| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2423000000124 |
| Дугаар | 2025/ДШМ/13 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/13
Л.Д-т холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Б.Сансарбаяр
Шүүгдэгч Л.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Л.Д болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлоор Л.Д холбогдох 2423000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын .... багт оршин суух хаягтай, урьд ... аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07-р сарын 01-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
мөн ..... аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08-р сарын 12-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,
мөн .... аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2010 оны 10-р сарын 14-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан .... овогт ....-ын Д /регистрийн дугаар: ......../
Шүүгдэгч Л.Д нь Завхан аймгийн .... сумын ..... багийн нутаг дэвсгэр “.....” гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн монгол гэрийн гадаа хохирогч Ж.О-ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор яс, хамрын яс, цээжний баруун талын 10-р хавирга, зүүн талын 6,7,8,9,11-р хавирганы хугарлууд, нүүр хэсэгт хавдар, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуу, шуу, нурууны ар хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч .... овогт ....-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1, 230-р зүйлийн 230.2 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч Ж.О-ын эрүүл мэнд болон сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 15.130.719 төгрөгийг шүүгдэгч Л.Д-аас гаргуулж хохирогч Ж.О-д олгож, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
2. Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Л.Д холбогдох эрүүгийн 2423000000124 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчид учирсан хохирол бүрэн арилаагүй, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай учир хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинжийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйн дээр, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг зөрчиж хор уршиг арилаагүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд гэм буруугийн талаар маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохиролд 3,557,500 төгрөгийг нөхөн төлж, дутуу төлсөн 17.219 төгрөгийн хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, бага насны 3 нялх хүүхэдтэй, одоогоор гэр бүлийн дотор Л.Д-аас өөр хөдөлмөрлөх, өрхийн амжиргааг залгуулах хүнгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүссэн. Хэдийгээр эрүүгийн хариуцлагыг тодорхойлох, ял оногдуулах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
3. Шүүгдэгч Л.Д-ийн өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан хохирол нөхөн төлсөн байдлыг шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэн үзээгүй. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилаагүй гэж үзэж өмгөөлөгчийн саналыг дэмжих боломжгүй байна гэдэг тайлбарыг хийж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан дээрх үндэслэлээс Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болохгүй гэж заасныг зөрчсөн. Л.Д бичиг үсэг, тоо мэдэхгүй, нийгэмшээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө илэрхийлж чадахгүй нөхцөл байдал харагдаж байсан. Хохирлыг төлөхдөө хүнээс гуйж АТМ-ээр төлөхдөө, хийсэн хүн нь 2 тоо зөрүүлээд 3,575,000 төгрөг төлөх байсныг 3,557,000 төгрөг гэж андуурч хийснийг Л.Д анзаарч хараагүй, үр дагаврыг ойлгож мэдээгүй байсан. Ингээд 17,219 төгрөг дутуу төлснөөр хохирол нөхөн төлөгдөөгүй гэж үзэж шүүхийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. Энэ байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон гэж үзсэн. Мөн Л.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ж.О-д учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй байдаг. Мөн хохирол нөхөн төлүүлэх талаар өөрийн сэтгэл зүйн болоод үйлдлээрээ хохирлоо нөхөн төлж байгаа гэж ойлгосон боловч, өөрөөс нь шалтгаалах хохирлыг тодорхой хэмжээгээр буюу 17,000 төгрөгөөр дутуу төлөгдсөн байдлыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хангах боломжгүй болсон байгаа. Хохирогчид өнөөдрийн байдлаар эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5,643,719 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Мөн хор уршгийн хэмжээ дээр маргаагүй, маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Үлдэгдэл хор уршгийн төлбөр болох 9,500,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар ар гэр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцож гэрээ хийн, нотариатаар батлуулсан байгаа. Л.Д-ийн хувийн байдал нь эхнэр 3 хүүхэдтэй, хамгийн бага хүүхэд нь 8 сартай, тэгээд 2 настай, 7 насны хүүхдүүдтэй. Гэр бүлийн дотор Л.Д-аас өөр хөдөлмөрийн чадвартай өрхийн амьжиргааг залгуулах хүн байхгүй байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд намайг хохирохоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, мал маллах л чадвартай, сургууль сураагүй, гэмшиж байна, малаа илүү сайн маллаж сэтгэцэд учирсан уршгийг нөхөн төлнө гэсэн байгаа. Л.Д-ийг гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хор уршгийн боломжит хэмжээгээр нөхөн төлж байгааг харгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэж, Л.Д-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэв.
4. Шүүгдэгч Л.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи, дарс ууснаас болж ийм хэрэг үйлдсэн. Ар гэрийн тухайд амьдрал хэцүү, мал маллах хүнгүй байгаа. Ялыг минь хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Ж.О-ын эхнэр Г.П байна. Манайх ам бүл 5, бага насны 3 хүүхэдтэй, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр юу болсон гэхээр Л.Д-ийнд очиж малаа тэмдэглэсэн. Гэтэл Л.Д манай нөхрийг зодсон. Маш олон төрлийн хугарлууд биед нь үүссэн. Түүнээс болж хүндрэлүүд гарсан тэр болгоныг нь эмчлүүлэх гэж маш их зүтгэсэн. Л.Д ах дүүстэйгээ ирж удаа дараа дарамталдаг байсан. Өөрсдөө мөнгө гаргаж нөхрийгөө эмчлүүлсэн. Эмчлүүлэх явцад санхүүгийн асуудал гарч, өнөөдөр миний нөхөр тархины бүрхүүлийн хальсны идээт үрэвсэл буюу тархины менингит гэдэг өвчин туссан. Сэхээн амьдруулах тасагт 2025 оны 03 дугаар сарын 28-наас эхлэн 7 хоног, мэдрэлийн тасагт 14 хоног эмчлүүлээд, одоогийн байдлаар нугаснаас нь 6 удаа ус авхуулсан. Одоо хүртэл эдгэхгүй байна. Сайхан найзалж, нөхөрлөчхөөд миний нөхрийг яагаад зодсон бэ?, Энд миний нөхрийн эрүүл мэнд чухал болохоос биш, яригдаад байгаа мөнгө чухал биш, миний нөхрийг эмчлээд өгөөч гэж удаа, дараа гуйсан. Одоо манай нөхрийн хувьд нэг л таталт өгөх юм бол найдваргүй гэсэн оноштой байгаа. Таталт өгүүлэхгүй тал дээр анхаарч нэгдсэн эмнэлгийн эмч нар зөв эмчилгээ хийсний үр дүнд эхний удаа эрүүл мэндийг нь аварсан. Өчигдрийн байдлаар миний дансанд 20,000 төгрөг орсон байна, би мэдээгүй байсан. Өчигдөр Л.Д-ийн эхнэр нь ах, дүүтэйгээ ирсэн. Тохиролцъё сэтгэл санааны хохирлын мөнгийг өгье гэсэн байгаа. Миний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй. Нэг гэр бүлийг эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэсэн үүднээс би гомдолгүй гэж хэлсэн байгаа. Л.Д-аас гуйх нэг л зүйл байна, миний хань чамайг асууж байгаа. Манай гэр бүлээс одоо болтол уучлалт гуйгаагүй байгаа. Миний хань ухаан орох болгондоо Л.Д-ийн талаас хүн ирсэн үү гэж асуудаг. 3,500,000 төгрөгийг анхан шатны шүүх хурлаас нэг хоногийн өмнө өгсөн байдаг. Манай нөхөр 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өдөр болгон өвчин намдаах эм уудаг байсан. Хот руу 2 удаа онош тодруулахаар явсан. Тухайн үед мөнгө төгрөг Л.Д-ийн талаас өгөөгүй. Л.Д-ийн ах, дүү нар байнга дарамталдаг байсан гэдгийг хэлье. Энэ хүнд гомдолгүй гэдэг бичиг баримтыг гаргаж өгье. Харин дараа, дараагийн шатанд хүндрэл гарвал Л.Д-ийг манай гэр бүлтэй холбоотой байгаарай гэж хүсье гэв.
6. Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг нотолж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, Л.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцоод, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр 2 жилийн хорих ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгчээс болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлаад, тухайн зүйл хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж өгөөч гэсэн саналыг анхан шатны шүүх хуралдаанд ярьж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Хүлээн зөвшөөрсөн гэдэг ойлголт анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үеэс эхлээд, миний буруу байгаа, зүгээр байсан хүнийг ийм хохирол учруулаад, гэмтэл учруулсан юм аа гэдэг нөхцөл байдал энэ хэрэгт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд ч тэр байдал харагддаг. Надаас өмнө хохирогч хүнд зодуулсан гэж яриад, тэр хүн нь гэмтэл учруулсан байх гэсэн байдалтай оролцсон байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар оролцсон. Энэ байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явсан гэж ойлгох боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байгаа. Хохирогч Ж.О анхан шатны шүүх хуралдаанд бие нь маш муу байдалтай орж ирээд өөрөө ярьж байсан. Болиоч ээ гээд байхад цохиод, өшиглөөд байсан гэдэг, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр байж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд ч бас байгаа. Хүн гэнэтийн үйлдлийн улмаас ганц удаа цохиод хүнд хохирол учруулсан нь өөр хэрэг, болиоч ээ гээд байхад цохисоор байгаад маш олон хохирол, гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байж байгаа. Хохирогчийн эхнэр ярьж байна, одоо таталт өгвөл найдлагагүй гэж байна. Үхэлд хүргэхээр олон тооны хугарал, энэ тэндгүй гэмтэл учруулсан байдал шинжээчийн дүгнэлтэд байгаа. Шүүгдэгчийн тухайд анхан шатны шүүх хуралдаан дээр согтуу байснаас боллоо гээд байна. Энэ хүн согтуу байсан нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ярьж байна, шударга ёсны зарчим гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим чинь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж байгаа. Олон тооны гэмтэл учруулсан, олон сарын дараа хохирогч нь эдгэрээгүй, үхэлд хүрч болзошгүй аюул үүсчхээд байхад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хоёрдугаарт, Хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ...хохирол, хор уршгаа арилгасан байх ёстой. Хохирогч сая ярьж байна, прокурор дээр хохирол төлөхгүй байна гээд уйлаад явж байсан гээд, анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл шүүгдэгч хохирол төлөх ямар ч оролдлого хийгээгүй. Өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй байгаа гэж ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хохирол төлье гэдэг завсарлага аваад, хохирлыг төлөөд орж ирж байсан. Үндсэн хохирлын хэдхэн төгрөгийг гүйцэт төлөөгүй. Ийм нөхцөл байдалтай байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэсэн агуулгаар яриад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх хэрэглэх эсэх нь эрх хэмжээний асуудал боловч тодорхой зүйлүүдийг зааж өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үед үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, миний буруу байсан юм, уучлаарай гэж ч хэлээгүй байгаа. Огт уучлалт гуйгаагүй, анхан шатны шүүх хуралдаанд биеийн хэлэмжээр үл тоосон байдалтай оролцсон. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулчхаад байхад, үүнээс доош бууруулж оногдуулах нь энэ хүн өнөөдөр гэмт хэрэг үйлдчихээд байгаа байдал, одоо болтол хор уршиг нь арилаагүй, амьд явах эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал хохирогчид үүсчхээд байхад, хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь боломжгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Шүүгдэгч Л.Д нь Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр “....” гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн гэрийн гадаа хохирогч Ж.О-ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор яс, хамрын яс, цээжний баруун талын 10-р хавирга, зүүн талын 6,7,8,9,11-р хавирганы хугарлууд, нүүр хэсэгт хавдар, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуу, шуу, нурууны ар хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар, Үүнд:
Хохирогч Ж.О-ын “...миний хөлийн шөрмөс татаад би хөлийн шөрмөс татчихлаа гээд хөлөө жийсэн чинь Д-ийн өвдөг рүү хальт мөргөсөн. Тэгсэн Л.Д татайсан хүүрийг гаргаад алчихъя гээд намайг гэрээсээ чирч гаргаад гэрийнхээ гадаа зодсон. Би түүнээс одоо болиоч гэсэн чинь “...чиний дутсан малыг би гаргаад идчихсэн, чи яадаг юм, надаас юу олж иддэг юм гээд намайг цохиод байхаар нь би чамаас мал авахгүй мал дутаж л байдаг” гэсэн чинь болихгүй, намайг өшиглөж цохиод байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан бөгөөд би бага зэрэг согтчихсон, зодуулсандаа шоконд орчихсон байсан учраас тэндээс зугтаад Ц гуайн гадаа очоод амь авраарай гэж орилсон. Ц гуай гарч ирээд алив гэрт ор гэхээр нь би хүнд зодуулчихсан цус нөжтэй байгаа учир айлд ормооргүй байна гэж хэлээд байж байтал удаа ч үгүй манай эхнэр П, бэр эгч Н, хадам ээж Х нар ирээд намайг авч аймгийн төв рүү орж ирсэн. Гэртээ ирээд миний бие эвгүй оргиод байсан учир манай эхнэр түргэн дуудаж намайг эмчид үзүүлсэн. Ирж үзсэн эмч яаралтай эмнэлэгт очиж хэвт гээд намайг тэр шөнөдөө эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт 2,3 хоног хэвтэж эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд хамрын яс цөмөрсөн байна гээд зүслэг хийлгүүлж, эмчилгээ хийлгүүлж байгаад гэртээ ирсэн. Л.Д намайг газар унагачхаад дээрээс дэвслээд л байсан. Яг хэдэн удаа өшиглөж цохисон болохыг санахгүй байна. Эхлээд “чи яасан их мужаан хийдэг юм, хоёр нүдийг чинь сохлоод, хоёр шууг чинь хугалаад хаячихъя” гээд нүүр рүү гараараа цохиод, мөн гарын шуу руу өшиглөөд байсан. Мөн миний цээж нуруу руу дэвсэж, өшиглөөд байсан. ...Би өөрийгөө хамгаалах гэж ганц нэг удаа түүний цээж рүү нь гараараа цохисон. Намайг газар уначихсан байхад дээрээс дэвсээд байхаар нь би дэвсүүлэхгүй гээд урдаас нь хөлөөрөө хэд, хэдэн удаа тийчилсэн. Тухайн үед Л.Д-ийг өшиглөсөн байж магадгүй” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.П-ын “...намайг Л.Д-ийнд ороход манай нөхөр тэр хоёр нэг шил архи задалчихсан сууж байсан. Бид нар юм яриад сууж байтал манай нөхрийн хөлийнх нь шөрмөс татсан бөгөөд би хөлийг нь барьтал Л.Д сууж байхдаа “тахир дутуу пизда минь наад жингэрээ аваад зайл” гэж хэлсэн. Манай нөхөр гутлаа өмсөх гэхэд гутлыг нь гаргаад шидчихсэн. Би тэдний хүүхэд нь уйлахаар нь хүүхдийг нь аваад сууж байтал Л.Д дахиж манай нөхрийг элдвээр хэлж хараагаад, гэрээсээ заамдаж барьж аваад гарсан. Би хойноос нь гарсан бөгөөд цаанаас нь Л.Д-ийн эхнэр морьтой ирсэн. Манай нөхөр Л.Д-ийг тайвшруулаад гадаа ярилцаад суусан. Удаа ч үгүй байж байтал Л.Д би танай малаас гаргаад идчихсэн, тэгээд чи яах юм, юу олж долоох юм гээд хэлсэн чинь манай нөхөр би ямар зүсмийн мал дутсан болохоо мэднэ. Гэхдээ дутсан малын талаар чамтай би юм ярихгүй гэж хэлсэн. Тэгсэн пизда минь босоод ир, би чамайг алчихъя л даа гэж хэлээд манай нөхрийг заамдаад авсан. Тэгээд зодолдоод эхэлсэн. Би дундуур нь ороод, салгах гээд хүчрээгүй, доод айл руу нь тусламж дуудахаар явсан. Л.Д-т хэвлий толгой руугаа өшиглүүлсэн. ...манай нөхрийн нүүр нүд нь хавдаж тагларсан, чихнээс нь цус гарсан, толгойн хэсэг нь нэлэнхүйдээ хавдчихсан, нуруу нь зулгарсан, хавирга хугарчих шиг боллоо амьсгал авахад хөндүүр байна гэж байсан. ...намайг байхад Д манай нөхрийн нуруу руу 2-3 удаа өшиглөж дэвссэн, толгой руу нь 3 удаа цохисон, ...хоёулаа давхралдаад унасан бөгөөд тэр үедээ ч гэсэн Л.Д манай нөхрийн нүүр лүү хөлөөрөө жийгээд байсан. Манай нөхөр Л.Д-ийн хэвлий болон чихний ар хэсэг рүү тус тус цохисон. Хоёулаа барьцалдаад авчихсан ноцолдоод зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Ш.Ц-ийн “...2024 оны 09-р сарын 22-ны орой 22-23 цагийн орчимд л байх унтах гээд хэвтэж байтал голын цаана бололтой нэг хүн намайг аваадхаач гээд орилоод байсан. Гэрээсээ гарч амжаагүй хэвтэж байтал нохой шуугиад нэг хүн гадаа ирэх шиг болсон. Гэрээс гараад иртэл манай гэрийн хажуу талд Ж.О хөл нүцгэн, дан өмд цамцтай, нүүр нүд нь хавдаж цус нөж нь гоожчихсон зогсож байсан. ...юу болсон талаар асуугаад зогсож байтал Ж.О-ын эхнэр, хадам ээж нар нь ирээд түүнийг аваад явсан. Тухайн үед Ж.О-ын нүүр нүд хавдаж нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, өмссөн хувцас хунар нь норчихсон, бас цус болчихсон, манай гэрийн хажууд ирчихсэн байхдаа эвхэрч унаад л байсан, нэлээн согтуу бололтой байсан. Л.Д-т зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн хохирогч Ж.О-ыг зодсон үйлдлийн улмаас түүний биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Т.О-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №0000000358 дугаартай “1. ...Иргэн Ж.О-ын биед гэмтэл учирсан байна. 2. иргэн Ж.О-ын биед: тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор яс, хамрын яс, цээжний баруун талын 10-р хавирга, зүүн талын 6,7,8,9,11-р хавирганы хугарлууд, нүүр хэсэгт хавдар, цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвуу, шуу, нурууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4 уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Иргэн Ж.О-ын биед учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт,
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б, Г.Х нарын 2024 оны 11-р сарын 27-ны өдрийн 20 дугаартай “....1. Хохирогч Ж.О нь 2024 оны 09-р сарын 22-ны өдрийн гэмт хэргийн улмаас DS: Гэмтлийн дараах стрессийн эмгэг (F43.1) оношлогдож байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
4. Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “…Миний үйлчлүүлэгчийн тухайд гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд …хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг агуулсан байхыг шаардана гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч Л.Д нь хохирогч Ж.О-ыг цохих, өшиглөх, дэвсэхэд түүний биед гэмтэл учирч, хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой байхад, хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болж, уг хор уршигт зориуд хүргэжээ. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно…” гэж хуульчилжээ.
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна. Шүүгдэгч Л.Д нь хохирогч Ж.О-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний халдашгүй дархан байх эрх буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг нь зөрчсөн байна.
6. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл байхгүй байна. Шүүх шүүгдэгч Л.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь түүний үйлдэлд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
7. Шүүгдэгч Л.Д нь эмчилгээ, бусад зардалд 3,547,219 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,114,000 төгрөг, нийт 18,688,219 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх хурлын явцад 3,557,500 төгрөгийг төлж, 15,310,719 төгрөгийг төлөхөөр шийтгэх тогтоолд заажээ. Түүнчлэн хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх үед шүүгдэгч Л.Д-аас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5,643,719 төгрөгийг бэлнээр хохирогч Ж.О-д төлсөн. Мөн төлбөр барагдуулах гэрээгээр шүүгдэгч Л.Д-ийг төлөөлж А.Д, нөгөө талаас төлбөр авагч Ж.О-ыг төлөөлж, эхнэр Г.П нар эрүүл мэндэд учруулсан сэтгэцийн хохирлыг шүүгдэгч Л.Д-ийн талаас 5,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны дотор …… тоот дансанд, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор …… дансанд төлөхөөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар баталгаажуулсныг дурдах нь зүйтэй байна.
8. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугийн байдал зэргийг нь харгалзан тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй байна. Шүүгдэгч Л.Д нь хийсэн хэрэгтээ гэмшин, гэм буруугийн талаар маргаагүй, анхан шатны шүүхээс хохирогчийн эмчилгээ, сэтгэцийн хохиролд төлөхөөр заасан төлбөрийг төлж барагдуулж байгаа хэдий ч, хохирогч Ж.О-д учирсан хүнд хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П-ын тайлбараар тогтоогдож байна.
Энэ байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.Д-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, ял хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ