Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Д.Даваадэрэмийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

“Д.Даваадэрэм миний өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Даваадэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Даваадэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Даваадэрэм миний бие нь боловсролын байгууллагад 48 жил ажилласан бөгөөд 2005 онд 2000-2005 оны хоорондох 5 жилийн цалинг үндэслэн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох” үндэслэлүүдийг хуульчлан өгсөн байна. Үүнд:

1. Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдсон тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан.

2. Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа гэж тус тус заасны дагуу миний бие нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан хэдий ч албан ёсоор хариу өгөөгүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахыг зөвлөсөн. Түүний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад “...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар хамтарсан тушаалын Ажил, мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам”-ын 2 дугаар хэсгийн 2.3-д “авч байгаа тэтгэврийг нь тогтоохдоо хөдөлмөрийн хөлсийг үндэслэн тэтгэвэр тогтоосон бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг ажил, мэргэжлийн жишиг цалинг хэрэглэн өөрчлөн тогтоохгүй гэж баталсан байна”. Иймд 1986-1990 оны олдохгүй байгаа цалинг, тухайн хугацааны ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй юм” гэсэн хариу өгсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгаа тул иргэн миний эрх ашиг, сонирхлыг хамгаалж өгөхийг хүсч байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно” гэсэн заалт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан нь миний хувьд тэтгэврээ шинэчлэн тогтоолгох эрх зүйн үндэслэл бий болсоор байтал Нийгмийн даатгалын байгууллага хуулийн дагуу өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоож өгөхгүй байгаад гомдолтой байна.

Нэг зүйлийг тодруулахад: Би 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-н жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сард 800-850 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Энэ үед ажиллаж байсан хугацааны санхүүгийн бичиг баримт архивын газарт устаж үгүй болсон байсан. Тийм учраас би архивын газраас лавлагаа авч тухайн он жилүүдэд ажиллаж байсан сургуулийн захирал, эрхлэгч нарын цалинг тогтооосон жишиг лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нотлох баримтуудыг шүүх үндэслээд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гарсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг миний бие 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гардаж аваад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчид өгөхөд надад хэлэхдээ таньтай эргэж холбогдъё гэж хэлсэн. Тэгээд хариу ирэхгүй байхаар нь би дахин лавлаж асуухад намайг 6 дугаар сарын дундуур ирээрэй тэр үед цалингийн жишиг тогтооно гэж хэлээд миний өгсөн шүүхийн шийдвэрийг надад буцаагаад өгсөн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар хамтарсан тушаалын Ажил, мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам”-ын 2 дугаар хэсгийн 2.3-д “авч байгаа тэтгэврийг нь тогтоохдоо хөдөлмөрийн хөлсийг үндэслэн тэтгэвэр тогтоосон бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг ажил, мэргэжлийн жишиг цалинг хэрэглэн өөрчлөн тогтоохгүй гэж баталсан байна”. Иймд 1986-1990 оны олдохгүй байгаа  цалинг, тухайн хугацааны ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй юм” гэсэн хариу өгсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгаа тул иргэн миний эрх ашиг, сонирхлыг хамгаалж өгөхийг хүсч байна. Ингээд Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандсан. 2016 оны 08 дугаар сарын дундуур би нийгмийн даатгалын ахлах байцаагч н.Ганхуяг дээр ороход надад хэлэхдээ шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэж цалинг тогтоохгүй гэж хэлсэн. Миний хувьд нийгмийн даатгалын тухай хуулийг уншиж судлахад миний уншсан хуулийн заалтууд эдгээр заалтуудтай зөрчилдөж байна. Энэ нь уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4-д заасны дагуу хуулийн зүйл заалтуудыг зөрчиж байна. Ингээд би Нийгмийн даатгалын Ерөнхий газрын бодлого хэрэгжилтийн газар хандахад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж гаргуулах тухай журмыг баримтлахгүй гэж хэлсэн. Тийм учраас хууль нэгэнт үйлчилж байгаа учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Миний хувьд одоог хүртэл өндөр насны тэтгэврийн жишиг тэтгэврээ тогтоолгож чадахгүй явж байна. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс заавал ерөнхий газрынхаа үүрэг чиглэлийг баримтлах гээд байдаг. Хүн ардынхаа аль таатай нөхцлийг хангахын тулд аль нь иргэнд боломжтой байна тэр нөхцөлөөр хангах ёстой гэж бодож байна. Иргэн миний хүсэлтийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн шийдвэр болон тэтгэвэр шинэчлэн тогтоолгох хүсэлтийг хүлээн авснаас хойш надад 30 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой байтал хариу өгөөгүй. Энэ нь шүүхээс гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг Нийгмийн даатгалын хэлтэс биелүүлэх үүрэгтэй. Тийм ч учраас миний бие бүтэн 6 сар гаруй хугацаанд хот, хөдөө Нийгмийн даатгалын хэлтэс, газруудтай очиж уулзаж тэтгэврээ шинэчлэн тогтоолгохоор хөөцөлдөж яваад байна. Би боловсролын байгууллагад 48 жил ажилласан хүн учир миний тэтгэвэр тодорхой хэмжээний өндөр тогтоогдох байх гэж бодсон. Миний тэтгэврийг 393.000 төгрөгөөр тогтоосон. Хэрвээ би ажилласан жилээрээ 87 хувиар тогтоогдож бодвол 537.000 төгрөгний тэтгэвэр авна гэж бодож байна. Миний хувьд сүүлийн 5 жил ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргахдаа 1986-1990 он хүртэлх хугацааг сонгон авч тэтгэвэр тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган өгч тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Шүүхээр тухайн үед авч байсан цалингийн хэмжээгээ тогтоолгож, өргөдлөө шийдвэрийн хамт нийгмийн даатгалын хэлтэст өгсөн хэдий ч мөн л шийдвэрлэж өгөөгүй.

Иймд иргэн Д.Даваадэрэм миний өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, эийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Э.Наранбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн  тэтгэвэр авагч Дэлэгийн Даваадэрэм нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаар тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ба 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон байна.

Д.Даваадэрэм нь тэтгэвэр тогтоолгохдоо 2000 оны 10 дугаар сараас 2005 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны 60 сарын цалингаа сонгон тэтгэврээ тогтоолгосон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь өөрчлөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа /энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ энэ өөрчлөлтөөр тэтгэвэр авагч анх сонгосон цалингаа 1 удаа өөрчлөн тогтоох боломжтой болсон ба Д.Даваадэрэм энэ хуулийн дагуу цалингаа дахин солиулах хүсэлт гаргасан боловч түүний сонгосон 60 сарын цалин нь санхүүгийн баримтаар нотлогдохгүй байсан тул цалинг дахин сольж тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг амаар өгч өргөдлийг аваагүй болно.

Д.Даваадэрэмийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтаар цалингаа дахин солиулах тухай дурдсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно”/ энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/ гэж заасан байдаг.

Энэ заалтын хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ батлах тухай” тушаал гарсан уг тушаалаар жишиг цалингийн хэмжээ, хэрэгжиж эхлэх хугацаа, баримтлах журмыг тусгаж өгсөн байгаа. Уг журмын 2.1.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хууль” /цаашид хууль гэнэ/-ийн дагуу тэтгэвэр тогтоолгоход тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох цалин хөлсний баримт нь архивын сан хөмрөгт байхгүй, олдохгүй байснаас шалтгаалан тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгосон бол ажил мэргэжлийн жишиг цалинг хэрэглэж болно гэж заасан байдаг ба 2.3-д “Авч байгаа тэтгэврийг нь тогтоохдоо хөдөлмөрийн хөлсийг үндэслэн тэтгэвэр тогтоолгосон бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг ажил, мэргэжлийн жишиг цалинг хэрэглэн өөрчлөн тогтоохгүй” гэж заасан байна.

Д.Даваадэрэм нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 60 сарын цалингаа сонгон тэтгэврээ тогтоолгосон тул ажил мэргэжлийн жишиг цалингаар тэтгэврийг нь дахин тогтоох боломжгүй болно.

Үндэслэх нь:

Д.Даваадэрэмийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.Даваадэрэмийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Даваадэрэм нь 1968 оны 08 дугаар сарын 15-наас эхлэн боловсролын байгууллагад тасралтгүй 37 жил 08 сар ажиллаж байгаад 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч 2000 оны 10 дугаар сараас 2005 оны 10 дугаар сарын дуусталх хугацааны 5 жил буюу 60 сарын цалингаа сонгон тэтгэврээ анх тогтоолгосон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох” заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсноор иргэн Д.Даваадэрэм нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт зааснаар “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт зааснаар авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэж тус тус заасны дагуу тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан хэдий ч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хүлээн авч үндэслэлтэй хариу бичгээр өгөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Даваадэрэм нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр “Д.Даваадэрэмийг 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-н жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сард 800-850 төгрөгийн цалин авч байсан болохыг”-ыг тогтоон шийдвэрлэжээ.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар “тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал хамаарахаар заасан байдаг. Үүний дагуу, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр шүүх хуульд тодорхойлон тусгагдаагүй зарим төрлийн үйл явдлыг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй ба энэ нь нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх ач холбогдолтой учир тус шүүхээс иргэн Д.Даваадэрэмийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 800-850 төгрөгийн цалин авч байсан болохыг тогтоожээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Шүүхийн шийдвэр заавал биелүүлэх талаар хуульчлан тогтоосон байх бөгөөд 11.1-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байна.

Дээрхи шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Д.Даваадэрэмийн хүсэлтийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан байна гэж шүүх дүгнэж байна.

Учир нь хариуцагчаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/49, А/105 дугаар “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажил, мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам”-ын 2.3-д зааснаар анх тэтгэвэр тогтоолгохдоо 60 сарын цалингаа сонгон тэтгэврээ тогтоолгосон тул ажил мэргэжлийн жишиг цалингаар тэтгэврийг нь тогтоох боломжгүй гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгчийн хувьд уг жишиг цалингийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгохоор хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалингийн хэмжээгээр тэтгэврээ нэг удаа шинэчлэн тогтоолгохоор хүсэлт гаргасан байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй.  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “...тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэж  тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох үндэслэлийг хуульчлан өгсөн байна. Энэхүү хуулийн заалтаар нэхэмжлэгчид тэтгэврийн хэмжээгээ шинэчлэн тогтоолгох хүсэлт гаргах эрх үүссэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж хариу өгөөгүй, амаар хариу өгч материалыг нь хүлээн авч хянаагүй нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Өргөдөл, баримт бичгийг хүлээн авч хянаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Дэлэгпил овогтой Даваадэрэмийн өндөр настны тэтгэврийн хэмжээг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг үндэслэн шинэчлэн тогтоохыг даалгах нь зүйтэй байх тул 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Даваадэрэмийн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Даваадэрэмд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.БАЙГАЛМАА