Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Б.Ганбулган,

          шүүгдэгч Ч.Чнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шарнууд овогт Чулууннадмидын Чулуунхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0211 20693 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ...Ш овогт Ч.Ч

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Ч.Чнь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхүүд” нэртэй цайны газар дотор иргэн Х.Насандэлгэрийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Насандэлгэрийн өгсөн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед үсчин ороод үсээ  янзлуулчихаад эргээд цайны газарт ирсэн чинь Цэнддарь эмээ энэ хүн олон юм яриад байна, та учрыг нь олоодохооч гээд өндөр биеэрхүү, 50 гаран насны эрэгтэй хүн рүү заасан. Уг эрэгтэй хүн зүүн талын ширээний зүүн талд суусан байсан. Манайх 2 ширээтэй ба би баруун талын ширээний хажууд суусан байсан юм. Тэр эрэгтэй хүн энийг чинь хаалгана, энэ охин чинь сэтгэл гаргаж үйлчилсэнгүй гэх зэргээр миний нүд рүү хатгачих гээд чичлээд дайраад байхаар нь би цагаан сар болоод дуусаагүй байна, миний хүү одоо больчих, манай халуун хуушуур гоё амттай идэх үү, мөнгөө буцааж авах юм уу гээд би аргадангуй хэлсэн чинь тэр хүн би өлсөөд байгаа юм шиг байна уу, үйлчлүүлэгч хаан, танай үйлчилгээ муу байна гээд үглээд байхаар нь би бараг ханцуйнаас нь татаад үүд рүү за одоо гарчих тэгэх үү миний хүү, эгч нь ганц аяга цай уугаадахъя, толгой өвдөөд байна гэсэн чинь эргэж харангуутаа миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохингуутаа гараад зугтаахаар нь манай Цэнддарь, Мандухай хоёр тэр хүний араас гарсан. Би ч гэсэн гараад бид 3 тэр хүнийг зуураад цайны газар дотроо оруулаад цагдаа дуудсан. Миний зүүн нүд хөхөрсөн...

...Би тэр хүнийг гаргах гээд ханцуйнаас нь татаад одоо гарчих гэсэн чинь эргэж харангуутаа миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон, намайг санаатайгаар гараа зангидаж байгаад цохисон. Хуулийн дагуу шийднэ биз дээ. Би 120.000 төгрөгөөр толгойны зураг авахуулсан, мэдрэлийн эмчид 31.000 төгрөгөөр үзүүлсэн. Уг мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Цэнддарийн: ...Мандухай бид хоёрыг цайны газарт байж байхад 12-13 цагийн үед байх 50 гаран насны бараан өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, цүнх барьсан ах ганцаараа орж ирсэн. Энэ хүнээс архи үнэртээгүй, эрүүл байсан. Би ширхэгийн хоолнуудаа текин дээр гаргаад тавьсан байсан. Тэр ах энэ юу юм гээд шууд гараараа бариад авахаар нь би ороомог, гараараа барьж болохгүй шүү гэж хэлсэн. Тэр ах гаднаас орж ирэхдээ ууртай байсан. Уг ах энийг халаагаад өгчих гээд барьсан ороомогоо өгсөн. Тэр ах мөн пирошки авахаар би ороомог, пирошки хоёрыг нь халаагаад өгсөн. Тэр ах пирошки идэж байхдаа пирошки чинь будаатай байдаг юм уу, дан махтай байдаг биз дээ, лууван хийсэн юм уу гэж загнасан. Дараа нь ороомогоо идэж байхдаа бас арай жижигхэн байна, кетчуп байна уу гэхээр нь би уучлаарай ах аа, өнөөдрийн ороомог арай жижигхэн болчихсон юм аа, кетчуп дууссан, манайх бараандаа явчихсан байгаа гэж хэлсэн чинь тэр ах өөдөөс уурлаад тэнэг, мангар гэх зэргээр загнахад нь би юу ч хэлээгүй. Тэгсэн чинь тэр ах би Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтад ажилладаг, хүсвэл би нэг дэх өдөр ч юм уу, сарын дотор ч юм уу танай цайны газрыг хаалгана, цайны газрын чинь зөвшөөрөл бий юу гэхээр нь би гадны хүнд үзүүлэх эрх байхгүй, та эмээг ирэхээр эмээтэй уулзаад үзээрэй гэж хэлсэн. Мандухай тэр хүнд та мэргэжлийн хяналтынхаа үнэмлэхийг үзүүлчих гэсэн чинь үгүй, танай бичгийг үзэх ёстой гэсэн. Тэгж байтал эмээ Насандэлгэр гаднаас ганцаараа орж ирсэн. Би эмээд та наад хүнийхээ эвийг олоод гаргачихаарай гэж хэлсэн. Эмээ Насандэлгэр юу болсон гээд нөгөө ахаас асуугаад мэргэжлийн хяналтын үнэмлэхээ үзүүлчих гэсэн чинь үзүүлэхгүй гэсэн. Эмээ тэр хүнтэй их удаан ярьсан. Аргадаж, тайвшруулах гэж удаан ярьсан боловч тэр хүн эмээ рүү долоовор хуруугаараа чичээд дайраад байсан. Эмээ хүн рүү битгий хуруугаараа чичээд бай, хамгийн бүдүүлэг байдаг юм, миний даралт ихсээд байна, одоо чи гарчих гэж хэлсэн чинь үүдэнд зогсоод гарахгүй хоолныхоо талаар хэрүүл хийгээд хуруугаараа чичээд байсан...Би цаашаа хараад хуушуур шараад зогсож байхдаа эргээд харсан чинь тэр ах эмээгийн зүүн нүд рүү гараараа цохиод гарахаар нь би араас нь гүйж гараад тэр ахыг эмээтэй цуг оруулаад цагдаа дуудаж бариулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Мандухайн: ...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цэнддарь бид хоёрыг “Эрхүүд” цайны газарт ажиллаж байхад 13-14 цагийн үед бил үү дээ намайг цаана аяга тавгаа угааж байхад настай эрэгтэй хүн танай юмнууд чинь муудчихжээ, хазгай хэлтэй 2 эмгэн овоо юм хийгээд байх шиг байсан чинь юм хийж чадахаа больчихож дээ гэхээр нь би текин дээр очоод яасан гэнэ ээ ах аа гэсэн чинь муу дөрвөдүүд хотод орж ирээд хэдэн төгрөг олвол олоорой гэж хэлсэн. Би тэр ахад та шаардлага тавих эрхтэй болохоос биш загнах, доромжлох эрхгүй шүү та гэж хэлсэн. Би аягаа угааж дуусаад  Цэнддарьтай цуг хуушуур хийж байхдаа юм яриад инээсэн /тэр ахын талаар яриагүй/. Тэр ах бид хоёрыг шүүмжлээд хүнтэй харьцаж чадахгүй, юм хийж чадахгүй, бохир заваан байна гээд үглэж байснаа гал тогоо руу ороод ирэхээр нь би та ийшээ орж болохгүй, гадны хүн орж болохгүй гэж хэлээд гаргасан. Тэр ах танайх ийм бохир заваан байна, би Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хүн, зөвшөөрлөө үзүүл гэхээр нь би та тэгвэл үнэмлэхээ үзүүл, зөвшөөрлийг хаа хамаагүй хүнд үзүүлээд байдаг ч юм биш гэж хэлсэн. Тэгээд байж байтал Насандэлгэр эгч орж ирсэн. Би гал тогоо руу ороод юмаа цэвэрлэсэн. Цэнддарь хуушуур шараад байж байсан. Насандэлгэр эгч рүү тэр ах уурлаад байсан. Насандэлгэр эгч эхлээд их аргадаж учирлаад ярьсан. Гэвч тэр ах Насандэлгэр эгч рүү уурлаад л байсан. Насандэлгэр эгч битгий над руу чичээл бай гэж байсан. Тэр ах гарахгүй 20-иод минут болсон байх. Тэгж байтал Насандэлгэр эгч цохичихлоо гэсэн. Харсан чинь тэр ах хаалгаар зугтаагаад гарч байсан ба Цэнддарь, Насандэлгэр эгч бид нар тэр ахыг оруулж ирсэн. Ингээд цагдаа дуудаж байсан. Тэр ах Насандэлгэр эгчийн зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон гэж Насандэлгэр эгч ярьж байсан. Насандэлгэрч эгчийн зүүн нүд улайгаад хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Чулуунхүүгийн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13-14 цагийн үед байх Баянзүрх дүүргийн Амгалан автобусны буудлын тэнд байдаг “Эрхүүд” цайны газарт хоол идэхээр ганцаараа орсон. Намайг уг цайны газарт ороход 2 охин хуушуур хийгээд зогсож байсан ба хормогч байхгүй, бохир нөхцөлд хуушуур хийгээд арзайтлаа инээлдээд байж байсан. Би ороод 1 ороомог, 1 пирошки авсан. Цайны газрын нөхцөл байдал болон уур амьсгал үнэхээр муухай бухимдал төрүүлэхээр байсан. Тэнд 1 танихгүй эмэгтэй хүн үйлчлүүлж байсан ба тэр хүн ч гэсэн тэр 2 охинд та нар хүмүүст аятайхан үйлчлээч ээ, балиар амьтад байна шүү дээ гэж хэлээд гараад явсан. Би кетчуп авъя гэсэн чинь нэг охин нь байхгүй гэсэн. Би идэж дуусахаасаа өмнө салфетка гуйсан чинь цаанаасаа 1 ширхэг салфетка өгөхөөр нь би үглэж эхэлсэн. Та нар ийм бохир заваан нөхцөлд хоол унд хийж байна гээд гал тогоо руу нь шагайсан чинь бохир байсан. Би уг нь явах гэж байсан юм. Тэгсэн чинь цайны газрын эмээ нь гэх авгай орж ирсэн. Тэгтэл тэр 2 охин наад хүн чинь манайхыг бохир заваан, балиар байна гэнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр авгай хөөе манай хуушуурыг гүйцэх газар энэ хавьд байхгүй, наад хүндээ 1 хуушуур өгчих гэхээр нь би авахгүй, хүний мөнгийг авч байгаа юм бол аятайхан юм хийж өгөөд авах хэрэгтэй, байж чаддаггүй юм бол наад асуудлыг чинь хэлдэг газарт нь хэлнэ шүү, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь яах вэ, хамгийн гол нь аятайхан юм хийгээд мөнгийг нь авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би явахаар сандал дээрээс боссон. Босоод гарахдаа би хэдэн үг хэлээд та нар аятайхан үйлчилж чадахгүй бол би хэлдэг газар чинь хэлнэ шүү, би өөрөө бас нэг дүүрэгт ажилладаг хүн гэж хэлсэн чинь нөгөө авгай босч ирээд та одоо гар гээд миний баруун гарын ханцуйнаас зуураад хаалга руу түлхээд чи хуруугаараа хүн рүү чичилж ярьдаг хэн бэ гээд тэр авгай баруун гарынхаа долоовор хуруугаар миний зүүн нүд рүү хатгасан, хатгасан нь нүд рүү ороогүй, зовхинд хүрсэн. Би яг тэр үед бариулсан баруун гараа тавиулах гээд эргүүлэхэд тэр хүний зүүн хацарт гар хүрсэн, тэр үедээ би хацарт нь хүрсэн гэдгээ мэдээгүй. Тэр авгай ёо, ёо гээд орилоход нь би гар хүрсэн юм байх даа гэж бодсон. Тэгээд тэд нар цагдаа дуудсан. 2 охин нь хүн рүү ярьсан. Тэгэхэд 2 эрэгтэй хүн орж ирээд намайг нэг нь яаж байгаа юм гэж заамдсан. Гэхдээ намайг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2963 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.Насандэлгэрийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Чулуунхүүгийн: ...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүнийг хөнгөн гэмтэл учиртал нь цохиж зодоогүй, ханцуйнаас зуурсан гарыг нь тавиулах гэж гараа татахдаа тэр эмэгтэйгийн нүүрэнд нь гар хүрсэн. Өмнө нь мэдүүлгээ дэлгэрэнгүй өгсөн учир өөр ярих зүйл байхгүй. Би хүн зодоод байдаг ч хүн биш. Тэр балиар хүмүүсээс болж ийм байдалд орлоо...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ундармаагийн: ...Х.Насандэлгэрийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 1 удаагийн цохилтоор үүсгэгдсэн байх боломжтой, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйл гэдэгт ир үзүүргүй эд зүйл болон хүний биеийн гар, хөл гэх зэрэг зүйлүүд орно. Тархи доргилт нь 1 удаагийн цохилтоор үүсэх боломжтой, нүд рүү цохих үед ч үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,

         - Хохирлын баримт /хх-ийн 32 дугаар тал/,

         - Шүүгдэгч Ч.Чурьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35, 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Чнь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхүүд” нэртэй цайны газар дотор иргэн Х.Насандэлгэрийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ч.Чхолбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

         Шүүгдэгч Ч.Чнь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхүүд” нэртэй цайны газар дотор 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Х.Насандэлгэрийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Чнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч Х.Насандэлгэр нь 151.000 төгрөгөийн хохирол нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул баримтыг үндэслэн уг мөнгийг Ч.Чуг мөнгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 32 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Чэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Ч.Чэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Ш овогт Ч.ЧЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ч450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Чоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Чоногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Чнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч151.000 /нэг зуун тавин нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Насандэлгэрт /РД:ЦД63083168/ олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Чавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Чавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ