Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/437

 

  2025            04            10                                          2025/ДШМ/437

 

Э.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Ч-д холбогдох 2410 01602 1800 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

.......... овогт ...........ын Ч........, ...... оны .... дугаар сарын 10-ны өдөр .......... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д ханган нийлүүлэлтийн менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............ тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;  

Шүүгдэгч Э.Ч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... барьцаат зээлийн газрын ажилтан Л.Б-д “барьцаанд тавьсан нөүтбүүкээр интернет банкинд нэвтэрч төлбөрийг шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нөүтбүүкийг авч зээлийн төлбөр болох 1.200.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч-с нийт 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Миний бие Э.Ч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй нь өөрийн эрх зүйн байдал бөгөөд гарах үр дагаврыг мэдээгүй эрх зүйн мэдлэг муутайн улмаас өмгөөлөгч аваагүй, өөрийн биеэр шүүх хуралд оролцсон болно. Мөн миний бие өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд тогтсон ажил эрхэлдэг тогтмол орлоготой юм. Тогтмол орлого маань тасарч байгаа тул санхүүгийн  хувьд хүнд байдалд байгаа тул надад оноосон 8 сар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Ч-н өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.Ч нь хууль эрх зүйн мэдлэггүйгээр анхнаасаа өмгөөлөгчөөр хангагдаагүй, бодит хохирлоо төлөхөө илэрхийлээгүй байдаг. Э.Ч нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа тохиолдлын шинжтэй үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, тодорхой оршин суух хаягтай, амьжиргааны түвшин доогуур амьдралтай эцэг, эх, дүү нараа тэжээж асран халамжлалдаг. Тэрээр гэм буруугаа бүлээн зөвшөөрч, бодит хохирлоо шүүхийн шатанд сайн дураараа төлсөн, чин  сэтгэлээсээ гэмшиж байгааг нь мөн хувийн байдлыг нь харгалзан үзэж, хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч-н гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж, түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Ч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... барьцаат зээлийн газрын ажилтан Л.Б-д “барьцаанд тавьсан нөүтбүүкээр интернет банкинд нэвтэрч төлбөрийг шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нөүтбүүкийг авч зээлийн төлбөр болох 1.200.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Б-н “...Би “...” нэртэй барьцаат зээлийн газар зээл гаргагчаар ажилладаг. Манай барьцаат зээлийн газарт нөүтбүүк барьцаанд тавьсан Ч гэх залуу нь тавьсан нөүтбүүк дээрээ мөнгө нэмж авах гэсэн юм гээд 100.000 төгрөг дансаар аваад явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад “нөүтбүүкээ авах гэсэн юм, интернет банкаар нэвтэрч мөнгө шилжүүлнэ” гээд надаас нөүтбүүкээ авсны дараа зугтчихсан. ...” /хх 28/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ч-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “... Барьцаанд тавьсан нөүтбүүкээ чөлөөлж авна гэж худал хэлсэн. Надад миний нөүтбүүкийг өгсөн ба тэр даруй нөүтбүүкээ аваад зугтаасан. ...” /хх 43/ гэсэн мэдүүлгүүд,

сидинд үзлэг хийсэн “...барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан цэнхэр өнгийн мөрөвчтэй, хар өнгийн цүнхийг өгч байгааг харуулж байна. ... барьцаалан зээлдүүлэх газрын шилэн хаалтны хажуугаар хар өнгөтэй цүнхийг аваад гүйж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл /хх 10-15/, “Хас үнэлгээ” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 48-50/, барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хх 22-23/, Хаан банкны дансны хуулбар /хх 23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  бусдад учруулсан хохирол хор уршиг, мөн хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Э.Ч-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэд хэдэн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-н цагдан хоригдсон 49 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /49 хоног х 8 цаг=392 цаг/, эдлэх 392 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлсэнд тооцов.

Иймд шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ч нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Л.Б-д 1.200.000 төгрөг төлснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Э.Ч-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Э.Ч-г 392 /гурван зуун ерэн хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /49 хоног х 8 цаг=392 цаг/, эдлэх ялаас хасаж /392 цаг – 392 цаг= 0 цаг/ тооцон, Э.Ч-д шүүхээс оногдуулсан 392 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлсэнд тооцсугай.” гэсэн,

 “Шүүгдэгч Э.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Л.Б-д төлсөн болохыг дурдсугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ч-г нэн даруй сулласугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР