Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/30

 

 

 

 

 

 

   2025            4                  17                                                        2025/ДШМ/30

 

 

 

                                        Ц.Б-д холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

                        Прокурор Б.Цогзолмаа

                        Яллагдагч Ц.Б,

                        Яллагдагч Ц.Б-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа /цахим/

                    Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 тоот эсэргүүцлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн 2334004870412 дугаар бүхий 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 23-нд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Ц Б, 

2. Ц.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Тоёота приус-20 маркийн 3483 УАВ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөнөөс 3483 УАВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч О, А-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн  бодитойгоор  шалгаж  хянасны  үндсэн  дээр  хэргийн  бодит байдлыг тогтоох

 

үүрэгтэй. Иймд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилсан.

Яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлохоор заавал шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.

Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад шүүгчдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан “шүүгдэгч нь гэм бурууд маргадаггүй боловч гэмт хэрэгт буруутгаж буй замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангах зорилгоор өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг үндэслэлийн ядарсан байсан уу? өвчтэй байсан уу гэдгийг хавтаст хэрэгт тогтоосон зүйл байхгүй. Шүүгдэгчийн биеэ авч яваа байдлаас тодорхой хугацаанд дүгнэлт хийгээд “хэрэг хариуцах чадвартай эсэх дээр” шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэх тайлбар үндэслэл бүхий гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжээч томилж, шинжилгээ хийлгэх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэл болов.

Хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон атлаа хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдсэнийг амь хохирогчтой ямар хамааралтайг нотлох садан төрлийн лавлагаа, эсхүл холбогдох баримтыг хавсаргаагүй бичмэл нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлага хангавал зохино хэмээн дурдаж хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

5. Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Баярхүү 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бичсэн 12 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цогзолмаа гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч Ц.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Тоёота приүс-20” маркийн 3483 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөний улмаас 3483 УАВ улсын дугаартай “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч О, А нарын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ц.Б-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа нь “шүүгдэгч гэм бурууд маргадаггүй боловч гэмт хэрэгт буруутгаж буй замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангах зорилгоор өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг үндэслэлийг ядарсан байсан уу, өвчтэй байсан уу, гэдгийг хавтаст хэрэгт тогтоосон зүйл байхгүй. Шүүгдэгчийн биеэ авч яваа байдлаас тодорхой хугацаанд дүгнэлт хийгээд хэрэг хариуцах чадвар дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх..., шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, 2.3-т “...яллагдагч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох” талаар тус тус хуульчилжээ.

Гэтэл шүүх, шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжээч томилж, шинжилгээ хийлгэх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан, тэмдэглэл үйлдсэнийг амь хохирогчтой ямар хамааралтайг нотлох садан төрлийн лавлагаа, эсхүл холбогдох баримтыг хавсаргаагүй, бичмэл нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлага хангавал зохихыг шүүгч захирамжид дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэсний дагуу хохирогчийн эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчтой ямар хамааралтай болохыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бүрэн боломжтой атал уг зарчмыг хэрэгжүүлээгүй шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Ц.Б-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болсон учир хэвээр үлдээх байр суурийг илэрхийлэн шүүх хуралдаанд оролцоно. Тухайн хэрэгт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлон тогтоож чадаагүй байгаа. Миний зүгээс прокурорт үйлчлүүлэгчээ сэтгэцийн байдлыг тогтоолгохоор тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдээгүй, гардаж аваагүй байх үед хүсэлт гаргасан боловч хүлээн авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ц.Б-ын хувийн байдлаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар зайлшгүй өмгөөлөгчөөр хангах ёстой байсан тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзнэ гэв.

Яллагдагч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх талуудыг мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ц.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Тоёота приус-20” маркийн 3483 УАВ улсын дугаар бүхий автомашиныг жолоодон төрсөн эгч Ц.Наранцэцэг, түүний нөхөр О, ач охин Анарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймагт очихоор явж байх үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын “Уянга” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарган онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан О, Анарын амь нас хохирсон гэх үйл баримтуудын талаар тусгагджээ.

Хавтаст хэргийн 187-188 дугаар талд дээрх осол болох үед тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Нарантуяа “...осол болсон өдөр Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн..., ...би осол болсны дараа хэсэг ухаан алдсан байсан тэгэхэд би машины урд суудлын дунд хавчуулагдсан байсан...” гэж гэрчээр мэдүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй орхигдуулсан нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.1 дүгээр зүйлийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-оор заавал шинжилгээ хийнэ гэж заасантай нийцээгүй байна.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан, яллагдагч Ц.Б-ын жолоодон явсан “Тоёота приус-20” маркийн 3483 УАВ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь “Богд банк” ХХК-ний өмчлөл/хх-ийн 180-р тал/-ийн эд хөрөнгө гэдэг нь тогтоогджээ.

Гэтэл тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч Ц.Дагвадорж гэгч нь “...Ц.Б-ын зам тээврийн осол, хэрэгт холбогдсон 3483 УАВ улсын дугаартай цагаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд “Богд банк” ХХК-аас иргэний нэхэмжлэгч томилуулан мэдүүлэг авах гэсэн боловч уг тээврийн хэрэгслийн төлбөрийг “Богд банк” ХХК-нд бүрэн төлж зээлийг хааж улмаар /РД:ЦГ82011371/ Пүрэвдорж овогтой Батдорж гэх хүний нэр дээр шилжсэн байх ба П.Батдорж гэх хүнтэй 99743344 дугаарын утсаар холбогдоход би тухайн 3483 УАВ улсын дугаартай цагаан өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 6 дугаар сард нэрийг нь мэдэхгүй настай хүнээс 4 сая төгрөгөөр худалдаж аваад нэрийг нь шилжүүлж авсан..., ...гэж хэлснийг тэмдэглэл болгон бичлээ...” хэмээн ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримттай эрс зөрүүтэй, мөн тухайн хэрэгт авагдаагүй нотлох баримтыг авагдсан гэж “Мөрдөгчийн тэмдэглэл” /хх-ийн 189-р тал/ гэх хуульд заагаагүй арга, хэрэгслээр дээрх тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тогтоосон мэт тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй байдлыг бий болгожээ.

Өөрөөр хэлбэл хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар дээрх “Мөрдөгчийн тэмдэглэл” гэх баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ нь “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”,  “нотлох баримтыг хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлэх ба ингэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ” хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 болон 9 дэх хэсэг, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

4. Яллагдагч Ц.Б, гэрч Ц.Наранцэцэг нарын мэдүүлгүүдээс үзвэл яллагдагч, хохирогч, гэрч нар нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1030 цагаас 11 цагийн үед Архангай аймаг руу явахаар Улаанбаатар хотоос хөдөлж, мөн өдрийн 14-15 цагийн үед зам тээврийн осолд өртөн, 16 цаг 41 минутад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн /хх-ийн 23-р тал/, Б.Б “...урд шөнө нь гүйцэд унтаж амарсан, ядраагүй байсан, замдаа 2 удаа бууж биеийнхээ чилээг гаргаад хөдөлсөн...” хэмээн мэдүүлсэн байдаг.

Мөрдөгчөөс уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор томилсны дагуу гаргасан “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23/168 дугаар болон нэмэлтээр гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24/85 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн /а/ буюу “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэснийг зөрчсөн хэмээн тусгагдсан.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл шинжилгээ хийсэн шинжээч нь хэрэгт авагдсан ямар нөхцөл байдлыг үндэслэн Ц.Быг “...өвчтэй буюу ядарсан үедээ...” тээврийн хэрэгсэл жолоодсон, тухайн “өвчтэй буюу ядарсан” гэх үндэслэлүүдийн аль нь тухайн гэмт хэрэг болоход нөлөөлсөн, уг дүгнэлтдээ ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгосон зэрэг нь тодорхой бус буюу өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтүүд бүхэлдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад прокуророос үүнийг “Яллах дүгнэлт”-ийнхээ үндэслэл болгон яллаж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.  

5. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5, 1.6-д тус тус заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу “Нотолбол зохих байдал”-д хамаарч байгаа ба үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

6. Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан яллагдагч Ц.Б нь “хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох”-оор шинжээч томилох гэх хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулан шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байдаг.

Давж заалдах шатны шүүх магадлалд дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн тул дээрх ажиллагаануудыг хийх явцдаа яллагдагч Ц.Б-ын өвчилсөн гэх өвчин, одоогийн байгаа хувийн байдал зэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээх чадварт нөлөөлөх эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд нэг мөр тогтоолгох нь хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй.

Шүүгчийн захирамжийн хоёр дахь үндэслэл болох “хууль ёсны төлөөлөгч” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг бөгөөд хэрэв хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргаан гарвал шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх хууль зүйн боломжтой тул прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авч ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Иймд Ц.Б-д холбогдох хэрэгт магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2025 оны 12 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЦЭРЭНХАНД

 

                            ШҮҮГЧИД                                 З.ТҮВШИНТӨГС

 

                                                                              М.МӨНХДАВАА