| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0677/Э |
| Дугаар | 730 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Э.М,
хохирогч О.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сутай овогт Э.Мяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0228 80780 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...С овогт Э.М
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Э.М нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” нэртэй караокед хохирогч О.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: Би Уянгын хамт 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” нэртэй караокед орсон юм. Тэгээд нэг мэдсэн согтоод ухаанаа алдсан байна лээ. Уянгаатай маргалдаж түүнийг хоёр удаа алгадсан. Цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэх авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Уянга мэдүүлэхдээ: Мөнх-Эрдэнийн ярьж байгаа зүйл үнэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Уянгын: ...Би Мөнх-Эрдэнэтэй үерхээд 5 сар болж байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр найз залуу байсан Мөнх-Эрдэнэ 19:00 цагийн үед миний гэрийн гадаа ирсэн. Бид хоёр уулзаад юм ярихад Мөнх-Эрдэнэ миний найз Алтансүх ирнэ, иртэл нь хоёулаа караокед суух уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд бид 2 Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Хавдар Судлалын Үндэсний Төвийн автобусны буудлын ард байрлах “Аризона” нэртэй караокед орсон. Бид хоёр караокед ороод эхлээд нэг нэг пиво захиалсан. Пиво ууж дуусаад Мөнх-Эрдэнэ цагаан архи, би 100 грамм виски захиалж уусан. Ингээд бид хоёр зүгээр дуулаад сууж байхад Мөнх-Эрдэнэ гэнэт ширээ цохиж босож ирээд надтай үг дуугарахгүй гарч тамхи татахаар гадагшаа гарсан. Би дотор хүлээгээд сууж байгаад 5 орчим минутын дараа Мөнх-Эрдэнийн араас гартал Мөнх-Эрдэнэ танихгүй хүнтэй гадаа маргалдаж байсан. Би боль гэж хэлээд Мөнх-Эрдэнэтэй маргалдаж эхэлсэн. Мөнх-Эрдэнэ надтай маргалдаж байгаад уурлаад шууд миний нүүр рүү гараараа 3 удаа цохисон байх. Тэр үед караокены хүмүүс гарч ирээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3494 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Уянгад доод уруул, хүзүүний урд хэсэг, баруун зулайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Мөнх-Эрдэнийн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 19:00 цагийн орчим найз бүсгүй О.Уянгатай уулзахаар болоод шууд бид хоёр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хавдар Судлалын Үндэсний Төвийн автобусны буудлын ард байрлах “Аризона” нэртэй караокед уулзсан. Бид хоёр уг караокед 1 шил архи уусан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учраас болсон үйл явдлыг бүгдийг санахгүй байгаа. Нэг ухаан орсон би О.Уянгатай маргалдаж байсан. Маргалдаж байгаад уурандаа би О.Уянгыг 2 удаа алгадсан. Тэр үед цагдаа дуудаад би эрүүлжүүлэх байранд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /14, 16 дугаар тал/,
- Хохирогч О.Уянгын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.М нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” нэртэй караокед хохирогч О.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Э.Мд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Э.М нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аризона” нэртэй караокед 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч О.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч О.Уянга нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 36 дугаар тал/
Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ