Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00387

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00387

 

 

Ө.Болорчимэг, Ю.Эрдэнэбаяр нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Болорчимэг, Ю.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Бөхбатад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 420 000 төгрөг болон автомашины үнэд 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Болорчимэг миний бие 2010 онд талийгаач С.Энхбаттай танилцаж дотно найзууд байсан бөгөөд С.Энхбат нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зуурдаар нас нөхцсөн. Тэрээр нас барахын өмнө буюу 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр надаас машинаа худалдаач, хүү Э.Бөхбатдаа авч өгөх гэсэн юм гэсэн хүсэлт гаргасан бөгөөд би найздаа итгэж мөнгө зээлдэг бөгөөд хэлсэн хугацаандаа эргүүлж өгдөг гэх мэтээр итгэлтэй найз минь байсан учир өөрийн унаж байсан Тоёота брэвис маркийн 19-60 УНЯ улсын дугаартай суудлын автомашинаа 9 000 000 төгрөгөөр үнэлж өгсөн. Энэ машиныг түүний хүү Э.Бөхбат унаж явдаг байсан. Үүнээс гадна би түүнд удаа дараа мөнгө төгрөг зээлдүүлж баримтыг нь эргүүлж авч байсан бөгөөд одоо дансны хуулгаа авч үзэхэд түүнд зээлсэн мөнгөний үлдэгдэл 4 420 000 төгрөг байна. Иймд С.Энхбатын хүү Э.Бөхбатаас автомашины үнэ 9 000 000 төгрөг, С.Энхбатад зээлсэн мөнгөний үлдэгдэл 4 420 000 төгрөг, нийт 13 420 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талийгаачийн хүү Э.Бөхбат нь Мандарваа ХХК-ийг өвлөж авсан нь хэрэгт авагдсан нотариатчдын танхимаас ирсэн лавлагаагаар тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар зээлийн төлбөрийн үлдэгдэл 4 420 000 төгрөгийг хүү Э.Бөхбатаас гаргуулахаар шаардсан.

Харин машины үнэ гаргуулах нэхэмжлэлийг Ө.Болорчимэг шүүхэд гаргасан боловч уг машиныг Ю.Эрдэнэбаяр нь Э.Бөхбаттай 2015 оны 1 сарын 15-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Тоёота брэвис маркийн 19-60 УНЯ улсын дугаартай машины үнийг 8 000 000 төгрөгөөр тохирч, машиныг Э.Бөхбатын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Ингээд уг машины үнийг Э.Бөхбат нь одоог хүртэл Ю.Эрдэнэбаярт төлөөгүй тул машины үнэ 8 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ талаар хариуцагч Э.Бөхбат нь 2015.7.23-ны өдөр Ө.Болорчимэгт бичгээр баталгаа гаргаж өгсөн байдаг бөгөөд үүнийг хэрэгт өгсөн байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөгөөр багасгаж байгаа бөгөөд худалдах худалдан авах гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг шаардаж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээгээр Э.Бөхбат нь Тоёота брэвис маркийн 19-60 УНЯ улсын дугаартай автомашиныг 2015 оны 1 сарын 15-ны өдрийн гэрээгээр худалдан авч үнэ 8 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь талуудын байгуулсан гэрээний 7-р зүйлд заасан нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт бичигдсэн 3 хоногт нэр шилжүүлэх, тооцоо дууссан гэснээр нотлогдож байна. Хэрэв Э.Бөхбат нь мөнгийг төлөөгүй байсан бол машины бичиг баримтыг Э.Бөхбатын нэр дээр шилжүүлэхгүй байх байсан. Мөн уг машиныг өөрийн өмчлөлдөө авч Э.Бөхбат нь хувийн хэрэгцээндээ зээл авсан зэргээр уг машины үнийг төлсөн нь тодорхой байна. Ө.Болорчимэг нь талийгаач Энхбаттай сайн найз нөхдийн харьцаатай байсан гэж төлөөлөгч нь хэлж байна. Гэхдээ мөнгө зээлдүүлж байсан гэх баримт хэрэгт байхгүй, дансны хуулгаар хэнд хэдэн төгрөг шилжүүлж байсан нь тодорхойгүй, дансны хуулгаар түүний зөрүүгээр мөнгөө төлөөгүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Болорчимэг, Ю.Эрдэнэбаяр нарын хариуцагч Э.Бөхбатаас 12 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Болорчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 225 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хавтаст хэргийн 44-р талд автомашин худалдах, худалдан авах гэрээний хамгийн сүүлд 2015 оны 01-р сарын 15-ны өдөр автомашины үнэ 8 сая төгрөгийг төлж дуусгана гэж нэмж бичсэн, тухайн үед эзэмшигч байсан Ю.Эрдэнэбаяр нь уг автомашиныг итгэлцлийн журмаар зээлээр өгсөн хэмээн шүүхэд бичиж ирүүлсэн /XX-50-д/, төлөөлөгчид итгэмжлэл /ХХ-45/ олгож нэхэмжлэл гаргасан байтал шүүх дээрх баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, зөвхөн гэрээний нэг загварын хэвлэмэл эх дээрх, тогтмол бичигдсэн байдаг "тооцоо дууссан" гэсэн хэсгийг иш татаж "Э.Бөхбатыг машины үнийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна" хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ю.Эрдэнэбаяр нь өөрөө зээлээр өгсөн тухайгаа дурьдаж автомашины үнийг аваагүй учраас нэхэмжлэл гаргаж байхад шүүх үүнийг ямар учраас үнэлэхгүй байгаа нь тодорхойгүй байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хурлын явцад мөнгөө төлөөд л авсан байх, угаасаа мөнгөө өгч байж гэрээ байгуулдаг гэх мэтээр баримтгүй худал мэдүүлж, ББСБ-д уг машиныг барьцаанд тавьж Ю.Эрдэнэбаяр өөрөө мөнгийг нь авсан байх гэдэг үндэслэлээр шүүхэд хандан энэ хэрэгт ямар ч хамааралгүй баримтуудыг ББСБ-аас гаргуулж авч байсан. Хамгийн гол нь хариуцагч талаас машины үнийг төлсөн гэх ямар нэгэн баримт гаргаагүй, бусад хэлбэрээр нэхэмжлэлийг үгүйсгэж нотлоогүй байхад шүүх буруу шийдвэр гаргасан.

Мөн нэхэмжлэгч нар машины үнийг зөрүүтэй тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд дахин хандаж нэхэмжлэлийн шаардлагаа тодоруулж бичгээр тодруулга гаргаж өгсөн байхад мөн л үүнийг үнэн зөв үнэлсэнгүй. Үүнээс гадна зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 4 420 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх дүгнэхдээ "шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, талийгаач нь гэрээний ямар үүрэг хүлээж, түүнийгээ биелүүлээгүй талаараа баримтаар нотлоогүй, энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна" хэмээжээ. Нэхэмжлэгч Ө.Болорчимэг нь талийгаач С.Энхбатын данс руу нийт 12 550 000 төгрөг шилжүүлэн өгсөн, талийгаач С.Энхбат нь буцааж 8 130 000 төгрөг шилжүүлэн өгсөн Хаан банкны хуулгыг /XX 6-15/ шүүхэд гарган өгсөн атал шүүх ямар учраас "шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй" гэж үзсэн нь тодорхойгүй байна. Мөн шүүх талийгаач С.Энхбатыг "гэрээний ямар үүрэг хүлээж, түүнийгээ биелүүлээгүй талаараа баримтаар нотлоогүй, энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна" гэжээ. Хуульд хүү, алданги тооцох зээлийн гэрээг бичгээр байгуулахыг шаардсан байдаг. Харин Ө.Болорчимэг нь найз С.Энхбатдаа ямар нэгэн хүү, алданги тооцох тухай тохирч зээл өгөөгүй, хэрэгцээтэй үед нь мөнгө зээлдэг, ямар нэгэн хүүгүй буцаан өгдөг, авдаг байсан нь баримтаар харагдаж байна. Гэтэл шүүх бичгээр гэрээ байгуулсан байх ёстой мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд талийгаач С.Энхбатын Хаан банкинд ямар дугаарын данс эзэмшиж, ашиглаж гүйлгээ хийж байсан талаарх болон бусад өв залгамжлалтай холбоотой, шийдэгдэх асуудалд шаардлагатай гэж үзсэн баримт материалуудыг гаргуулан авах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч шүүгч энэ хэрэгт ач холбогдолгүй, хэрэгт байгаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, бусад баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн хүсэлтийг шийдвэрлээгүй тул уг шийдвэрт гомдол гаргаагүй. Гэтэл шүүгч шийдвэртээ "шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй", "талийгаач С.Энхбатыг гэрээний ямар үүрэг хүлээж, түүнийгээ биелүүлээгүй талаараа баримтаар нотлоогүй, энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна" гэж ямар учраас бичсэн нь ойлгомжгүй болжээ.

Үүнээс гадна талийгаачийн нэг хүү болох Э.Сүхбат нь гадаад улсад байгаа тул нэхэмжлэгч түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй бөгөөд шүүх яагаад одоо байгаа Э.Бөхбатад ноогдох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж болохгүй байгаа нь мөн л тодорхойгүй байна. Энэ нь шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж өв залгамжлагч нарын өвлөж авсан өвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу зохих газраас нь гаргуулж аваагүйтэй холбоотой бөгөөд зохих баримтуудыг авсан бол өвлөгч нар нь тус тус хэдэн төгрөгний өв хүлээн авсан болох нь тодорхой болох байсан ба шүүх оногдох хэсгээс нь ноогдох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх боломжтой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн ямар ч нотлох баримт гаргаагүйгээс гадна шүүхэд худал мэдүүлж байсныг дурьдах нь зүйтэй юм. Шүүх ямар ч нотлох баримтгүй, тэр тусмаа шүүхэд худал мэдүүлж байхад түүнийг үнэлж байгаа нь хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй ба энэ нь өөрөө нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж болох бөгөөд үүнээс гадна нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нотлох батимтуудыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгдэх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Болорчимэг нь талийгаач С.Энхбатын зээлийн гэрээний үүрэг хариуцагч Э.Бөхбатад шилжсэн гэсэн үндэслэлээр 4 420 000 төгрөг, нэхэмжлэгч Ю.Эрдэнэбаяр нь зээлээр худалдан авсан автомашины үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр 8 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Э.Бөхбатаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...талийгаач С.Энхбат болон Мандарваа Бат ХХК, Мандарваа Удвал ХХК-иудын Хаан банкин дах дансны талаарх лавлагааг Хаан банкнаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2016/04166 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ хүсэлтийн зарим хэсгийг буюу талийгаач С.Энхбатын Хаан банкин дах дансны лавлагаа гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт нийцэхгүй. /хх-ийн 29, 33/

 

Нэхэмжлэгч Ө.Болорчимэг нь талийгаач С.Энхбатад 12 550 000 төгрөг зээлдүүлж, 8 130 000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарладаг ба Ө.Болорчимэгийн эзэмшдэг Хаан банкин дах дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлдүүлсэн болон буцаан төлсөн гэх мөнгөн дүн зөрүүтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтэд заагдсан нотлох баримт хэрэгт ач холбогдолтой байх боломжтой.

 

Түүнчлэн талийгаач С.Энхбатын өвлөгдвөл зохих хөрөнгө Э.Сүхбат, хариуцагч Э.Бөхбат нарт өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжсэн тухай баримт хэрэгт авагдсан байх ба хэд хэдэн өвлөгч байгаа тохиолдолд бусад өвлөгч нарын байр суурийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ