Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч П.Болормаа,

          шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,

          хохирогч У.Нандинзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатагин овогт Д.Гяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0097 20510 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Д.Г

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Д.Г нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1-1470 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй У.Нандинзулыг 2014 оноос 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: 2004-2006 оны хооронд өмнө нь үерхэж байсан залуутайгаа цуг ажилладаг байсан болохоор нь хардалтаас үйлдэлтэй 2-3 удаа зодсон. 2015 онд дуучин Бүрнээбаярын нөхөр манай гэрийн үүдээр эргэлдээд байдаг байсан. Тэрнээс болж хардаад гар утсаа толгой руу нь шидээд толгойг нь хагалж байсан. 2017 оны 11 дүгээр сарын дундуур гэр бүлээ нийлүүлье, хоёулаа бүх зүйлийг шинээр эхэлье гэж гуйж очсон боловч У.Нандинзул дургүйцээд байхаар нь би түлхсэн чинь орны араар унасан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр дахин гэр бүлээ бодъё, гурван хүүхдээ бодъё гээд гуйж очсон боловч зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь би түлхээд гэдэс рүү нь юмаар хатгасан гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Нандинзул мэдүүлэхдээ: Гэр бүлээ цуцлуулахын өмнө хашаа байшингаа надад өгнө гээд өөрөө хүсэлт бичиж байгаад хүсэлтээ надаар хуулуулж бичүүлчихээд дараа нь надад хашаа байшингаа шилжүүлж өгөөгүй. Иргэний шүүхэд гэр бүл цуцлуулах гээд өргөдөл өгсөн чинь чи одоо энэ хашаа байшингаа ав за юу гээд намайг түлхсэн. Надтай анх танилцаж үерхэж эхэлсэн цагаасаа зодож дарамталдаг, удаа дараа хэл амаар доромжлон айлган сүрүүлдэг байсан. 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдөр намайг 4 сартай жирэмсэн байхад зодож гэмтээснээс болж би цочролд орж, миний хоёр чих шуугин өвдөж сонсгол маань муудсан. Түүнээс хойш 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ ирэхэд гараараа миний мөр болон нуруу хэсэг рүү цохиж зодсон. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад дахин мөр, гар, гуя, хавирга зэрэг газар руу гараараа удаа дараа цохиж, зодож, өргөж аваад байрны паар, ор, буйдан шал зэрэг газрууд руу шидэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үүрийн 04 цаг хүртэл сөхөр гээд гараас зуураад, үснээс зулгааж, айлгаж хэл амаар дорожилж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагаас 16 цагийн хооронд миний мөр рүү гараараа цохиж, зүүн хавирга, бөөр, хэвлий хэсэг рүү хуванцар нарийн хоолойгоор цохиж, хувцас хатаагчны төмрөөр толгой болон дух хэсэг рүү цохисон. Заримдаа ажлаа тараад гэр рүүгээ явж байхад утсаар яриад яагаад алга болчихоо вэ, автобуснаасаа буугаад гүйгээд яв гэж дарамталдаг байсан. Би Д.Гыг орилж, доромжлох болгонд нь айж гар чичирдэг байсан. Хүүхдүүддээ хэдүүлээ ааваасаа тусдаа амьдаръя гэхэд хүүхдүүд маань аав хаана байгаа газар маань олоод ирнэ шүү дээ гээд байдаг байсан. Мөн миний гар утсыг ус буцалгагчинд хийгээд буцалгаж байсан. Эхлээд дандаа түлхэх маягтай гар хүрдэг байсан бол тэр нь даамжирсаар байгаад сүүлдээ цохиж, зоддог болсон. Би маш их гомдолтой байна. Д.Гыг миний төлөө намайг эрүүл болгох гэж хагалгаанд оруулах гэж байгаад нь баярлаж байна. Тэгэхдээ шүүхээс ганц хүсэж байгаа зүйл бол энэ хүнийг дахин надтай уулзуулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Нандинзулын: …Би 2003 онд Даваажав овогтой Д.Г гэх хүнтэй танилцаж бид хоёр 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бид хоёр албан ёсоор хуримаа хийж байсан. Том хүү 2006 оны 08 дугаар сарын 13-ны өдөр том хүү Өсөхбаяр дунд хүү Эрхэмбилэг 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бага хүү Эрхэмбаяр нь 2012 оны 08 дугаар сарын 13-нй өдөр төрсөн. Манай нөхөр Д.Г нь намайг танилцаж үерхэж эхэлсэн цагаасаа зодож дарамталдаг, удаа дараалан хэл амаар доромжлон айлган сүрдүүлж байсан. 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдөр намайг 4 сартай байхад зодож гэмтээсний улмаас би цочролд орж миний хоёр чихний сонсгол муудсан. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Түүнээс хойш 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ байхад дахин мөр, гар, гуяа, хавирга зэрэг хэсгүүдэд гараараа удаа дараа цохиж зодож мөн намайг өргөж аваад байрны паар, ор, буйдан, шал зэрэг газрууд руу шидэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө үүрийн 04 цаг хүртэл намайг сөхөр гэж хэлээд гараас зуураад үснээс зулгааж, айлгаж хэл амаар доромжлон зодсон. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагаас 16 цагийн хооронд миний мөр рүү гараараа цохиж, зүүн хавирга бөөр хэсэг болон хэвлий рүү хуванцар нарийн хоолойгоор цохисон, мөн хувцас хатаагчны төмрөөр толгой болон дух руу савж цохисон. Д.Г нь намайг удаа дараа хэл амаар доромжлон, заналхийлж айлган сүрдүүлдэг би зарим ярьсан хэлсэн үгийг нь утсан дээрээ хуулбарлаж авсан байгаа бас өөрийн биед гэмтэл гарсан хэсгээ гэрэл зургаар бэхжүүлж авсан. Ингээд би удаан хугацаанд Д.Гт зодуулж дарамтлуулж байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Маш гомдолтой байна. Би өөрийн гурван хүүгийн хамт амар тайван амьдармаар байна. Иймээс Д.Г гэх хүнийг зохих хуулийн дагуу арга хэмжээ авч мөн надаас хол байлгах арга хэмжээ авмаар байна...

...Духны сорвийг нөхөр Д.Г нь гэртээ 2015 оны 06 дугаар сарын 08-нд уурлаад гар утсаа шидэж учруулсан. Үүнийг цагдаагаар шалгуулаад гомдлоо буцааж авч байсан. Зовхинд учирсан сорвийг 2004 онд нөхөр Д.Г санамсаргүй халтирч унахаар босгох гэсэн чинь санамсаргүй хөлөөрөө савж учруулсан. Баруун цавины зулгаралт гэмтлийг 2017 оны 11 сард гэртээ байхад нөхөр хүчээр унтана гэж дотоож урж тайлахдаа үүсгэсэн. Энэ үйлдэл нь 3 удаа 8-11 сарын хугацаанд болсон. Хэвлийн баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад нөхөр Д.Г нь уурлаж, хэвлий хэсэг рүү нарийн хуванцар хоолойгоор хатгаж учруулсан, орон дээрээсээ түлхэж унагаахад өвдөг шалбарсан, мөн хувцас хатаагчны төмрөөр толгой руу цохисон. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагаас 02-ны өдрийн 04 цаг хүртэл хашгичиж, надтай унт гэр бүлийн харилцаагаа сэргээ, цагдаад хэлбэл дарамтанд байна, үснээс зулгааж сөгд уучлалт гуй гэж дарамталж зовоосон. Дээрх гэмтлүүдийг нөхөр Д.Г нь зодож, дарамталж учруулсан. Би Д.Гтай 2004 оноос хойш хамт амьдрах хугацаанд 2006 он хүртэл 3-4 сарын давтамжтай гар утас хагалдаг, цуглаан явуулахыг хориглодог, ажлаасаа удаан ирлээ гэж гар утас эвддэг байсан. 2004 оны 04 сард жирэмсэн байхад өшиглөж зулбуулж байсан. Ер нь байнга хүчирхийлэлд өртөж өнөөдрийг хүрлээ. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхээр албан ёсоор салж том 2 хүүг Д.Гт, бага хүүг над дээр үлдээсэн. Амьдарч байсан хашаа байшинг миний нэр дээр шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дарамтлаад байхаар нь хамт амьдарч байхдаа ааш зан нь болохгүй уурладаг байсан. Дахиж Д.Гтай уулзмааргүй байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. 2 хүүхэдтэйгээ яаж уулзаж байхыг мэдэхгүй байна. Уг нь уулзаж баймаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 16-18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Урианхайн: ...Манай охин Нандинзул 1979 оны 08 дугаар сарын 28-нд Увс аймагт төрсөн. 5-р ангиас Завхан аймагт хөгжим бүжгийн дунд сургуулийг онц төгсөж Улаанбаатар хотод хөгжим бүжгийн сургууль төгсөж хилийн цэргийн удирдах газарт хөгжимчин, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад олон жил хөгжимчин хийж байсан. 2004 онд нөхөр Д.Гтай сууж 3  хүүхэдтэй болсон. 2014 оноос хойш Д.Г нь зодож дарамталдаг тухай 2017 оны намар хэлсэн. Урьд нь хэлдэггүй байсан. 2017 онд нөхөр Д.Гт зодуулсан хэрэг нь гомдлоо татаж авснаар хэрэгсэхгүй болж, шүүхээр салсан. Манай охины сонсгол анх зүгээр байсан. Д.Гтай сууснаас хойш сонсгол нь муудаж одоо группэд гарсан. Ямар оноштой сонсгол нь муудсаныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Рэнчинсамбуугийн: ...2017 оны 12 дугаар сард Нандинзулыг нөхөр нь зодсон байна гэж аав нь хэлсэн. Тэгээд бид хоёр Дарь-Эхэд байх гэрт нь очиход Нандинзул ганцаараа байж байсан. Намайг Д.Г хүчирхийлэх гэж орон дээрээсээ унагааж, паар мөргүүлж зодсон гэж хэлсэн. Ингээд яриад сууж байсан чинь гаднаас Д.Г орж ирэхээр нь яагаад энд байгаа юм бэ та хоёр салсан биз дээ гэж асуухад нь би энд байх ёстой хүн гэсэн. Аав нь охиныг зодлоо гэсэн чинь танай талынхан надад хараал хийлгэсэн байна гэснээс болж маргалдсан. 2008 онд сарыг санахгүй байна нөхөр Д.Г нь Нандинзулыг зодоод ах дүү нар нь зугтаалгасан чинь Д.Г боож үхнэ гэж байсныг манай нөхөр буулгаж байсан гэсэн. Ер нь манай охин Нандинзул байнга нөхөр Д.Гт зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд байдаг тухайгаа ярьдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 -р тал/,

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Өсөхбаярын: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бид нар бүгдээрээ гэртээ байсан. Тухайн үед аав, ээж хоёр салсан байж байгаад нийлсэн байсан. Аав, ээжид гэр бүлээ босгон байгуулъя буцаж сууя гэсэн. Тэгтэл ээжийг босгоод уучлалт гуйсан. Маргааш нь ээж бага дүүг аваад явсан үүнээс хойш ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Оюуны: ...2017 оны 01 дүгээр сард тус хорооны иргэн У.Нандинзул нь нөхөр Д.Г цохиж, зодож, үг хэлээр доромжилдог тухай өргөдөл гаргаж байсан мөн 2017 оны 02 дугаар  сард хамгаалах байранд орсны дараа манайд мэдэгдэж хамтарсан багаар хуралдаж нөхөр болон өөртэй нь уулзаж байсан. Ингээд У.Нандинзул нь гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, эрсдлийн үнэлгээ нь өндөр гарч байсан тул зохих журмын дагуу шийдвэрлэж байсан...гэх мэдүүлэг /хх-н26-27-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Ганцэцэгийн: ...Би зодож байгааг нь харж байгаагүй, нэг удаа гар утас толгой руу нь шидсэн гэж сонссон. Зарим үед гэрээр нь ороход эхнэр нь намайг түлхэж цохисон гэж хэлдэг. Тэгэхдээ хөхөрч няцарсан зүйл байдаггүй байсан. Ер нь хохирогч манай ахыг энд тэнд орсон гарсан хүмүүст загнасан, зодсон гэж ярьж явдаг үнэн худлыг мэдэхгүй юм. Урьд нь цагдаад эхнэртэйгээ асуудал үүсгэж цагдаа дээр байна гэж сонссон нарийн зүйлийг мэдэхгүй байна. Хохирогч манай ахтай суухдаа хөгжмийн багш учраас мэдрэлийн ядаргаанаас болж сонсгол муу гэдэг байсан, одоо сонсголын аппарат зүүдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Мөрдөн байцаалтанд У.Ижилхүүгийн: ...Миний охин У.Нандинзул нь Д.Гтай 2004 оны үед танилцаж суусан. 2004 онд байх сар өдрийг нь сайн санахгүй 5 сарын үед байх тэр хоёр суугаад удаагүй байсан. Бид нар хөрш амьдардаг байсан. Эгч У.Нандинзулыг ээж дуудаад ирсэн байхад Д.Г хашааны банз татаж хуулаад байхаар нь хаалгаар орж ир гэж хэлсэн чинь эгч сандраад гарахад эгчийг барьж аваад үсдээд зодоод байхаар нь ээж бид 2 салгаад тэр хоёр гэртээ харихаар явсан тэгэхээр нь Д.Гтай хэрэлдээд хойноос нь дагаад явж байсан чинь дэлгүүрийн урд талд элэг рүү нь өшиглөж унагаасан тэгэхээр нь би өмөөрч барьцалдаж авсан. Энэ үед ах, дүү нар нь харчихаад салгахгүй байсан. Тэгээд цагдаа дуудаж байсан. Үүнээс хойш 2015 он байсан байх эгч У.Нандинзул толгойндоо оёдол тавиулсан байсныг харчихаад нөхөр чинь зодсон уу гэж асуухад аяга таваг унасан гэж худлаа хэлснийг дараа нь хүүхдээс нь асуухад аав Д.Г ээж У.Нандинзул руу гар утас шидэж толгойг хагалсан гэж хэлсэн. Зарим үед эгч У.Нандинзулын  бие хөхөрсөн, шалбарсан гэмтлүүд харагддаг байсныг асуухаар нууж худлаа хэлдэг байсан. 2016 онд нэг хашаанд амьдардаг байхад Д.Г орилж хашгичаад эгч У.Нандинзул уйлж, хэрэлдэж байгаа дуу олон удаа сонсогддог. Тэгэхээр нь гэрт нь ороход юу ч болоогүй юм шиг байж байдаг байсан. Миний харсан зүйлүүд бол ийм байна, харин бид нарын нүднээс далд маш их зодож, дарамталдаг тухай өөрөөс нь сонсдог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч М.Сэлэнгийн: ...Миний охин У.Нандинзул нь Д.Гтай 2004 оны үед танилцаж суусан. Он, сар өдрийг нь сайн санахгүй байна тэр хоёр суугаад удаагүй байсан бөгөөд У.Нандинзул жирэмсэн байж байгаад зулбаад удаагүй байсан. Манайд байж байхад Д.Г дуудахад манай охин сандраад гарангуут нь барьж аваад үсдэж дараад гэдэс рүү нь өвдөглөж зодсоныг би салгасан. Тэгээд Нандинхүслэн гэртээ харих замдаа дахиж орилохоор нь дүү Ижилхүү очиж салгасан. Үүнээс хойш охин Нандинзулыг нөхөр Д.Гт зодуулдаг, дарамталдаг тухай олон удаа сонсож байсан. 2016 оны 06 сард Д.Гын хашаанд түр 3 сар амьдрах хугацаанд миний нүдэн дээр зодож байхыг хараагүй, гэхдээ маш их дээрэнгүй, зандарсан айлгасан байдалтай  харьцдаг байсан. Нэг өдөр Д.Г манай охин У.Нандинзулыг дэлгүүр ороод ирж байхад нь гүйгээд яв гэж дээрэнгүй зандарч байхыг харсан. Ер нь манай охиныг дарамталж, зодож гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг гэж олон удаа охиноосоо сонсож байсан. Бид нарын нүдэн дээр зоддоггүй ч хүний нүднээс далд гэртээ дарамтанд байлгаж зоддог. 2017 онд цагдаад энэ талаар мэдүүлэг өгч байсан бөгөөд одоогийн байдлаар шүүхээр салж тусдаа амьдарч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2151 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. У.Нандинзулын биед дух, баруун дээд зовхинд сорви, хэвлий, баруун цавинд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух болон баруун дээд зовхины сорви үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Хэвлий, баруун цавины зулгаралт, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дух болон баруун дээд зовхины сорви нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлий, баруун цавины зулгаралт, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 32 -р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч М.Саранцэцэгийн: ...У.Нандинзулын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сонсголын бичлэгийг үндэслээд хоёр  чихний сонсгол 70-аас дээш хувийн бууралттай байсан тул хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон актыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан. Энэ нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын хамтарсан 2017 оны А/39, А/12 дугаартай тушаалаар зохицуулагддаг. У.Нандинзулын сонсгол нь олдмол өвчин бөгөөд бусад хэлбэрийн дүлий гэсэн оноштой группэд орсон. У.Нандинзулын өвчин юунаас болж үүссэн эсэхийг мэдэхгүй байна, янз бүрийн шалтгаан байж болно. Үүнийг өвчний түүх, үзлэг шинжилгээнээс харж болно. Миний хувьд нарийн хэлж мэдэхгүй байна. У.Нандинзул нь сонсголын бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарагдана. У.Нандинзул нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээгээр сонсголын бэрхшээлтэй нь нотлогдож байгаа тул хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч М.Нинагийн: ...Би чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн эмчээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 1-д ажиллаж байгаад 2013 онд тэтгэвэртээ гараад 2017 оны 08 дугаар сард эргэж ажилдаа орсон. У.Нандинзулын өвчний картаас үзэхэд анх 2009 онд сонсгол муудсан гэсэн шалтгаанаар баруун чихэндээ сонсголын аппараттай үзүүлж, би хяналтандаа авч үзэж эхэлсэн байна. 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сонсголын бууралт 60 дицбилл байсан тул групп тогтоолгосон байна. У.Нандинзул нь бусдад зодуулсан болон гэмтсэнээс болж сонсгол нь муудаагүй, харин мэдрэлийн эсийн гэмтлийн гаралтай олдмол өвчин бөгөөд мэдрэлийн эс гэмтэхэд маш олон янз бүрийн шалтгаан байдаг. Мөн сэтгэл санааны тавгүй байдлаас болж сонсгол улам муудаж болно. У.Нандинзулыг сонсгол 70 хувиас дээш буурсан учраас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзнэ. У.Нандинзулын сонсгол 70 хувиас дээш буурсан учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Оюумаагийн: ...Би түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, хууль бөгөөд хамгаалах байранд ирж байгаа бүх хүмүүсийн дэлгэрэнгүй судалгаа, кейс, хуулийн зөвөлгөө, криминологи судалгааг хийдэг. У.Нанздинзул нь Нийслэлийн цагдаагийн газрын түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх шалтгаанаар 3 хүүхдийн хамт 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд байсан. Ингээд У.Нандинзулын гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн үнэлгээгээр өндөр гарсан. Энэ нь уг хүн гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд байдаг гэсэн үг. Үүнээс хойш салсан байсан нөхөр Д.Г дарамталж, ор руу шидэж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, цагдаагийн зэргийн аюулын зэргийн өндөр үнэлгээтэй ирж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд түр хамгаалах байранд байрласан. У.Нандинзултай ярилцахад нөхөртөө маш их гомддог, зэрлэг догшин зантай, мөнгөгүй байхад дандаа өвчин хэлдэг, удаан хөдөлгөөнтэй гэж байнга уурладаг, ажил хийдэггүй, зөвхөн гэртээ байлгаж, гэрээс гаргах дургүй, хардаж сэрддэг, утсаар мөрдөж мөшгидөг, орноос авч шиддэг, үснээс зулгааж зоддог гэж хэлж байсан. Мөн шүүхээр салсны дараа хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. У.Нандинзулын хувьд биемахбодийн хүчирхийлэлд байдаггүй бөгөөд өөрийнх нь яриагаар сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэлд байдаг гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 -р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Жаргалсайханы: ...Би У.Нандинзултай 1999-2000 оны хооронд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр хамт ажилладаг байхад дөнгөж сургууль төгсөөд ирсэн, сонсгол нь зүгээр эрүүл хүүхэд байсан. 2004 онд уулзахад нөхөр байнга зодож, дарамталдаг, үүнээс болж сонсгол муудсан гэж ярьж байсан. Үүнээс хойш 2016 онд ажил дээр уулзаад явсан бөгөөд үүнээс хойш уулзалдаагүй. Тэгээд өнөөдөр уулзахад 2016 онд надтай уулздаг өдөр нөхөртөө зодуулж, толгойгоо хагалуулсан гэж хэлсэн. У.Нандинзулын нөхөр болон амьдралынх нь талаар нарийн зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Цэнгэлмаагийн: ...У.Нандинзулын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, сонсголын бичлэгийг үндэслээд 2 чихний сонсгол 71-ээс дээш хувийн бууралттай байсан тул хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Энэ нь Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын хамтарсан А/39, А/12 дугаартай тушаалаар зохицуулагддаг. У.Нандинзул нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзнэ. У.Нандинзулын сонсгол нь олдмол өвчин бөгөөд мэдрэлийн гаралтай сонсголын хүнд хэлбэрийн бууралт гэсэн оноштой группэд орсон. У.Нандинзулын өвчин юунаас болж үүссэн эсэхийг мэдэхгүй байна, янз бүрийн шалтгаан байж болно. У.Нандинзул нь сонсголын хүнд хэлбэрийн бууралттай учраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулинд зааснаар нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь гадаад орчинтойгоо хязгаарлагдмал учраас хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 122-123-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Амарбаясгалангийн: ...2017 оны 03дугаар  сард Д.Г нь эхнэртээ гар хүрсэн, зан харилцаа болохгүй байна, өөрийгөө өөрчилмөөр байна гэж “Есүсийн хаанчлал” христийн чуулган дээр хандаж сэтгэл зүйн чиглэл болон библийн 7 хоногт 6-8 цагийн сургалтанд өнөөдрийг хүртэл хамрагдаж байна. Энэ хугацаанд “Өрнө дорно, соёл хөгжил, харилцааны төв” гэсэн төрийн бус байгууллагын явуулдаг эдгэрлийн баяр хөөр, дотоод эдгэрлийн сэтгэл зүйн 9 сарын хугацаатай 25 цуврал сургалтанд 2 удаа хамрагдсан. Энэ хооронд Д.Гт өөрчлөлтүүд бий болж үр дүн гарсан. Энэ нь зарахгүй, өгөхгүй гэж байсан өөрийнхөө хашаа байшинг эхнэртээ өгч, байшингаа зарж эхнэрийнхээ чихийг эмчлүүлэхээр болсон. Хүүхдүүддээ анхаарал халамж тавих нь ихэссэн. Өөрийнхөө гэм бурууг ойлгон ухаарч, урьд нь салах бодол байсан боловч одоо эвлэрэх хүсэлтэй байгаа гэсэн. Д.Г нь анх ирэхдээ эхнэрээ зодож байсан, уураа барьж чадахгүй байна, харилцааны хувьд хүндрэлтэй, өндөр том дуутай, өөрийнхөө бурууг ойлгодоггүй, гэр бүлийнхээ алдааг эхнэр рүүгээ чихдэг хандлагатай байсан. Одоо чиглүүлэгч багшийн хувьд харилцааны хувьд өөр хүн болсон гэж үзэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-р тал/,

Мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Д.Гын: ...Би 2004 онд эхнэр У.Нандинзултай сууснаас хойш 3 сарын дараа байх сар өдрийг нь сайн санахгүй байна, орон дээр хамт хэвтэж байгаад хардалтаас болж маргалдаж хөлөөрөө тийрч унагаасан. Үүнээс хойш 3 сарын дараа манай эхнэр намайг хөлөөрөө тийрч унагааснаас болж 3 сартай жирэмсэн байсан тул зулбасан гэж хэлсэн, би тухайн үед жирэмсэн эсэхийг мэдээгүй байсан. 2005 онд эхнэр Нандинзулыг Түвшээ гэх залуутай хардаж Дарь-Эхийн хог ухдаг хүмүүст аваачиж өгнө гэж айлгасан. 2005 оноос хойш 3 хүүхэдтэй болж бусдын жишгээр амьдарч байгаад 2015 оны 06 дугаар сард эхнэр У.Нандинзул нь оройтож ирэхдээ Давка гэх залуутай хоолонд орлоо гэж хэлэхээр нь хүүхдээ хоолгүй орхиж явчихаад хүнтэй хоолонд орлоо гэж уурлаад өөрийн гар утсаа айлгах, сүрдүүлэх зорилготой хана руу шидсэн чинь эхнэрийн толгойн тус газар нь онож цус гарсан. Тэгэхэд эхнэр хорооны эмнэлэг рүү явлаа гэж гараад цагдаад өргөдөл өгөөд буцаагаад авсан гэж хэлж байсан. Намайг цагдаагаас дуудаж шалгаагүй. 2016 оны 12 дугаар  сард байх эхнэр У.Нандинзул дунд хүүг шүдний эмнэлэгт хүүхдээ олон удаа үзүүлж болохгүй гэж хэлсээр байтал миний үгэнд орохгүй үзүүлээд ирэхээр нь уурлаад хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн, цээж рүү нь 1 удаа гараараа цохисон. 2017 оны 02 дугаар сард эхнэр чамтай амьдарч чадахгүй, чамаас айж байна гэж бичсэн, тэгэхээр нь би айгаад байвал зайл гэсэн утгатай мессеж бичиж хэрэлдсэн. Үүнээс болж цагдаад гомдол гаргаж шалгуулаад 1201  дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдоогүй тул тарчлаах гэсэн зүйл ангиар сэжигтнээр тооцон шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Хохирогч У.Нандинзул нь надтай амьдрах хугацаандаа таарч тохирохгүй болсон, миний эрх чөлөөнд удаа дараа халдсан гэсэн шалтгаанаар надад холбогдуулж Иргэний хэргийн шүүхэд салах өргөдөл өгсөн. Иргэний хэргийн шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хашаа байшинг эхнэрийн нэр дээр, Г.Өсөхбаяр, Г.Эрхэмбилэг нарыг миний асрамжинд, бага хүү Г.Эрхэмбаярыг эхнэр У.Нандинзулын асрамжинд үлдээсэн шийдвэр гаргасан. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаад 2017 оны 09 сард хүүхдүүдээ харах зорилгоор нэг гэрт тусдаа өрөөнд хамт амьдарсан. 2017 оны 11 сарын дундуур У.Нандинзулд хандаж 3 хүүхдээ бодож гэр бүлийнхээ харилцааг сэргээе гэж гуйсан чинь надад гомдсон тул суухгүй гэж хэлэхээр нь түлхээд, хүүхдийн куртикээр хэд хэдэн удаа ороолгосон. Үүнээс хойш хамт амьдарч байгаад 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, гэртээ байж байгаад дахиж гэр бүлээ сэргээе, эхнэр нөхрийн харилцаатай байя гэж хэлэхэд намайг өөрчлөгдөөгүй байна, харилцаагаа сэргээхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь түлхэж орон дээр унагаасан, гэмтэл гарсан эсэхийг мэдэхгүй. Би урьд нь гэр бүлийн хэргээр шалгагдаж байсан. Мөн шинэ хууль гарсныг мэдэж байгаа тул өөрийгөө болохгүй байна гэдгээ ойлгож, урьдны алдаагаа дахин давтахгүйн тулд гэр бүлийн сургалтанд сууж, өөрийн гаргасан алдааг ухаарч гэмшиж байна гэж уучлалт гуйх гэсэн боловч уулзаж чадаагүй байна. Би одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Сонсгож байгаа зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 113-116 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 38 дугаар тал/,

- “Өрнө Дорнын Соёл Хөгжлийн Харилцааны Зөвлөл” ТББ-ын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/,

- Д.Гаар овоглосон Г.Өсөхбаяр, Г.Эрхэмбилэг нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 52-53 дугаар тал/,

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02163 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 48-50 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.Г, хохирогч У.Нандинзул нарын гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12 дугаар тал/,

- Түр хамгаалах байрны үйлчлүүлэгч Урианхай овогтой Нандинзул сэтгэл зүйн судалгааны дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр тал/,

- Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 141-152 дугаар тал/,

- Нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 153-154 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Гыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1-1470 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй У.Нандинзулыг 2014 оноос 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож, харгис хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1-д заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Д.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт:... гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч  Д.Г нь хохирогч У.Нандинзултай 2004 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болцгоосон, хоорондын таарамж, тохиромжгүй байдлаас болж  2017 оны 06 дугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлт цуцлалтын лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №101/ШШ2017/02163 дугаартай шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна. /хх-н 41, 48-50, 52-53 дугаар тал/

Иймд Д.Г, У.Нандинзул нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэстэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: ... цагдаагийн албан хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулгүйн зэргийн үнэлгээ хийнэ  гэжээ.

Хэсгийн байцаагч М.Аяатбек нь хохирогч У.Нандинзулд аюултай ба  эрсдэлийн түвшин өндөр гэсэн үнэлгээг гаргасан байна. /хх-н 85 дугаар тал /

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт: ...нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэжээ.

Хохирогчийн амь насанд аюул учрах эрсдэлтэй, хохирогчийн хамаатан  саданд эрсдэл учрах магадлалтай, хүүхдүүдийн эрх зөрчих эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Бурмаа   гаргасан байна. /хх-н 89 дүгээр тал/

Хохирогч У.Нандинзул нь Н91 бусад хэлбэрийн дүлий гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тогтоогдож тахир дутуугийн группт байдаг болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа хугацаа тогтоосон актаар тогтоогдож байна. /хх-н 51 дүгээр тал/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д… хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлэхээр томьъолсон байх ба хохирогч У.Нандинзул нь чихны сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиа алдсан болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдож байх тул хохирогч У.Нандинзулыг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.Г нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1-1470 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй У.Нандинзулыг 2014 оноос 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож, харгис хэрцгий харьцаж, биемахбодийн, сэтгэл санааны  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Гын гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

            Шүүгдэгч Д.Гын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй У.Нандинзулыг 2014 оноос 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож, харгис хэрцгий харьцаж, бие махбодийн, сэтгэл санааны, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Прокуророос түүний гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Хохирогч У.Нандинзул нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч Д.Гаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 20-22, 44 дүгээр тал/

Баянзүрх дүүргийн Иргэний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн  № 101/ ШШ2017/02163 дугаартай шүүхийн шийдвэрээр 2006 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Г.Өсөхбаяр, 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Г.Эрхэмбилэг нарыг эцэг Д.Гын асрамжинд үлдээсэн байх боловч хохирогч У.Нандинзул нь гурван хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч байлгахыг хүсч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох шаардлагагүй гэж үзлээ. /хх-н 48-50 дугаар тал/

Шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

1. Х овогт Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар Д.Г 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Гт оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.            

            4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г тогтоол хүчин төгөлдөр болохоор хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ