| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0580/Э |
| Дугаар | 619 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр ҮД:01-48,
хохирогч С.Энхбаярын өмгөөлөгч Б.Ганбаатар ҮД:11-70,
гэрч Д.Алтанбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ө.Мяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0161 10717 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... Б овогт Ө.М
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Ө.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 17 дугаар гудамжинд иргэн С.Энхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар ярьсан тул хэргийн талаар ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Энхбаярын:…2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед хамт ажиллаж байсан найз Очиржав уулзая гэж ярихаар нь Их дэлгүүрийн хажууд хүрээд ирж, би ахындаа орохоор явж байна гэж хэлээд удалгүй Их дэлгүүрийн ойролцоо уулзаад ах Эрдэнэхүүгийнд хамт ороод хоол идэж, 1 шил архи гурвуулаа хувааж уусан. 22 цагийн үед гараад таксинд суугаад харих гэхэд Очиржав манай найзуудтай уулзая эргээд таксигаар хүргүүлчих гэхээр нь зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да хүрээ” захын зүүн талаар харанхуй гудамжаар орсон чинь гудамжны мухарт хар өнгийн жип машин зогсож байсан. Очиржав буугаад нөгөө машины буруу талын арын хаалгаар орж суусан. Би 2 минутын дараа араас нь очоод жолооч талын цонхыг тогшоод Очироо байна уу гэж асуусан чинь цаашаа зайл гэхээр нь юу гээд байгаа юм бэ гэхэд 2 залуу бууж ирээд хоёр талаас барьж аваад баруун, зүүн шанаа руу хоёр цохихоор нь тавиулаад ийм юм гэж юу байдаг юм бэ гэж хэлээд цагдаа дуудна гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь өө ямар зэвүүн гар вэ гээд нэг нь араас цамцнаас татаж боогоод унагасан, нөгөөх нь дээрээс нүүр рүү өшиглөхөөр нь доош харж хэвтээд нүүрээ гараараа дарсан чинь баруун хавирга руу хэд хэдэн удаа өшиглөсөн ба араас боосон нөхөр гараа тавихгүй байсан. Нөгөө хоёр залуу наадахыгаа зохицуулаарай гэж хэлээд машиндаа суугаад явцгаасан. Намайг зодсон хүмүүс 88-16 УБР улсын дугаартай хар өнгийн жип маркын машинтай явсан. Би өндийгөөд босож ирэхэд таксины жолооч залуу хүрч ирэхэд нүүр, амнаас цус гоожсон явж чадахгүй болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Алтанбүргэдийн: ...2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн “Приус-10” маркын 44-09 СЭҮ улсын дугаартай машинаар таксинд явж байтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу “Өргөө” кино театрын урд явж байтал нэг ах гар өргөж суугаад Их дэлгүүр орж айлд очно гэхээр нь тэнд хүргэж өгөхөд миний утасны дугаарыг аваад цагийн дараа авчих гэж хэлсэн. 1 цагийн дараа нөгөө буулгасан газарт ирээд утсаар ярихад Энхбаяр гэдэг ах, жижиг биетэй найзыгаа дагуулж гарч ирээд офицерт гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал нөгөө найз нь хүнтэй утсаар яриад Шархадны 2-ын буудалд байна гэхээр нь Шархадны эцсийн буудалд очоод хүлээж байтал ах Энхбаяр найзтайгаа хамт машинаас буусан. Би гар утсаар ярьж байтал Энхбаяр, жиптэй найзынхаа найзтай барьцалдаж дээр, доороо ороод зодолдоод байсан. Энхбаяр ирэхдээ амнаас цус гарчихсан, чи 102-т дуудлага өгөөдөх гэхээр нь та нар одоо боль би явмаар байна гэхэд хоёулаа зууралдаад, барьцалдаад цагдаад өгнө гээд гудамж руу орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Очиржавын: …2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед Их дэлгүүрийн орчим найз Энхбаяртай уулзсан. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байдаг Энхбаярын найзынд орж 1 шил архи уугаад тэндээс гарсан чинь миний танил Мөнхзул утсаар ярьж Шархаданд байна хүрээд ир гэхээр нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархаданд таксигаар хүргүүлсэн. Ө.Мтай уулзаад гар барьсан чинь Энхбаяр тэр хоёр юунаас болсон юм мэдэхгүй байна маргалдаад харилцан зодолдохоор нь дундуур нь орж салгах гэсэн боловч хоёулаа том биетэй учир надад дийлдээгүй. Арай гэж салгаад Мөнхзулыг аваад явсан. Энхбаяр сууж ирсэн таксиндаа суугаад явсан. Маргааш өглөө нь Мөнхзул надруу 88137997 дугаараас ярьж өчигдөр чи юун хүн дагуулаад ирсэн юм бэ гэхээр нь надтай хамт ажиллаж байсан найз байгаа юм аа гэж хэлсэн чинь миний нүүр, шанаа хавдсан, цээж нэлэнхүйдээ хөндүүртэй байна. БНХАУ руу ажлаар явах ёстой ийм нүүртэй яаж явнаа гэж хэлээд утсаа салгасан. Ийм юм болсон… гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/
Мөрдөн байцаалтанд гэрч А.Галбаатарын: …2018 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 22 цагын үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 17-499 тоот хашааныхаа гадна талд өөрийн эзэмшлийн 88-16 УБР улсын дугаартай, хар өнгийн “Клугер “ маркийн машин дотор найз Ө.М хамт юм яриад сууж байтал түүний найз утсаар ярьж хаана байна уулзая гэж хэлсэн чинь би найзтайгаа Шархаданд байна гэхэд очиж уулзая гэж хэлээд удалгүй” Аксент” маркийн саарал өнгийн машин ирж зогссон ба Ө.М найз Очиржав гэдэг хүн ирсэн чинь нэг том биетэй залуу ирээд зүүн талд сууж байсан Мөнхзул цонхоо онгойлгосон чинь шууд толгой руу нь цохьсон. Тэгээд хоёр гарыг нь дартал машин эвдэх шахсан ба машинаас Мөнхзул бууж тэр хоёр ноцолдсон. Би машинаасаа буугаад машиныхаа урдуур тойрч очиход нөгөө залуу Мөнхзулыг газар унагаагаад дээр гарчихсан хоолойг боож байхаар нь би араас очиж зүүн талын мөр хэсгийн куртикнээс татсан чинь тавихгүй байсаар байгаад хоёулаа хажуу талаараа газар унасан чинь Мөнхзул босч ирээд хоёулаа зайтай газар очоод үзье хэн бэ гээд орилсон чинь том биетэй нөхөр надруу дайрахаар нь зугтаасан. Очиржав гэдэг хүн дээр очоод юу дагуулаад ирсэн юм бэ найзыгаа аваачээ гэж хэлсэн чинь та хоёр болиоч гэж хэлсэн. Тэр хоёр машин руу дөхөхөөр нь гүйгээд машиндаа суугаад машинаа хөдөлгөөд худгийн цаад тал руу тойруулж тавиад буцаж ирсэн тэр хоёр харилцан цохилцсон юм шиг байна лээ. Нөгөө нөхөр бүгдийг чинь ална гээд л нилээн согтуу нөхөр байсан. Мөнхзул доод гудамж руу зугтаасан ба тэр хоёрын сууж ирсэн машинд байсан хүн бууж ирээгүй. 10-аас 20 минут болоод Мөнхзулыг салгаж аваад машиндаа суулгаад машинаа цонх хагалчиж магадгүй гэж бодоод зугтаагаад 2 буудлын дэлгүүрээс ус авч нүүр гарыг угаалсан чинь газар өнхөрсөн учир өмд хувцас нь норсон байсан. Мөнхзул Очиржавыг хоёрыг урд талын гудамжинд буулгасан чинь хоёулаа гэртээ харилаа гээд явсан. Суудлынхаа тоос, шороог арчаад, цус болсон савтай усыг хаяад гэртээ очиж унтсан… гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны ¹3007 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
1. С.Энхбаярын биед баруун нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, этмойд, гайморийн баруун хөндийд шингэн цус, баруун хацар нүдний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. 2 шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдуулна… гэх дүгнэлт /хх-ийн мэдүүлэг 15-16 дугаар тал/
Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн Ө.М:…Манай найз Галбаатарын нурууны гэмтэлтэй юм. Сайн тос, эм байдаг бөгөөд Галаа надаас 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед манай гэрийн гадаа ирээд тос аваад бид хоёр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо руу шалгалтын материал авахаар Галаагийнд очсон. Машин дотор нь сууж байтал Очиржав надруу утсаар яриад чи хаана байна вэ гээд согтуу яриад байхаар нь байгаа газраа хэлсэн чинь удалгүй жижиг “Аксент” маркын машинтай ирсэн. Очиржав нэг том биетэй танихгүй хүнтэй бууж ирээд нөгөө залуу цонх онгойлгосон чинь миний нүүр рүү цохиод боож унагаасан. Нэг мэдэхэд Галаа ирж тэр залууг татаж надаас салгасан. Намайг газар унагаад дээрээс дэвсээд зодоод байхаар нь гарнаас мултраад зугтаасан чинь цагдаа дуудаарай, намайг зодоод байна гээд орилоод байсан. Араас хөөсөөр байсаар байгаад намайг барьж аваад бид хоёр ноцолдож, намайг өшиглөөд байсан. Галаа машинтайгаа ирээд намайг машиндаа суулгаад холдуулсан. Миний хамар руу цохисон чинь их хэмжээний цус гарсан учир Галаа дэлгүүрээс савтай ус авч ирж угаалгасан. Галаагаас бид хоёр салаад такси барьж Очиржавыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ очсон. Ийм юм болсон… гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн Ө.М:…Найз Галбаатар нурууны гэмтэлд түрхэх сайн тос, эм байна уу гэхээр нь надад байгаа манайд хүрээд ир гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг манай гэрийн гадаа 88-16 УБР улсын дугаартай машинтай ирээд тос аваад бид хоёр хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо руу шалгалтын материал авахаар Галбаатарынд очсон. Машин дотор нь суугаад юм ярьж байхаар нь байгаа газраа хэлтэл удалгүй жижиг “Аксент” маркийн машинтай ирсэн. Очиржав нэг том биетэй танихгүй хүнтэй бууж ирсэн ба нөгөө залуу цонх онгорхой байсан чинь миний нүүр рүү шууд цохиод боож ухаан алдуулсан.
Машинаас татаж буулгаад газар унагаагаад дээрээс дэвсээд зодоод байсан. Галбаатар нөгөө залууг татаж надаас холдуулж салгасан би арай хийж мултраад зугтаасан чинь нөгөө залуу цагдаа дуудаарай, намайг зодоод байна гээд орилсон. Тэгээд миний араас хөөхөөр нь хашааны харанхуйд ороод нуугдсан чинь хүрч ирээд намайг барьж аваад бид хоёр ноцолдож, намайг өшиглөхөөр нь харилцан зодолдож байхад Галбаатар машинтайгаа ирээд намайг машиндаа суулгаад Энхбаяраас холдуулсан. Миний хамар руу цохисны улмаас их хэмжээний цус гарсан учир Галбаатар дэлгүүрээс савтай ус авч ирж өгөөд би нүүрээ угаасан. Галбаатараас Очиржав бид хоёр салаад такси барьж, Очиржавыг гэрт нь хүргэж өгөөд би гэртээ очсон. Ийм юм болсон… гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/
- Шүүгдэгч Ө.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 39 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 41-44 дүгээр тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ө.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 17 дугаар гудамжинд иргэн С.Энхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Ө.Мд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ө.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 17 дугаар гудамжинд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Энхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч С.Энхбаярт Ө.М нь 3.150.000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 38, 49-р тал/,
Шүүгдэгч Ө.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ө.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ө.М нь гэмт үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ө.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.М500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ө.Мд оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ