Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01556

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дугаар шийдвэртэй, Х ХХК хариуцагч Г.Л , Б.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 11 052 826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О, хариуцагч Г.Л , түүний өмгөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 оны 11 сарын 07-ны өдөр 1060046487 дугаар зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч нар нь 13 700 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээний дагуу 13 700 000 төгрөгийг Г.Норжинлхамын Хас банк ХХК дахь 5001901780 тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Мөн үүний дараа зээлдэгч Г.Норжинлхам нь 2019 оны 07 сарын 09-ний өдөр нас барсан тул 2019 оны 08 сарын 05-ны өдөр зээлийн хүүг зогсоосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2 670 595 төгрөг, зээлийн хүүд 1 751 154 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 295 төгрөг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөөгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 67 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 11 029 405 төгрөг, зээлийн хүү 23 421 төгрөг, нийт 11 052 826 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Л тайлбартаа: Талийгаач Г.Норжинлхам нь 2010 оноос эхлэн нэхэмжлэгч банкнаас олон удаа мөнгө зээлжээ. Тэрээр ...Х ХХК зүгээс урьд авч байсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдлүүд дээр зээлийн гэрээ шинээр хий, батлан даагч ав гээд байна. Та батлан даагч болоод өгөөч гэж гуйсных нь дагуу зээлийн гэрээг уншаагүй, гарын үсэг зурсан. Тухайн үед ажил тарж байсан тул банкны ажилтан энэ гэрээний утга учрыг сайтар танилцуулж өгөөгүй. Талийгаач Г.Норжинлхам болон миний хуулийн мэдлэггүйг болон гэрээг уншиж үзээгүй утга учрыг нь сайн ойлгоогүйг далимдуулан хамтран зээлдэгч нэрээр гэрээнд гарын үсэг зуруулсан.

Зээлийн гэрээний 4.6-д өвлүүлэгчийн зээлийн өрийг өвлөгч хариуцахаар заасан байна. Гэтэл талийгаач Г.Норжинлхамын хууль ёсны өвлөгч нөхөр Б.Г нь байхад тэтгэвэргүй, ажилгүй, цалин орлогогүй, хувийн болон хамтран өмчлөх өмчгүй, нэн ядуу өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, бусдын хашаанд амьдарч байгаа надаас 11 052 826 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талийгаач нь Хас банк ХХК-аас 13 700 000 төгрөгийг бодитоор аваагүй, банк урьд онуудад авсан зээлийн үлдэгдлүүдийг нэмж нэгтгээд зээлийн дансанд хуурамч бичилт хийж түүнтэй зээлийн гэрээ хийсэн гэж ойлгож байна гэжээ.

 

Хариуцагч Б.Г тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 1060046487 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан байх ба тус гэрээний үндсэн болон хамтран зээлдэгч нь Б.Г биш юм. Хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагч нь өвлүүлэгчээс зөвхөн эд хөрөнгө, эрх өвлөж авах, мөн эд хөрөнгө өвлөж авсан тохиолдолд тухайн эд хөрөнгөтэй холбоотой өвлүүлэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг өөрийн өвлөн авсан өвийн хэмжээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээхээр зохицуулжээ. Хариуцагч Б.Г нь талийгаач Г.Норжинлхамаас хууль ёсоор болон гэрээслэлээр ямар нэг эд хөрөнгө, эрх өвлөн аваагүй буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Л сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Талийгаач Г.Норжинлхам нь Хас банк батлан даагч авчир гээд байна. Та очоод гарын үсэг зураад өгөөч гэж удаа дараа гуйгаад байхаар нь очиж гэрээг уншиж үзэлгүй гарын үсэг зурсан. Би хуулийн мэдлэггүй, гэрээний утга санааг ойлгоогүй, ажил тарж байсан тул банкны ажилтан гэрээг тайлбарлаагүй. Талийгаач Г.Норжинлхам нь 13 700 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй. Түүний урьд онуудад авсан цалингийн зээлийн үлдэгдлүүдийг нэмж нэгтгэж үүнийгээ зээлийн дансанд зээлийн гүйлгээ хийснээр хуурамч бичилт хийж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан нөхцөлүүд зээлдэгч талдаа хохиролтой, зээлдэгч талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, үгүйсгэсэн байна. Иймд Х ХХК 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 1060046487 дугаар зээлийн гэрээ нь Г.Л намайг хуурч мэхлэн ноцтой төөрөгдөлд оруулж дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчилсан, хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг талууд хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар байгуулсан. Тус зээлийн гэрээнд хэн ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тодорхой заасан байхад уншаагүй, хуулийн мэдлэггүй, утга санааг ойлгоогүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ хууран мэхэлсэн гэх агуулгыг тусгасан боловч гэрээ хийх гол эрхийн талаар төөрөлдсөн, хэлцлийн агуулгыг эндүүрсэн гэж байгаа нь логик уялдаа холбоогүй байна. Нотлох баримтаар хэрэгт авагдсан дансны хуулгаар 2018 оны 11 сарын 07-ны өдөр Г.Норжинлхамын дансанд 13 700 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Г.Норжинлхам нь 13 700 000 төгрөгийг аваагүй гэдгийг нотлох баримтаар нотлоогүй атлаа хуурамч бичилт хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч болон Хас банкны хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байхад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг баримтлах мэтээр дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний заалтууд нь зээлдэгч талыг хохироосон, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан, эрхийг хязгаарласан, үгүйсгэсэн ямар ч нөхцөл байхгүй тул Иргэний хуулийн 202.1, 202.2.8-д заасныг зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Л оос зээлийн гэрээний үүрэгт 1 178 950.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, үлдэх 9 873 875.39 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар Хас банк ХХК-д холбогдуулан гаргасан Г.Л гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 976 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Л оос улсын тэмдэгтийн хураамжид 32 845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Хас банк ХХК-аас 1 115 400 төгрөг, хариуцагч Г.Л оос 133 089 төгрөгийг тус тус гаргуулж Мүүрь аудит ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хас банк ХХК нь Г.Норжинлхам, Г.Л нартай 2018 оны 11 сарын 07-ны өдөр 1050046487 дугаар зээлийн гэрээ байгуулан 13 700 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 19.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж хамтран зээлдэгчийн уг зээлийн харилцаанд хүлээх үүргийн талаар тусгасан байна. Хариуцагч Г.Л нь дээрх гэрээний нөхцөлийг уншиж танилцан, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсгээ зурсан тул гэрээнээс үүсэн аливаа эрх, үүргийг биечлэн хариуцах үүрэгтэй юм. Зээлдэг нь зээлийн хөрөнгөөр өмнө банкнаас авсан зээлийн төлбөрөө төлсөн болох нь банкнаас зээлдэгч Г.Норжинлхамд зээл олгосон нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэлгүй юм. Иргэний эрх зүйн хувьд зээлийн гэрээний үүрэг нь үл хуваагдах шинжтэй тул зээлдэгч, хамтран зээлдэгч нарын тус бүртээ эзэмшдэг данс руу мөнгийг хуваарилан шилжүүлэх боломжгүй, зээлийг эргэн төлөх үүргийн хувьд хуваарилан хуваах боломжгүй юм. Зээлдэгч нь хамтран зээлдэгчтэй зээлийн хөрөнгийг хуваалцсан эсэх, зээлийг хэрхэн захиран зарцуулсан талаар хэрэглээний зээлийн хувьд Банк хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй билээ. Мөн Мүүрь аудит ХХК-аас 2020 оны 04 сарын 03-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт ...2018 оны 11 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Хас банк дахь Г.Норжинлхамын 5001901780 дугаартай харилцах дансанд 13 700 000 төгрөгийг бэлэн бусаар олгосон байна гэж тодорхой дурдсан байхад уг шинжээчийн дүгнэлтийг хэн нэг талыг баримтлан тайлбарлаж 4 902 173.26 төгрөгийн зээлийг олгосон гэж, цаашлаад уг дүнгээсээ зээлдэгчийн гэрээний хугацаанд төлж барагдуулсан 4 422 044.23 төгрөгийг ямар нэгэн тодорхой үндэслэл дурдалгүйгээр хасаж тооцон, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний үүргийг Г.Л хүлээх үндэслэлтэй ч уг үүрэг нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдах нь хуульд нийцнэ гэж логик уялдаа холбоогүй, ямар хуульд хэрхэн нийцэж байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 9 873 875.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Л д холбогдуулан 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 1060046487 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 11 052 826 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх 1-2/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх 24/ Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцагчаар Б.Гансүхийг татан оролцуулсныг /хх76, 82-85/ Б.Г бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 101, 104-105/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 07-ны өдөр 1060046487 дугаар Зээлийн гэрээ-г Хас банк ХХК, Г.Норжинлхам, Г.Л нар байгуулж, зээлдүүлэгч нь 13 700 000 төгрөгийг 365 хоногт 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч, хамтран зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Үндсэн зээлдэгч Г.Норжинлхам нас барснаар нэхэмжлэгч Хас банк ХХК нь хамтран зээлдэгч Г.Л оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

Дээр дурдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу гарын үсэг зурч бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба хариуцагчийг хуурч мэхэлсэн, ноцтой төөрөгдөлд оруулсан, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчилсан, хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагч Г.Л гийн нэхэмжлэгч Хас банк ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Зээлдүүлэгч Х ХХК зүгээс 13 700 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн хэмээн тайлбарлаж, талийгаач Г.Норжинлхамын Хас банк дахь 5001901780 тоот дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээр дурдсан дансны орлого, зарлагын гүйлгээнээс үзэхэд Хас банк ХХК нь Г.Норжинлхамын данс руу 2018 оны 11 сарын 07-ны өдөр 13 700 000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч мөн өдөр Г.Норжинлхамын данснаас 8 781 227.80 төгрөг болон 16 598.94 төгрөгийн зарлагын гүйлгээ Зээлийн эргэн төлөлт утгатайгаар хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд Г.Норжинлхамын зүгээс 8 781 227.80 төгрөг болон 16 598.94 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх хүсэлт гаргаагүй, өмнө байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг уг зээлээс төлөх хүсэл зориг илэрхийлсэн тухай баримт хэрэгт байхгүй байна. Иймд дээрх зарлагын гүйлгээг хийснээр зээлдэгч нар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж олгогдоогүй шинжтэй үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, хэргийн материалд Г.Норжинлхамын зүгээс өмнө байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхийг зөвшөөрсөн, хүсэлт гаргасан талаарх баримт авагдаагүй байх тул 13 700 000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй гэх хариуцагч Г.Л гийн тайлбар үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхээс хамтран хариуцагч Г.Л гийн үүргийн талаар Г.Норжинлхамын дангаараа байгуулсан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 8 797 826.74 төгрөгийг хариуцах үндэслэлгүй ба харин хамтран байгуулсан зээлийн гэрээний 4 902 173.26 төгрөгийн хэмжээнд үүрэг хүлээнэ хэмээн дүгнэж, холбогдох тооцооллыг хийж хариуцагч Г.Л гоос 1 178 950.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х ХХК гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600662849 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 932 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР