| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0650/Э |
| Дугаар | 694 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Г.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0349 80719 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... Б.овогт
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Г.Гнь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Венус” баарны замын эсрэг талд такси барих гэж байсан иргэн Ц.Тогтохсүрэнг ориллоо гэж уурлан улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гмэдүүлэхдээ: Би хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Тогтохсүрэнгийн: ...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай эхнэр Мөнхзаяагийн найз Анхаа Солонгос улсаас ирсэн гээд тэр 2 уулзаж пиво уусан юм билээ. Тэгээд эхнэр шөнө 03 цаг 30 минутын үед намайг ирээд аваадах гээд залгахаар нь Баянцээлийн гудамжинд байрлах “Венус” нэртэй караокед ирээд 20 минут орчим хамт суугаад “Шөлөндө” орж хоол идье гээд гарцгаасан. Тэгээд бид 3 зам хөндлөн гарч такси барих гэж байхад хажуугаар нэг такси өнгөрч байхад манай эхнэрийн найз Анхаа дайрлаа шүү дээ чи гээд хашгирсан юм. Тэгтэл тэр үед цаана байсан 2 залуу бидэнд хандаад янхан гичий минь дуугүй байгаач гээд орилсон. Гэтэл манай эхнэр нөгөө найз эмэгтэй 2 нөгөө 2 залуутай хэрэлдэх гээд байхаар нь би боль боль гээд тэр хоёрыг аваад буцаад зам гарсан. Тэгтэл хойноос нөгөө 2 залуу зам гарч ирээд тэр 4 хоорондоо хэрэлдээд янхан гээд байхаар нь би чи одоо боль л доо гэж хэлээд цүнхээ аваад эргэтэл өндөр залуу нь миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Тухайн үед жаахан манараад тонгойгоод би суучихсан. Тухайн үед манай эхнэр нэг залууг нь барьж аваад цагдаа дуудаж, цагдаагийн хэлтэст ирсэн. Миний зүүн хөмсөгний доод талд язарсан. Өөр гэмтэл учраагүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэр 2 залуу бол согтуу байсан гэж бодож байна. Би эмчилгээнд 200.000 төгрөг намайг цохисон залуугаас авсан. Надад гомдол санал байхгүй байна. Би өөрөө хөдөө ажилладаг тул ажилдаа явах хугацаа минь болчихлоо. Шүүх хуралдаанд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Оюунбатын өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зочид буудалд архи ууж байж байгаад орой 23 цагийн үед Баянцээлд байрлах “White night” нэртэй диско клубт ганцаараа орсон. Тэгээд бааранд Ганаа гэдэг залуутай танилцсан. Тэгээд тэндээ 1-2 цаг байж байгаад баарнаас гараад Ганаатай хамт дэлгүүр орох гээд клонкын ойролцоо зам гарч байхад 2 хүүхэн, 1 залуу таксины жолоочтой маргалдаад ардаас нь хэрэлдэж байхад нь Ганаа бид хоёр руу дайрч байна гэж андуураад хоорондоо хэрэлдсэн. Нэг мэдэхэд Ганаа нөгөө залуутай барьцалдаад авсан. Би дундуур нь орж салгасан. Тэр Ганаа гэх залуу зугтаагаад явсан. Би баригдаад үлдсэн. Би биенд нь гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5101 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ц.Тогтохсүрэнгийн биед зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.Ган-Эрдэнийн өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед найз Оюунбаттай утсаар яриад Сансарын ойролцоо уулзаад Баянцээлд байрлах нэг бааранд орсон. Уг бааранд 0,5 граммын архи 1 шилийг хувааж уугаад баарнаас гарсан. Би яг хэдэн цагт баарнаас гарснаа санахгүй байна. Баарнаас гараад бид 2 дэлгүүр орж архи авах гээд Сансарын Дарь-Эх рүү явдаг автобусны буудлын эсрэг талд явж байхад үл таних нэг залуу 2 хүүхэнтэй зам хөндлөн орилоод гараад ирсэн. Тэр хүмүүсийг бид хоёр руу орилж байна гэж бодоод яваад очсон чинь тэр хүмүүс урдаас орилж чарлаад дайраад байхаар нь тэр залуугийнх нь нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон чинь хөмсгийг нь сэт цохичихсон байсан. Манай найз Оюунбат тэр хүний биед огт гар хүрээгүй. Би тэр эрэгтэйгийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Би архи уусан байсан боловч болсон асуудлыг бүгдийг мэдэж байна. Уг нь тэр хүмүүс өөр хүмүүс рүү орилж байсан юм билээ. Архины халуунд андуураад Оюунбат бид хоёр руу дайрч байна гэж бодоод ийм асуудал болчихлоо...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Гнь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Венус” баарны замын эсрэг талд такси барих гэж байсан иргэн Ц.Тогтохсүрэнг ориллоо гэж уурлан улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Г.Гхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Гнь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Венус” баарны замын эсрэг талд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө такси барих гэж байсан иргэн Ц.Тогтохсүрэнг ориллоо гэж уурлан улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Ц.Тогтохсүрэн нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн зүгээс 200.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. /хх-ийн 5-6, 52 дугаар тал/. Иймд шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Гэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ