Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

                                                                                       Ч.Б-т холбогдох эрүүгийн

                                                                                               хэргийн талаар

       Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр,  Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                  Б.Чулуунхүү

          Шүүгдэгч                                                                   Ч.Б

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Р.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Ат нарын давж заалдах гомдлоор Ч.Б-т холбогдох 2424000460080 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ...... аймгийн ..... сумд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..... аймгийн ...... сумын ..... багийн 2-21 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... овогт Ч-ын Б /................/

Шүүгдэгч Ч.Б нь "2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “…..” гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-г “ENARY” нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50.000 төгрөг шилжүүлж элсэж ороод доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ………… дансаар 13.513.000 төгрөгийг, Төрийн банкны ………….. дансаар 1.830.000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-ийн Хаан банкны …………. тоот дансаар 3.020.000 төгрөгийг нийт 94 удаагийн гүйлгээгээр нийт 18.363.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 - мөн хохирогч Б.С-г 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш мөнгө өгөхгүй, мөнгө байхгүй гэхэд нь …. гэх фэйсбүүк хаягнаас "Орой би онгодоо буулгана, удахгүй чи удмаараа цусаар уйлна, надаар оролдохоор яадгийг яруу тодоор харуулаад өгнөө чамд, амьдралд чинь гай тотгор байнга тохиох болно, түй, чи хараарай, чи намайг цагдаад өгсөн бол хоёулаа тэгээд эвгүй л юм болно ш дээ, өнөө оройноос эхлээд амьдралд чинь гоё, гоё юм их тохиолдоно оо за юу харж бай, өдөж байж хутга зоолгов оо. Өнөөдөр холбоо барихгүй бол zarig.mn сайтад мэдээлэл өгч, фэйсбүүкээр цацуулна, чи естой овоо муу нохой юмаа тээ, бид хэд очиж байна чамайг олж чадахгүй гэж бодоод байх шиг байна, үгүй шүү за, чи зүгээр битгий эндүүрээд байгаарай гөлөг минь, уншчихаад хариу ч байхгүй яадаг муу гөлөг вэ, очсон хойно ийм бардам байхыг чинь харна аа" гэх агуулга бүхий,

…. Б. гэх фейсбүүк хаягнаас "урд нь бас ингэж алга болсон, одоо би фэйсбүүкт тавина, шуудан орж хаягаар чинь холбогдоно, хаяг руу чинь бүгдийг нь явуулна, одоо нутгийн чинь бүх группэд зар орууллаа, хөөш за больё, би одоо хийдэг ээ хийе, харж бай, дахиад фэйсбүүк дээр тавигдах уу, ингэж алга болоод байвал зар тавихаас өөр аргагүй шүү нөхөр минь, би ч шуудангаа явууллаа, битгий гомдоорой за" гэх агуулга бүхий,

- мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар гэх фэйсбүүк хаягнаас мэссэнжэр групп нээж, түүнд …. гэх хаягнаас "за наад хүн чинь намайг айлгая гэж бодоод байх шиг байна, би айхгүй л дээ сая над руу Б мөн үү гэж ярих юм, эрүүгийн цагдаа Г гэж хүн гэнэ үү, ….. гэсэн дугаар байна, ах нараа шалгаад өгөөрэй, хүн дарамталж мөнгө авлаа ч гэх шиг дарамталсан юм байхгүй л дээ ажлаа дуусгаад мөнгөө ав л гэсэн, таг чиг холбоогүй болсон хүн, өөрөө шүү ер нь, би өнөөдөр бууна аа наадахыг чинь удмаар нь самарна, нөгөө зурагнуудыг нь бүгдийг нь чатаар явуулчхаарай" гэх агуулга бүхий,

- мөн …… гэх хаягнаас "байхгүй ээ худ шаагаад таг, ок тэгнээ, одоо л арга хэмжээгээ авъя, байнга худ ярьж басаж байна, та ярих уу, би ярих уу, аавтай нь би нэг дэх өдөр гарч ар гэрийнхнийх нь холбогдох юмнуудыг нь цуглуулж, ар гэртэй нь холбогдоно оо" гэх агуулга бүхий,

Цагдаагийн газар гэх хаягнаас "яахав эцсээ үзнээ ок, яах вэ тэгж л байг, аавынх нь дугаар удахгүй олдоно, аавыг нь сайн таньдаг хүнтэй холбогдсон, за наад хүнийг чинь сайтаар хайнаа болохоо байлаа, өөрийгөө олдохгүй, олж чадахгүй гэж бодоод байх шиг байна, 13, 14 гээд наадам дуусна тэгээд учир нь олдоно биз дээ" гэх агуулга бүхий чат бичиж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн,

- мөн олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлалт зарлах код журмын дагуу Б.С-г эрэн сурвалжлах ажил зохион байгуулаагүй байхад цагдаагийн логотой зураг ашиглаж нээсэн ….. Б. гэх хаягнаас хохирогч Б.С-ийн олон нийтийн сүлжээнд ашигладаг "……" гэх фэйсбүүк хаягийг тааглаж, "Завхан зар мэдээ" гэх фэйсбүүк группэд "хайж байна", мөн “…..” rэх хаягнаас "Эрэн сурвалжилж байна. Завханых" гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  1. Анхан шатны шүүх:

Шүүгдэгч .... овогт Ч-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх, 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ч.Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх apra хэмжээг хүчингүй болгож, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс тоолж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ээс 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С-д олгож, цаашид шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Ч.Б-ийн өмчлөлийн ….. аймгийн ….. сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 500 м квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 11 дугаартай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгч миний бие 2025 оны 02 сарын 21-ний өдөр шүүгдэгч Ч.Б-ийн гэр бүлийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор гэрээ байгуулан шийтгэх тогтоолтой танилцаж үзлээ. Уг шийтгэх тогтоол нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Бодит байдалтай нийцээгүй дүгнэлтүүдийг хийсэн байна. Гомдол гаргах үндэслэл нь:

1. Хэргийн харъяаллын асуудал энэ хэрэг дээр яригдана. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.Б нь …. аймгийн …. суманд амьдарч байсан нь тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар шүүх, прокурорын хянан шийдвэрлэж буй хэрэг нь харъяаллын бус болох нь тогтоогдвол шүүхэд шилжүүлнэ гэх заалт зөрчигдсөн байна

2. Шүүгдэгч Ч.Б-т 3-н зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэж, шүүхэд хэрэг нь шилжсэн байдаг. Гэтэл олон зүйл, ангитай хэрэг дээр шүүхээс өмгөөлөгчөөр хангаагүй нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь заалт, 5.3 дугаар зүйлийн 2 дахь заалтаар шүүх, прокурор томилогдсон өмгөөлөгч томилж оролцуулна гэсэн заалт зөрчигдсөн.

Учир нь: Шүүгдэгч нь хууль эрхийн мэдлэггүй. Ч.Б сайн дураараа өмгөөлөгч авахгүй гэсэн, санаа бодолгүй байсан байдаг. Энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарлана.

3. Шүүхийн шийтгэх тогтоолын толдорхойлох хэсэгт .... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалтай шалгаж тодруулсан гэжээ. Гэтэл дор дурьдсан ажиллагааны талаар нотолж шалгаж чадаагүй байдаг. Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шуух хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө эхлээд 2024 оны 03 сарын 03-ны өдөр 50.000 төгрөг дараа нь буюу 2024 оны 7 сарын 05-ны өдөр хүртэл 81 удаагийн үйлдлээр 13.053.000 төгрөг шилжүүлсэн.Л.О гэх хүний данс руу 3.020.000 төгрөг шилжүүлсэн нийт 16.073.000 төгрөг залилуулсан гэж мэдүүлсэн байдаг. Шийтгэх тогтоолд шүүхээс 18.363.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна. Ийм зөрүүтэй, аль үнийн дүн нотлох баримтаар тогтоогдож байгаа, үндэслэлтэй гэдэг дээр дугнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. б/Шийтгэх тогтоолд .....94 удаагийн үйлдлээр гэж бичигдсэн байна. Б.С-ийн мэдүүлэгт Ч.Б-т 81 удаагийн гүйлгээгээр, Л.О-ийн дансаар 6 удаа гүйлгээ хийсэн гэж мэдүүлсэн байна. Хохирогч хууль сануулаад үнэн зөв мэдүүлэг өгнө гэж баталгаа гаргаад 87 удаагийн үйлдэл яриад байдаг. Үүнийг яагаад зөрүүтэй тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна

4. "….." гэх фейсбүүк хаягаар заналхийсэн зүйл бичдэг гэж хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна.

а/Хохирогч Ч.Б-тэй өөрөө харьцаж байсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй энэ асуудлыг шүүх хуралдаанд болон шийтгэх тогтоолд дурьдаагүй зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн байдаг.

б/ Ч.Б-ийн хамтран амьдрагч гэх О-ийн дансаар 3.020.000 шилжиж орж ирсэн гэж дурьдсан байдаг. О энэ хэрэгт ямар хамааралтай эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа огтоос хийгдээгүй. Хамт байсан эсэх, өөрийн данс руу мөнгө шилжин ирсэн тохиолдолд хэн түүнийг авч захиран зарцуулсан, мөнгө шилжүүлсэн гэж Б.С-аас хэлсэн гэх мэт нарийн асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байхад, шүүх үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй

в/ "…." гэх хаягийг О-ийн хаяг гэж хэлсэн талаар хохирогч Б.С мэдүүлсэн байна, Энэ фейсбүүк хаягаар бичсэн заналхийлсэн үгстэй өгүүлэмжийг Ч.Б бичсэн гэдгийг юугаар нотолсон юм. Шийтгэх тогтоолд энэ талаар нотлогдож буй нотлох баримтын талаар бичээгүй төдийгүй улсын яллагч Б.Ч-ийн дүгнэлтэд дурьдаагүй байна.

г/ Гэрч Ж-ны мэдүүлгээр 2024 оны 3 сараас, 2024 оны 7 сарын хооронд ….. суманд амьдарч байсан гэж мэдүүлдэг. Энэ хооронд мөнгөжүү болсон байсан эсэх, мөнгөтэй болсон бол хаанаас мөнгө ирсэн энэ талаараа юу гэж хэлж байсан зэрэг нарийн асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад огтоос тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, энэ үлэмж хэмжээний мөнгийг Ч.Б зарцуулсан эсэх, зарцуулсан гэдгийг шийтгэх тогтоолдоо огтоос дүгнэж бичээгүй байна. Энэ асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэхээр байна. Уг хэргээс шүүх зөвхөн яллах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан байдаг. Энэ нь шийтгэх тогтолын 7-р талд бичигдсэн. Хэдийгээр хувийн байдал гэж бичсэн боловч Ч.Б нь 8 настай охинтой. Одоо түүнийг асран хамгаалах хүнгүй, ээжийгээ нэхсэн, яагаад ирэхгүй байгаа гэж өвөө эмээгээсээ асуусан, сэтгэлээр унасан хэцүү байгаа талаар Ч.Б-ийн аав Ч гэх хүнээс л мэдээлэл авсан. Хэрэгт хүүхдийн төрсний гэрчилгээ авагдсан талаар мэдэх боломжгүй байна.

5. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч болсон хэргийн талаар яриагүй хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх зүйлээс тодорхой ойлголт авч чадахгүй байна.

Учир нь: шийтгэх тогтоолд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажилагааны явцад өгсөн мэдүүлэг огтоос бичигдээгүй нь шийтгэх тогтоол, хууль ёсны байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж гомдол гаргаж байна гэжээ.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өөрийн биеэр Завхан аймагт очиж 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцсан. 2025 оны 02 дугаар сарын        05-ны өдрийн 11 дугаартай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг 3-н үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдийн талаар яръя. Хэргийн харьяаллын асуудлыг ярьж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчжээ. Хэрэг гарсан нутаг дэвсгэрт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэснээс хохирогчийн амьдарч байгаа газар мөрдөн шалгах ажиллагааг явуулсныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Учир нь шүүгдэгч Ч.Б нь ..... аймгийн ..... суманд 2024 оны 04 дүгээр сараас, 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарсан. Хэрэг хаана үйлдэгдсэн гэхээр ..... аймгийн ...... суманд, хэрэг хаана төгссөн гэхээр ..... аймгийн ..... суманд төгссөн. Гэмт хэрэг гарсан газар ..... аймгийн ..... сум. Мөрдөн шалгах ажиллагааг .... аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг шалгах ёстой байтал, Завхан аймагт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн байна. Хэрэг шүүхийн харьяалал бус газар шилжиж ирвэл харьяаллынх нь дагуу шилжүүлэх үүрэгтэй. Шүүх харьяаллыг зөв эсэхэд дүгнэлт хийгээгүй мөртлөө, Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хоёрдугаарт, хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлт авагдсан байгаа. Хуульд байхгүй зүйл, хэсгээр яллаж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэрэг гэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...иргэн сонгуулийн ажилд саад хийх гэсэн зүйл, хэсгээр яллаж оруулж ирсэн байна. Энэ тал дээр шүүх анхаарч үзээгүй. Энэ хүнд холбоогүй зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх яллах дүгнэлтийг зөвтгөх байсан. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байна.

 Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаах албаны даргын албан тогтоол гарч тухайн хэргийг, хэн гэдэг мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байна. Гэтэл хэрэгтэй танилцаад үзэхэд эрүүгийн төлөөлөгч Б.Н, Ц.М нарыг мөрдөн байцаах албаны тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхнээс нь аваад, эцсийг нь хүртэл шийдвэрлэнэ гэсэн ямар нэгэн үг өгүүлбэртэй тогтоол хэрэгт авагдаагүй. Албаны даргын тогтоолоор томилогдоогүй мөрдөгч хувийн сонирхлоор хэргийг шалгасан гэдэг хардлага байгаа. Энэ бол ноцтой зөрчил юм. Саяны хэлсэн 3 ноцтой зөрчлүүд бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ч.Б-ийг гурван зүйл, хэсгээр шүүхэд шилжүүлсэн. Энэ хүн хууль эрх зүйн мэдлэггүй, хөдөө орон нутагт амьдардаг хүн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яагаад өмгөөлөгч авах эрхийг хангаагүй юм бэ? гэхэд, намайг мөрдөгч нар өмгөөлөгч авах шаардлагагүй гэж хэлсэн. Шүүхээр яваад ял авахгүй гэсэн учраас тэдэнд итгэсэн юм аа гэдэг зүйлийг ярьсан. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6 дахь заалт, 5.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчиж хүний эрхийг хангаагүй байна. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайдын А/58 дугаартай тушаалаар баталсан журмаар өмгөөлөгч аваагүй тохиолдолд шүүх өмгөөлөгчөөр хангах үүрэгтэй. Энэ эрхийг Ч.Б-т олгоогүй нь үнэхээр харамсалтай байна. Дараагийн ноцтой зөрчил нь өнөөдөр улсын яллагч, ялын шүүмжлэл явуулахдаа, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял Ч.Б-т оногдуулсан. Яагаад ноцтой зөрчилд тооцож байна вэ? гэхээр Ч.Б өнөөдөр 5 сартай жирэмсэн, гэтэл нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэйд оногдуулахгүй гэсэн байгаа. Эрүүгийн хуулиар хориглосон ялыг оногдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дөрөвдүгээрт, шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолсон байх ёстой. Гэтэл энэ хэрэгт нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй. Тухайлбал, бодит хохирол гэж юуг хэлэх, бодит хохирлыг яаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд тодорхой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6-д хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тогтооно гэж байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг анх Цагдаагийн газар хүлээж авсан. Гомдол, мэдээлэлд 13,513,000 төгрөгөө залилуулчихлаа гэсэн гомдол байсан. Дараа нь 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр П.С хохирогчийн хоёр харилцах дансанд үзлэг хийгээд, энэ мөнгөн дүнгийн талаарх мэдээллийг мөрдөгч авсан байдаг. Ямар хохирол байна гэхээр 13,513,000 төгрөгийг П.С-аас, Ч.Б рүү шилжүүлсэн гэсэн байгаа. Прокурор яллах дүгнэлтдээ болон яллахдаа 13,513,000 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан. Дараа нь 16,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэг яллаад, эцсийн дүнд 18,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэж 2-3 янзын үнийн дүнгээр яллаж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолд мөнгөний дүнг 2-3 янзаар яриад тэмдэглэл үйлдээд, хурлын тэмдэглэл дээр тэмдэглүүлсэн байхад шүүх өнөөдөр 18,300,000 төгрөгөөр хохирол учруулсан гэж дүгнэж байгаа. 18,300,000 төгрөгөөр хохирол учруулсан баримт хэргийн материал дотор байхгүй. Хохирогчийн гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулга, мөрдөгчийн ХААН банкны дансанд тулгаж үзсэн тэмдэглэл, анхны гомдлын үнийн дүн бол 13,513,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Тэгэхээр 18,000,000 төгрөгийн асуудлыг яаж гарган ирж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь эргэлзээтэй асуудлууд гарч ирсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогчоос хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бэ?, таны хохирлыг барагдуулсан уу? гэсэн асуулт хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Гэтэл энэ хүн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 7,300,000 төгрөгийн хохирол төлсөн. Сая би өөртэй нь биечлэн уулзаад хэргийн материалтай танилцаад хохирогч руу ярьсан. Та нар надад 5,000,000 төгрөг өгчих, би өөр хохирол нэхэмжлэхгүй гэдэг асуудлыг ярьсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийг оролцох бол уу гэсэн оролцсонгүй. Сая 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг хохирогчийн данс руу шилжүүлсэн байгаа. Энэ баримтыг өмгөөлөгчийн дүгнэлтийн хамт давж заалдах шатны цахим хаяг руу явуулсан. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон эсэхийг хэргийн материал дотроос шалгах ёстой. Хэргийн материал дотор Ч.Б-ийн хувийн байдлыг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй. Ч.Б нь 8 настай хүүтэй. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт хоёрыг хавсаргаад явуулсан, гэтэл ерөнхий шүүгчийн албан бичгээр гомдол гаргасан материалтай буцаад хүрээд ирсэн байгаа. Энэ байдлаас болоод, ямар хүндрэл үүсэж байна вэ? гэхээр хүүхэдтэй гэх нотлох баримт үгүй болсон. Би сая өмгөөлөгчийн дүгнэлттэй хамт хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг давхар явуулсан. Энэ хүн бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, амьдралын хувьд хэцүү амьдралтай эгчийнхээ хашаанд гэрээ бариад амьдардаг. Шүүгдэгчид тодорхой хэмжээний ял оногдуулаад явбал, насанд хүрээгүй бага насны хүүхдийг хэн асран хамгаалах вэ? гэдэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шалгах явцад О гэдэг хүний нэр гарсан байгаа. О гэдэг хүний данс руу мөнгө шилжсэн, би сая биечлэн уулзахдаа асуусан байгаа. Ч.Б би, О-ийн дансны картыг эзэмшиж байсан гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн хувийн байдлыг маш сайн тогтоох ёстой байдаг. Энэ байдлыг орхигдуулсан байна. 2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0/90 дугаартай анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан бичиг байдаг. Энэ албан бичгээр хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаад энэ хоёр байдлыг тогтоогоогүй байсан учраас хэргийн материалтай танилцаад нэмэлтээр 19 хуудас материал өгсөн. Харьяа багийн даргын тодорхойлолт, өрх толгойлсон эмэгтэй, жирэмсэн, жирэмсний хяналтын тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны эмч М-ийн тодорхойлолтуудыг нотлох баримтад үнэлж өгнө үү гэж гаргаж өгсөн.

Саналын тухайд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлийг дээр дурдсан. Хэрвээ шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд Ч.Б-ийг анхан шатны шүүхэд хэрэг очих хүртэл хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд байлгах хүсэлтийг тавьж байгаа. Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй учраас хэдэн санал хэлье. Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Ч.Б-т өнөөдөр хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломж байсан. Энэ хүн анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан жирэмсэн хүнд оногдуулсан ялын шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй 2 жилээр хойшлуулах боломж байна гэдэг саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ зүйл, хэсгүүдийн тухайд, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас ялаас чөлөөлөх боломжтой байна гэж үзэж байна. Хохирлын нийт дүн бол 13,513,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцоолол гаргасан. Энэ талаар дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Тухайлбал, хохирлын асуудал дээр 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 158,000 төгрөг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181,000 төгрөг гээд нэлээн хэдэн, өөр хүнээс орж ирсэн мөнгөн дүнг П.С-ийн хохирлын дүн болгож оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

4. Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б.С-аас өөрийнх нь ХААН банкны нэг л дансаар мөнгө авдаг байсан. Өөрийнхөө ашигладаггүй дансаар нэг л удаа гүйлгээ хийсэн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан. Би гүйлгээний утгад өөр, өөр нэр бичүүлж байгаагүй. Эхний ээлжид 1, 2, 3 гэх тоонууд бичүүлсэн. Дараагаар нь дандаа цалин гэж бичүүлдэг байсан. Өөр утгатай гүйлгээ хийлгэж байгаагүй гэв.

5. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэгдүгээрт, шүүхийн харьяалал зөрчсөн асуудал яригдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт ...хэрэг адил эрх бүхий, өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Ч.Б-т холбогдох хэрэг нь өөрөө цахимаар үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. Хохирогч нь Завхан аймгийн .... сумд байхдаа мөнгө шилжүүлсэн, Ч.Б нь ..... аймгийн ..... сумд байсан гэж тайлбарлаж байгаа боловч, хохирогчоос дансаар авсан мөнгө нь цахимаар төлбөр тооцооны бэлэн бус аргаар интернэт банк, картаар зарлага үйлдэгдсэн байдаг. Ийм учраас гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, төгссөн нь эргэлзээтэй байгаа. Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн харьяаллын талаар маргаагүй. Дээд шүүхийн тогтоол байдаг, адил эрх бүхий нь шүүхийн харьяаллын талаар маргаагүй тохиолдолд тухайн шүүх анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй гэж, Хэрвээ маргасан тохиолдолд Улсын Дээд шүүхээс шүүхийн харьяаллыг тогтоох эсэх асуудал яригдана. Шүүгдэгч Ч.Б-ийг 3 зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн. Ч.Б-ийг өмгөөлөгчөөр хангаагүй гэсэн гомдлыг өмгөөлөгчөөс гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгч заавал оролцуулах 6 тохиолдол байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Ч.Б нь өөрөө өмгөөлөгч авахгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Заавал өмгөөлөгч авах 6 асуудал дээр 3 хөнгөн зүйл, хэсгээр яллагдагчаар татсан тохиолдолд  өмгөөлөгчөөр хангана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.  Хохирлын тухайд нотлох баримт шинжлэн судлуулах үе шатанд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон Ч.Б-ийн болон О гэх хүний ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Түүнийг шинжлэн судалж болно. Хохирогч хэлдэг, эхлээд Б.С-аас, дараа нь нэг, хоёр, гурав, дараа нь цалин гэж гүйлгээний утга дээрээ бичээрэй гэж хэлсэн байдаг. Шилжүүлсэн данс нь Б.С-ийн өөрийн эзэмшлийн 2 данс биш. Өөр хүний нэрээр шилжүүлсэн гүйлгээ, Ч.Б зааварчилгаа өгсний дагуу, ямар нэгэн нэр, тоогоор, цалин гэсэн утгаар мөнгөн гүйлгээ хийсэн байдаг. Хохирогчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн мөнгө шилжүүлээд байгаа данс нь 2 данс байгаа. Нийтдээ 94 удаагийн гүйлгээгээр яллах дүгнэлтэд дурдсан 18,363,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн нь тогтоогдсон. Тухайн хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 73 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Өмгөөлөгчийн гомдол гаргаж байгаа үндэслэл нь жирэмсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаад, түүнийг нь анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн гэж байна. 2024 оны 10 дугаар 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн, Ч.Б нь ямар нэгэн байдлаар жирэмсэн гэдэг нь тухайн үед тогтоогдоогүй байсан. Мөн анхан шатны шүүхээр 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ч.Б нь жирэмсэн гэдэг талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Хорих ял авснаас хойш жирэмсэн байж болзошгүй гэдэг үүднээс цагдан хорих байранд эмчийн үзлэг хийгээд, мөн жирэмсний тест, эход харуулах зэргээр үзүүлэхэд 3 сартай жирэмсэн болох нь тогтоогдоод, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эмчийн хяналтад орсон байгаа. Ч.Б-ийн хувийн байдлыг тогтоогоогүй гэдэг асуудал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалтгүй байна гэж сая өмгөөлөгч ярилаа. Ч.Б-ийн талаарх бүхий л мэдээллүүдийг цуглуулсан. Төрийн мэдээллийн сангаас авах лавлагаануудыг бүгдийг авсан, мөн Ч.Б 8-н настай хүүхэдтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хүүхдийн эцэг нь Х гэдэг хүн байдаг. Эгчийнхээ хашаанд хүүхэдтэйгээ амьдардаг байсан талаар хэрэгт авагдсан байгаа. Хохирогч Б.С-ийн тухайд зөвхөн эдийн засгаараа хохироод зогсохгүй, сэтгэл санааны хохирлыг амссан гэж анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцохдоо энэ талаар ярьсан нь, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирогчийн тухайд 2024 оны 03 дугаар сараас, 07 дугаар сар хүртэлх 4 сарын хугацаанд 18,000,000 төгрөг шилжүүлсэн. Дээр нь маш их сэтгэл зүйн дарамтад орсон. Шүүгдэгч өөрийгөө бөө гэж, цусаар уйлуулна гэх юм уу, олон нийтийн сүлжээ ашиглаж, эрэн сурвалжилж байна гэх мэтээр энэ байдлаас болоод сэтгэлийн хямралд орсон байгаа. Ч.Б-ийн тухайд 3 зүйл, хэсэгт холбогдох хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон учраас, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ийг  “2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “….” гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-г ENARY нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50.000 төгрөг шилжүүлж, элсэж ороод доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 94 удаагийн гүйлгээгээр 18.363.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, мөн бусдыг заналхийлэх, худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

3. Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлогдоогүй байхад шийдвэрлэсэн байна. Тухайлбал, энэ хэрэгт гэмт хэргийг хаана үйлдсэн болох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал хангалттай нотлогдоогүй байна. Тухайлбал,

4. Шийтгэх тогтоолд дурдагдсан хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Ч.Б нь залилах, заналхийлэх, худал мэдээлэл тараах гэмт хэргүүдийг хаана, хэрхэн үйлдсэн талаар мэдээлэл байхгүй, фейсбүүк цахим хэрэгслээр үйлдсэн гэжээ.

5. Хэргийг цахим хэрэгслээр үйлдэх нь хэрэг үйлдэх арга хэрэгсэл болохоос биш, гэмт хэрэг хаана үйлдэгдсэнийг тодорхойлох ойлголт биш юм. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэнийг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтойгоос гадна хэргийн болон шүүхийн харьяаллыг тогтооход мөн ач холбогдолтой юм.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулахаар, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг өөрчлөх үндэслэл тогтоогдвол прокурорын шийдвэрээр өөрчлөх агуулгыг зохицуулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн харьяаллыг зохицуулахдаа “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.

7.Хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Ч.Б нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх үедээ .... аймгийн ..... сумд амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар нутаг дэвсгэрийн харьяаллаар .... аймгийн .... сумын Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт явуулахаар байхад, прокурорын харьяалал тогтоосон шийдвэргүйгээр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байна.

8. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан үндэслэлийн алинаар нь хүлээн авч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнээгүй байна.

9. Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд 81 удаагийн үйлдлээр нийт 16.073.000 төгрөгийн хохирол учирсан гэж, дараа нь 94 удаагийн үйлдлээр  нийт 18.363.000 төгрөгийн хохирол учруулсан гэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар зөрүүтэй мэдүүлсэн  байхад яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн дээрхи зөрүүтэй мэдүүлгээс 94 удаагийн үйлдлээр 18.363.000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэдүүлгийг үнэлэхдээ яагаад үнэн зөв, эргэлзээгүй мэдүүлэг болохыг дүгнээгүй, хохирогчийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулах замаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт үнэлээгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хэрхэн нотлогдсон эсэхийг үнэлж дүгнээгүй байна.

10. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан” Шүүх , прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ,  хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, үнэлнэ гэсэн хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

11.  Мөн шүүгдэгч Ч.Б болон түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “…шүүгдэгч Ч.Б нь жирэмсэн 5 сартай, мөн 8 настай охинтой, түүнийг асран хамгаалах хүн байхгүй...” гэсэн мэдээллийг ирүүлсэн байх бөгөөд хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт хангалттай авагдаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

12. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийн 5 сартай жирэмсэн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.А нарын давж гомдлыг хүлээн авсугай.

2. Анхан шатны шүүхэд хэрэг очтол шүүгдэгч Ч.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

                                                        ШҮҮГЧИД                  Б.АРИУНБАЯР

                                                                                           Б.НАМХАЙДОРЖ