Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Б.Ганбулган,

          шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Л.Очбаяр ҮД:24-64,

          хохирогч А.Мягмармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Авгад овогт Ганбатын Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0173 20738 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, А овогт Г.М

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Гал унтраах ангийн байрны 2 дахь орцны 2 давхарт иргэн А.Мягмармаатай зодолдон улмаар түүний нүүрэн тус газар олон удаа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярихгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Мягмармаа мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих орой М гэр бүлийнхэнтэйгээ манай хажуу айлд ирж золголт хийсэн. Манай нөхөр Бямбаа гэх айлд орж суусан байсан. Манай нөхөр гэртээ орж ирэхгүй болохоор нь би  21 цагийн үед тэр айл руу орсон юм. Би Дүүрэнбаярыг нэг байр учир таньдаг. Урд нь М манайд нөхөртэйгээ нэг удаа ирж байсан. Тэгж танилцаж таньдаг болсон. Тухайн үед хүмүүс архи, пиво уугаад сууж байсан. Орой 22 цагийн үед дэлгүүр явахаар болж манай нөхөр, М, би, Дүүрэнбаяр бид дөрөв манай машинаар ойрхон дэлгүүр орчихоод ирсэн. Манай машинд суухаасаа өмнө М жолоог би барина гээд байхаар нь би “чи согтуу байна бос” манай нөхөр чамаар машинаа бариулахгүй, намайг суухад уурладаг гэж тоглоом шоглоомоор хэлж машинаас түлхэж буулгасан. Тухайн үед надад сонин сэтгэл төрсөн боловч би тоогоогүй. Тэгээд Дүүрэнбаяр гэрт ороод ир гэхээр нь орж үргэлжлүүлэн суусан юм. М манай нөхөрт хандан тоглоом шоглоом хийж яриад байсан “жоохон банди шиг сууж” байна гээд байсан. Би жоохон хүүхэд шиг байгаа биз дээ гээд инээгээд сууж байсан. Тэр үед нөхрүүд гараад явсан. Би өмнө манай нөхөртэй юу болсон бэ гэж асуусан юм. Урьд нь М нөхөр хүүхэдтэйгээ ирж манайд хоносон юм. Мгийн нөхөр болон хүүхэдтэй нь цуг би дэлгүүр явах гэж гарсан. Манай гэрт манай нөхөр, М хоёр үлдсэн юм. Гэрт орон дээр М унтаж үлдсэн. Манай нөхөр их согтолттой байсан. Бид гурав дэлгүүр орчихоод гэрт ороод ирэхэд манай нөхөр, М  хоёр сандралын байдалтай байсан. Би тухайн үед тоглоом наргиа хийж та хоёрын дунд юу болсон бэ гээд л яасан сандралтай байгаад байна аа гэж инээгээд өнгөрсөн юм. Үүнийг дахин асуусан юм. Чамд үнэнийг хэлэх үү “танай хүнтэй нэг зүйл” болсон ч арай унтаагүй л дээ гэхээр нь би уурлаж сандал авч шидсэн. Тухайн үед Мг оноогүй. Айлын эзэгтэй гар гэхээр нь бид хоёр гарсан. Ариун цэврийн өрөө бол тухайн айлын өөдөөс харсан хаалга юм. Үүнээс болж муудалцаж, зодолдсон. Миний дээр гарч үснээс зулгааж, нүүр маажсан. Би “чи нүүр маажаад” байна, өглөө ажилтай гэж хэлсэн. М чиний улаан нүүрийг маажсан ч яадаг юм гээд байсан. Намайг гомдоож, нүүрийг санаатай маажсан. Хэсэг хугацааны дараа гэртээ ороод харахад нүүрэн тус газраас цус гарсан байсан. Тухайн үед цагдаа дуудах гэтэл утас олдоогүй. Нөхрийг орж ирэхээр нь утсаар нь цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны мөнгийг нийлүүлээд      550.000 төгрөг болсон. Энэ хохирлыг нэхэмжилж байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Мягмармаагийн өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай нөхрийн ажлын Бямбаа гэдэг манай байранд байдаг. Бямбаагийнд манай нөхөр, би, Мөнхтуяа нөхөр Дэмбээгийн хамт бид ууцгаасан. Би эхлээд тэд нартай байж байгаад хүнд юм өгөх гэж гараад 2 цагийн дараа эргэж орсон. Тэгээд бид тэнд 03 цаг хүртэл сууцгаасан байх. Энэ хооронд би гэр рүүгээ орж гарч байсан. Энэ хооронд эрчүүд гараад явсан. Би Мөнхтуяатай юм ярьж байгаад манай нөхөр та хоёрын хооронд ямар асуудал болсон юм гэж асуухад ямар асуудал болсон гэж хэлүүлмээр байна гээд намайг доромжлоод байхаар нь би уурлаад сандал авч шидсэн чинь оноогүй. Тэгээд сууж байсан сандал дээрээс нь түлхээд газар унагаасан чинь айлын эхнэр Дүүрэнбаяр намайг аваад орцонд гарсан. Тухайн үед би айхтар уурласан байсан учир муу янхан минь гараад ир гэж хэлсэн чинь Мөнхтуяа гараад ирэхээр нь чи яахаараа хүнийг доромжилдог юм бэ гэж хэлээд түлхэж аваад бид хоёр үсдэлцээд ноцолдсон. Тухайн үед нилээн ноцолдсон. Тэгсэн Батзаяа гарч ирээд биднийг салгасан. Зодолдож байх хугацаандаа би маш их орилж байсан. Орц харанхуй байсан учир хэн хаана зогсож байгаа, хэн гарч ирсэн талаар мэдэх зүйл байхгүй байсан. Тэгээд салаад гэртээ ороод хартал нүүр маажигдсан байхаар нь би цагдаа дуудсан. Энэ хооронд Мөнхтуяа дуудуулахгүй гээд гар хөл барьж аваад байсан... Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Бямбадэмбэрэлийн: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Мөнхтуяагийн хамт бид хоёр ажлын газрынхаа Бямбаа гэдэг айлд золгохоор 17 цагийн орчим хүүхдүүдийн хамт очсон. Биднийг тэднийд очиход хамт ажилладаг Ганхөлөг гэдэг залуу Бямбаагийнд сууж байсан. Биднийг байж байхад гаднаас Гөнхөлөгийн эхнэр Мягмармаа 20 цагийн үед эрүүл ганцаараа орж ирсэн. Тэгээд бид архи ууцгаагаад Мягмармаа нилээн согтоод манай эхнэрийг өөрийн нөхөр Ганхөлөгтэй хардаад есөн шидээр хэлээд айлын зурагтын удирдлага авч шидээд байсан. Тэгсэн Ганхөлөг уурлаад эхнэр Мягмармааг баруун шанаа руу нь нэг, хоёр удаа алгадаж байх шиг байсан. Тэгсэн Мягмармаа уурлаад чи энэ янханаа өмөөрлөө гээд байсан. Тэгээд би Ганхөлөг, Мягмармаа хоёрыг салгаад Ганхөлөгийг Бямбаа бид хоёр аваад гарсан. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан байх. Бид гадаа цаг орчим болоод орж ирэхэд Мягмармаа байхгүй, манай эхнэр Мөнхтуяа, Дүүрэнбаяр хоёр байсан. Мөнхтуяагийн үс нь сэгсийсэн зулгаагдсан байдалтай хуйх нь хавдсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Юу болсон талаар асуухад намайг нөхөртэйгөө хардаад баахан доромжлоод нүүр рүү нулимаад үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь тавиулах гэж нүүрийг нь маажсан гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Дүүрэнбаярын өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цагаан сарын шинийн 3-ны 20 цагийн орчим Бямбадэмбэрэл эхнэр Мөнхтуяа хүүхдийн хамт мөн Ганхөлөг, Бямбазориг нь ахтайгаа золгоно гээд Ганхөлөг, Бямбазориг, Бямбадэмбэрэл нар халамцуу манай гэрт орж ирцгээсэн. Мөнхтуяа согтууруулах ундаа хэрэглээгүй байх шиг байсан. 21 цагийн орчим гаднаас Ганхөлөгийн эхнэр Мягмармаа ганцаараа эрүүл орж ирсэн. Тэгээд бид ууцгаагаад Мягмармаа нилээн согтсон байсан. Мөнхтуяа руу чи манай нөхөртэй явалддаг, янхан гээд агсраад байсан. Эхлээд тэр хоёр ширээний ард нэг нэгнийгээ ёжлоод ч байгаа юм шиг юм яриад Мөнхтуяа инээгээд сууж байсан. Тэгээд эрчүүд нь архинд гадагшаа гараад Мөнхтуяа, Мягмармаа, бид гурав гэрт үлдээд байж байхад Мягмармаа агсраад Мөнхтуяа руу сандал аваад шидэхээр нь би та нар гарцгаа нялх нойтон хүүхэд унтаж байна гэж хэлээд Мягмармааг аваад орцонд гартал Мягмармаа муу янхан минь гараад ир гээд чарлаад байсан. Тэгсэн Мөнхтуяа гэрээс гарч ирээд зогсож байтал Мягмармаа Мөнхтуяагийн дээлний хормой хэсэг рүү нь өшиглөөд тэгээд тэр хоёр үсдэлцээд зууралдсан. Би тавиулах гээл дийлэхгүй байсан болохоор хажуу айлын Заяа эгчийг дуудаж бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр хоёр дахин үсдэлцээд маажилцсан. Дахин бид хоёр салгаад байж байхад нөхрүүд нь орж ирэхээр нь би хүүхэд рүүгээ яараад гэр рүү орсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Б.Батзаяагийн:.. 2018 оны 02 дугаар 18-ны өдөр 23 цагийн орчимд манайхан унтацгаасан. Тэр өдөр манай нөхөр гэртээ байгаагүй ээжийнх рүүгээ явсан байсан. Тэгээд намайг унтаж байхад шөнийн 02 цагийн орчимд орцонд эрэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь Мягмармаа, М хоёр бие биенээ үсдсэн байдалтай коридорын шалан дээр хэвтчихсэн, Дүүрэнбаяр хажууд нь салгах гээд ноцолдоод байж байсан. Би дийлэхгүй байна, та салгалцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би Дүүрэнбаяртай хамт салгасан. Тэгээд Дүүрэнбаяр Мг гэр рүүгээ аваад орох гэж байхад нь  Мягмармаа М руу нулимаад тавчикаа авч шидээд гүйж очоод үснээс нь шууд зулгаагаад М мөн адил зөрүүлээд зулгаахад нь Дүүрэнбаяр бид хоёр арай хийж салгасан. Тэр хоёр бие биенээ хэл амаар л доромжлоод байсан. Ер нь Мягмармаа л ихэвчлэн хэл амаар доромжлоод нөхөртэйгээ учиртай байсан гээд хардаад орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Г.Мгийн: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Бямбадэмбэрэлийн хамт бид хоёр ажлын газрынх нь ахынд нь золгохоор 17 цагийн орчим хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд тэднийд бид хэдийг ороход гэрийн эзэн Бямбаа түүний эхнэр Дүүрэнбаяр, Мягмармаагийн нөхөр Бямбазориг нар байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг сууж байхад гаднаас Мягмармаа ганцаараа орж ирсэн. Бид тэнд идэж ууж сууж байгаад манай нөхөр гэрийн эзэн, Мягмармаагийн нөхөр энэ хэд дэлгүүр орж архи авч ирэх гээд гарсан. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан. Манай хүүхэд унтаж байсан. Гэрт Дүүрэнбаяр, Мягмармаа бид гурав үлдсэн байсан. Тэгсэн Мягмармаа намайг нөхөртэйгээ хардаж хэрүүл хийж жижиг пиврон сандал авч шидээд нүүр рүү нулимсан. Тэр үед Дүүрэнбаяр Мягмармааг салгаж гэр рүү оруулахаар авч гарсан. Удалгүй би бие засах гээд гарсан чинь Дүүрэнбаяр, Мягмармаа нар коридорт зогсож байгаад намайг харснаа чи хүрээд ир гээд нөхөртэйгээ хардаад миний нүүр рүү нулимаад намайг үсдсэн. Би үсдэх гэсэн боловч үсдэж чадаагүй учир гарыг нь тавиулах гэж нүүрийг нь түлхсэн. Тэгсэн тэнд байсан Дүүрэнбаяр хажуу айлын эгч  нь бид хоёрыг салгаад Мягмармаа цагдаа дуудсан. Тэгтэл гаднаас манай нөхөр Мягмармаагийн нөхөр, Дүүрэнбаярын нөхөр орж ирсэн. Удалгүй цагдаа нар ч гэсэн  ирсэн...гэх мэдүүлэг /хх-н 41-42 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2660 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Мягмармаагийн биед баруун, зүүн зовхи, дух, бүсэлхий, эрүү, баруун бугуйнд зулгаралт, хоёр өвдөгт өнгөц зулгаралт, цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,

  • Хохирлын баримт /хх-ийн 13-15 дугаар тал/
  • =250.300 төгрөг

                Ажилгүй байсан хугацааны цалин 310.000 төгрөг /хх-ийн 49-52 дугаар тал/

        - Шүүгдэгч Г.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Гал унтраах ангийн байрны 2 дахь орцны 2 давхарт иргэн А.Мягмармаатай зодолдон улмаар түүний нүүрэн тус газар олон удаа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Гал унтраах ангийн байрны 2 дахь орцны 2 давхарт 2018 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд иргэн А.Мягмармаатай зодолдон улмаар түүний нүүрэн тус газар олон удаа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Хохирогч А.Мягмармаа хавтаст хэрэгт өөрт учирсан нийт хохирлын 560.300 төгрөгийн баримтыг ирүүлсэн тул уг мөнгийг шүүгдэгч Г.Мгаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. А овогт Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугааар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Г.Мгаас 560.300 /таван зуун жаран  мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Алтансүхийн Мягмармаад /РД:ХЛ81062368/ олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ