| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04228/И |
| Дугаар | 192/ШШ2025/07239 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07239
2025 09 15 192/ШШ2025/07239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******, 11 тоот хаягт оршин суух Харчин овогт Гарамдоржийн Гансүх (РД:ШВ85122613)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,*******,*******, 13 тоот хаягт оршин суух Бэсүд овогт Эрдэнэбаатарын Мөнхбилэг (РД:УК91111892)-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр надаас 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эргүүлэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн авсан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус гэрээнд хамт зээлсэн боловч одоог хүртэл уг мөнгийг өгөөгүй байна. Нийт 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба сүүлийн 10,000,000 төгрөгийг өгөхдөө би гэрээ хийх боломжгүй явж байгаад зээлдэгч өмнөх гэрээний нэмэлтээр оруулъя гэж хэлсэн. Сарын дараа өгнө гэж хэлсэн ч одоо хүртэл өгөөгүй, хүү алданги хувьд зөвхөн эхний зээлсэн 10,000,000 төгрөгт бодсон байгаа. Ингээд үндсэн зээл 20,000,000 төгрөг, гэрээ байгуулсан зээлийн 2 сарын хүү 1,000,000 төгрөг, 820 хоногийн алданги 41,000,000 төгрөг үүнээс хуулийн дагуу нийт алданги зээлийн үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан учир нийт алданги 5,000,000 төгрөг нийт 26,000,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь *******ийн эзэмшлийн 5009655566 дугаар дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр надаас 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэмж 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээ байгуулаагүй. Иймд бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2 сарын хүү 1,000,000 төгрөг, 820 хоногийн алданги 5,000,000 төгрөг, амаар байгуулсан гэрээний дагуу зээлдүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй эсэх талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0544 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай зээлдүүлж, хариуцагч нь сарын 5 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. (хавтаст хэргийн 5 дахь тал)
4.2.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг хариуцагчийн дугаар данс руу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. (хавтаст хэргийн 6 дахь тал)
4.3.Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагчийн дугаар данс руу шилжүүлсэн. (хавтаст хэргийн 7 дахь тал)
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа эсэх талаарх тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэгэнт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн тайлбар, татгалзлаа нотлох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй учир нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэж, зохигч талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэг талаас 10,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаагаар зээлдүүлэх, нөгөө талаас сарын 5 хувийн хүүгийн хамт эргүүлэн төлөх, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлдүүлэх, нөгөө талаас эргүүлэн төлөх гол нөхцөл бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 0544 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зээлдүүлсэн нийт 10,000,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй.
6.Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч талаас татгалзал илэрхийлээгүй учраас хүчин төгөлдөр гэж үзнэ.
7.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ээс 26,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 287,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД