Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00261

 

Ж.Алтанцэцэг, Ж.Алтантуул нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

         Ж.Алтанцэцэг, Ж.Алтантуул нарын нэхэмжлэлтэй,

         А.Алтангоод холбогдох    

         Зээлийн гэрээний үүрэгт 40.568.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.Алтангоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанхуяг, хариуцагч А.Алтангоо, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт: “Би А.Алтангоод 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд бага, багаар цувуулж нийт 39.900.000 төгрөг зээлсэн. Дээрх 39.900.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг дүү Ж.Алтантуулын байрыг н.Сономцэрэн гэх хүнд барьцаанд тавьж, үлдсэн 19.900.000 төгрөгийг дүүгээсээ авч А.Алтангоод өгч байсан. ... А.Алтангоо зээлийн хүүг эхний 3 сар төлсөн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлээ төлж барагдуулахыг хүсч түүний гэрт очиход хашаандаа 3 торх барьчихсан байсан. А.Алтангоо надад хэлэхдээ “Би таны мөнгийг торхны наймаанд оруулчихсан. Энэ торхоо зарагдахаар мөнгийг тань өгнө, та торх авах хүн байвал хэлээрэй, мөн нэмж нэг торх Улаанбаатар хот руу явуулах гэсэн юм. Та Улаанбаатар хот руу торх явуулах ачааны мөнгө зээлээч” гэж хүссэн учраас би А.Алтангоод 400.000 төгрөг зээлж, А.Алтангоо зээлийн хүүг төлье гэж хэлсэн учраас зээлийн гэрээг сунгаж, 2014 оны 7 дугаар сараас хойш 3 сар зээлийн хүү авсан юм. Ийнхүү 2014 оны 9 дүгээр сар болж, А.Алтангоо зээлийн хүү хэт өндөр байна гэж хэлсэн учраас бид харилцан ярилцаад зээлийн хүүг 6 хувь болгосон төдийгүй би ашиг авахаа болъё, бусдаас зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна, үндсэн зээлээ төлчих гэж А.Алтангоод хэлсэн. Гэвч А.Алтангоо эхний үедээ бага, багаар хэдэн төгрөг төлж байгаад, сүүлдээ өгөх мөнгө нь багасаж байсан учраас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр түүнийг дуудаж уулзсан юм. Ийнхүү надтай ирж уулзахдаа А.Алтангоо гэрчийн мэдүүлэг өгсөн өөрийн төрсөн дүү ...гэх хүмүүстэй манай гэрийн гадаа ирж, бид машинд ярилцсан юм. Би зээлийн хүү авахгүй, үндсэн зээлээ төлөхийг хүсэхэд 27.000.000 төгрөгийн зээл гаргасан. Тус 27.000.000 төгрөгийг цуглуулъя, мөн дүү Ж.Алтанцэцэгтээ 8.000.000 төгрөг зээлсэн. Тус 8.000.000 төгрөгт Мөрөн сумын урд байрлах 2 га газрыг өгье гэж хэлж байсан. Би А.Алтангоог 2 га газраа миний нэр дээр түргэн шилжүүлээрэй, ногоо ч болов таръя гэж хэлж байсан. Түүнчлэн миний зээл нэхэгдээд А.Алтангоо надад мөнгө өгье гэсэн учраас бид харилцан ярилцаад би өөрийнхөө Улаанбаатар хотод байрлах 2 өрөө байрыг барьцаанд тавьж 20.000.000 төгрөг зээлж авсан. Энэ өдрөөс хойш А.Алтангоо надад нэг удаа 500.000 төгрөг өгөөд, 2 га газраа болоод үндсэн зээлээ төлөхгүй байсан юм. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр А.Алтангоог дуудаж уулзаад газар болоод үндсэн зээлээ хэзээ төлж барагдуулах талаар тайлбар бичиж өг гэхэд А.Алтангоо тийм зүйл бичиж чадахгүй, Шүүхийн байгууллагаар маргаан үүсвэл яах юм гэсэн учраас би шүүх болоод цагдаагийн байгууллагад хандсан. А.Алтангоод итгэж мөнгө зээлдүүлснээс хойш би өөрийнхөө байр болоод дүү Ж.Алтантуулын байрыг зээлээс чөлөөлж авч чадалгүй, 2 жил 7 сарын хугацаанд хүү төлж хохирч байна. А.Алтангоогоос нийт 30.702.000 төгрөгийг авсан боловч дээрх мөнгийг хүүнд тооцож авсан. Үндсэн зээл 39.900.000 төгрөг огт төлөгдөөгүй байгаа. Мөн н.Амарцэцэгт би 2.500.000 төгрөг, А.Алтангоод 2.000.000 төгрөгийг тус тус зээлүүлснээс 5.000.000 төгрөгийг буцааж авсан. Гэхдээ энэ мөнгийг А.Алтангоогоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасахгүй, өмнөх шүүх хуралдаан дээр А.Алтангоогоос нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж тооцож байсан боловч энэ шүүх хуралд дээр хариуцагч А.Алтангоо нь хүүнд өгсөн мөнгийг давхардуулж хэлээд байгаа учир хасахгүй. Би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа бөгөөд 40.568.000 төгрөгийг хариуцагч А.Алтангоогоос нэхэмжилж байна. Мөн миний бие Ж.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэгт оролцож байгаа бөгөөд Ж.Алтантуулын нэхэмжлэлээс татгалзаж байна.” гэжээ.

     Нэхэмжлэгч Ж.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанхуягийн гаргасан тайлбарт: ... Би Ж.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байна. Учир нь Ж.Алтантуул нь уг хэргийн нэхэмжлэгч биш бөгөөд А.Алтангоотой зээлийн гэрээний харилцаанд ороогүй юм байна гэж ойлгож, татгалзаж байна.” гэжээ.

         Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “... Нэхэмжлээд байгаа 39.900.000 төгрөгийг нэг дор бөөнөөр нь аваагүй. Уг мөнгийг 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл цувуулж авч явсаар 39.400.000 төгрөг болж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зээлсэн мөнгийг би Ж.Алтанцэцэгт дансаар болон бэлнээр бүгд 49.748.000 төгрөг болгож буцаан төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

           Хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Уг гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ. Түүнээс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээ биш. Ж.Алтанцэцэг нь дүү Ж.Алтантуулдаа үзүүлэх гэсэн юм гэж хэлэхээр нь итгээд гарын үсэг зурсан. Түүнээс мөнгө зээлж аваад бодит байдал дээр хийсэн гэрээ биш тул уг гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү.” гэжээ.

         Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: “Би А.Алтангоог хуурч мэхэлж гарын үсэг зуруулаагүй. Мөн уг гэрээг 2015 оны 5 дугаар сард байгуулаагүй. 2014 оны 3 дугаар сар гэхэд А.Алтангоод зээлсэн мөнгө 39.900.000 төгрөг болсон тул харилцан ярилцаад уг гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч А.Алтангоогоос 4.198.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36.370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.Алтангоо нарын хооронд байгуулагдсан 39.900.000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360.790 төгрөг, хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Алтангоогоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 287.250 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 82.118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгээс хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.450 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Алтангоод олгохоор тус тус шийдвэрлэжээ.

        Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар А.Алтангоогоос 11.782.000 төгрөг гаргуулж Ж.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26.362.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч А.Алтангоогийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Алтанцэцэгтэй байгуулсан 39.900.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...82.118...”гэснийг “...203.462...” гэж, “нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгээс хариуцагч А.Алтангоогийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.450 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Алтангоод” гэсэн хэсгийг “хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалаар зээлийн гэрээг үнэлсэн, сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзсаныг бүрэн дэмжиж байна. Харин үндэслэх хэсэгт “Зохигчид нь зээлийн хугацааг 3 сар, зээлийн хүүг 10 хувь болгож амаар байгуулсан зээлийн гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлсэн байх тул хариуцагч А.Алтангоо нь үндсэн зээл 39.900.000 төгрөг, зээлийн хүү 11.970.000 төгрөг нийт 51.870.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна" гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь А.Алтангоо нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ буцааж төлөөгүй,“мөнгийг чинь торхны наймаанд оруулчихсан үргэлжлүүлээд хүүг нь төлөөд явна” гэснээр гэрээ сунгасанд тооцогдож, хүүг үргэлжлүүлэн төлсөн тул зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд заасныг үндэслэн сүүлийн 3 сарын хүүг хяналтын журмаар нэхэмжилж байна. А.Алтангоогоос зээл 39.900.000 төгрөг, 6 сарын хүү 23.940.000 төгрөг нийт 63.840.000 төгрөг авах ёстойгоос 23.940.000 төгрөг хүүнд авсан, харин үндсэн зээлээс зөвхөн 6.762.000 төгрөгийг л бэлнээр надад төлсөн. А.Алтангоо нь үндсэн зээлээ төлөх боломжтой байхад үүргээ биелүүлэлгүй 2014 оны 8 сараас 2015 оны 3 сар хүртэл 16.900.000 төгрөгийг 30 орчим хүнд 20-30 хувийн хүүтэй зээлдүүлж ашиг олсон /барьцааны гэрээнүүд хэрэгт бий/, төрсөн дүү Н.Алтанцэцэгтээ /гэрч/ 8.000.000 төгрөг, гэрч н.Дэлгэрмаад 2.000.000 төгрөг зээлдүүлж, приус машин авсан, бусдыг нь торхны наймаанд оруулсан гээд миний 39.000.000 төгрөгийг буцааж өгөөгүй. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 39.000.000 төгрөгийг буцааж өгөөгүйн улмаас бусдаас авсан зээл нэхэгдэн аргагүйн эрхэнд Хаан банкнаас 20.000.000 төгрөг хүүтэй зээлж төлж байгаа, иргэн н.Сономцэрэнд 12.000.000 төгрөгийн өртэй бас А.Алтангоогоос цувуулж авсан мөнгөө олон сар хүүнд нь төлөөд дууссан. А.Алтангоо анх цагдаад өгсөн мэдүүлэгтээ 27.460.700 төгрөгийг бусдад зээлдүүлээд авч чадахгүй байгаа гэж мэдүүлсэн нь гэм хорын нэхэмжлэл биш учраас нотлох баримтын шаардлага хангана. Бусдад зээлдүүлсэн мөнгөө нэхэх эрх нь өөрт нь нээлттэй, харин надад гэрээний дагуу үндсэн зээлийн 33.138.000 төгрөгийн өртэй. Магадлалд “Ж.Алтанцэцэг нь А.Алтангоогоос 33.102.000 төгрөг, н.Амарцэцэгээс 6.986.000 төгрөг нийт 40.088.000 төгрөг харицагчаас буцааж авсан болох нь тогтоогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, харин н.Амарцэцэг /надад өгөлгүй бултсан ч/ -ийн 2.000.000 төгрөг ороод А.Алтангоогоос 33.102.000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрнө. Үлдсэн 4.986.000 төгрөгийг надаас бэлнээр авсан учраас н.Амарцэцэг надтай зээл, барьцааны гэрээ хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй, А.Алтангоод хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”-г хэрэглээгүй алдаа гаргаж зээлийн гэрээний эрхэнд халдан алдангийг огт тооцсонгүй. Би зөвхөн нэг сарын алданги болох 4.970.700 төгрөг нэхэмжилсэн шүү дээ. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232.6-д заасныг зөрчин хүүг дутуу, алдангийг огт тооцоогүй хууль хэрэглээний алдаа гаргасан, мөн А.Алтангоогийн н.Амарцэцэгтэй хийгээгүй гэрээг, нотлох баримтыг буруу үнэлж 6.986.000 төгрөг надад өгснөөр тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтад тулгуурлах хуулийн шаардлагыг хангасангүй. Иймд магадлалаар хангагдсан 11.782.000 төгрөг дээр нэмж хүлээн зөвшөөрөхгүй байгаа 26.326.700 төгрөг буюу нийт 38.108.700 төгрөгийг А.Алтангоогоос гаргуулж, намайг хохиролгүй болгосон шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч А.Алтангоогийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “ ...дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орших хүнсний захын Цагаан-Уул, Тэрхэн компанийн менежер нэртэй төрсөн эгч Ж.Алтанхуягтайгаа нийлж захад ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс хураамж нэртэй мөнгө хураан авч мөнгө хүүлдэг хүмүүс бөгөөд энэ ажилдаа намайг татан оруулсан. Энэ нь 2012 оноос эхэлсэн юм. Эдгээр хүмүүс нь төрсөн эгч дүүс бөгөөд энэ ажилдаа сэтгэл ханалгүй, улам ихээр шунаг сэтгэлдээ хөтлөгдөн эцэст нь намайг хүнд байдалд оруулаад байна. Би 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд нийтдээ 49.748.000 төгрөгийг хүүтэй нь өгч дуусгасан байдаг. Ингэхдээ зээлийн ямар нэгэн гэрээ хэлцлийг Ж.Алтанцэцэгтэй ерөөсөө хийгээгүй юм. Түүний зааж хэлсэн үгээр л мөнгийг нь хүүлж өсгөн өгч байв. Ж.Алтанцэцэг нь доод тал нь 100.000 төгрөг дээд тал нь 5.500.000 төгрөгийг надад 10 хувийн хүүтэй гэж хэлж өгөхөөр нь би хүүгий нь нэмж хүмүүст зээлдүүлсэн. Зээлдүүлсэн хүмүүс мөнгөө өгөхгүй болохоор нь аргаа бараад нөхрөөрөө цалингийн зээл хүртэл авахуулж Ж.Алтанцэцэгт өгч байсан. Хэрэгт авагдсан баримтанд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийж 39.900.000 төгрөгийг хариуцагч А.Алтангоо миний бие Ж.Алтанцэцэгээс зээлсэн мэт болгож энэ гэрээгээр нийтдээ 51.870.000 төгрөгийг надаас авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Ж.Алтанцэцэгтэй 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ийм гэрээ ерөөсөө хийгээгүй. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ж.Алтанцэцэг нь намайг захын оёдол дээр байхад дуудан уулзаж чи надад туслаач би хүнд үзүүлж мөнгө авах гэсэн юмаа тэгээд гэрээ хийсэн болж харагдуулах шаардлагатай байнаа гээд гэрээн дээр гарын үсэг зурж өгөхийг хүсэхээр нь би тэр үед юу ч бодоогүй тусалж байна гээд гарын үсгээ бичээд өгчихсөн. Тэгсэн чинь 39.900.000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж авчихсан болгоод тэр их хэмжээний мөнгийг надаас нэхэмжилж намайг шүүхэд өгсөн. Өмнө нь цагдаад өгч намайг залилан хийсэн мэтээр гомдол гаргаж шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг түүний төрсөн дүү Ж.Алтантуул тэдгээрийн төрсөн эгч Ж.Алтанхуяг /Цагаан-Уул тэрхэн ХХК-ий захирал/ нар нийлээд шүүхэд нэхэмжлэл гарган надаас 40.568.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Би Ж.Алтантуул, Ж.Алтанхуяг нартай ямар ч мөнгөний харилцаанд орж байгаагүй. Ж.Алтантуулыг огтхон ч танихгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 39.900.000 төгрөгийг А.Алтангоо надад өгсөн гэдгээ баримтаар нотолж чадахгүй болохоороо 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг сүүлд нь хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь бодитой нөхцөл байдал байсан тул хууран мэхэлж хийсэн тэр зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн нь бодитой болсон гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээг тайлбарлахдаа илтэд буруу тайлбарлаж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарна. Зохигчид нь зээлийн хугацааг 3 сар зээлийн хүүг 10 хувь болгож амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлсэн байх тул хариуцагч А.Алтангоо нь үндсэн зээл 39.900.000 төгрөг, зээлийн хүү 11.970.000 төгрөг нийт 51.870.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна гэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4 дэх заалтуудыг зөрчсөн байна. Зээлийн гэрээгээр тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэснийг зөрчих эрх давж заалдах шатны шүүхэд байх ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсаныг судлан үзвэл нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч А.Алтангоо надаас 40.568.000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагаас хальж илүү гарган бидний өмнө хойно өгч авалцсан мөнгөний тооцооруу орж түүнийг үндсэн нэхэмжлэлтэй хольж хутган шийдвэрүүд гаргасанд гомдож байна. Иймд: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлжээ.

         Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь хариуцагч А.Алтангоод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 39.900.000 төгрөг, алдангид 668.000 төгрөг, нийт 40.568.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зээлийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлсөн тул шаардлагыг зөвшөөрөхгүй, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Алтанцэцэг нь хариуцагч А.Алтангоод амаар байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 05-ны хооронд нийт 39.900.000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж өгсөн, сар бүр 10 хувийн зээлийн хүү тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч зээл, зээлийн хүү төлбөрийг төлж байсан болох нь  зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтуудаар   тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс хариуцагчаас 4 198 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

         Талуудын хооронд хийгдсэн хэлцлийг иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэх ба энэ хэлцлийг амаар болон бичгээр, хүүтэй эсхүл хүүгүй, хугацаатай ба хугацаагүй байгуулах эрхтэй байхаар хуульд заасан ба гэрээний нөхцлийг өөрчлөх, амаар хийсэн тохиролцоог бичгийн хэлбэрт шилжүүлэх, хугацаагүй гэрээг хугацаатай болгох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарна.

        Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн “...зохигчид зээлийн хугацааг 3 сар, зээлийн хүүг 10 хувь болгож, амаар байгуулсан зээлийн гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлсэн байх тул тул хариуцагч А.Алтангоо нь үндсэн зээл 39.900.000 төгрөг, зээлийн хүү 11.970.000 төгрөг нийт 51.870.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт төлөх үүрэгтэй” гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.

        Иймээс хариуцагч А.Алтангоо нь  нэхэмжлэгчид 40.088.000 төгрөг төлсөн гэх тайлбар /хх-54 тал/, зээлийн хүүд 33.102.000 төгрөг авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь хариуцагчаас бэлнээр болон дансаар 33.102.000 төгрөг, түүнчлэн н.Амарцэцэгээс авсан 6.986.000 төгрөг, нийт 40.088.000 төгрөгийг буцааж авсан болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийж,  уг төлбөрийг 51.870.000 төгрөгөөс хасч хариуцагчаас зээлийн төлбөр 11.782.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ.

         Зохигчид анх зээлийн гэрээг амаар байгуулах үедээ зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тохиролцоогүй тул хожим хийсэн гэрээнд заасан алдангийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

        Хариуцагч А.Алтангоо нь зээлийн зээлийн гэрээг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  гэрээг “...хууран мэхэлж зээлийн гэрээ байгуулсан” гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэж,  хуулийг буруу тайлбарласан байна. Харин давж заалдах шатны шүүх  “...хариуцагч уг хэлцлийг хууран мэхэлж хийсэн болохыг нотолж чадаагүй” гэсэн дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.Алтангоо нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 289.590 /хоёр зуун наян есөн мянга таван зуун ер/ төгрөг, хариуцагч А.Алтангоогийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 204.902 /хоёр зуун дөрвөн мянга есөн зуун хоёр/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН