2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/07238

 

 

 

 

 

 

 

 

           2025              09               15                              192/ШШ2025/07238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,*******,*******,*******, 96 тоот хаягт байрлах “Эмиралдплес” ХХК (РД:5133394)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******, 22 тоот хаягт оршин суух Боржигон овогт Гантулгын Ганзул (РД:ЧЗ82010272)-нд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05ы өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31,620,000 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч нь 120,000,000 төгрөгийн бетон авъя, 50 хувьд нь бэлэн мөнгө, 50 хувьд нь Mercedes benz GLA 220 маркийн, 99-65 УАА улсын дугаартай автомашиныг өгнө гэж тохиролцсон. Тухайн үед М350 маркийн бетон зуурмагийг 1м3-ийг 320,000 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 1м3-ийг 280,000 төгрөгөөр тус тус тохиролцсон. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М350 маркийн бетон зуурмаг 30м3, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр М350 маркийн бетон зуурмаг 30м3, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М250 маркийн бетон зуурмаг 44 м3, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М350 маркийн бетон зуурмаг 104 м3 тус тус нийлүүлсэн. Нийт 64,800,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Энэ хугацаанд үнийн дүнгийн 50 хувьд өгнө гэсэн Mercedes benz GLA 220 маркийн машиныг өгөөгүй, удаа дараа машиныг шаардаж, гэрээ хийе гэхээр уулздаггүй учир бетон зуурмаг нийлүүлэхээ больсон.

1.2.Хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан 14 хоногийн дотор тайлбар өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд за гэж хэлчхээд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд шүүхийн журмаар нэхэмжилж байгаа хариуцагч тайлбар өгөөгүй, эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрч байна гэж үзэх хуулийн үндэслэлтэй гэжээ.

 

2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Эмиралдплес” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, компанийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бетон зуурмаг хүлээлцсэн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, Хаан банк дахь дугаар дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 120,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцож, нийт 64,800,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Хариуцагч нь тохиролцсон ёсоор үнийн дүнгийн 50 хувьд өгнө гэсэн Mercedes benz GLA 220 маркийн автомашиныг өгөөгүй, гэрээг бичгээр хийе гэхэд уулзахгүй байсан учир бетон зуурмаг нийлүүлэхээ больж, үнийг шаардсан. Хариуцагчийн зүгээс нийт 33,180,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй эсэх талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид нийт М-350 маркийн бетон 164 м3, М-250 маркийн бетон 44 м3-ыг нийлүүлсэн. (хавтаст хэргийн 7-27 дахь тал)

 

5.Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн гардаж авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд татгалзал, түүний үндэслэлийг нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн “…М-350 маркийн бетон зуурмагийн 1 м3-ыг 320,000 төгрөг, М-250 маркийн бетон зуурмагийн 1 м3-ыг 280,000 төгрөгөөр тохиролцсон…, 33,180,000 төгрөг бэлэн төлсөн…” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

6.Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж зааснаар зохигч талуудын хооронд нэг талаас бетон зуурмаг нийлүүлэх, нөгөө талаас нийлүүлсэн нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг 1 м3-ыг 320,000 төгрөг, 280,000 төгрөгөөр тооцон төлөх гол нөхцөл бүхий Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бетон зуурмагийг худалдан авагч буюу хариуцагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь түүний үнийг төлөх үүрэгтэй.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан бетон зуурмаг хүлээлцсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт М-350 маркийн бетон 164 м3, М-250 маркийн бетон 44 м3-ыг нийлүүлсэн, хариуцагчийн зүгээс 33,180,000 төгрөгийн төлбөр төлсөн байх бөгөөд хариуцагчийн зүгээс уг баримтыг няцааж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, мэтгэлцээгүй.

 

8.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 31,620,000 (64,800,000-33,180,000=31,620,000) төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

9.Дээр дурдсан үндэслэлэээр хариуцагчаас 31,620,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч аас 31,620,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эмиралдплес” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 316,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эмиралдплес” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД