| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2403008521110 |
| Дугаар | 2025/ДШМ/408 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/408
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Б.А-,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2403008521110 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ы А, 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Б.А- нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 12 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруу, Баянбүрдийн баруун хойд замд “Yutong” загварын ... УКА улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.5. “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуй унаж, явган хүний зохицуулагддаг гарцаар зам хөндлөн гарч явсан 17 настай Б.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.А-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүүхэд бэртээсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Энэ хугацаанд тухайн хүүхдийг гомдол саналгүй, хохиролгүй болгосон. Би эхнэр, 1-16 насны 6 хүүхдийн хамт 8 хүн тэжээн амьдардаг. Эхнэр 1 бөөргүй тул ажил хийх боломжгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би 8 жилийн боловсролтой, өөр сургуульд сурч чадаагүй. Сар бүр цалингийн зээл, гар утасны аппликейшны зээлүүд төлдөг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан жолоодох эрхийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим гэрээсээ цахилгаан дугуй унаад Дэнжийн 1000 талаас Баянбүрдийн тойргийн хойноос урагшаа зам хөндлөн гарах болж, явган хүний гарц дээр ирэхэд явган хүний гэрлэн дохио улаан ассан байхаар нь хүлээн зогсож байгаад ногоон гэрлэн дохио асаад би гарцаар зам ортол нэг автобус ирээд миний зүүн тал руу урд хэсгээр мөргөж, би баруун тал руу зам дээр шидэгдэж газарт унасан. Би өөрөө босож ирэхэд өөдөөс алхаж явсан эгч намайг түшээд явган хүний зам руу гаргасан...” (хх 20-21),
-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн: “...Тэр өдөр Төв аймгийн Баянчандмань суманд ажлаар явж байхад 18 цагийн орчим манай хүү Б.Б- над руу залгаад “би автобусанд мөргүүлчихлээ” гэж хэлэхээр нь 21 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Хүүгийнхээ гэрч гэж тэмдэглэж авсан хүн рүү залгаад юу болсон талаар асуухад “бид хоёрыг зам хөндлөн гарч байхад танай хүүхдийг автобус ирээд мөргөсөн, энэ уулзвар дээр автобус дандаа ингэж дүрэм зөрчдөг, хүүхдээ сайн үзүүлээрэй, аягүй хүчтэй мөргөсөн шүү” гэж хэлсэн...” (хх 19),
-гэрч Н.Н-гийн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Баянбүрдийн тойргийн урд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүгт ногоон гэрлээр зам хөндлөн гараад замын голд цагдаагийн путикний хажуу талын тусгаарлах зурвас дээр ирэхэд цаад талын замын урсгалаар машинууд явж байсан. Над руу хандаж ассан гэрэл улаан өнгөөр асаж байхаар нь зогсож байхад замын цаад талд унадаг дугуйтай хүүхэд бас хүлээгээд зогсож байсан. Гэрлэн дохио ногоон өнгөөр асахаар нь би зам хөндлөн алхсан. Намайг алхаж явахад зам дээр машинууд зогсож байсан ба нэгдүгээр эгнээ хавьцаа ирэхэд баруун талаас гэнэт нэг автобус гарч ирээд дугуйтай хүүхдийг урд хэсгээрээ мөргөсөн...” (хх 35),
-иргэний хариуцагч М.Б-ий: “...Б.А- нь манай байгууллагад жолооч албан тушаалд ажилладаг. Тухайн тээврийн хэрэгслийг осол болсон өдөр үйлчилгээнд гараад жолоодож байсан. Манай байгууллагын зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн (хх 33) мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13670 дугаар: “...Б.Б-ийн биед зүүн эгэм ясны далд хугарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ, хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хх 43-44),
-Yutong загварын ... УКА улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч Б.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.5 “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Цахилгаан дугуй унаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6 “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй талаарх мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1969 дүгээр магадалгаа (хх 57-58),
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-10) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Б.А- нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 12 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруу, Баянбүрдийн тойргийн баруун хойд замд “Yutong” загварын ... УКА улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.5. “Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан дугуй унаж, явган хүний зохицуулагддаг гарцаар зам хөндлөн гарч явсан 17 настай Б.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болох ба энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан.
Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ...” гэж тодорхой заажээ.
Ийнхүү нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул шүүх харгалзвал зохих нөхцөл байдлуудад тал бүрээс нь дүгнэлт хийж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 1 жилээс 3 жил хүртэл хугацааны дотор сонгон оногдуулах нь шүүхэд үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.
Иймд шүүгдэгч Б.А-ээс гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүх Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.
Шүүгдэгч Б.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцжээ.
Түүнчлэн мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1969 дүгээр “...Цахилгаан дугуй унаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6 “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хх 57-58)-наас үзэхэд, насанд хүрээгүй хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, түүний буруутай үйлдэл байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасан.
Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй ба тэрээр хохирол төлбөр бүрэн төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал, түүнчлэн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн алины буруутай үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН