2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/07590

 

 

 

 

 

 

 

 

2025 оны өдөр

09 сар 26 р 192/ШШ2025/07590

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Нямсүрэн, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч:***

Гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч***г, хариуцагчийн өмгөөлөгч П***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Ч.******* нь шүүхэд Ч.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг, эмчилгээний зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би Ч.*******г огт танихгүй, 2021 оноос мэддэг болсон. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ч.******* хуурамч хаяг ашиглан миний гэр бүл, үр хүүхдийн минь зургийг цахим орчинд байршуулж, гүтгэж доромжилсон. Энэ үйлдэл нь цагдаа шүүхээр явсаар байгаад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ/2022/00877 дугаар шийдвэр гарч, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг буцаан сэргээхийг Ч.*******д даалгасан. Тухайн үед эгч андуурч ээ, уучлаарай, би хөгшин настай хүн ганц удаа боломж олгооч гээд гуйгаад байхаар нь нэхэмжилсэн үнийн дүнгээсээ татгалзаж настай хүн алдсан юм байлгүй, буруу ойлгосон юм байлгүй дээ гээд та юмнуудаа устгаад өгөөрэй гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан байгаа. Тухайн шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Шүүх танхимаас гараад л шууд миний зургийг постлож эхэлсэн. Шүүхээр явж чадахгүй шүү дээ чи, цагдаа чамд үйлчлэхгүй гэж шүүх хурал болсны оройноос эхлээд постлож эхэлсэн. Утсаар холбогдоход мөнгө өг гэж дарамталж эхэлсэн. Намайг дагаж явж миний бичлэгийг над руу явуулдаг, эсхүл сошиалд ийм дугаартай, ийм машин унаад явж байна гээд тавьдаг. Би энэ хүнийг эрүүл гэдэгт эргэлзэж байна. Энэ хүн хаана яваа бол, үр хүүхэд минь хаана байгаа бол гээд орой болохоор л түгшүүртэй байдаг болсон. Би 2022 оноос хойш ажил хийгээгүй. Би аялал зуучлалын компанийн захирлаар ажилладаг байсан. Аялал зуучлалын компани цахимаар зар мэдээллээ явуулдаг. Миний зурагтай пост гараад ирэхээр ажлаа хийж чадахаа больсон. 2021 оноос өвдөөд, өвчний түүхээ эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт хавсаргасан. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг хэлтэс рүү шилжүүлж явсаар байгаад, эцэст нь эрүүгийн цагдаагийн газар шалгагдаж дуусаад Ч.******* гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг Баянгол дүүргийн Прокурорын газраас тогтоосон. Прокуророос надад өгсөн хариу нь бидний буруу байлаа, уучлаарай шалгасаар байтал энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Та иргэний шүүхэд хандаад, гэм хорын хохирлоо нэхэмжилж болно. Шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гуравдугаар зэргийн хохирол учирсан гэж гарсан нь хэрэгт авагдсан байгаа. Өнөөдөр өмгөөлөгчгүй ирсэн, авсан өмгөөлөгч маань хүртэл биеийн байдлын улмаас ирж чадаагүй. Одоо би үнэхээр залхаж байна. Миний нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг, эмчилгээний зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөгийг гаргуулмаар байна. 4 жил үргэлжилж байгаа учраас маш их гомдолтой л байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр ямар баримт материалд тулгуурлаж Ч.*******гаас 35,608,080 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж болохгүй хугацаа өнгөрсөн байхад гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, шинжээч томилон дүгнэлт гаргуулж байгаа нь хууль нийцэхгүй, иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болохыг тогтоолд дурдаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 352 дугаар тогтоолын хуулбар, **** хуулга, хэт авиан шинжилгээ, эмнэлгийн магадлагаа, эмнэлгээс гарах үеийн эпизризийн хуулбар,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3294 дугаар албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1/1117 дугаар хариу мэдэгдэх хуудас хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаар шийдвэр, 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаар шинжээчийн дүгнэлт

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 18,208,080 төгрөг, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас сэтгэцэд хохирол учирсан гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг эрх бүхий байгууллага тогтоогоогүй гэж тус тус тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.*******ийн гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас хариуцагч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн **** дугаартай хэрэг нээн шалгаж, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 352 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан, тогтоолд гомдол гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан, энэ нь прокурорын тогтоолд зөрүүтэй бичигдсэн нь тогтоолын үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн, мөн нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 4/

Тогтоолд Ч.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.13 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мөрдөн мөшгих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан /мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн/ боловч түүний үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.*******ийн сэтгэцэд учирсан хор уршиг, зэрэглэлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон, шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 30-ны 273 тоот дүгнэлтээр гэм хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэмтлийн дараах стресст хариу үзүүлэх урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрсэн, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэж дүгнэжээ. /хх-ийн 73/

Нэхэмжлэгч шаардлагаа шинжээчийн дүгнэлтэд дурдсан 3 зэрэглэлээр тооцсон 18,208,080 төгрөг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар 22,99 дахин үржүүлсэн/, мөн цаашид өдрийн 290,000 төгрөгийн эмчилгээг 2 сар хийлгэх шаардлагатай /60Х290,000=17,400,000/ 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гэж тодорхойлсон.

Цаашид хийлгэх сэтгэл заслын эмчилгээний төлбөр гаргуулах шаардлагаа нотлосон баримтгүй /эмчийн үзлэг, эмчлүүлэх шаардлагатайг болон ямар эмчилгээ хийлгэхийг тодорхойлсон эмнэлгийн хуудас/, сэтгэл зүйчээр нэг удаа үйлчлүүлсэн төлбөр 290,000 төгрөг төлсөн баримтыг гарган өгсөн ба нэхэмжлэлийн шаардлага нь нэг төрлийн хохирлыг давхардуулан нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван гуравдугаар бүлэгт заасан /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар заажээ.

Хариуцагч Ч.*******д эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татаагүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр хүнд гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, гэм хорын хохиролд 23,000,000 /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 10,000,000 төгрөгөөр багасгаж олох ёстой байсан орлого 13,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж, 183/**** дугаар шийдвэрээр Ч.*******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр хүнд гутаасан мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, гэм хорын хохиролд 13,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагч Ч.*******г 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 3-ний өдрийн хооронд иргэн Ч.*******ийг дагаж бичлэг хийх, зураг авах үйлдлийг хийсэн тухайд дурдсанаас үзэхэд 183/ШШ2022/00877 дугаартай шүүхийн шийдвэрт энэхүү нэхэмжлэлтэй холбоотой үйл баримт хэлэлцэгдээгүй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээхээр тус тус зохицуулсан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1,2 дугаар хавсралтаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, арилгах, нөхөн төлүүлэх тухайд журамласан байна.

Иймд хариуцагч Ч.*******г гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 18,208,080 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 18,208,080 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 17,400,000 төгрөг, нийт 35,608,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

О.ЧУЛУУНЧИМЭГ