Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Г.Эрдэнэ,

          шүүгдэгч Х.Ж,

          хохирогч Н.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Соён овогт Х.Жяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0374 60641 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, С овогт Х.Ж

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

          Х.Ж нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Буудай” нэртэй зочид буудлын доод давхарт байрлах автомашины кузов засварын газарт хохирогч Н.Батхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

        мөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Буудай” нэртэй зочид буудлын доод давхарт байрлах автомашины кузов засварын газарт хохирогч С.Батмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярихгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батхуяг мэдүүлэхдээ:  Намайг 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө шингэлэгчээ өгчих маргааш аваад өгье гэж хэлсэн. Үүнээс болж маргалдаж нүүрэн тус газар мөргөж хамар муруйлгасан. Маргааш өглөө нь хүүхэд нь аав гэртээ хоноогүй ажил дээрээ байна уу гээд Х.Жыг сурч ирсэн. Өдөр нь Батсайхантай нийлж ажил дээр 2 шил архи уусан. Миний янзалж байсан машиныг сэвтүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө зочид буудлын гадаа машинаа тавьсан шүү дээ би тэгээгүй гэж хэлсэн юм. Х.Ж чи надад зодуулсандаа шаралхаад миний машиныг сэвтүүлсэн байна гээд байсан. Намайг дахин зодож миний хүзүүг боосон. Бид хоёрыг Батсайхан салгасан. Би энэ талаар гомдол гаргасан. Хэсэг хугацааны дараа над руу хамт ажилладаг Чинзоог явуулсан байсан. Чинзоо архи ууж ирж намайг дарамталсан. Надаас Х.Ж уучлалт гуйгаагүй. Мөрдөн байцаалтан дээр байхад надад хандан чамд би 100.000 төгрөг өгье өргөдлөө буцаан ав гэсэн. Би хамраа янзлуулмаар байна. Хамраа эмчлүүлэхэд 7 хоног нь 1.200.000 төгрөг болон ор хоногийн мөнгө нь 50.000 төгрөг, мөн эмчилгээ нь 200.000 төгрөг гэсэн. Нийт 1.500.000 төгрөг болно гэсэн. Эмнэлэгт очиж тариф авсан. Баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ 295.000 төгрөгийн шинжилгээний төлбөр төлсөн хуудас байгаа. Мөн шинжилгээний хариунууд байгаа боловч гэртээ орхисон байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Миний араас олон хүн явуулж намайг дарамтуулсанд гомдолтой байна гэв.       

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Батхуягийн: ...Би шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №14947 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дээрх гэмтлийг Х.Ж нь намайг гараараа болон толгойгоороо мөргөж, зодож, цохиж учруулсан юм. Х.Ж намайг 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах грашид согтуу байхдаа зодож, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан. Харин 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагийн үед мөн согтуу байхдаа чи миний зассан машиныг сэвтүүллээ гэх шалтгаанаар намайг барьж аваад уруулын дотор салст, цээжний цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан. Би гомдолтой байна. Х.Жд зодуулж ямар нэгэн гэмтэлгүй байсан хамраа хугалуулсан юм. Одоо хамраа янзлуулмаар байна. Одоогийн байдлаар надад гаргаад өгчих эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй байна. Би цаашдаа Х.Жаар хамраа янзлуулах хүсэлтэй байгаа ба миний хамрыг засч тэгшлэхэд “Эм Жи Жи” гэх нэртэй эмнэлэгт 1.000.000 гаран төгрөг болно гэсэн. Би Х.Жд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...гэх мэдүүлэг...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Л.Мөнхболдын: ...Х.Ж ах Н.Батхуяг бид гурав 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 01:00 цагийн үед ажил дээрээ байж байтал Н.Батхуяг ах өөрийн засч байсан машинаа будах гээд Х.Ж ахын лак, будаг шингэлэгч зэргийг нь гуйсан. Тэгтэл Х.Ж ах чи дандаа хүний ажлын материалаас авч хэрэглэж байдаг, өөрөө материалаа авахад яадаг юм гээд тэр хоёр маргалдаж муудалцаж эхэлсэн. Тэр хоёр маргалдаж муудалцаж байгаад сүүлдээ барилцаж аваад Х.Ж ах Н.Батхуягийн нүүрэн тус газарт нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгасан чинь тэр хоёр хоороноо юм ярьж байгаад салцгааж байсан. Бид нар шөнө 02 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад харих гээд явцгаасан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээр 12 цагийн үед яваад очсон чинь ажил дээр Х.Ж, Н.Батхуяг, Батсайхан ах тэр гурав ажлаа хийгээд байж байсан...Х.Ж ах хүрч ирж харчихаад Н.Батхуяг өчигдөр намайг машин засах материал өгөхгүй болохоор албаар намайг хорлоод миний зассан машиныг хонхойлгоод хаячихсан байна гээд Н.Батхуяг дээр явж очоод чи миний зассан машины крылог албаар хонхойлгочихсон байна гэж уурлаад барилцаж аваад нэг нэгнээ нааш цааш нь түлхэлцээд байсан. Тэгтэл цаанаас Батсайхан ах босч ирээд та хоёр одоо яах гээд байгаа юм больцгоо гээд тэр хоёрыг салгасан. Ингээд бид нар тус тусынхаа ажлыг л хийсэн. Маргаашнаас нь Н.Батхуяг ах ажилдаа ирэхээ больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14947 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Батхуягийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салст, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: ...Иргэн Н.Батхуягт учирсан хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын дотор салст, цээжний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй учраас ШЭГЗТЖ-н 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Х.Жы: ...Миний бие энэ хэрэг гардаг шөнө буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед Н.Батхуяг, Мөнхболд нарын хамт ажлаа хийгээд байж байхад Н.Батхуяг нь надаас будаг шингэлэгчээ өгөөч гэхээр нь би Н.Батхуягт үгүй, будаг шингэлэгчээ өгөхгүй гэсэн чинь Н.Батхуяг намайг будаг шингэлэгчээ өгсөнгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уур хүрээд Н.Батхуяг дээр очоод түүний энгэрээс нь заамдаж байгаад нэг нэгнээ түлхэлцээд би түүний нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн чинь бид хоёрыг Мөнхболд, Батсайхан ах хоёр хүрч ирээд салгасан. Ингээд Н.Батхуяг бид хоёр дахиж маргалдалгүй тус тусын ажлаа хийж байгаад тарж гэр гэртээ харьцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Батмөнхийн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 19:00-21:00 цагийн үед Х.Жы ажилладаг авто засварын граж дотор машиндаа унтаж байтал Х.Ж нилээн согтуу орж ирээд машины хаалга онгойлгоод буугаад ир гэхээр нь би буугаад очсон чинь намайг засварын мөнгөө дутуу өглөө гээд намайг татаж унагааж миний толгой руу баруун хөлөөрөө өшиглөхөөр нь би босч ирээд зугтаагаад гараад гүйх гэтэл Х.Ж миний араас хүрч ирээд намайг тэврээд хэвлийн тус газарт нэг юмаар зүсэх шиг болсон. Х.Ж намайг яг юугаар зүсч гэмтээснийг нь би хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Эрдэнэбилэгийн: ...Тэгээд үдээс хойш 16 цагийн үед машин засуулж байсан хүн нэг шил задлаагүй 0,5 литрийн “Хараа” архи гартаа барьчихсан шургаж унаад орж ирсэн. Тэгээд Жагаад хандаж хэзээ миний машиныг янзалж дуусах юм бэ гэсэн. Тэгээд Жагааг машин засуулж байсан хүн нь Жагааг түлхэхэд хариуд нь Жагаа чи яагаад намайг түлхэж байгаа юм гэж хэлээд зууралдаад авсан. Тэр хооронд нэг нэгнээ цохисон байх. Би босоод тэр хоёрыг салгаад өнөөдөр ажил хийнэ гэж бүтэхгүй юм байна гээд машин засуулж байсан хүнийг гаргасан. Дараа нь Жагааг хойд зүгт явуулаад би өөрөө би машинаа унаад граж цоожлоод явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Пүрэвдоржийн: ...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан сүү” компанийн хашаанд харуулын ажлаа хийгээд байж байхад манай нас барсан эгчийн төрсөн дүү болох С.Батмөнх нь нилээн согтуу манай ажил дээр хүрч ирээд танай хүргэнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би С.Батмөнхийг харсан чинь толгойноос нь цус гарчихсан байхаар нь би 103 дуудаад С.Батмөнхийг үзүүлсэн чинь түргэний эмч нар С.Батмөнхийн биеийг тэр чигт нь үзчихээд зүгээр, хэвийн байна гэж хэлээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13932 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.Батмөнхийн биед хэвлийн зүүн талын зүсэгдэж хатгагдсан шарх, духны няцарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэх дүгнэлт /хх-ийн 86 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Х.Жы: ...С.Батмөнх нь манай хадам аав Пүрэвдоржийн хүргэнийх нь дүү байгаа юм. С.Батмөнх нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр намайг ажил дээрээ байхад мөнгөлөг саарал өнгийн “Старекс” маркын авто машинаа авч ирээд гупер, хормой зэргээ надаар засуулахаар болсон. Би ч зөвшөөрөөд С.Батмөнх ахын машиныг нь өөрийн граждаа оруулсан. Тэгтэл С.Батмөнх ах нэг шил архи гаргаж ирээд уг архийг нь бид хоёр хувааж уучихаад би гэртээ харьсан. Маргааш өдөр нь би 13 цагийн үед сэрээд байж байсан ба намайг очсоны дараа 14 цагийн үед гражнаас гараад явчихсан. Ингээд би ажлаа хийгээд байж байхад С.Батмөнх ах оройн 19 цагийн үед гартаа нэг ширхэг хиам, нэг шил 0,5 литрийн архи бариад нилээн согтуу ороод ирсэн. Батмөнх ах бид хоёр түүний авч ирсэн архийг нь хувааж уутал Батмөнх ах нилээн согтоод байхаар нь би түүнийг машинд нь суулгачихаад байж байтал Батмөнх ах гэнэт босч ирээд машинаа холдуул, би машинаа гаргамаар байна гэж орилоод над руу агсам тавиад газраас тоосгоны хэлтэрхий аваад над руу шидлэх гэж байгаад болиод над руу гүйж ирээд намайг түлхэхээр нь би түүний нүүрэн тус газарт нь баруун гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл надтай хамт ажилладаг Эрдэнэбилэг гэдэг залуу хүрч ирээд бид хоёрыг салгаад Батмөнх ахыг гражаас хөөж гаргачихаад тэгээд бид хоёр гражаа цоожлоод гэр гэртээ харьсан. Би тухайн өдөр Батмөнх ахын авч ирсэн архийг л хувааж уусан. Өөр архи уугаагүй. Би тэгж их согтоогүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/,

-Шүүгдэгч Х.Жы иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24, 25 дугаар тал/,

-Хохирогч Н.Батхуягийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 140 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Ж нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Буудай” нэртэй зочид буудлын доод давхарт байрлах автомашины кузов засварын газарт хохирогч Н.Батхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          мөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Буудай” нэртэй зочид буудлын доод давхарт байрлах автомашины кузов засварын газарт хохирогч С.Батмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Х.Жд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

          Шүүгдэгч Х.Ж нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Буудай” нэртэй зочид буудлын доод давхарт байрлах автомашины кузов засварын газарт хохирогч Н.Батхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

          мөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Буудай” нэртэй зочид буудлын доод давхарт байрлах автомашины кузов засварын газарт хохирогч С.Батмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй байна.

          Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар …бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

          Харин хохирогч С.Батмөнхийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Жыг хохирогч С.Батмөнхөд төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 78-79, 135 дугаар тал/

          Хохирогч Н.Батхуяг нь 295.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Энэ хохирлын баримтыг үндэслэж Х.Жаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 136, 140-р тал/

          Шүүгдэгч Х.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. С овогт Х.Ж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Ж500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Жд оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Ж нь хохирогч С.Батмөнхөд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Жаас 295.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Норжмаагийн Батхуягт /РД:ЙР75032811/ олгосугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ