Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/489

 

  2025             04             30                                       2025/ДШМ/489

 

Б.Э, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Батхүү,

цагаатгагдсан этгээд Б.Бгийн өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлээр болон шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч О.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2310034280221 дүгээр хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ***** овгийн Б.Э, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “**********” -ийн захирал ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт ********* аймгийн ******* сумын * дугаар баг, Дунд бүрд ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ***** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, /РД:**00000000/;

 

урьд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 398 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 470 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 398 дугаар тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

2. ******** овгийн Б.Б, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Б.Э, Б.Б нар бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Мг хуурч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн 50.000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 156.028.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Э, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг ялтанд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Шүүх яллагдагч Б.Эг энэ гэмт хэргийн хохирогч болох Ч.Мгийн эд хөрөнгө болох мөнгийг нь төсөл хэрэгжүүлж байгаа гэрээ, хэлэлцээр хийх төлбөр шилжүүлэх шаардлагатай байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчоос 50.000 ам.доллар буюу 156.028.000 төгрөгийг авч өөрийн бизнестээ захиран зарцуулж залилсан гэж дүгнэсэн атлаа Б.Эг өөрийн хувийн бизнес болох жоншны уурхайдаа хэрэглэх гэж байгааг мэдсээр байж Ч.Мд төсөлд хөрөнгө босгох зорилгоор хувьцаа гаргахаар хөрөнгийн биржид бүртгүүлэхэд төлөх мөнгө хэрэгтэй байна, шууд АНУ руу шилжүүлнэ, төлчихвөл төсөл хэрэгжиж хөрөнгийн бирж дээр гарч ирэх гээд байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулж 50.000 ам.долларыг бэлнээр авч Б.Эд өгсөн Б.Бн үйлдлийг яллагдагч Б.Этай санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулагдсан байдаг.

Шүүхээс Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь яллагдагч Б.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг хэрэг шүүхэд шилжүүлсний дараа төлж барагдуулсан, өөрийн гэм буруу дээрээ маргаж, хүлээн зөвшөөрөхгүй, дүгнэлт хийхгүй байгаа, урд санаатай гэмт хэрэгт 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна.

Иймд 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч О.Батхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Э нь залилан мэхлэх санаа зорилгогүй, харин түүний төлөвлөж байсан бизнест нь мөнгөний шаардлага үгүй болж нэгэнт зээлж авсан мөнгөө өсгөх, улмаас зээлдүүлэгч Ч.Мд хүүгийн хамт буцаан төлөхийн тулд Хэнтий аймагт байх өөрийн жоншны уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Энэ талаар уг мөнгийг түлш, түрээс, цалин хөлсөнд хүлээн авсан гэрчүүд батлаж ярьсан байдаг. Гэвч олборлож гаргасан жоншны үнэ ханш унаж төлөвлөсөн ёсоор зарж борлуулж чадаагүй юм.

Энэ хугацаанд зээлдүүлэгч Ч.Мтай байнгын холбоотой байж, зээлийг ямар байдлаар эргэн төлөх талаар харилцаж байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Ингээд богино хугацаанд зээл өгсөн хүн мөнгө нь эргэн төлөгдөхгүй байхад уурлаж бухимдсан. Энэ нь тэр хүний зөв юм.

Ингээд сүүлдээ цагдаад хандаж залилуулсан гэх агуулгаар өргөдөл гаргасан. Ингэхдээ зээлдүүлсэн мөнгөө бэлнээр өгөхдөө мөнгө хүлээн авсан баримт үйлдээгүйгээ санаж Б.Эд хандаж “...Би чамайг хуулийн байгууллагад өгөх гэсэн юм. Мөнгө авсан баримтаа нөхөөд хийгээд өгчих” гэхэд Б.Э зөвшөөрч уг бичгийг нөхөн гаргаж өгсөн байдаг. Энэ нь өнөөдрийн хэрэг үүсгэх, шалгах, ял авах үндсэн баримт болдог.

Гэтэл залилах гэмт хэргийг санаа зорилготой, төлөвлөж, уг мөнгийг буцаан өгөхгүй гэж үйлддэг. Хэрэв ийм санаа зорилго байсан бол баримтыг нөхөн өгөхгүй байсан юм. Үүнийг прокурор огт харгалзаж үзээгүй бөгөөд зөвхөн яллах талыг баримтлан зүйлчилсэн. Түүнээс гадна гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх Б.Бн үйлдэлд холбогдох үйл баримт авагдаагүй байхад мөн ял өгөхөөр төлөвлөж байгаа нь Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй асуудал юм.

Мөрдөн байцаах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, тэр тусмаа цагаатгах талын баримтыг цуглуулаагүйн нэг баталгаа нь хэрэг шүүхэд шилжсэний дараа зээлийн гэрээний барьцаа болох тухайн үеийн ханшаар 60.000 ам.долларын биет бус хөрөнгө буюу койн агуулсан флаш гарч ирсэн явдал юм. Үүнийг зээлийн гэрээ хийсний дараа Б.Э зээлдүүлэгч Ч.Мд өгсөн байсан. Ингээд хэрэг шүүхээр орохоос өмнө зээлээ бүрэн төлж барагдуулсан тул буцаан өгсөн.

Энэ талаар шүүх хурлын эхэнд Ч.М, Б.Э нар хэн аль нь хэлж, өмгөөлөгч О.Батхүү миний бие уг нотлох баримтыг үнэлэхийг шаардсан боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийднэ гээд авч хэлэлцээгүй.

Хавтаст хэрэгт авагдаагүй боловч хэргийн хамгийн чухал нотлох баримтыг авч хэлэлцээгүй нь гэм бурууг хөдөлбөргүй баримтаар тогтооно, яллах хийгээд цагаатгах талыг аль алийг нь авч үзнэ, эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг зарчим зөрчигдсний баталгаа юм. Аль 20 жилийн өмнө бага залуу байхдаа хэдэн найзуудтайгаа нийлж дарвиж яваад хэрэг төвөгт орсон асуудлыг өнөөдрийн асуудалтай холбож, шалтгаант холбоотой мэт үзэж байгаа нь буруу.

Прокурорын үндсэн үүрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болохоос шүүх рүү авч орсон хүн бүхнээ шоронд явуулах биш. Хэрэв энэ мэтээр зээлийн гэрээтэй, барьцаатай, бизнесийн харилцааны асуудлыг ялладаг, шоронжуулдаг жишиг тогтвол Монгол Улсын маш олон иргэд эрүүгийн гэмт хэрэгтэн болох юм.

Миний үйлчлүүлэгч Б.Э нь Ч.Мгаас мөнгө зээлж авснаа хүлээдэг, бизнес нь бүтэлгүйтсэн гэдгийг хэлдэг. Мөн мөнгө төгрөгөө бүрэн төлж, уучлал хүссэн. Харин түүний үйлдэл залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэтгэж шалгаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, зөвхөн яллах чиглэлийг баримтласан тул түүнд оногдуулсан ялыг цагаатгах ёстой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Бгийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд шүүхийн шатнаас эхэлж Б.Бгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхээс Б.Бг залилах гэмт хэргийг үйлдээгүй, хамтран оролцоогүй гэж дүгнэж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Б.Б нь хохирогч Ч.М, шүүгдэгч Б.Э нарыг уулзуулж өгсөн. Зээлсэн мөнгөнөөс шунахайн сэдлээр ашиг хүртсэн, авсан зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Ч.М, Б.Э нар эрх зүйн бүрэн чадамжтай байгаа. Гэрээний дагуу бэлэн мөнгө авсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг шүүх дээр прокуророос миний 20 настай үедээ хийсэн алдааг ярьсан. Намайг анхнаасаа гэмт хэрэгтэн мэтээр тайлбарласан. Энэ талаар миний өмгөөлөгч О.Батхүү үндэслэлтэй тайлбарласан. Миний хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг “Яллагдагч Б.Э, Б.Б нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Мг хуурч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн 50.000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 156.028.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан” гэжээ.

 

Хохирогч Ч.Мгийн “…2022 оны 06 дугаар сарын 04-ний бямба гаригт Б.Б яаралтай уулзах хэрэг гарлаа хэмээн намайг гэрээс дуудаж бид манай оффист уулзахаар тохирсон. Тэр уулзалтад Б.Э хамт ирсэн. … “…төслийн шийдвэр гарсан учир удахгүй санхүүжилт орж ирнэ, АНУ-ын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд 50.000 орчим ам.долларын төлбөр шилжүүлэх шаардлагатай байна” хэмээн гэрээ, нэхэмжлэх үзүүлж яаралтай тусламж үзүүлээч хэмээн хүсэлт тавьсан. Би “та нарын төсөл найдвартай юм уу, намайг хуураагүй биз” гэхэд Б.Б “бид хамтарч ажиллаж байсан хүмүүс юу гэж тийм юм байхав дээ, бидний төслүүд амжилттай хэрэгжиж байгаа, та итгэхгүй бол зээлийн гэрээ хийж нотариат оръё, танд бас хүү төлнө” гэснээр би зөвшөөрч …06 дугаар сарын 7-ны өдөр Б.Б, Б.Эы хамт манай гэрийн үүдэнд суудлын автомашинтай ирж Б.Б манай гэрт орж ирэн надаас 50.000 ам.долларыг бэлнээр авсан. …” /1хх 18/,

Б.Бгийн яллагдагчаар өгсөн “…2022 оны үед Б.Э өөрийн жоншны чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө шаардлагатай болсон. Тэгээд надад хандаж “50.000 ам.доллар шаардлагатай байна” гэсэн тул би Ч.Мгаас асуухад “тодорхой хүүтэйгээр 50.000 ам.доллар зээлж болно” гэсэн. …Ч.М, Б.Э нар хоорондоо харилцан тохиролцоод гэрээ байгуулсан гэсэн. …уг мөнгийг Б.Э жонш тээвэрлэлтэнд зарцуулсан гэж ойлгосон. …” /1хх 33/,

Б.Эы яллагдагчаар өгсөн “…Би тухайн үед Ч.М эгчид “Хэнтий аймгийн Батноров суманд байх хүдрийн уурхайд зарцуулна” гэдгийг хэлсэн. Надаас Ч.М эгч “хэр баталгаатай юм” гэх зэргээр асууж байсан. …Ерөөсөө бизнестээ зориулна, хувийн бизнестээ зарцуулна гэж хэлсэн…” /1хх 38/ тус тус мэдүүлгүүд авагджээ.

Хохирогч Ч.Мгийн мэдүүлгээс үзэхэд, 50.000 ам.доллар өгсөн шалтгаанаа төсөлтэй холбоотой тайлбарласан бол Б.Б, Б.Э нар жонш, хүдрийн уурхайд зарцуулахаар зээлж авсан агуулгатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан баримтат мэдээлэлд үндэслэн тогтоох бөгөөд тогтоогдсон нөхцөл байдал нь хэргийн үйл баримтыг илэрхийлдэг.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрэлцээтэй болон хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг тодорхойлж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болоход хууль зүйн дүгнэлт хийдэг.

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг “Яллагдагч Б.Э, Б.Б нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Мг хуурч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүний өмчлөлийн 50.000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 156.028.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан” гэж тусгасан нөхцөл байдлаас үзэхэд, Б.Э, Б.Б нар хэрхэн бүлэглэсэн буюу хэн нь ямар үүрэг гүйцэтгэсэн, үйлдэл оролцооны нэгдэл нь ямар үр дүнд хүргэсэн үйл баримт яллах дүгнэлтэд тусгагдаагүй байна.

Түүнчлэн, яллах дүгнэлтэд ... зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Мг хуурч ... гэсэн байх бөгөөд зохиомол байдлыг зориудаар бий болгох, хуурах зэрэг нь тодорхой хууль зүйн ойлголтуудыг илэрхийлэх бөгөөд энэ хууль зүйн ойлголтуудад Б.Э, Б.Б нарын ямар үйлдэл хамаарч байгааг яллах дүгнэлтэд дүгнээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг эх сурвалж болгон хэргийн үйл баримтыг тодорхойлсон нь тодорхой биш байхад шүүхээс хэргийн нотлох баримт, үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй. 

Хуульд заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийг үндэслэн шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын яллах дүгнэлтэд заагаагүй үйл баримтыг “...төсөл хэрэгжүүлээд мөнгө орж ирэхээр нь хамтран ажиллаж ашиг олно гэж амлаж, хохирогчийн итгэлийг олж...” гэж тогтоон дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчим-д нийцэхгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Э, цагаатгагдсан этгээд Б.Б нарын холбогдсон хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлж, тогтоогдсон үйл баримтыг зүйлчлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан прокурор Х.Анхцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч О.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Э, цагаатгагдсан этгээд Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Э, цагаатгагдсан этгээд Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР