавар, амалгааны ажил, талбай дотор материал зөөвөр, тээврийн ажлыг хийж гүйцэтгэх, ******* ******* ХХК нь хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Түүнчлэн тус гэрээний хавсралтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээг байгуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх явцдаа буюу 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр барилга дээрээс хүн унасан осол гаргаж, гэрээ зөрчигдсөн. Иймд талууд харилцан тохиролцож, SD/24/63 дугаар ажил гүйцэтгэх гэрээний стандарт нөхцөлийн 8.1-т зааснаар гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд дараах зөрчил гаргасан бол захиалагчийн санаачилгаар гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн гэрээний 8.1.1-т энэхүү гэрээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмаар хүлээсэн үүрэг, захиалагчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/ хариуцсан ажилтны, эсхүл хяналтын инженерийн тавьсан шаардлага, холбогдох бусад дүрэм, журам зөрчсөн мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээний 6.3-т ажил гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учирсан, эд хөрөнгийн томоохон хохирол учирсан тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээг шууд цуцлах арга хэмжээ авна гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Тус гэрээ дүгнэсэн актаар ******* ******* ХХК-н гэрээ цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлыг 19.5 хувьтай буюу 146.048.665 төгрөг гэж дүгнэсэн. Хийсэн ажлын нийт дүнгээс гэрээний баталгааны 8 хувь буюу 9,811,893 төгрөг, ХАБЭА-н торгууль 5,500,000 төгрөг, ажил зогссон 19 хоногийн алданги 11,449,660 төгрөгийг суутгаж, хариуцагчид өмнө урьдчилан олгосон 175,520,515 төгрөгөөс суутгалуудыг хасж тооцон 56,233,404 төгрөг буцааж төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг.
Хариуцагч тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн 56,233,404 төгрөгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*** ХХК нь З***ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрөөс 56,233,404 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ***ХХК нь ***ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр SD/24/63 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус гэрээгээр ******* ******* ХХК нь ***д төслийн В5 блокийн гадна дотор өрлөг, шаврын ажил, талбай дотор материал зөөх, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх, ***р ХХК нь хөлсийг төлөх үүргийг хүлээсэн, мөн гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх гэрээний стандарт нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын тухайд тохиролцсон байна. /хх-ийн 6-17/
Талууд гэрээ хэрэгжих явцад аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөний улмаас SD/24/63 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэн, актаар ******* ******* ХХК-н гэрээ цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлыг 19.5 хувьтай буюу 146,048,665 төгрөг, хийсэн ажлын нийт дүнгээс гэрээний баталгааны 8 хувь буюу 9,811,893 төгрөг, торгууль 5,500,000 төгрөг, ажил зогссон 19 хоногийн алданги 11,449,660 төгрөгийг суутгаж, хариуцагчид өмнө урьдчилан олгосон 175,520,515 төгрөгөөс суутгалуудыг хасаж тооцон хариуцагч 56,233,404 төгрөг буцааж төлөхөөр тохиролцож, актад талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээгээ цуцалсан, гэрээг дүгнэж, цуцлахаас өмнө хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцон, урьдчилгаа төлбөрийн зарим хэсгийг хариуцагч буцаан төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ******* ******* ХХК-иас 56,233,404 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал Ө.Алтантуяад нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн ч хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 355 дугаар зүйлийн 355.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 56,233,404 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,118 төгрөгийг төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 439,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ