| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/00924/И |
| Дугаар | 192/шш2025/08258 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 192/шш2025/08258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-нд холбогдох,
гэрээний үүрэгт 81,475,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэгт 81,475,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай Энтофарм ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр -тай үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэр, үйлчилгээний төвийн 1 давхарт 77,8 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг гэрээгээр тохирсон хугацаандаа төлсөн тохиолдолд 1,012,115,760 төгрөгөөр худалдан авахаар тохирч үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж төлбөрийг тохирсон хугацаанд төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд барилгыг гүйцэтгэгч 2023 оны 3 дугаар улирал буюу 9 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 6.2-д зааснаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,025 хувийн алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу нэхэмжлэгч 322 хоногоор тооцож 81,475,318 төгрөгийн алданги өнөөдрийн байдлаар үүссэн байна. Нэхэмжлэлийн шаардлага бол үйлчилгээний талбай захиалгын хугацаа хэтэрсэн алданги 81,475,318 төгрөг гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... талуудын хооронд гэрээ байгуулсантай бол маргадаггүй, тухайн гэрээний хассан дүнгээр 1,012,115,760 төгрөг хүлээн авсанд маргахгүй. Нэхэмжлэгч компани гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэсэнд маргаж байгаа. 2023 оны 3 дугаар улиларалд багтаан гэрээний 3.1-т заасны дагуу хүлээлгэн өгөх боломжтой байсныг 3 удаагийн мэдэгдэлээр мэдэгдсэн байгаа. Үзлэгээр бас авагдсан байгаа. Манайх 2023 оны 3 дугаар улирдалд хүлээлгэн өгөх боломжтой байгаа нэхэмжлэгч компани нь интерьерийн зурагаа гаргаж өгч улсын комисс ажилуулахад дэмжлэг үзүүлээч ээ, үүргээ биелүүлээч ээ гэж шаардахад интерьерийн зурагаа ирүүлдэггүй, хамтран ажилдаггүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар байгаад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үйлчилгээний талбайгаа интерьер дизайны компаниар дамжуулан хүлээн авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үл баримт нь нэхэмжлэгч компаний буруутай үйлдэл буюу бэлэн болсон зүйлийг хугацаанд нь хүлээж авахгүй байгаа нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тухайн талбайгаа хүлээж авахгүй байгаа, гэрчилгээ гаргуулах талаар арга хэмжээ авахгүй байгаагаас шалтгаалаад гэрчилгээ нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Гүйцэтгээгүй үүрэг буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрчилгээ гарсан 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 322 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзээд алданги шаардсан байдаг. Гүйцэтгээгүй үүрэг гэдгээ тодорхойлоогүй байна. Тухайн захиалсан талбайг гүйцэтгээгүй байдлаар тайлбарлаад байгаа гэрчийн мэдүүлгээр болон баримтаар тухайн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн үүрэг дээр алданги бодоод байгаа нь үндэслэлгүй байна. Гүйцэтгээгүй үүргээ тодорхой байлгах хэрэгтэй байна. -ийн гэрээний 3.1-т заасны дагуу хариуцагч: хар ханаараа хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Нэхэмжлэгч компани бид нар засвар үйлчилгээ хийж болохгүй. Гэрээ хийсэн компанитайгаа дандаа хариуцагч: хар ханаараа хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулдаг. Гэрээний харилцааныхаа зохицуулалтын хүрээнд мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдлүүдэд санал хүсэлт илгээдэг хариу байхгүй, зураг төслөө өгөөч гэдэг өгөөгүй, 2023 оны интерьер зургаа өгөөч гэхээр хариу өгдөггүй. Үүгээр нэхэмжлэгч компани зураг төслөө өгдөггүй, Нэхэмжлэгч талд 09 сарын 22-ны өдөр Эс Ти Эс дизайн ХХК нь төсөвөө гаргаж өгсөн байдаг. Энэ хугацаанд нэхмэжлэгч компкани юу хийсэн юм бэ, энэ гэрээ нь 2 таын үүрэг байгаа. Нэхэмжлэгч тал тухайн гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй, Ийм учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 209, 219, дүгээр зүйлд байдаг. Мөн 223 дугаар зүйлд маш тодорхой заасан байгаа. Үүний үр дагаврыг 224 дүгээр зүйлд заасан байгаа. 224.2.3 дэх хэсэгт анз авах эрхээ алдах гэж байгаа. Нэхэмжлэгч компани өөрсдөө үүргээ биелүүлээгүй байж тухайн биелүүлэгүй хугацааныхаа үүргийг харуцагчаас шаардаж байгаа нь үндэсэлгүй байна. Тиймээс дээрх хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... энэ гэрээ нь 2023 оны 09 дүгээр сард ашиглалтад орно гэсэн байгаа. Гэрээний 3.1-т зааснаар гэрээний хугацаа 90 хоногийн хугацаатай байгаа. 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн барилгын ажлын баримтыг хүлээлгээд өгсөн байгаа. 02 дугаар сарын 16-наас манайхаас Эс Ти Эс дизайн кампани хүлээж авсан. Энэ хугацаанд хариуцагч талын үүрэг гүйцэтгэсэн хугацаа хэтрүүлсэн гэж байна. 02 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ний өдөр хүгртэл хариуцагч компанийг буруутгах үндэслэл байхгүй байна. 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр энэ хугацаа хариуцагч компанид хамаагүй байгаа. 09 дүгээр сарын 16-ныг өдөр хүртэл интерьер заслын гэрээгээ байгуулаад ажлыг хийж гүйцэтгэсэн хугацаа нь манай компанид хамаарахгүй байгаа. Манайхаас ажлын байрыг аваад дотор заслын компанид хүлээлгэж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргийг хэрэгжүүлсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. 06 дугаар сарын 11-ны өдрөөс улсын комисс ажилаад 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Энэ бол гэрээнд оролцогч талуудаас биш төрийн үйл ажиллагаатай холбоотой шалгалтын хугагцаа юм. Энэ хугацаанд хариуцагч талыг буруутгах үндэслэл байхгүй. 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрчилгээ гаргуулах хугацаа байгаа. Захиалагчид бид нар гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөх үүрэгтэй байсан. Энэ бичиг баримтыг аваад өөрсдөө улсын комиссд хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэрээний 6.2-т байгаа гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,025 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцож захиалагчид төлнө гэсэн байгаа. Энэ бол хэлцэл байгуулагдаж байгаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгээс тооцож алданги тооцно. Гүйцэтгээгүй үнийн дүнгээр тооцно гэсэн байгаа. Үнийн дүнгээр тооцохыг шүүх яаж тооцох вэ. Барилгын тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага бол манай 3 төлөөлөгчийн хэлсэнээр үндэслэлгүй. Хэрвээ гэрээний үүрэг ярих гэж байгаа бол 02 дугаар сарын 16-ны өдрөөс дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа нь манайхаас шалтгаалсан хугацаа биш гэж тайлбарлмаар байна. Талуудын хооронд маргаад байгаа зүйл бол алданги байгаа. Дээд шүүхээс 42.2-ийг тайлбарласан байгаа. Гарын үсэг зурсан бол хэлцэл байгуулагдсан гэж үзнэ ... гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой байх хэрэгтэй. Манай төлөөлөгч хэлж байна. Дизайны төсөв байгаа. Тэр нь ирсэн нь тодорхойгүй байгаа. Хугацаа хэтрүүлсэн этгээд хэн бэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Манай зүгээс хугацаа хэтрэлтийн талаар хэлж байсан. Манай зүгээс гэрээний 3.1-т заасны дагуу зөвхөн хар ханаараа хүлээлгэн өгөх байсан. Манайх дур мэдэн хийх эрх байхгүй, нэхэмжлэгч талын баримталдаг стандарт гэж байгаа үүнийг зөрчвөл нэхэмжлэгчид хохирол учруулах байсан. Дизайны компаниас зураг төсөл гаргаж өгөхийг хүлээхээс өөр аргагүй болсон. Энэ этгээдүүд гэрээ хийгээд төсөвтэй нийцүүлээд зураг төсөл хийж манайд өгөх ёстой гэтэл зураг төсөл, гэрээ нь 4 сард хийгдэж байгаа. Тэгэхээр үүн дээр хариуцагч ямар шалтгаанаар гэрээний үүргээ зөрчсөн гээд байгааг ойлгохгүй байна. Энэ асуудал бол дизайны компани болон нэхэмжлэгчийн хоорондын асуудал байгаа. Нэхэмжлэгч хариу тайлбар дээрээ дурдсан байсан бид нар эдийн засгийн чадавхитай байсан гэсэн үнэхээр тийм бол 9 сард гэрээгээ хйигээд зураг төсөлөө өгсөн бол бид нар гэрээний хугацаандаа буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээлгэж өгөх боломжтой байсан. Энэ боломжийг нэхэмжлэгч этгээд бий болгоогүй байж одоо бид нарыг үүргээ зөрчсөн гээд байгаа. Алдангийг хэзээ эхдлээд хэзээ хүртэл, ямар хугацаагаар бодож байгаагас шалтгаалаад үндэслэлтэй эсэхийг ярих ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад хоногоор үржүүлээд явсан байгаа тэр хоног хэзээнээс эхлээд хэзээ дуусаж байгаа нь чухал байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох хэрэгтэй ... гэв.
7. Гэрч А.Бат-Эрдэнэ шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар барилгын гадна талын пассат болон цонхны ажил бүрэн дууссан, гадна талдаа Тара центр гэсэн хаягаа өлгөцөн, гадна зам талбай хийгдсэн байсан. Манай зүгээс шугам сүлжээний ажил, салхивч Сантехник, бохир ус, дулаан, зэрэг ажлууд бүрэн дуссан байсан. Дотор заслын ажлууд эрчимтэй хийгдэж байсан. Тухайн үеийн барилгын гүйцэтгэлийг дүгнэх бол 85 хувийн гүйцэтгэлтэй ... гэжээ.
8. Гэрч Ч.Мөнхжаргал шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Улсын комисс нийслэлээс ажилласан. Энэ хооронд улсын комисс ажиллаад комиссын холбогдох гишүүд нь ээлжийн амралтаа авсан байсан. Бид нар энэ хугацаанд хуулийн дагуу шаардлагыг тавихад ээлжийн амралттай байгаа учраас комиссын дарга зайлшгүй ирж байж дүгнэлт баталгаажуулах ёстой гээд онцгой байдлын хүмүүс амарсан байгаа комиссын дарга нь амарсан 08 дугаар сараас нь ажилд ороод дүгнэлтэд гарч ирсэн ... гэжээ.
9. Гэрч Ж.Гомбосүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Улсын комисс 2023 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллуулах төлөвлөгөөтэй байсан. Манайх гүйцэтгэлийн сайн хийсэн. Заавал цагааруулчихсан байх ёстой тэгэнгүүт нь бид айлуудаа цагааруулаад өгөөч ээ ядаж цагаан ханатай болгоод өгөөч ээ гэдэг байдлаар маш их шахаж явж байсан учраас бас энэ дээр бол айлуудтай маш их холбоотой байгаа ... гэжээ.
10. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023.02.14-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгын гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, -ийн улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, 2024.06.10-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын хуваарийн хуулбар, -ийн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын даргад гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, -д гаргасан хүсэлт зэрэг баримтыг ирүүлсэн.
11. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Тара центр худалдаа үйлчилгээний захиалагчид хүргүүлсэн мэдэгдлүүд, хариу тайлбар, Энтофарм ХХК-ийн захирал руу -аас мэйл хаягаар хүргүүлсэн мэдэгдэл, -ийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.04.15-ны өдрийн Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний хавсралт, эс ти эс дизайн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024.04.17-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, 2024.05.10-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, 2023.09.09-ний өдрийн интерьер засварын төсөв, зураг, улсын комисс /дуусгах талаарх мэйл, вайбар чат, 2025.01.20-ны өдрийн ЗГ/0146/000336/2025 дугаар хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний хуулбар, 2025.01.20-ны өдрийн ЗБ/0146/000336/2025-2 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2025.04.01-ний өдрийн 25/08 дугаар ерөнхий ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Ивээлт эрчим инженеринг ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.04.01-ний өдрийн 25/08 дугаар гэрээний ерөнхий хавсралт, 2025.04.04-ний өдрийн 25/09 дугаар ерөнхий гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2024.08.08-ны өдрийн АГГэрээ 2024/025 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2024.08.08-ны өдрийн Шилэн хийц ХХК-ийн үнийн санал, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хуулбар, барилгын үе шатны ажил хүлээлцсэн актны хуулбар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тара центр төслийн А112Б талбайн захиалгачийн Эс Ти Эс дизайн ХХК-ийн заслын компани ажил гүйцэтгэх зөвшөөрлийн актын хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн.
12. Шүүх: талуудаас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ГБВЦ-49 дугаар Үйлчилгээний талбай захиалгын гэрээг тус тус гаргуулсан.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхжаргал, Ж.Гомбосүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч -нд холбогдуулан гэрээний үүрэгт 81,475,318 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,025 хувийн алданги тооцохоор тохирсон тул хугацаа хэтэрсэн 322 хоногийн алданги болох 81,475,318 төгрөгийг гаргуулна ... гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзаа: ... манайхаас шалтгаалан гэрээнд заасан хугацаа хэтрээгүй ... нэхэмжлэгч нь үйлчилгээний талбайн дотор заслаа интерьер дизайны компаниар хийлгэхээр гэрээ байгуулсан байсан ... интерьер зургаа өгөөч гэхээр хариу өгдөггүй, зураг төслөө ирүүлэхгүй байсан ... гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №ГБВЦ-49 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулсан байна.
4.2. Энэхүү гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэр, үйлчилгээний төвийн А-112б дугаар бүхий 1 давхарын 77,8 мкв талбайг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулах, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар үйлчилгээний талбайн үнэ 1,230,951,600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
5.1. Нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөх, хариуцагч нь гэрээнд заасан үйлчилгээний талбайг барьж дуусгах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ.
6.1. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т ... Үйлчилгээний талбайн үнэ 1,230,951,600 төгрөг байна ... гэж, гэрээний 2.4-т ... захиалагч нь энэхүү гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу төлбөр төлсөн тохиолдолд 218,835,840 төгрөгийг хугацаандаа төлбөрөө төлсний хөнгөлөлтийг эдэлнэ, уг хөнгөлөлтийг үйлчилгээний талбайн төлөх төлбөрөө 2023 оны 9 дүгээр сарын 15-ны дотор төлөх төлбөрөөс суутган тооцно гэж тус тус заасан бөгөөд үйлчилгээний талбайн үнэ 1,230,951,600 төгрөгөөс 218,835,840 төгрөгийг хөнгөлж, үлдэх 1,012,115,760 төгрөгөөр гэрээний үнийг тооцсон байна.
6.2. Нэхэмжлэгч нь үйлчилгээний талбайн үнэд 1,012,115,760 төгрөгийг хариуцагч -нд:
1. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг,
2. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 406,057,880 төгрөг,
3. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 72,293,983 төгрөг,
4. 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 72,293,983 төгрөг,
5. 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 72,293,983 төгрөг,
6. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 72,293,983 төгрөг,
7. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 72,293,983 төгрөг,
8. 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 72,293,983 төгрөг,
9. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 72,293,983 төгрөг тус тус төлсөн болох нь нотлогдож байна. /хх-12-23/
7. Нэхэмжлэгч , хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөрт 1,012,115,760 төгрөг шилжүүлсэн эсэх, төлбөр тооцооны үлдэгдэлгүй талаар, үйлчилгээний төвийг нэхэмжлэгч -ийн өмчлөлд шилжүүлсэн эсэх, нь Эс ти Эс дизайн ХХК-тай үйлчилгээний талбайн захиалгын гэрээ байгуулж, үйлчилгээний талбайг Эс ти Эс дизайн ХХК-нд хүлээлгэн өгч дотор засал хийсэн эсэх талаар тус тус маргаагүй.
7.1. Харин нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацааг хариуцагч тал хэтрүүлсэн, гэрээний 3.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс улсын комиссын дүгнэлт гарсан өдөр хүртэл буюу 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 352 хоногоор тооцож алданги нэхэмжлэх байсан боловч тооцооллын алдаанаас шалтгаалаад гэрээний үнийн дүнгээр алдангийг 322 хоногоор тооцож нийт 81,475,318 төгрөгийн алданги гаргуулна гэж,
Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ажил гүйцэтгэх гэрээний алдангийг төлөхгүй, ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т зааснаар үйлчилгээний талбайг ашиглалтанд оруулах гэрээнд заасан хугацааг 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол алданги тооцохгүй гэж заасан тул энэ хугацааны алдангийг хариуцахгүй, мөн гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгээр алданги тооцно гэсэн боловч манайх ажлаа 90%-тай хийж гүйцэтгэсэн байсан, нэхэмжлэгч нь Эс Ти Эс дизайн ХХК-тай гэрээ байгуулсан хугацааны алдангийг төлөхгүй гэж тайлбарлан тус тус маргасан.
8. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
8.1. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна, харин хариуцагч нь үйлчилгээний талбайг гэрээнд заасан хугацаанд барьж дуусган, ашиглалтанд оруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тодорхой хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.
9. Нэхэмжлэгч нь Эс Ти Эс дизайн ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №АГГ/24/04/15 дугаартай Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн*******нд байрлах Тara center 1 давхарын 77,8 мкв талбайтай үйлчилгээний төвийн А-112б дугаартай талбайд интерьер засварын ажлыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон байна. /хх-ийн 70/
9.1. Нэхэмжлэгч , Эс Ти Эс дизайн ХХК нар нь 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ажлын жагсаалтыг гаргаж, төсвөө баталсан байна. /хх-ийн 79-93/
9.2. Нэхэмжлэгч нь батлагдсан төсвийн дагуу гэрээний төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 31,158,422 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18,695,053 төгрөгийг Эс Ти Эс дизайн ХХК-нд шилжүүлсэн байна. /хх-ийн 77-78/
9.3. Улмаар хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тara center төслийн А-112б дугаартай үйлчилгээний талбайг Эс Ти Эс дизайн ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь Ажил гүйцэтгэх зөвшөөрлийн актаар нотлогдож байна. /хх-ийн 222/
9.4. Энэхүү Ажил гүйцэтгэх зөвшөөрлийн актыг Таймскүэр девелопмент ХХК, , Эс Ти Эс дизайн ХХК-ний төлөөлөгч нар нь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 222-223/
9.5. Эс Ти Эс дизайн ХХК нь Тara center төслийн А-112б дугаартай үйлчилгээний талбайн интерьер засварын ажлыг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 69/
9.6. Өөрөөр хэлбэл үйлчилгээний талбайн интерьер засварын ажлаа хийж гүйцэтгүүлэхээр Эс Ти Эс дизайн ХХК-тай харилцан тохиролцож,
- 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ажлын жагсаалтыг гаргаж, төсвөө батлуулсан,
- 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тara center төслийн А-112б дугаартай үйлчилгээний талбайг Эс Ти Эс дизайн ХХК-нд хүлээлгэн өгсөн,
- 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №АГГ/24/04/15 дугаартай Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээгээ Эс Ти Эс дизайн ХХК-тай байгуулсан,
- 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нь Интерьер засварын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг Эс Ти Эс дизайн ХХК-нд төлж байсан,
- 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Эс Ти Эс дизайн ХХК нь интерьер засварын ажлаа хийж дуусган үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон.
9.7. Мөн хариуцагч нь гэрээнд заасан ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 15, 2023 оны 7 дугаар сарын 05, 2023 оны 10 дугаар сарын 01, 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн Барилгын үе шатны ажил хүлээлсэн актаар нотлогдож байна. /хх-ийн 198-210/
10. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан.
10.1. Нэхэмжлэгч -ийн Эс Ти Эс дизайн ХХК-тай интерьер засварын ажлаа хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн, мөн улсын комисс ажиллаж байсан хугацааг хариуцагч -ний буруугаас болж үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.
10.2. Өөрөөр хэлбэл хариуцагч нь үйлчилгээний талбайг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхэд нь нэхэмжлэгчийн хийх ёстой байсан үйлдэл буюу бусдаар тухайн ажлыг гүйцэтгүүлснээс хамаарч тодорхой хугацаа хэтэрсэн, мөн үйлчилгээний талбайд улсын комисс ажиллаж байсан хугацааг хариуцагчийн гэм буруугаас болж хэтэрсэн байна гэж үзэхээргүй байна.
10.3 Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагч -иас:
2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны алдангийг - талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 6.2-т зааснаар шаардах эрхгүй,
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг - Эс Ти Эс дизайн ХХК-нд үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн байсан тул шаардах эрхгүй,
2024 оны 6 дугаар сарын 11-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг - улсын комисс дүгнэлтээ гаргахаар ажиллаж байсан байх тул шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.
10.4. Харин хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй буруутай байх тул:
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 45 хоногийн алданги /гэрээнд алданги тооцож эхлэхээр тохирсон хугацаанаас Эс Ти Эс дизайн ХХК-нд үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн хугацаа хүртэл/,
2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 25 хоногийн алданги / Эс Ти Эс дизайн ХХК-иас үйлчилгээний талбайг хүлээн авсан хугацаанаас улсын комисс ажиллаж эхэлсэн хугацаа хүртэл/-ийг гаргуулах нь үндэслэлтэй байна дүгнэлээ.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
11.1. Нэхэмжлэгч , хариуцагч нарын байгуулсан Үйлчилгээний талбай захиалгын гэрээний:
3.1-т Гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг хар ханаар нь буюу энгийн байдлаар батлагдсан зураг, төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж Улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулах үүрэг хүлээнэ. /Жич: энгийн засал гэдэгт батлагдсан зургийн дагуу халаалт, цахилгаан разетка, унтраагуур зэрэг гүйцэтгэлтэйг ойлгоно гэж,
6.2-т Гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,025 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. Уг алдангийг захиалагчийн үйлчилгээний талбайн хүлээлцэх үеийн төлбөрөөс суутган тооцох ба хэрэв захиалагч төлбөрөө бүрэн төлсөн бол алдангийг захиалагчид олгоно гэж тус тус заажээ.
11.2. Хариуцагч нь Үйлчилгээний талбай захиалгын гэрээнд зааснаар үйлчилгээний талбайг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулах үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь иргэний хууль болон гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй, хариуцагч нь хэтрүүлсэн хугацааныхаа алдангийг төлөх үүрэгтэй.
11.3. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 1,012,115,760 төгрөгөөс 70 хоногийн алдангийг тооцож /1,012,115,760 х 0,025 хувь буюу 253,029 төгрөгийг х 70 хоног/ 17,712,030 төгрөгийг хариуцагч -иас гаргуулах нь үндэслэлтэй байна.
11.4. Хариуцагч нь үйлчилгээний талбайг ашиглалтанд оруулах гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байх тул үйлчилгээний талбайн үнийн дүн буюу гэрээний үнийн дүнгээр алданги тооцсон болно.
12. Иймд хариуцагч -иас 17,712,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,763,288 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/12020 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг тэмдэглэлээ.
14. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,326 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 223 дугаар зүйлийн 223.2-т тус тус зааснаар хариуцагч -иас 17,712,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,763,288 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,326 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/12020 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ