Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00375

 

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00375

 

 

Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/01092 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батзаяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 340 000 төгрөг, хохиролд 18 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 10 500 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батзаяа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн "Хүчит Чулуут" ХХК-ийн /2087774/ өмчлөлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам 5 байрны 110 тоот хаягт байрлах Ү-2204029147 улсын бүртгэлийн дугаартай, 000176629 гэрчилгээтэй 71,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасны дагуу 15/2125 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 15/4126 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримт дээр гарын үсэг зуруулан олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд Б.Батзаяагаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 7 075 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 265 000 төгрөг, нийт 23 340 000 төгрөгийг нотариатын зардал 18 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 274 740 төгрөгийн хамт гаргуулах, мөн зээлийн барьцаанд бүртгэлтэй 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг гаргуулах, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу болон 15/4126 тоот Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасныг барьцааны үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдаанд орох үнийг 15 000 000 төгрөгийн 70 хувиар буюу 10 500 000 төгрөгөөр тооцон тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар бууруулж байна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс тооцож тооцоо нийлэхэд Б.Батзаяа 15 000 000 төгрөгийн зээлийг 310 хоног буюу 10 cap 10 хоног ашигласан хүү 7 750 000 төгрөг, Б.Батзаяа нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1 500 000 төгрөг төлснөөр хүү нь 6 250 000 төгрөг, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хугацаа хэтэрсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 220 хоног 15 000 000 төгрөгийн 20 хувиар тооцож 3 000 000 төгрөг, зээлийн болон барьцааны гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 220 хоногийн хүү нь 5 500 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 1 100 000 төгрөг болгон өөрчилж нийт 23 340 000 төгрөгөөс 22 350 000 төгрөг болгож багасгаж байна. Бусад шаардлага хэвээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан

хариу тайлбартаа: ...Гэрээний хугацаанд 1, 2-р сарын хүүнд 1 500 000 төгрөгийг төлсөн. Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусан тул 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хүү төлөхгүй. Мөн 15 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 7 750 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийн болон барьцааны гэрээ сунгагдаагүй тул хүү төлөхгүй. Б.Батзаяа нь 15 000 000 төгрөг дээр 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг 10 500 000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нотариатын зардал болох 18 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 300 000 төгрөг, гарсан зардал 18 000 төгрөг, нийт 21 318 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Ориент Инвест" ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг болон барьцаа хөрөнгийн анхны үнийг 10 500 000 төгрөгөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Батзаяа нь 21 300 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам, 51 дүгээр байр, 110 тоотод байрлах, 71,6 м.кв талбайтай 3 өрөө, эрхийн бүртгэлийн Ү-2204029147 дугаарт бүртгэгдсэн, №000176629 дугаар гэрчилгээ бүхий орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн 5 дахь нүүрний 2 дахь догол мөрөнд "...нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 9 сарын хүүнээс хариуцагчийн төлсөн 1 500 000 төгрөгийг хасч 5 250 000 төгрөг /15 000 000 х 5 хувь : 100=750 000 төгрөг, 750 000 х 9 сар = 6 750 000 төгрөг - 1 500 000 = 5 250 000/, нэмэгдүүлсэн хүүнд 1 050 000 төгрөг, нийт 21 300 000 төгрөг/ 15 000 000 + 5 250 000 + 1 050 000 = 21 300 000/ нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна..." гэж дурдсан байна. ИХШХШТХ-ийн 26.2-д зааснаар нийт 22 350 000 төгрөгийг Б.Батзаяагаас нэхэмжилсэн бөгөөд шүүх хурал болох 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Гэтэл шүүгч Д.Хулан нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 9-р сарын 30 өдрөөр тооцсон нь үндэслэлгүй байна. Б.Батзаяагийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь шүүх хурал хуралдаан өдрөөр бодогдох ёстой гэж үзэж байна. Тус ББСБ нь "ИХ-ийн 177.1-д заасны дагуу болон Б.Батзаяатай байгуулсан 15/4126 тоот Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-д заасныг үндэслэн барьцааны үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдаанд орох үнийг 15 000 000 төгрөгийн 70 хувиар буюу 10 500 000 төгрөгөөр тооцон тогтоож өгнө үү" гэсэн шаардлага гаргасан. Гэтэл хуулийн үндэслэл заалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ИХйн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар 15/4126 тоот хөрөнгө барьцаалах гэрээг хамтран гаргасан санал гэж үзэх бүрэн боломжтой тул барьцаа хөрөнгийн дуудлага худалдаанд орох анхны үнийг 10 500 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үнийн дүнг 1 050 000 төгрөгөөр нэмэгдүүлэн 22 350 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 10 500 000 төгрөг мөн болохыг тогтоож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29 750 төгрөгийг Б.Батзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч "Ориент Инвест ББСБ" ХХК нь Б.Батзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 340 000 төгрөг, хохиролд 18 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 10 500 000 төгрөгөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2016 оны 11 дүгээр сарын 10ы өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 23 340 000 төгрөгөөс 22 350 000 төгрөг болгож багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусан тул 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хүү төлөхгүй гэж маргажээ.

 

"Ориент Инвест ББСБ" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Хүчит чулуут ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам 51 байр 110 тоот хаягт байрлах, 71.6 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалан Б.Батзаяад 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл төлөгдөж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3-т Б.Батзаяа нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч Б.Батзаяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй, зээлийн хүүнд 7 750 000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг 10 500 000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, харин 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч Б.Батзаяа нь 2 сарын зээлийн хүүгийн төлбөрт 1 500 000 төгрөг төлсөн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үндсэн зээл, гэрээнд заасан зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү зэргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нийт 23 340 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаан дээр 22 350 000 төгрөг болгож багасгасан ба шүүх нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээнд заасан болон хэтэрсэн хугацааны хүүг 10 сар 10 хоногоор тооцоход 7 750 000 төгрөг болох ба үүнээс хариуцагчийн төлсөн 1 500 000 төгрөгийг хасч, зээлийн хүүд 6 250 000 төгрөг, хариуцагчийн тооцсоноос нэмэгдүүлсэн хүүд 1 100 000 төгрөг, нийт 22 350 00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, мөн нотариатын зардалд 18 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг хэрэглэсэн нь буруу байх тул тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Харин барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг 15 000 000 төгрөгийн 70 хувь буюу 10 500 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/01092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Батзаяагаас нийт 22 368 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Ориент Инвест" ББСБ-д олгосугай гэж,

2 дахь заалтын даалгасугай гэснийг даалгаж гэж даалгаж гэсний дараа барьцаа хөрөнгийн анхны үнийг 10 500 000 төгрөгөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

3 дах заалтын 264 540 гэснийг 269 790 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ориент-Инвест ББСБ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ