Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/354

 

    2025            03             20                                         2025/ДШМ/354

 

П.С холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч П.С өмгөөлөгч С.Д,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/000 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч С.Д гаргасан давж заалдах гомдлуудаар П.С холбогдох 2405 04233 1046 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б.П,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 00-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;  

Шүүгдэгч П.С нь 2024 оны 05 дугаар сарын 00-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчим Баянгол дүүргийн 00 дугаар хороо, **** согтуугаар 00-00 УЕН улсын дугаартай, “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Сг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн ... согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч П.С оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч П.С гэх жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.С тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа бөгөөд эхнэр маань 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амаржиж, бага хүү мэндэлсэн. Мөн амаржихдаа хүндрэлтэй төрсөн тул эхнэр, хүүхдээ асрах шаардлагатай байна. Манайх гэр бүлээрээ лангуу түрээслэн, хүнсний ногоо борлуулж амьдралаа залгуулдаг. Миний эрүүл мэндийн хувьд хамартаа гэмтэл авч байсан, хамрын яс хугаралтай бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас эмийн эмчилгээ хийж, 1 сарын дараа мэс засалд орох заалттай байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх буюу 2700 нэгжээр торгох, эсхүл шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах болгон өөрчилж, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.С өмгөөлөгч С.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Шүүхээс шүүгдэгч П.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзав. Тэрээр урьд өмнө буюу 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ” гэжээ. ... Шүүгдэгч П.С хувьд гэм буруугийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуурсан, шалгуулахаас зайлсхийсэн нь өөрөө тухайн гэмт хэргийн шинжийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа тохиолдолд 13 жилийн өмнө насанд хүрээгүй өсвөр насанд байхдаа “автомашин унахыг хүсэж” бусдын автомашиныг хулгайлж унаж яваад орхиод явсан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж хуулийн заалтыг дурдсан атлаа шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ гэж дүгнээд шүүгдэгч П.С үйлдсэн хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялыг сонгон хэрэглэх боломжтой байсан атал, өмгөөлөгчийн гаргасан санал, шүүх хуралд оролцсон оролцоог огт харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн санал болгосон 6 сарын хугацаагаар хорих ялыг шууд оногдуулсан нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болон өмнө ял эдэлж байсныг нь харгалзан хүндрүүлэн үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж хүндрүүлэн ял оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох талаар, мөн хэсгийн 1.1 дэх заалтад хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан. Шүүгдэгч П.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй. Тэрээр эхнэр, 0-9 насны 3 хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амаржиж, бага хүү С.Т мэндэлсэн ба амаржихдаа хүндрэлтэй төрсөн тул эхнэр хүүхдээ асрах шаардлагатай байна. Шүүгдэгч нь гэр бүлээрээ лангуу түрээслэн, хүнсний ногоо борлуулж амьдралаа залгуулдаг ба энэ ажлаа хийж гэр бүлээ тэжээх хэрэгтэй болоод байна. П.Сн эрүүл мэндийн хувьд хамрын таславч мурийж, хамрын яс хугарсан ба 2025 оны 1 сараас эмийн эмчилгээ хийж мэс засалд орох эмчийн заалттай байсан, мөн П.С нь гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх буюу 2700 нэгжээр торгох, эсхүл шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзах болгон өөрчилж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч П.С өмнө нь нийт 4 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба согтуурлын зэргийг шалгуулахаас зайлсхийсэн байдаг. Энэ хувийн байдлыг харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсантай нийцсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.СА.Н, Б.Д, А.Н, А.М, М.М  болон түүний өмгөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч П.С нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчим Баянгол дүүргийн 26 дугаар хороо, замд согтуугаар 00-00 УЕН улсын дугаартай, “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Ц.С-н “... Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Улз-11 чиглэлт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдрийн 16 цагийн үед Нарны хорооллын авто угаалга дотор хүн шүргэсэн гэх дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Тэгээд би авто угаалга дээр очиж дуудлага өгсөн хүнтэй уулзаад “Тоёота приус-41” маркийн, 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дуудлага өгсөн эмэгтэйгээр заалгаад яваад очих үед нөгөө жолооч машиныхаа хажууд зогсож байгаад намайг хараад машинаа асаалттай үлдээгээд шууд гүйгээд зугтаасан. ...” /хх 45/ гэсэн мэдүүлэг,

эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай “... 2 гэсэн бичиг бүхий цагаан өнгийн дүрс бичлэг агуулсан сидинд үзлэг хийв. Уг сидиг уншуулахад нэг бичлэг байх ба 02 минут 19 секундийн бичлэг байв. Бичлэгт улаан өнгийн “Тоёота приус 41” маркийн, 00-00 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд их гэрлээ асаасан байдалтай авто угаалга дотор байв. Жолооны ард цагаан фудволктой эрэгтэй хүн сууж байв. Автомашины ард талд 10 метрийн зайд 4 хүн зогсож байв. Улаан өнгийн тээврийн хэрэгсэл хойшоо хүчтэй ухраад ард нь байсан хүн тээврийн хэрэгслийнх нь ар талыг цохиж зогсоов. Цохиж зогсоосон хүн жолооч талын хаалгыг татаж онгойлгож жолоочийг буулгаж ирэв. Жолооч эрэгтэй, эмэгтэй хүнтэй ярилцаж зогсов. ...” гэсэн тэмдэглэл /хх 25/,

Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ц.С бичсэн тэмдэглэл /хх 3/, Цагдаагийн ерөнхий газрын “... Пүрэвсүрэн овогтой С.. эрх хасагдсан...” гэсэн жолоодох эрхийн лавлагаа /хх 6/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 956 дугаартай шийтгэвэр /хх 36-42/, АСАП сангийн лавлагаа /хх 21, 24/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн ... согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.С гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч С.Да нараас “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулж хүндрүүлэн ял оногдуулсан, П.С хорихоос өөр төрлийн ялыг сонгон хэрэглэх буюу 2700 нэгжээр торгох, эсхүл шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байхаас гадна шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зөв дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.  

Хэдийгээр шүүгдэгч П.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч П.С нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/0000 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР