Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-очир,

          улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

         хохирогч Б.Хандаа,

          шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Яргай овогт Бямбацогтын Бэлэгдэмбэрэлд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0391 80165 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дөргөн суманд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хятад хэлний орчуулагч хийж байсан, ам бүл-4, эхнэр, 3-9 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Ногоочины 1 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Яргай овогт Б.Б/РД:ПП86071518/

          Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Б.Бнь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоочин 1-2 тоотод хадам ээж Б.Хандааг архи уусан гэж хэллээ хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр архи уусан байсан ба эхнэр, хадам ээж Хандаа хоёр архи дарс уулаа, ингэж амьдралаа авч явна гэж юу байсан гэж хэлэхээр нь би уурлаж би босох гээд баганаас бариад авсан. Тэгээд юу болсноо санахгүй байна Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хандаа мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

        Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Хандаагийн:..2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд манай хүргэн эхнэрийнхээ хамт орж ирээд согтуудаа чи хоол өгсөнгүй гээд зуух өшиглөөд яндантай нь дээш нь харуулаад гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохиод багана татаж хугалж аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд намайг Дэлгэрсайхан гэдэг хүүхэд гэмтэл рүү авч явсан. Хүргэн үлдсэн юм. Толгойдоо гурван оёдол тавиулсан. Нүд хөхөрч хавдсан. Ер нь над руу тэгж агсраад байдаг байсан. Тэр өдөр намайг хоол өгсөнгүй гэж агсарсан. Тэгээд зуух өшиглөж унагаад баганаар миний толгой руу болон гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Гэрийн эвдсэн зүйлсийг төлүүлнэ… гэх мэдүүлэг /хх-н 9 дүгээр тал/

          …Би болсон асуудлын талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Одоо охин Дэлгэрмааг л бодоод л хүргэнээ ямар нэгэн хэрэгт оруулмааргүй байна. Бэлэгдэмбэрэл нь зан байдлын хувьд уг нь зүгээр даруухан хүн байдаг. Харин архи уухаараа л их агсам болчихдог юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Т.Дэлгэрмаа: …2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Бэлэгдэмбэрэл нь архи уучихсан ээжид агсам тавьж гэрийн багана татаж аваад л ээжийн толгой руу нэг удаа цохиж толгойг нь хагалсан. Нүдийг нь юугаар цохисныг нь мэдэхгүй бодвол гараараа л цохих байх. Би тэрийг нь хараагүй. Тэгээд толгой нь хагарахаар нь ээжийг аваад гэмтэл явсан. Манай дүү цагдаа дуудсан байх. Багана авч цохихын өмнө зуухыг нь аваад хөмөрчихсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Хандаагийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

   Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/

          - Шүүгдэгч Б.Бэлэгдэмбэрэлийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/

          -  Шүүгдэгч  Б.Бэлэгдэмбэрэлийн урьд  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Бнь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоочины 1-р гудамжны 02 тоотод хадам ээж Б.Хандааг архи уусан гэж хэллээ хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоочины 1-р гудамжны 02 тоотод хадам ээж Б.Хандааг архи уусан гэж хэллээ хэмээн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй   байна.

Хохирогч Б.Хандаа нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт  ирүүлээгүй тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Бнь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого нь тодорхойгүй байх тул түүнд оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Яргай овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бэлэгдэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ