Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/381

 

2025           03            27                                         2025/ДШМ/381

 

М.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

яллагдагч М.Э, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1272 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.Э-д холбогдох 2403 00000 0950 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овгийн М-н Э, ... оны ... дугаар сарын ..-ний өдөр .......... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт .............. тоотод оршин суух, /РД: ............/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1469 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;  

Яллагдагч М.Э нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Богд Вилла хотхоны баруун замд 2024 оны 10 дугаар сарын 04-ний оройн 21 цаг 50 минутын үед “Тоёота сай” загварын .... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”,  мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Л.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч М.Э-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дараах нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж, 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж, 3 дахь хэсэгт “хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хохирогч Л.С-д хэргийн материал танилцуулаагүй, хэргийн материал танилцуулахаар түүний гар утсанд залгахад хохирогч хэвтрийн дэглэмд байдаг, очих боломжгүй талаар мэдэгдсэн баримт хавтаст хэргийн 91, 92 дахь талд авагджээ. Хохирогчийн биеийн байцаалтыг шалгахад 1956 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 68 настай буюу өндөр настай /хх 13/, улмаар мөрдөгчид хэвтрийн дэглэмд байдаг талаар мэдэгдсэнээс дүгнэхэд хохирогчид хууль ёсны төлөөлөгч томилох шаардлагатай эсэхийг нэг мөр болгож тодруулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл бүрдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно” гэжээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “хохирогчид сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх”-аар, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ”, 39.1.8-д “энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан сэтгэцэд учирсан хор уршиг” гэж сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагын талаар хуульчилжээ. Яллагдагч М.Э-д холбогдох хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр тооцож, мөрдөгч тухайн маягтыг хохирогчид танилцуулсан хэдий боловч хуульд заасан дээрх шаардлагын дагуу шинжилгээ хийлгэх байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой гэж шүүхээс дүгнэв.

Иймд мөрдөгчийн магадалгаа эргэлзээ бүхий гарсан тул шинжээч томилуулах, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөн шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой байх тул энэ талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөрдөн шалгах дээрх ажиллагааг бүрэн хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч М.Э-д холбогдох хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: хохирогч Л.С-д Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийн дагуу мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан бөгөөд мөрдөгчөөс хэргийн материалд авагдсан нотлох баримтуудтай танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд хэргийн материалыг танилцуулах талаар мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахаар мэдэгдсэн байх ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн боловч хэргийн материал танилцахаар ирэх боломжгүй талаараа хэлснийг мөрдөгч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан нь хуульд заасан эрхийг нь хязгаарласан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө төлөөлөн, хууль ёсны төлөөлөгч томилуулах талаар хүсэлт, гомдол гаргаж байгаагүй, дээрх зүйл хэсэгт заасан үндэслэл шаардлага үүсээгүй бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байна. Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-д заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилуулах, өөрчлөх талаарх санал, хүсэлт гаргаагүй байхад мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хохирогч Л.С-н өмнөөс түүнд хууль ёсны төлөөлөгч томилох шаардлагатай эсэхийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.6, 1.9-д заасан тодорхой эрхийг нь хязгаарлах үндэслэл болсон байна.

Шүүгчийн захирамжид хохирогч Л.С-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэжээ. ... Хавтас хэрэгт мөрдөгч нь Шүүх шинжилгээний байгууллагын гаргасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон маягтыг хүлээн зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулан хохирогчоор гарын үсэг зуруулсан бөгөөд энэ талаар хохирогч шүүхэд санал, хүсэлт гаргаагүй. Гэтэл шүүхээс ямар үндэслэлээр шүүх шинжилгээний байгууллагаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар захирамжид заагаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул шүүгчийн 2025/ШЗ/1272 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай санал нэг байна. ...” гэв.

Яллагдагч М.Э-н өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөгчийн магадалгааг зөвшөөрөхгүй тул шинжээч томилуулахаар гомдол гаргасан. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчийн эрх, үүргийг тодорхой зохицуулсан. Энэ талаар дүгнэлтэд тусгаагүй, хэт нэг талыг барьж магадалгаа гаргасан учраас шинжээч томилуулах хүсэлттэй байна. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчээр томилуулах зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан хэлэлцээд “... Хохирогч Л.С-д хэргийн материал танилцуулаагүй, хохирогчид хууль ёсны төлөөлөгч томилох шаардлагатай эсэхийг нэг мөр болгож тодруулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, мөрдөгчийн магадлагаа эргэлзээтэй тул шинжээч томилуулах, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэсэн үндэслэлүүдийг зааж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно.” гэж заасан зохицуулалтын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх эргэлзээ бүхий байдлыг тодруулах,  

мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,...” заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.”, мөн хуулийн 40.2.3 дахь хэсэгт “... хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх...” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн хохирогчийн сэтгэцэд хохирол учирсан эсэх байдлыг тогтоолгох нь зүйтэй.

 Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/1272 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР          

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР