Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/00085

 

Л.Ононгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Ононгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Л.Онон 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн захирлын 15/043 дугаартай тушаалаар Төслийн менежерийн туслах, орчуулагч албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд улмаар 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захирлын 16/001 дугаартай тушаалаар албан тушаалыг хангамжийн менежер болгон томилсон.Л.Онон, ажил олгогч нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр Г.Ононг хангамжийн менежерээр, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр материалын хяналтын мэргэжилтэн албан тушаалаар шинэчлэн гэрээ байгуулсан. Улмаар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Компанийн дотоод журмын 1.4, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.3, 16/021 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн барилгын талбайн цахилгааны материалын захиалга нь талбай дээр буухдаа захиалаагүй материал бууж доголдол гарган, ажлын идэвх санаачлага бага, талбайгаас ирж байгаа бараа материалын захиалгыг хангамжийн байгууллага руу захиалга өгөхдөө хугацаа алддаг, мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байгаа” гэж заан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:“Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Шинэ Яармаг” цогцолбор хороолол барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн хувьд төслийн ерөнхий гүйцэтгэгч компаниудыг хянах, барилга угсралтын ажилд хяналт тавих үүднээс хяналтын баг бүрдүүлэн тус хяналтын багийг Солонгос Улсын иргэн Архитектор мэргэжилтэй Канг Ёонг Пак-аар удирдуулахаар шийдвэрлэж Пак-ыг Төслийн менежер албан тушаалд томилсон. Пак нь солонгос, англи хэлтэй ба түүнд туслах, орчуулагч шаардлагатай байсны дагуу “Төслийн менежерийн туслах, орчуулагч”-ын орон тоонд сонгон шалгаруулалт явуулж нэхэмжлэгч Л.Ононг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 3 сарын дадлагажих хугацаатайгаар тус албан тушаалд томилсон.Л.Онон нь Соёл судлаач, Олон улсын харилцаа, Үйлдвэр дизайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд тус орон тоонд гол тавигдаж буй англи хэлний шаардлагыг хангаж байсан тул түүнтэй дадлагажих хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнийг анх тус албан тушаалд тогтоосон туршилтын хугацаа 3 cap байсан боловч энэ хугацаанд ур чадвараа хангалттай харуулж чадаагүй, тухайн орон тоонд тэнцэх эсэх нь эргэлзээтэй байна гэж удирдлага үзээд Төслийн менежерийн саналаар туршилтын хугацааг дахин сунгасан. Улмаар менежер Пак нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс манай компанид ажиллах боломжгүй болсон тул "Төслийн менежерийн туслах, орчуулагч"-ын орон тоо байхгүй болсон. Гэвч компанийн удирдлага Л.Ононг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжоо харгалзан түүнийг хангамжийн менежер буюу Материалын хяналтын мэргэжилтэн албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулсан.Бид түүнд барилгын мэргэжилтэй бусад ажилчдаасаа суралцах, өөрийгөө дайчлан ажиллах боломжийг олгосон бөгөөд Л.Онон ч өөрийгөө тухайн ажлын байранд тавигдаж байгаа мэргэжлийн шаардлагад нийцэхгүй байгааг ойлгож байсан. Барилгын салбарын мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрч тушаалаас чөлөөлөх өргөдлөө компанийн Хүний нөөцийн ахлах менежерийн цахим шуудангаар хүргүүлж байсан. 2016 оны 5 дугаар сард манай компанийн Гүйцэтгэх захирал шинээр томилогдож компанийн бүтэц орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шинэчлэн батлуулсан ба “Хангамжийн менежер” гэх байрны нэршлийг “Материалын хяналтын мэргэжилтэн” гэж өөрчлөн Л.Ононтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн баталсан. ...Бараа материал нийлүүлэгч “Амно Констракшн” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр барилгын талбай дээр цахилгааны материал буулгах үед манай талаас холбогдох инженер хүлээн авч захиалга өгөөгүй бараа материал ирсэн талаар нийлүүлэгч компанид мэдэгдэж тус бараа, материалыг буцаан татахыг шаардахад Материалын хяналтын мэргэжилтний өгсний дагуу тус бараа, материалыг нийлүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Улмаар Нийлүүлэгч “Амно констракшн” ХХК нь Л.Ононгийн өгсөн захиалгын дагуу тус 4 806 800 төгрөгийн үнийн дүнтэй материалыг нийлүүлсэн болохыг нотолсон бөгөөд дээрх алдаатай захиалгын төлбөрийг компани төлж барагдуулсан. Дээрх нөхцөл байдлын улмаас Л.Ононтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Компанийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, тухай” журмын 4.3-т зааснаар цуцалсан. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Л.Ононтой байгуулсан 16/021 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг заасан байгаа бөгөөд тус зүйлийн 10.2.6-т “Ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэж заасан. Л.Онон нь инженерээс захиалаагүй бараа, материалын захиалгыг нийлүүлэгч компанид дур мэдэн өгч улмаар компанид 4 806 800 төгрөгийн бодит хохирол учруулсан.Иймд “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 сарын 06-ны өдрийн 16/078 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ононг “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн Төслийн менежерийн газрын материалын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-аас 3 428 206 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ононд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ононгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 801 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар, хариуцагчийн 2016 оны 7 сарын 06-ны өдрийн 16/078 тоот ажлаас халах шийдвэрийн 1-д “Л.Онон нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн барилгын талбайн цахилгааны материалын захиалга нь талбай дээр буухдаа захиалаагүй материал бууж доголдол гарган...” гэх үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар “...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Л.Ононтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Энэ үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3 болон хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д давхар тусгагдсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө шууд цуцлах 12 үндэслэлийн нэг болж байгаа юм. Мөн эл үйл баримт нь хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан” гэх ноцтой зөрчил гаргасан болохыг нотолж байгаа юм.

...Л.Ононг ажиллуулж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолт гарч амжаагүй байсан нь ажил олгогчийн буруу боловч Л.Онон нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Материал хяналтын мэргэжилтэн”-гийн ажлыг хийж эхэлсэн нь тус ажлын байранд юу хийх ёстойг мэдэхгүй өнгөрөх боломжгүй юм. Учир нь Л.Онон нь  анх  ажилд   орохдоо “Төслийн  менежерийн  туслах, орчуулагч”-ын  орон  тоонд   сонгон шалгаруулалтын журмаар тэнцэж компанид ажилд орж байсан бөгөөд тус орон тоо нь байхгүй болсноор залуу хүнийг дэмжих зорилгоор “Хангамжийн менежер”-ээр ажиллуулсан.

...Хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 тоот ажлаас халах шийдвэрийн 1-д заасан “Онон нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн барилгын талбайн цахилгааны материалын захиалга нь талбай дээр буухдаа захиалаагүй материал бууж доголдол гарган...” гэж дурдсан бөгөөд энэ үйл баримтыг нотлуулахаар 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр захиалга Л.Ононд өгсөн гэх Б.Батням цахилгааны инженер, Л.Ононгоос захиалга авсан гэх нийлүүлэгч компани болох “Aмно констракшн” ХХК-ийн А.Хулан нарын мэдүүлгээр нотлогдох бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр барилгын талбай дээр цахилгааны инженер захиалаагүй 5 нэр төрлийн материал буусан зарлагын баримт байдаг бөгөөд компанийн удирдлага материал барилгын талбай дээр буусан өдөр л уг алдааг мэдсэн байдаг.

Л.Онон 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр инженерээс өгсөн захиалгыг хянаж үзэлгүйгээр нийлүүлэгч компаниас ирсэн захиалгын хуудсыг тэр чигээр нь баталж явуулснаас компанид 4 806 800 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар компанийн удирдлага Л.Онон, А.Хулан, Б.Батням нартай уулзаж энэ талаар тодруулж асуусан бөгөөд Л.Онон өөрийн энэ алдааг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гүйцэтгэх захирал 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16/078 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргасан. Тухайн үед Л.Онон ажлаас халагдах тушаалыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, ажилгүйдлийн тэтгэмжээ нийгмийн даатгалын газраас авсан байдаг. Дээрх баримтууд нь Л.Ононг компанид 4 806 800 төгрөгийн хохирлыг учруулсан гэдгийг нотолж байгаа юм.Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169.1-д “Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална.” гэж заасны дагуу мөн хуулийн 112.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.” гэж заасны дагуу нотлох баримт шинжлэн судлалгүй асуулт хариулт явагдаж дууссаны дараа шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орж хурлын шийдвэрийг гаргасан болно.Иймд дээрх гомдлыг хүлээн авч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Л.Онон хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16/078 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, уг компанийн материалын хяналтын мэргэжилтэн албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь нэхэмжлэгч Л.Ононг хөдөлмөрийн гэрээг цуцлах гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халах тухай ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэлтэй дүгнэжээ.

Хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэрээнд заасан ноцтой зөрчил зэрэг тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг анхаарч, нэхэмжлэгч Л.Ононгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан зөрчлийг ажил олгогч тэр даруй илрүүлсэн гэх атлаа ажлаас халах тухай шийдвэрийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан үйл баримтад эрх зүйн үүднээс мөн дүгнэлт хийх байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1892 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН