Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 665

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Э.Гэрэлмаа,

          шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Отгон овогт Шагдарын Ш.Ат яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0091 40674  дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, О овогт Ш.А

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Ш.А нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 21-391 тоотод иргэн С.Отгонбаярыг тал цус харвасан, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж манай авгайгаар махаа хэрчүүллээ гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул одоо ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Отгонбаярын: …2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед найз Амарбаярын эхнэр Жаргалмаа руу утсаар яриад хоолны мах хэрчээд өгөөч гэж дуудсан. БИ 5 жилийн өмнө тал цус харваад зүүн гар юм барьж чадахгүй болсон юм. Манай хүүхдүүд миний хоол ундны юмыг хэрчээд бэдээд өгчихдөг. Тэр өдөр анх удаа Жаргалмааг гуйгаад мах хэрчүүлэх гэсэн чинь хамтран амьдардаг гэх Ш.А нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн үед согтуу манай гэрт орж ирээд манай авгайгаар мах бэлдүүлж хэрчүүлдэг ямар овоо амьтан бэ гээд гараараа миний 2 шанаа, баруун чих рүү хэд хэдэн удаа цохиод, гараараа цамцны захаар хүзүү боогоод, зүүн талын цээж рүү гараараа 2-3 удаа цохисон. Намайг Ш.А зодчихоод гарангуут нь би охин Солонго руу утсаар ярьж цагдаад дуудлага өгүүлсэн. Маш их гомдолж байна. Намайг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдэж байгаа мөртлөө зодсонд гомдолтой байна. Би явж чадахгүй болохоор дандаа хувийн таксигаар явдаг, эм тариа авахад 12.000 төгрөг зарцуулсан, машинд 40.000 төгрөг гаргасан. Гэхдээ надад эм тариа авсан баримт байхгүй, мөн машинд өгсөн зардлын баримт байхгүй. Ш.Ааас би 52.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Жаргалмаагийн: ...Ш.А нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аавын найз Отгонбаяр ахыг зодсон гэж би Отгонбаяр гуйгаас сонссон. Ш.А надад энэ талаар яриагүй. Отгонбаяр ах тал цус харвасан хүн байдаг, надаар хоолны мах хэрчүүлэх гэж утсаар ярьж байхыг Ш.А сонсоод үр хүүхэд нь байхад чамаар мах татуулах гээд байхдаа яадаг юм гэж ярьсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй. Тэгээд л Ш.А явлаа гээд гараад явсан. Тэгтэл Ш.А нь Отгонбаяр гуайн гэрт согтуу очсон юм шиг байна лээ. Ш.А гэрээс явахдаа дунд зэргийн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Солонгын: ...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед байх аав Отгонбаяр нь над руу утсаар яриад намайг Ш.А зодчихлоо, цагдаа дууд гэхээр нь би цагдаа руу утасдаж дуудлага өгсөн. Аав надад юунаас болж, яаж зодуулснаа хэлээгүй. Аавыг зодсон хүн урьд нь манайд ирж байсан гэсэн. Аавыг хэн ч харсан цус харвасан, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг гаднаас нь хараад л мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1486 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Отгонбаярын биед хацар, шанаа, чих, хоолойд шалбаралт, зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

        Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 312 дугаартай дүгнэлтэнд:

          1.Ш.А нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Хэрэг учрал болох цаг хугацаанд F25.0 буюу Шизоаффектив эмгэг сэтгэл хөөрөх хэлбэр, сайжралын байдалтай байсан байна.

          2. Ш.А нь болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

          3. Ш.А нь сэтгэцийн хувьд F25.0 буюу Шизоаффектив эмгэг сэтгэл хөөрөх хэлбэр, сайжралын байдалтай байсан байна.

          4. Ш.А нь одоо хэрэг хариуцах чадвартай байна.

          Комиссын дарга Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, илтгэгч Л.Насанжаргал гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

          Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Л.Насанжаргалын: ...Ш.А нь хэрэг болсон цаг хугацаанд өөрийгөө хянах, үйлдлээ удирдан жолоодох, өөрийнхөө үйлдлийг бүрэн ухамсарлах, учир холбогдлоо ойлгох чадвартай байсан байна. Цаашдаа ч хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Бид энэ дүгнэлтийг санал нэгтэй гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Д.Дэжидмаагийн: ...Уг өвчин нь олон улсын 10 дугаар ангиллаар ангилдаг, шизоаффектив өвчин сэтгэл хөөрөх шинж тэмдгүүд нэгэн зэрэг илрэх эмгэг юм. Ш.Аын хувьд тухайн хэрэг үйлдэх үед тухайн өвчин нь засрал сайжралын байдалтай байсан нь тухайн хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох, хийж байгаа үйлдлээ мэдэх, ойлгох, ухамсарлах чадвартай байсан. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэргийн материалыг уншиж танилцан санал нэгтэйгээр дүгнэлтийг гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

- Шүүгдэгч Ш.Аын үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36, 37, 42-43 дугаар тал/,

- Хохирогч С.Отгонбаярын зүгээс гаргаж өгсөн баримтууд /14-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.А нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 21-391 тоотод иргэн С.Отгонбаярыг тал цус харвасан, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж манай авгайгаар махаа хэрчүүллээ гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ш.Ат холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ш.А нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 21-391 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн С.Отгонбаярыг тал цус харвасан, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж манай авгайгаар махаа хэрчүүллээ гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч С.Отгонбаяр хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 52.000 төгрөгийг нэхэмжилснийг төлсөн тул шүүгдэгч Ш.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 80 дугаар тал/

Шүүгдэгч Ш.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. О овогт Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Аыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ат оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ