2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192/шш2025/08010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,-нд холбогдох,

 

гэрээний үүрэгт 23,920,778 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэгт 23,920,778 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэгч -нд холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: түрээсийн төлбөр болох 23,928,778 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нь манай "Отгонтайж" ХХК нь Дэвжих чин Оюун Реүд ХК-тай 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар машин, механизм түрээслэх гэрээг, мөн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 16 дугаар машин, механизм түрээслэх гэрээнүүдийг байгуулсан. Түрээсийн үлдэгдэл төлбөр нийт 20,728,778 төгрөг, мөн тээврийн зардал 3,200,000 төгрөг, бүгд 23,920,778 төгрөгийг гаргуулж өгнө үү сөрөг нэхэмжлэл ач холбогдолгүй байгаа. авто ачигчийг худалдаалахдаа Дэвжих Чин Оюун Рөүд ХХК-ийн удирдлага болон инженерт хэлсэн. Би өөрийн биеэр 10 гаран хоногийн өмнө кэмп дээр очиж 7-гоос 10 хоногийн дараа очиж авна гэж хэлсэн, мөн хариуцагч хамгийн эхний тайлбартаа манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа шүүхэд өгсөн байгаа. Нэхэмжлэлийг гаргахгүй этгээд гаргасан байна гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 03 дугаар хуудсанд бол Ю.Отгонтөмөр Ю.Эрдэнэмөнхөд иргэний нэхэмжлэл олгосон байгаа. Хавтаст хэргийн 04 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Энэ хоёр хуудсанд Ю.Эрдэнтөмөр -ийн гүйцэтгэх захирал гэсэн баримт байхгүй. Дүрэмдээ бол Ю.Эрдэнэмөнх нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал гэдэг нь тодорхой харагдахгүй. -ийн хуулийн этгээдийн лавлагаа байхгүй, Улсын бүртгэлийн гэрчилгээгээр орж ирээгүй, иргэний итгэмжлэлээр оролцоод байгаа, -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд оролцоод байгаа нь тодорхойгүй байна. Нэгдүгээрт, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байна гэж үзэж байгаа. Манайх сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар гарагсан байгаа. Хариу тайлбараа дэмжиж байна. Өөрөөр хэлбэл хоёр гэрээ байгаа, улсын дугаартай авто ачигчийг гэрээнд заасан хугацаанаас өмнө авч явснаараа манайд алдагдал үүссэн учраас хүлээн зөвшөөрөхгүй байна, харин үүнээс учирсан хохирол 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэв.

 

4. Гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... -г Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас Улаанбаатар хүртэл тээвэрлэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатарт буулгасан. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үдшээс хойшоос 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл тээвэрлэсэн, н.Үүрдмөнх гэдэг хүн хамт байсан ... гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, Машин механизм түрээслэх гэрээнүүдийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, ажилласан цагийн бүртгэл, техник түрээсийн тооцоо нийлсэн хуудас, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.

 

6. Хариуцагч тал: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн дүрэм, бүртгэлийн хуудас, Машин механизм түрээслэх гэрээнүүдийн хуулбар, төлбөрийн баримтууд, механизмын гүйцэтгэсэн ажлын хуудас зэрэг баримтыг ирүүлсэн.

 

7. Шүүхээс талуудын хүсэлтээр: нэхэмжлэгч -ийн ажилчдын мессенжер группэд нийтэлсэн зурваст үзлэг хийсэн, Авто тээврийн үндэсний төвөөс баримт гаргуулсан, гэрч гаас мэдүүлэг авсан, мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23,920,778 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь нэхэмжлэгч -нд холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа: ... түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулна, ачигчийг хэлэлгүй авч явсан зүйл байхгүй, экскаватор засвартай байгаагүй, ажиллуулж байсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, авто ачигчаа авч явахдаа хэлж мэдэгдсэн гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манайд мэдэгдэлгүйгээр ачигчаа авч явсан, экскаватор засвартай гээд хэдэн өдөр сул зогсоод ажиллаагүй ... авто ачигчаа авч явахдаа хэлээгүй үүнээс болж манайд хохирол учирсан тул хохирлоо гаргуулна ... гэж тус тус тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №15 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ-г байгуулсан. /хх-ийн 11-14/

 

4.2. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаваторыг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2024 оны ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар түрээслүүлэх, хариуцагч нь 1 сарын түрээсийн төлбөрт 25,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.3. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №16 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ -г байгуулсан байна. /хх-ийн 15-18/

 

4.4. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар түрээслүүлэх, хариуцагч нь 1 сарын түрээсийн төлбөрт 16,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.6. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, түрээсийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.7. Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаватор болон улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг хариуцагч -нд тодорхой хугацаагаар шилжүүлэх үүрэгтэй, хариуцагч нь гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ.

 

4.8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.

 

4.9. Нэхэмжлэгч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаватор, улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг хариуцагч -ний эзэмшил, ашиглалтад шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна гэж үзнэ.

 

4.10. Харин хариуцагч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаваторын түрээсийн төлбөрт 37,345,780 төгрөг, улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийн төлбөрт 4,800,000 төгрөг нийт 42,145,780 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

4.11. Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн зүйл болох 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаватор, улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг шилжүүлж өгсөн эсэх, түрээсийн гэрээний төлбөрт 42,145,780 төгрөг төлөгдсөн эсэх, түрээсийн гэрээний зүйлийг буцаасан эсэх талаар маргаагүй.

 

4.12. Харин нэхэмжлэгч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаваторыг түрээслүүлсэн хугацааг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр тооцоно гэж,

хариуцагч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаваторыг түрээслүүлсэн хугацааг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр тооцоно, мөн 2024 оны 9 дүгээр сарын 03, 04, 05, 06-ны өдрүүдэд засвартай, ажиллуулаагүй байсан тул түрээсийн төлбөр төлөхгүй, мөн авто ачигчийг урьдчилан мэдэгдэлгүйгээр авч явсан, гэрээ дуусах тухай мэдэгдлийг манайх өгөхөөр гэрээнд заасан, үүнээс болж хохирол учирсан гэж тус тус тайлбарлан маргасан.

 

4.13. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь Dooson DX 300 маркийн экскаватор, SD-300 маркийн авто ачигчийг түрээслүүлсний төлбөр тооцоо болон гүйцэтгэлийн талаар харилцан тооцоо нийлж баталгаажуулж байсан болох нь Техник түрээсийн тооцоо нийлсэн хуудас-аар нотлогдож байна. /хх-ийн 59-60/

 

4.14. Өөрөөр хэлбэл Dooson DX 300 маркийн экскаваторыг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд өдөр бүр тодорхой цагаар ажиллуулж байсан, SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өдөр бүр тодорхой цагаар ажиллуулж байсан болох нь Техник түрээсийн тооцоо нийлсэн хуудас-аар тогтоогдож байна.

 

4.15. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.9-д Техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж /засварын 2 хоногоос хэтэрсэн/ сул зогсолт гарсан тохиолдолд түрээсийн төлбөрөөс хасч тооцно, түрээслэгч талаас шалтгаалсан сул зогсолт гарах тохиолдолд уг техникийг ажилласнаар тооцно гэж заасан байна.

 

4.16. Гэвч хариуцагч нь Dooson DX 300 маркийн экскаваторыг түрээсэлсэн хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болгосон эсхүл 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл ажиллуулаагүй, мөн 2024 оны 9 сарын 03, 04, 05, 06-ний өдрүүдэд техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж сул зогссон, засвартай байсан болохыг нь нотлоогүй, нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсонгүй.

 

4.17. Нэхэмжлэгч нь 82-46 УН улсын дугаартай Dooson DX 300 маркийн экскаваторыг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлсний төлбөрт 50,495,130 төгрөг, улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаанд түрээслүүлсний төлбөрт 12,371,428 төгрөг нийт 62,866,558 төгрөгийг хариуцагч -аас шаардах эрхтэй байна.

 

4.18. Харин нэхэмжлэгч нь Dooson DX 300 маркийн экскаваторыг буцаан тээвэрлэхэд 3,200,000 төгрөгийн зардал гаргасан эсэх нь тодорхойгүй, тээвэрлэхэд гарах зардлыг хариуцагч тал хариуцахаар гэрээнд заагаагүй байх тул хариуцагчаас тээврийн зардал 3,200,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзлээ.

 

4.19. Иймд хариуцагч нь түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрт 42,145,780 төгрөг төлсөн байх тул /62,866,558-42,145,780/ 20,720,778 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож, тээврийн зардалд 3,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгч -тай Машин, механизм түрээслэх гэрээ байгуулан улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна. /хх-ийн 15-18/

 

5.1. Хариуцагчийн итгмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь авто ачигчийг урьдчилан мэдэгдэлгүйгээр талбайгаас авч явснаас болж 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан.

 

5.2. Хариуцагч нь SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ашиглаж байсан болох нь талуудын Техник түрээсийн тооцоо нийлсэн хуудас-аар нотлогддог. /хх-ийн 59/

 

5.3. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд SD-300 маркийн авто ачигчийг өөрийн мэдэлдээ байлгаж, өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан байна.

 

5.4. Хариуцагч нь иргэн Ж.Баатартай 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №09 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ, иргэн Б.Батхишигтэй 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №08 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ, иргэн О.Даваасүрэнтэй 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №015 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ, иргэн Б.Өлзийхутагтай 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №03 дугаартай Машин, механизм тоног төхөөрөмжийн түрээслэх гэрээ, Грейдерийн хүч рөүд ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №0 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ тус тус байгуулан, гэрээний дагуу төлбөр төлж байжээ.

 

5.5. Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэгч -тай байгуулсан 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №16 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ-ний дагуу улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг түрээслүүлэхээр тохирсон түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь авто ачигчийг авч явснаас болж хариуцагч нь бусадтай дээрх түрээсийн гэрээнүүдийг байгуулж байсан гэж үзэхээргүй байна.

 

5.6. Тодруулбал хариуцагч -ний бусадтай байгуулсан дээрх түрээсийн гэрээнүүд нь нэхэмжлэгч -тай байгуулсан түрээсийн гэрээнээс өмнөх цаг хугацаанд байгуулагдсан байх тул -нийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч -нд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь SD-300 маркийн авто ачигчийг хариуцагчид мэдэгдэлгүй авч явснаас хохирол учирсан гэж үзэхгүй.

 

5.7. Иймд нэхэмжлэгч -нд холбогдуулан гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

6.1. Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунхишигт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувдад 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 36/

 

7. Хариуцагч талаас Dooson DX 300 маркийн экскаваторын цагийн бүртгэлийг хөтөлсөн н.Үүрдмөнхийн бүртгэл гэх баримтыг ирүүлсэн боловч энэхүү бүртгэлийг хэн, хэзээ, хэрхэн бүртгэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй, хоёр өөр өнгийн бэхээр бичсэн, маргаан бүхий экскаваторын ажилласан цагийг бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч -ийг төлөөлж нь хариуцагч -тай 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №15 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №16 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ тус тус байгуулсан мөн нэхэмжлэгч -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ю.Отгонтөмөр нь т итгэмжлэл олгосон байх тул нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/14664 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг тэмдэглэлээ.

 

10. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

11. Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,554 төгрөг, хариуцагч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 261,554 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч -иас 20,720,778 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч -нд холбогдуулан гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,554 төгрөг, хариуцагч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 261,554 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/14664 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ