Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00376

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00376

 

 

Б.Баттуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01324 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баттуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содномын гудамж 54 дүгээр байрны 06 тоот, 2 өрөө, 62 м.кв орон сууцны үнэлгээг тогтоолгож, 73 780 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон талаараа мэдэгдсэн бөгөөд энэхүү ажиллагаанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний бие 105 400 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү байраа анх 2010 онд 1 300 000 ам.доллараар худалдаж авсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь хөндлөнгийн гэрчийн мэдээлэл авагдаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүйгээр нотлогдож байгаа. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4, 30.6-д заасныг зөрчсөн. Албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчсөн. Б.Баттуяа үнийн санал өгсөн байхад талуудыг тохиролцуулалгүйгээр үнэлгээ хийсэн. Хураах акт хүчингүй болбол үнэлгээ хийгдэх ёсгүй учраас эрх ашиг нь зөрчигдсөн. Иймд 105 400 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж тус орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Баттуяа, Ц.Ариунаа нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Б.Баттуяа, Х.Бэлгүтэй нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017028 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содномын гудамж 54 дүгээр байрны 6 тоот, 62 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа төлбөр төлөгч Ц.Ариунаа нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 200 000 000 төгрөгөөр, Б.Баттуяа нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 173 000 600 төгрөгөөр үнэлж үнийн саналыг гаргасан. Дээрх үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч орон сууцыг 105 400 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/11029, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/11028 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 73 780 000 төгрөгөөр оруулахаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний 3/12356 дугаартай мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолын хамт төлбөр төлөгч Ц.Ариунаад гардуулан гарын үсэг зуруулан, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/12724 дугаартай мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/145 дугаартай тогтоолын хамт төлбөр төлөгч Б.Баттуяад баталгаат шуудангаар хүргүүлж, дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: 1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Б.Баттуяагийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содномын гудамж 54 дүгээр байрны 6 тоот 62 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 105 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баттуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 15577 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "....эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ" гэж заасан. Гэтэл НШГА төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 01 сарын 06-ны өдөр хураан авсан хэрнээ 2016 оны 4 сарын 15-нд буюу 3 cap гаруйн дараа албадан дуудлага худалдаа явуулж хууль зөрчсөн болохыг, мөн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байгааг тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хураах актанд хөндлөнгийн гэрч гэж 2 хүнээр гарын үсэг зуруулсан боловч гэрчүүдийн хаяг, регистрийн дугаар зэргийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар авагдаагүй, мөн гэрчүүдэд эрх, үүрэг тайлбарлаж өгсөн талаар "шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл" байхгүй зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4, 30.6 дугаар заалтуудыг зөрчсөн байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг ИХШХШТухай хуулийн 38.9 дэх үндэслэлээр хойшлуулсан нь хариуцагчид тухайн нотлох баримтыг нөхөж хийх боломж олгосон. Учир нь төлбөр авагч нь үнийн санал өгөөгүй тухайгаа төлбөр төлөгч Б.Баттуяад ярьсан байсан тул НШГА төлбөр авагчаас үнийн санал авалгүй шууд шинжээч томилох ёсгүй, энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн болохыг дурдаж байсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч үүнийгээ хүлээн зөвшөөрч "заавал төлбөр авагчаас үнийн санал авах шаардлагагүй гэж үзсэн, угаасаа төлбөр авагч төлбөр төлөгчийн үнийг зөвшөөрөхгүй гэж ярьж байсан нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд төлбөр авагчтай нэг адил сонирхолтой, төлбөрийг хурдан барагдуулж зардал, урамшууллын гэрээ дүгнүүлэх ашиг сонирхолтой субъект тул шүүх хуралдаан хойшилсоны дараа төлбөр авагчаас үнийг саналыг нөхөж хийсэн гэх бүрэн үндэстэй байгаа. Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээчин томилж тогтоосон 105 400 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Баттуяа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3895 дугаар захирамжаар Мөнгөнзоос кредит ББСБ ХХК нь 51 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Баттуяа, Ц.Ариунаа нар 51 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 28-ны дотор төлөхөөр харилцан тохиролцон зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталгаажуулжээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01ий өдрийн 3240 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15/31 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Б.Баттуяа, Х.Бэлгүтэй нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Содномын гудамж 54 дүгээр байр, 6 тоот, 62 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2203017028 дугаартай орон сууцыг битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/04 тоот тогтоолоор хураажээ.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч нар, төлбөр авагч, өмчлөгч нар өөр өөр үнийн санал /хх-52, 53/ гаргаж, харилцан тохиролцоогүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 03 дугаар сарын 24ий өдрийн 55 дугаар тогтоолоор Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 23ы өдрийн 210 тоот дүгнэлтээр дээрх орон сууцыг 105 400 00 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 03 дугаар сарын 25ы өдөр төлбөр төлөгч Б.Баттуяад мэдэгдсэн /хх-38 ар тал/, түүнчлэн шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 73 780 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг Б.Баттуяа, Ц.Ариунаа нарт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр /хх-39/ хүргүүлжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх байдлаар мэдэгдэл хүргүүлснээс гадна анхны албадан дуудлага худалдааны зарыг Unegui.mn сайтад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт нийтлүүлсэн байхад нэхэмжлэгч Б.Баттуяа нь эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн үеэс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 3 cap гаруйн дараа албадан дуудлага худалдаа явуулж хууль зөрчсөн гэх гомдол нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн эд хөрөнгө хураан авах ажиллагаанд Э.Лхагва, С.Энхсайхан нар хөндлөнгийн гэрчээр байлцан танилцаж гарын үсэг зурсан болох нь хэргийн 31 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, байна.

 

Мөн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5943 тоот шүүгчийн захирамж нь шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд шүүгч захирамж гаргана гэж заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцжээ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/01324 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ