Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0296

 

2018 оны 05 сарын 22 өдөр   

  Дугаар 221/МА2018/0296

Улаанбаатар хот

 

 

Э.Ө-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0042 дугаар шийдвэртэй, Э.Ө-ы нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0042 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ө-ы Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Э.Ө-ыг Заамар сумын газрын даамлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Э.Ө-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нийт 4.973.746 төгрөгийн олговрыг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, энэ тухай эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох хуулийн зүйл, заалтыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь гэрч А.Батаа “...Э.Ө нэг хэсэг ажилдаа ирээгүй. Ажлын хэсгийн дарга өөрт нь болон гэрийхэнд нь хэлсэн байсан” гэж, Э.Энхтүвшин “...Э.Ө-ы утас холбогдох боломжгүй байсан” гэж тус тус гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Ажлын хэсэг Э.Ө-ы ажилд шалгалт хийх тухай өөрт нь биечлэн хэлэх гэтэл өөрөө ажилдаа ирээгүй, утсаар саналыг авах гэтэл утас нь холбогдохгүй байсан бөгөөд иймд гэрийнхэнд нь хүртэл хэлэх бусад арга хэмжээг авсан юм. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Э.Ө-д ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах гэтэл өөрөө ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй зэрэг хүндрэл үүсгэсэн нь сонсох ажиллагааг явуулах боломжгүй болгох гэж оролдсон этгээд нь Э.Ө юм. Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

М.Б-ын 2017 оны 01 дүгээр сарын 10, С.Г-ийн 2017 оны 03 дугаар сарын 10, Х.Ба-ын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд хариуцагчид гаргасан өргөдлүүд нэхэмжлэгчийг шалгах үндэслэл болсон байдаг учраас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Э.Өл нь үр дүнгийн гэрээг байгуулсан боловч хагас, бүтэн жилээр дүгнүүлээгүй. Удирдлагын чөлөө, зөвшөөрөлгүйгээр удаа дараалан ажил тасалсан. Шүүх шийдвэртээ маргаан бүхий актыг гаргах, үндэслэлүүдийг тухайлан дүгнэлт өгч, шийдвэрлэх шаардлагагүй гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас маргаан бүхий акт үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна.

Э.Ө нь иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй болох нь хариуцагчид ирсэн Н.Л, Б.Г, Ч.А, М.Б нарын өргөдлөөр нотлогдож байна.

Газрын даамал газар өмчлөгчдийн газрыг давхцуулан олгосон үйлдэл нь түүний ажлын байрны тодорхойлолтод болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг нотлох үндэслэл болж байна. Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэсэн бөгөөд уг тушаал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэл бүхий болох нь мөн Э.Өл нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б/11 дүгээр тушаалаар тус сумын газрын даамал ажилтай Э.Ө нь өөрийн ажилдаа хариуцлагагүй хандаж иргэдэд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн газрууд нь давхцалтай олгогдсон, иргэдээс ирүүлсэн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй чирэгдэл учруулсан, төрийн албан хаагчийн ажлын гол үзүүлэлтүүдийг илтгэх 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулсан ч илтгэх хуудас, биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, дүгнүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ямар нэгэн чөлөө, зөвшөөрөлгүй удаа дараа ажил тасалсан зэрэг зөрчил, дутагдал гаргасан гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь халсан байна.

Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/11 дүгээр тушаалд дурдсан зөрчил болгонд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. “Өөрийн ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн газрууд нь давхцалтай олгогдсон” гэх зөрчлийн тухайд:

Хариуцагч нэхэмжлэгч тухайн зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэхээ бичгээр тайлбар гаргаж, тайлбартаа үндэслэлийг заан, нотлох баримтаа ирүүлэхээр заасны дагуу Э.Ө “өөрийн ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн газрууд нь давхцалтай олгогдсон” гэх зөрчлийг гаргасан талаарх баримтыг шүүхэд гарган өгч нотолж чадаагүй байна.

Уг зөрчлийн хувьд хариуцагч хариу тайлбартаа “...Тосон багийн малчин Ч.Б, М.М нарын өвөлжөө, Т.До, Ё.Б, А.Б, Ч.О, Н.О, А.Д нарын өвөлжөө давхардсанаас маргаантай байгаа ч шийдвэрлэгдээгүй байна” хэмээн дурдсан ч эдгээр иргэдийн газар хэзээнээс хэрхэн давхацсан, Э.Ө-ы буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэхгүй.

  1. “Иргэдээс ирүүлсэн өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй чирэгдэл учруулсан” гэх зөрчлийн хувьд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд зөвхөн иргэдээс тухайлбал, Н.Л, Б.Г, Ч.А, М.Б /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан/ нарын гаргасан өргөдлөөр Э.Ө нь “иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, чирэгдэл учруулсан” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь нэр бүхий иргэд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах хүсэлт гаргаж байсан эсэх, гаргасан бол хариуцагчийн хариу тайлбарт дурдсан “...Засаг даргыг газар олгоход шаардлагатай бүхий л мэдээллийг бэлтгэж өгөх, материалуудыг судалж, хянан шалгах” чиг үүргийг Э.Ө хэрэгжүүлсэн эсэхийг шалган баримтаар тогтоох байтал Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргад гаргасан дан ганц өргөдлөөр дээрх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж хариуцагч үзсэн нь буруу юм.

Түүнчлэн Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалаар Э.Ө-ы ажил, үүргийн гүйцэтгэлд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан ба уг ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэлт гаргасан бөгөөд Б.Г, Л.Г, Д.Д, Ё.Б нарын өргөдөл, шүүхийн архивт үзлэг хийсэн тэмдэглэл, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр зэргээс үзэхэд эдгээр иргэдийн өргөдөл маргаан бүхий тушаал гарснаас хойш байна. 

  1. Хариуцагч “Төрийн албан хаагчийн ажлын гол үзүүлэлтүүдийг илтгэх 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулсан ч илтгэх хуудас, биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, дүгнүүлээгүй” гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзжээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй,” гэж заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнээгүй байж түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 2.2-т “Менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй”, 2.3-д “Менежер нь гэрээнд заасан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн  тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 8.1-д “Менежер гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй,  гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно. Гомдол хүлээн авсан этгээд ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Холбогдох зөвлөл шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно” заажээ.

“Төрийн албан хаагчийн ажлын гол үзүүлэлтүүдийг илтгэх 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулсан ч илтгэх хуудас, биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж, дүгнүүлээгүй” гэх зөрчил нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй гэх зөрчилд хамаарч төрийн албанаас халах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, менежер гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүйтэй холбоотой маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр зохицуулагдах тул нэхэмжлэгчийг ажлаас халсан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад хамаарахгүй юм.

  1. Ажлын цаг ашиглалт хангалтгүй, ямар нэгэн чөлөө, зөвшөөрөлгүй удаа дараа ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

Хавтаст хэрэгт Э.Ө-ы 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар нотлох баримтаар авагдсан боловч ажлын цаг ашиглалт хангалтгүй, ямар нэгэн чөлөө, зөвшөөрөлгүйгээр удаа дараа ажил тасалсан гэх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.  

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааны үйл баримтад шууд хамааралтай хуулийн заалтыг орхигдуулсан байх тул өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2017/0042 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн” гэсний дараа “25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА