| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2411024661565 |
| Дугаар | 2025/ДШМ/439 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/439
2025 04 10 2025/ДШМ/439
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэхийг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/459 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411 02466 1565 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Д-н Б, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................ тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны задгай ..........тоотод оршин суух хаягтай, /РД: ......./;
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1065 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 576 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ...... дэлгүүрийн баруун талд байрлах Алт мөнгөний төвийн лангуунаас “Iphone 14 pro max” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ү.А-д 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Д овогтой Б нь 1972 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн. Миний бие 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул миний ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн аргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ....... дэлгүүрийн баруун талд байрлах Алт мөнгөний төвийн лангуунаас “Iphone 14 pro max” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ү.А-д 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ү.А-н “... 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд лангуугаа нээгээд байж байх үед эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд надаас худалдан авалт хийсэн. Энэ үед би орлогоо шалгасан бөгөөд дахин эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд бараа үзэхээр нь гар утсаа сандал дээрээ тавиад бараа үзүүлж байгаад гар утсаа авах гэсэн боловч миний гар утас байхгүй болсон байсан. ...” /хх 7/,
гэрч Ч.Т-н “... Тухайн өдөр ажлынхаа гадна талд явж байх үед манай ажлын ойр орчимд буддаг ном, кофе зардаг хүн гар утас зарах гээд ченж нартай уулзаж байхаар нь би очиж хараад ярилцах үед “манай дүүгийн гар утас байгаа юм кодыг нь тайлж чадахгүй байна, зарах гэж байгаа юм” гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд уг гар утсыг сэлбэг болгоод зарчихсан. ...” /хх 11/ гэсэн мэдүүлгүүд,
2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... тус дэлгүүрийн хаалгаар саарал өнгийн куртик, саарал өнгийн цамц, хар өнгийн өмд, цэнхэр өнгийн амны хаалттай, 50 орчим насны эрэгтэй хүн орж ирж, хохирогчийн хажуу талаас эд зүйл аваад гарч явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 30/,
"Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 12-15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ү.А-д 2.350.000 төгрөгийн хохирогч учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь, шүүгдэгч Д.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангаж гарчээ.
Иймд шүүгдэгч Д.Б-н “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР