Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00729

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00729

 

 

 

Н.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00601 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Н.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч ц.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 24 100 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, Б.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, Н.Эрдэнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ц.А-тай 2014 он 02/06 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийг олгохдоо Монум ХЗХ-нд хувь нийлүүлсэн 45 000 000 төгрөгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад ц.А-гийн хүсэлтийн дагуу 2014 оны10 дугаар сарын 09-ний өдрийн 2014.02/06-1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хугацааг 6 сараар сунгасан. Зээлдэгчээс зээлийн хүү болон хоног хэтрэлтийн торгуульд 1 250 000 төгрөг, үндсэн төлбөрт 900 000 төгрөг, нийт 13 400 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 712 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан. Иймд хариуцагч ц.А-гаас үндсэн зээл 24 100 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ц.А-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 24 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ц.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 348 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцааж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийг сайн дураар үл биелүүлбэл хариуцагч ц.А-гийн барьцаалсан Монум Хадгаламж зээлийн хоршоонд 45 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн ц.А- нь анх 25 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн хүүнд 3 000 000 төгрөг төлсөн, үндсэн зээлээс 10 400 000 төгрөг төлсөн тухайд маргаангүй. Харин хугацаа сунгасан гэрээг ц.А- өөрийн биеэр очиж байгуулаагүй, нотариат дээр очиж байгаагүй гэж тайлбарлан гарын үсгийг дууриалган зурсан байна гэж үзээд шинжээч томилуулах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан байхад хариуцагчийн хүсэлт гаргах эрхийг хангаагүй, хүсэлтийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Сунгалтын гэрээ хийгдээгүй тул төлсөн мөнгөнүүдийг үндсэн хүү, зээлээс хасч тооцох байтал гэрээ сунгагдсан гэж нэхэмжлэгч төлсөн мөнгөнүүдийг хүүнд авсанаар тооцоо гаргасныг зөвшөөрөхгүй. Шүүгч хүсэлтийг хүлээн авч шинжээч томилон шалгуулаагүйгээс 9 500 000 төгрөгийг илүү төлөх хохиролд оруулж байна. Шүүгч хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэх зарчмын хүрээнд хүсэлтийг хүлээн авах, мөн шүүх хуралдаанд биечилэн оролцож мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Н хариуцагч ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 24 100 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н.Н нь 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгч ц.А-д зээлдүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулан, хариуцагч ц.А-гийн Монум хадгаламж зээлийн хоршоонд хувь нийлүүлсэн 45 000 000 төгрөгийн хөрөнгийг барьцаалжээ.

 

Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ц.А-гийн хүсэлтээр дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний бусад заалтыг хэвээр даган мөрдөхөөр тохиролцсон, зээлдэгч нийт 13 400 000 төгрөгийг буцаан төлсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 8-14/

          

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа болон мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болно.

 

Зээлийн гэрээ болон нэмэлт гэрээгээр хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, 9 сарын хүү 9 000 000 төгрөг нийт 34 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг шүүх зөв тодорхойлсон байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа хэтэрсэн үеэс хойш нийт 13 400 000 төгрөгийг төлсөн тул түүний гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 20 600 000 төгрөг үлдсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт заасан анзын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцож шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хязгаарлаж хариуцагч ц.А-гаас 24 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

 Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбараа хуульд заасан хугацаанд нь гаргаж ирүүлээгүй тохиолдолд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны өмнө гаргасан нотлох баримт бүрдүүлэх талаарх хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

 Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт нийцсэн байхаас гадна хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь зэрэг баримтад зурагдсан хариуцагчийн гарын үсгүүдэд гарын үсгийн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Харин шүүх тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00601 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 232.7 гэснийг 232.6 гэж, 282 дугаар зүйлийн 282.3 гэснийг хасч тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ