| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2403003820904 |
| Дугаар | 2025/ДШМ/438 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/438
2025 04 10 2025/ДШМ/438
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-д холбогдох 2403 00382 0904 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Б-н Н, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр, ...... төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгч мэргэжилтэй, “...........” ХХК-д цэцэрлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ....../;
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Чингэлтэйн өргөн чөлөө, Тавин ус эмийн сангийн баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд “Toyota probox” загварын ... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нь “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Г.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Н-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-с 19.809.240 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Г нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардалд төлсөн 16.539.240 төгрөг, мотоциклийн эвдрэлд учирсан 7.835.000 төгрөг, мотоциклийн үнэлгээнд 435.000 төгрөгийг Б.Н-с гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Н тус хохирлоос 5.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчээс 19.809.240 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, тухайн авто тээврийн осол болоход шүүгдэгчээс гадна хохирогчийн өөрийн буруутай үйлдэл байсан болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1125 тоот магадалгаа /хх 89/-гаар “Suzuki GSX650F” маркийн .... УБ улсын дугаартай мотоциклтой жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээр гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн байдаг. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0964270 дугаартай Шийтгэлийн хуудас /хх 190/-аар хохирогч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалтыг зөрчсөн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн байдаг. Энэ бүхнээс харахад хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас тус авто тээврийн осол болж, хохирогч хүнд гэмтэл авсан байна. Хэдийгээр шүүгдэгч талаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож зохих хариуцлагаа хүлээх ёстой ч гэсэн хохирогчид учирсан хохирлын асуудлыг шийдэхдээ шүүхээс зохих хэмжээгээр багасгах бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн ийнхүү болгоомжгүй үйлдэл гаргасан нөхцөл байдлыг дүгнэх ёстой байсан. Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэл харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Шүүгдэгч Б.Н-д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүний оршин суугаа газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” ХХК-д ажилладаг. Түүний ажил байдлын тодорхойлолт хэргийн материалд хангалттай авагдсан байдаг бөгөөд ийнхүү ажил хийдэг нотлогддог. Гэтэл шүүхээс дан ганц Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт хийж шийдвэрлэсэн нь түүнийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хааж боогдуулсан байна. Тиймээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээр тогтоолгож ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож өгнө үү. Энэ бүхнээс дүгнэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/230 тоот шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3, 5-д өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний амьдрал хэцүү байгаа. Би 2 хүүхэдтэйгээ амьдарч байна. Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 19.809.240 төгрөгийг хохирлоос 50 хувийг буруулж хохирогчид олгох боломжтой. Учир нь, тухайн зам тээврийн осол гарахад мотоциклийн жолоочийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан Сүхбаатар дүүрэгт ажил хөдөлмөр эрхэлдэг талаар саналаа хэлж, маршрут чиглэлээ тэмдэглүүлэн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжтой. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Чингэлтэйн өргөн чөлөө, Тавин ус эмийн сангийн баруун талын замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд “Toyota probox” загварын ... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нь “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Г.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Г-н “...Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн “Suzuki GS650” загварын .... уб улсын дугаартай мотоциклоо унаад Зургаан буудлаас найзынхаа гэрээс гараад Сүхбаатарын талбай руу чиглэн Долоон буудлын замаар хойноос урагш чиглээд явж байх үед осол болсон газраас хойш 50 орчим метрт авто зам хойноосоо урагш чиглэлд хотын төв тал руугаа түгжирсэн байхаар нь би автомашинуудын дундуур явах гэхэд мотоцикль багтах зайгүй төвөгтэй санагдахаар нь авто замын голоор үргэлжилсэн давхар цагаан шугам дээр явж байхад Тавин ус эмийн сангийн харалдаа хойноос урагш чиглээд явж байхад автомашинуудын хоёрдугаар эгнээнд явж байсан “Тоёота пробокс” маркийн автомашин дохио өгөлгүй зүүн тийш үргэлжилсэн цагаан шугам даваад буцаад эргэх үед би тоормослоод зогсож амжилгүй зүүн хойд хэсэгт нь мөргөсөн. ... Осол болохын өмнө би 50-60 орчим км цагийн хурдтай явж байсан. ...” /1 хх 53-54/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.197.531 төгрөг гарсныг яллагдагч Б.Н-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /1 хх 59-60/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... Г.Г-н зүүн атгаал ясны ил хугарал, тохой хэсгийн шарх, баруун шуу ясны хугарал, шууны дотор хэсэгт шарх, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7822 дугаартай дүгнэлт /1 хх 67-68/,
Техникийн шинжээчийн “... “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай мотоциклийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. “Тоёота пробокс” загварын ... УБЛ улсын дугаартай автомашины жолооч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дугаар заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө” гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэсэн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн №08/09 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх 109-110/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Тавин ус эмийн сан.мр4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэмжилтээр ирүүлсэн 5.15 метр зайг 9frame /кадр/ буюу 0.45 секунд хугацаанд туулж хурд тодорхойлох илэрхийллээр тооцоход 41.2 км/цаг хурдтай дүрслэгдэж байна. ...” гэсэн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2448 дугаартай дүгнэлт /1 хх 117-118/,
“Бэст эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 7.110.000 төгрөгийн хохирол учирсан талаарх тайлан. ...” /1 хх 128-131/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 10-15/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хх 20-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 26-27/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “... хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гаргасан нөхцөл байдлыг харгалзан, хохирлоос хасах, мөн шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэв.
Хэрэгт авагдсан бүрэлдэхүүнтэй Техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №08/09 дугаартай “... “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай мотоциклийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ...” /1 хх 109-110/, шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 48/06, 24/182 дугаартай “... “Suzuki GS650” загварын .... УБ улсын дугаартай мотоциклийн жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. ...” /1 хх 100-101/ гэсэн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд зам тээврийн осол болоход хохирогч Г.Г-н зохих буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирлоос мотоцклийн үнэлгээ болох 7.835.000 төгрөг, үнэлгээний төлбөр 435.000 төгрөг, нийт 8.270.000 төгрөгийг хасаж, үлдэх 11.539.240 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Үүнээс гадна, шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийн хязгаарлалтыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг гэх болон хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, зорчих эрхийн хязгаарлалтыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээр тогтоох боломжтой гэж дүгнэв.
Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/230 дугаар шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, ...” гэснийг “... Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, ...” гэж,
- тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-с 19.809.240 /арван есөн сая найман зуун есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-с 11.539.240 /арван нэгэн сая таван зуун гучин есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР