| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2518000000061 |
| Дугаар | 2025/ДШМ/38 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/38
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/140 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр ******* холбогдох 2518000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаатгагдсан этгээд: тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 30-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан.
Шүүгдэгч ******* нь 20******* оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс ******* эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2518000000061 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
-Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ******* нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,
-Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээж,
-Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Хэрэгт хохирогч ******* “...”Ахдаа нэг утсаар яриулаач” гэсэн. Тэгэхээр нь би “миний утас байхгүй байна, утасгүй байна” гэж хэлтэл “ямар сүртэй хүн бэ, яриулчхаач” гэж зогсоод байсан. Тэгээд би буцаж орох гэж байсан тул машиныхаа хаалгыг хаагаад буцаад орсон. Ингэхэд тэр хүн тэнд зогсоод үлдсэн...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгчийн бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан үйлдлийг бичсэн камерын бичлэг хэрэгт авагдсан ба эдгээр шууд нотлох баримтаар ******* нь хохирогч өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээс гарч ирэхэд нь түүнтэй утсаар яриулах талаар харилцаж маргалдсан, хохирогчийг тээврийн хэрэгслээ асаалттай орхиж явахыг харсан атал тээврийн хэрэгсэлд орж, хөдөлгөн авч явахыг завдсан нөхцөл байдал тогтоогдож байхад дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлгүйгээр “******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслийг хайгаад явсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч ******* эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл нь хар өнгөтэй болох нь хэрэгт авагдсан. Иймд шүүгдэгч ******* нь согтуу байсан учир шөнийн цагт тээврийн хэрэгслийн өнгийг ялгаагүй андуурсан гэх үндэслэлтэй” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.
Мөн хэрэгт авагдсан гэрч *******ын “...Ямар ч байсан надад Ноёдын хажуу талд гараж руу шахаад тавьчихлаа шүү. Чи очоод авчхаарай, түлхүүр нь жолооч талын урд дугуй дээр тавьчихлаа” гэж хэлсэн. Би надад хэлснээс хойш 2 цаг орчмын дараа л очоод авчихсан даа..." гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******аас машиныг хэрэг болохыг өмнөх өдөр авсан..., машиныг Ноёдын урд зогсоолд тавьсан, ...Би машиныг 20******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим байрлуулсан. ... цагийн орчим байрлуулаад утсаар залгаж хэлсэн...” гэх илт зөрүүтэй мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь бусдаас авч хэрэглэж байсан тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан өгснөө лавтай сайн мэдэж, тухайн өдөр тээврийн хэрэгсэлгүй явж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогддог.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, улмаар хохирогч тээврийн хэрэгслээ асаалттай орхиж явахыг харж уг тээврийн хэрэгслийг хөдөлгөн авч явахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан атал анхан шатны шүүх *******ын гэмт хэрэг үйлдсэн гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй гэж үзэж илтэд хууль бусаар шүүгдэгчийг цагаатгасан.
Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2.17 хувийн согтолттой буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн этгээдийн зүгээс гаргаж буй санаа зорилго, үйлдэл нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн тул тээврийн хэрэгслийг андуурч авч явсан гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалтыг анхаарч үзээгүй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохоор байх ба хэрэв тээврийн хэрэгслийг андуурч авч явсан гэж шүүх дүгнэвэл энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байхад үүнийг харгалзан үзэлгүйгээр шууд гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилгод хамааруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/140 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг андуурч авч явсан гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх заалттай зөрчилдөж байна. Шүүхийн гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед ******* нь ямар үйлдэл хийгээд байгаагаа мэдэхгүй байсан. Гар утсаа хайж буй үйл баримт байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ гэм буруугийн санаа зорилго, сэдэл нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан хэдий ч шүүгдэгчийн зүгээс дээрх шинжийг бүрэн хангахгүй байна. Иймд цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримт, хэлэлцүүлгийн шатнаас авхуулан хууль зүйн дүгнэлтийг гаргасан. *******г цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзэж, ******* холбогдох цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Прокуророос *******г 20******* оны 02 дугаар сарын 19-ний өдөр 22.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн ******* эзэмшлийн *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, ... шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслийг хайж явсан бөгөөд хохирогчийн тээврийн хэрэгсэл нь хар өнгөтэй байсан тул шөнийн цагт тээврийн хэрэгслийн өнгийг ялгаагүй андуурсан гэх үндэслэлтэй.... Зогсоол дээр асаалттай орхисон тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах санаа зорилготой байсан гэх сэдэл, санаа зорилго нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах, эзэмшилдээ оруулах гэсэн ямар нэгэн шунахай зорилго агуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, ...түүний үйлдэл нь гэмт хэргийн зайлшгүй шинж буюу гэмт хэргийн субъектив хүчин зүйл болох гэм буруутай байдал, түүнийг бүрэлдүүлэгч элемент болох гэм буруугийн хэлбэр, сэдэл, санаа зорилго хангалттай тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх үндэслэлд хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг гэж гэмт этгээд нь тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх зорилгогүйгээр, өөрөөр хэлбэл хөл дайх, унаж тодорхой газар хүрэх зорилгоор шунахай зорилгогүйгээр, хууль бусаар эзэмшсэн байхыг ойлгохоос гадна хөдөлгөөний аюулгүй байдал, бусдын өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Улмаар бусдын машинд орж сууж хөдөлгөөнийг эхлүүлсэн бол гэмт хэрэг төгсөхөөс гадна гэмт хэргийн субьектив тал нь санаатай, шунахай зорилгогүй байна.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.
Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болох хохирогч ******* “...”Ахдаа нэг утсаар яриулаач” гэсэн. Тэгэхээр нь би “миний утас байхгүй байна, утасгүй байна” гэж хэлтэл “ямар сүртэй хүн бэ, яриулчхаач” гэж зогсоод байсан. Тэгээд би буцаж орох гэж байсан тул машиныхаа хаалгыг хаагаад буцаад орсон. Ингэхэд тэр хүн тэнд зогсоод үлдсэн...” гэх, гэрч *******ын “...Ямар ч байсан надад машиныг чинь Ноёдын хажуу талд гараж руу шахаад тавьчихлаа шүү. Чи очоод авчхаарай, түлхүүр нь жолооч талын урд дугуй дээр тавьчихлаа” гэж хэлсэн. Надад хэлснээс хойш би 2 цаг орчмын дараа л очоод авчихсан даа..." гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...*******аас машиныг хэрэг болохын өмнөх өдөр авсан..., машиныг Ноёдын урд зогсоолд тавьсан, ...Би машиныг 20******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22.00 цагийн орчим байрлуулсан. ....00 цагийн орчим байрлуулаад утсаар залгаж хэлсэн..., “...Уг нь найзтайгаа уух юм чинь гээд машинаа үлдээсэн юм. ...Тухайн үедээ согтуу байсан тул машинаа хаана үлдээснээ санахгүй байсан. Тэр машин машинтай адилхан санагдаад хаалгыг нь таттал онгорхой, бас машин асаалттай байсан. Тэгээд ороод суучихсан. Машинд суух үед машинд хүн байгаагүй. Тэгэхээр нь суугаад хэсэг хүлээж байгаад машиныг нь хөдөлгөөд ухрах үйлдэл хийж явж байгаад ард явж байсан тээврийн хэрэгслийг мөргөчихсөн. Тэгээд би буцаж урагшлаад “Тоёота Приус-20” тээврийн хэрэгслийг байранд нь тавьж байхад машины эзэн гэх эмэгтэй ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), ...мөн машинд суугаад байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай баримтууд байхад эдгээрийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, нэг бүрчлэн тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, дүгнэлт хийгээгүй, дээрх баримтуудыг хэрхэн няцааж байгааг, эдгээрийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа цагаатгах тогтоолд тодорхой дүгнэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2.17 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлогдсон ба согтуурсан байхдаа гаргаж буй үйлдэл, санаа нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилгыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг согтуудаа бусдын тээврийн хэрэгслийг андуурч авч явсан гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалтыг анхаарч үзээгүй.
Гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ...нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн...бол түүнд ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан тооцохоор хуульчилсан..
Цагаатгах тогтоолоос харахад анхан шатны шүүх ******* нь тээврийн хэрэгслийг андуурч авч явсан гэж дүгнэсэн байх ба ийм дүгнэлтэд хүрсэн тохиолдолд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа андуурсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байхад үүнийг харгалзахгүйгээр шууд хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.
Түүнчлэн ******* нь тухайн өдөр ямар ч тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй, мөн өөрт хамааралтай машин хайж явсан гэх байдал, үйлдэл хэрэгт авагдсан дүрс бичлэгээс харагдахгүй байгаа, улмаар хэрэг учрал болох үед өөр өөр машинд сууж, хаалгыг нь татаж яваад хохирогч ******* машинд сууж хүн ирэхийг нэлээд хүлээж байгаад хөдөлгөөн хийсэн, хохирогчтой машиных нь дэргэд яриа өрнүүлж маргасан, хохирогч машинаа асаагаад явахыг харсан зэргээс дүгнэхэд тухайн тээврийн хэрэгслийг өөрийнх нь биш бусдынх гэдгийг мэдэх боломжтой байсан байхад, мөн *******гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт дээр бичсэнчлэн илтэд зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин, илт үндэслэлгүй ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга...”, “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй байна.
Дээрх алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасан ноцтой зөрчилд тооцогдон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа тул прокурорын эсэргүүцлийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/140 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******ГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ