Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч А.Сүхээ ҮД:13-76 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Д.П яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0220 00657 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Д.П  

          Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

         Д.П нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Алтан-Одыг цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийн талаар мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Алтан-Одын: ...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” нэртэй баарны гадна талд зогсож байтал 2 залуу алхаж ирээд нэг залуу нь намайг өдөөд над руу орилж, хэрүүл өдөж дайраад байсан. Ингээд маргалдтал сүүлд нэрийг нь мэдсэн Д.П гэх залуу нь миний хамран тус газар баруун гараараа нэг удаа цохисон ба хамт явж байсан Жүгдэрнамжил гэх залуу нь больёо гэж хэлээд хамтдаа Д.Пынхаа хамтаар зугтаасан. Би араас нь хөөгөөд барьж автал дахин зугтаагаад гудамжны  уулзвар руу орохоор нь гүйж очтол Жүгдэрнамжил нь намайг дэгээдэж унагаахаар нь би Жүгдэрнамжилыг нь явуулахгүй гэж хэлээд хөлнөөс нь зуураад газар хэвтчихсэн. Тэгтэл Д.П гэх залуу гүйж ирээд намайг тавиулах гээд миний толгой, нуруу, гэдэс, бөгс рүү тоог нь санахгүй байна, олон удаа цохисон. Одоо миний хамар хөндүүрлэж, тархи өвдөж, шүд янгинаж тохой халцарч өвдсөн байна. Би эмчилгээ хийлгүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Жүгдэрнамжилын: ...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би “Скай” нэртэй баарны хажуу талын буудалд Д.Пыг шинэ хүүхэдтэй болсон учир тэмдэглэж, 1 шил 0,75 литрийн хэмжээтэй “Чингис” нэртэй архи, 1 шил 0,5 литрийн “Чингис” нэртэй архи 2 шил архийг хувааж уусан. Ингээд архи ууж халамцаж согттол Д.П нь би гараадахъя гэж хэлээд буудлаас гараад явчихаар нь би санаа зовоод араас нь гартал “Скай” нэртэй баарны дотор талд орсон сууж байсан. Ингээд баарны архи уулгүй гарах талаар санал тавиад гаръя гээд гартал 22 цаг өнгөрч байхад өөрийн найз Д.Пыг шинэ хүүхэдтэй болсон баяраа тэмдэглэж байна гэхээр нь очсон. Ингээд баарнаас гартал Д.П сүүлд нэрийг нь мэдсэн Алтан-Од гэх залуутай маргалдаж, /хоёул согтуу байсан учир чанга, чанга дуугарч, чи би гээд л ямар ч шалтгаангүй маргасан/ муудалцаж барьцалдаж аваад Д.П Алтан-Одын зүүн шанаа хэсэгт нэг удаа, хамар хэсэгт нь нэг удаа нийт 2 удаа цохисон. Тэгээд би Алтан-Одыг зүгээр эсэх талаар  асуугаад цааш түлхэн та нар болиоч ээ гэж хэлээд Д.Пыг явъя гээд хойш нь дагуулаад алхсан. Тэгтэл араас Алтан-Од ирээд намайг зуураад авахаар нь би цаашаа гээд түлхтэл та хоёрын аль нэгийг барьж авч үлдэнэ гээд зуурахаар нь би нэг удаа хавиртал Алтан-Од газарт унаад миний хөлнөөс зуураад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3787 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Г.Алтан-Одын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд цус хуралт, баруун тохойд зулгаралт, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            Шинжээч эмч М.Ариунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

            - Хохирлын баримт /хх-ийн 19 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Д.Пын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 45 дугаар тал/,

            - Хохирол төлсөн баримт /хх-ийн 48, 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.П нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Алтан-Одыг цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.Пд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Алтан-Одыг цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч Г.Алтан-Од нь 559.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.П нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг, шүүхийн шатанд 67.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШТГазрын барьцаа хөрөнгө байршуулдаг  Төрийн сангийн 0000100900005406 тоот дансанд байршуулсан байна. /хх-ийн 20, 48, 66 дугаар тал/

Шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Ц овогт Д.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пыг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Пд оногдуулсан 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Пд оногдуулсан 460 /дөрвөн зуун жаран / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.    

            6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ