| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0495/Э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвмаа ҮД: 13-91,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Содгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Н.М яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0000 00115 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Н.М
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Н.М нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 48-18 тоотод хамтран амьдрагч Б.Содгэрэл, бага насны буюу 4 настай М.Сүрэнбаяр нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуудаа ийм үйлдэл гаргасандаа өөрөөсөө ичиж байна. Мөнгөн торгуулийн арга хэмжээ оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Содгэрэл мэдүүлэхдээ: Одоогоор гомдол саналгүй. Өмнөх нөхрөөсөө салж энэ хүнтэй амьдраад 2 жил болох гэж байна. Миний хүүд бас гомдол санал байхгүй. Би 3 сартай жирэмсэн, жирэмсний хордлоготой тул хөдөлмөрийн чадваргүй байгаа. Иймд энэ хүнд торгуулийн арга хэмжээ оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Содгэрэлийн: ...Би нөхөр Н.М 2017 оны 04 сард танилцсан бөгөөд 09 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа. Би өөрөө 1 дагавар хүүхэдтэй бөгөөд Н.М бид хоёр хүүхэдгүй. Мөн албан ёсны гэрлэлтийн баталгаагүй юм. 2018 оны 01 сарын 15-ны өдөр би Н.М хамт гадуур явж байгаад 16 цагийн орчимд манай нөхрийн хамаатны ах болох Ганаа гэх хүний ажил дээр очсон. Тэгэхэд Ганаа ах 1 литрийн шилтэй тал архийг өгөхөөр нь тэрийг нь бид 2 гэртээ авч очсон. Тэгээд нөхөр бид 2 хоол ундаа идчихээд орой 22 цагийн орчимд архиа задлаад би 1 хундага архи уусан. Тэгээд юмаа хураах гэж байхад манай нөхөр хэлэхдээ одоо амрах юм чинь дахиад 1 хундагыг уучихгүй юу даа гэхээр нь уусан бөгөөд би нийт 3 хундага архи л уусан. Тэр архи нилээн градус өндөртэй архи байсан. Тэгээд манай нөхөр архиа уугаад бид 2 юм яриад сууж байтал манай нөхөр гэнэт хүү чинь намайг эцгээ гэж боддоггүй гэхээр нь юу гэж дээ гэж хэлэхэд тэгвэл өөрөөс нь асууя гээд хөнжлийг нь сөхөхөд миний хүү сэрсэн. Тэгэхэд манай нөхөр хүүд хандаж чи намайг эцгээ гэж боддоггүй биз дээ гэж хэлэхэд миний хүү нойрондоо хэлээ гаргах шиг болсон. Тэгэхэд миний хүүхдийг босгож ирээд 2-3 удаа цохиход хүүхдийн минь хамраас цус гарсан. Тэгэхээр нь би хүүгээ өмөөрөөд голоор нь ороход миний нүүр ам, толгой руу олон удаа цохиод газар унахад миний хөл, гар, нуруу руу өшиглөсөн. Тэгээд миний хүүгээс би чиний эцэг мөн биз дээ гэхэд миний хүү тийм гэж хэлээд уйлаад байж байсан. Тэгээд миний хүүхдийг нүүрээ угаа гэж хэлэхэд миний хүү босоод нүүрээ угаагаад хэвтсэн. Тэгээд би хүүгээ аваад явлаа гэж хэлэхэд явуулахгүй гээд дахиад миний нүүр, толгой руу цохисон. Тэгээд Н.М унтлаа гээд хэвтэхээр нь би гэрээс гараад Н.М дүүгийн гэр рүү нь ороход дүүгийнх нь эхнэр нялх хүүхэдтэйгээ байсан. Тэгээд би манай дүү рүү залгаад өгчих гээд дугаарыг нь өгөөд гэр рүүгээ буцаж ороход миний хүү орон дээр хэвтэж байсан. Н.М бас хэвтэж байх шиг байсан. Тэгээд намайг хэвт гэхээр нь хэвтэж байтал удалгүй /5-10 минут/ гэрийн гадаа цагдаагийн машин ирсэн. Тэгэхээр нь би гарахад машин ирчихсэн байхаар нь буцаж ороод хүүхдээ тэр чигээр нь өргөөд машинд суусан. Тэгэхэд Н.М 1 нохойгоо суллаж бариад гэр рүүгээ орж байсан. Тэгээд цагдаагийн хэлтэст очсон. Миний хүү Н.М үгэнд орохгүй жоохон зөрүүдлээд байдаг юм. Тэгээд өмнө нь 2 удаа миний хүүгийн өгзгөн дээр нь алгадаж байсан. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар намайг зодож цохиж байгаагүй. Харин хүүтэй маань жоохон хөндий, цааргалаад байх болсон. Миний 2 нүд хавдаж хөхөрсөн, нуруу, хөл, дал хэсэгт хөхөрсөн, харин миний хүүгийн зүүн чамархайн хэсгийн яс шугаман хугаралтай гэсэн. Одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 225-27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч С.Батхангайгийн: ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Улиастай 112-р чиглэлийн машин дээр дэд ахлагч О.Батзаяагийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 03 цаг 36 минутад 88178733 гэсэн дугаараас Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 49-18 тоотод манай эгчийг хамтран амьдрагч нь зодоод байна гэж над руу залгасан, эргээд залгахад утас нь холбогдохгүй байна гэсэн дуудлага ирсэн. Цайзын 49-р гудамжинд очоод тоотыг нь олохгүй байсан тул дуудлага өгсөн 88178733 гэсэн дугаар руу залгаж яг хаягийг тодруулах гэхэд яг зааж өгч чадахгүй байсан. Гэртээ Москва хороололд байна очвол зааж өгч чадна, одоохондоо гарч чадахгүй, хүүхдүүдээ харж байна гэж хэлсэн. 20-30 минут орчим хайж байгаад тус айлыг олсон. Хашаанд яваад ороход хашааны хойд хэсэгт хар өнгийн Монгол банхар уяатай байсан. Тухайн айл яг мөн эсэхийг шалгахын тулд автомашины дуут дохиог ажиллуулаад 5 минут орчим болсон. Зодуулсан нүүр хавдсан эмэгтэй бага зэргийн согтолттой байсан. Бид нар дээр нь танайх дуудлага өгсөн юм уу, юу болсон юм бэ гэхэд нөхөр агсам тавиад хүү бид хоёрыг зодоод байна. Хүү орон дээр хэвтээд байна яасан нь мэдэгдэхгүй байна гэж хэлээд уйлаад байсан. Дэд ахлагч О.Батзаяагийн хамт гэрт нь явж орсон. Гэрийн зүүн гар талын орон дээр Н.М гэгч суусан байдалтай байсан. Н.М гэгчээс юу болоод эхнэр, хүүхдээ зодоод байгаа юм бэ гэж асуухад мал тэжээвэл ам тосдоно, хүн тэжээвэл толгой цусдана гэж ийм л юм болдог юм байна гэж хэлсэн. Хүү рүү харахад 4-5 орчим насны гэмээр эрэгтэй хүүхэд байсан. Хүүхдийг ажиглахад цамцны энгэр хэсэгт цус гэмээр зүйл болсон байсан. Ээж нь гэх эмэгтэйд хандаж хувцсаа өмс хамт яваад шийддэг улсууд дээр нь очиж асуудлаа ярь гэж хэлэхэд за гэж хэлээд хувцсаа өмсөөд гэрээс хамт гарсан. Н.М гэх залуу би бие засаад ирж болох уу гэхээр нь тэг тэг гээд хамт алхсан. Н.М бие зассан би гадаа нь хүлээж зогссон. Гараад ирэхээр нь машинд суучих гэхэд дүүгийнх рүүгээ орж болох уу гэхээр нь тийм асуудал байхгүй гэхэд би дүүгийндээ орно гээд эсэргүүцээд алхсан. Цаанаас цагаан өнгийн дундад ази үүлдэрийн нохой гараад ирсэн. Нохой уяагүй байсан учир уруулчихаж магадгүй гэж бодоод машиндаа суусан. Н.М гэгч нь дүүгийнх рүүгээ орчихоод гарч ирсэн. Жолооч талын цонхон дээр ирэхээр нь машинд суучих явъя гэхэд би явахгүй ээ, машинд суухгүй, маргааш эрүүлдээ очъё, дуудсан үед чинь очъё гэж хэлсэн. Батзаяа машинаас буух гэхэд хаалгыг нь биеэрээ дарчихаад буулгахгүй байсан. Би машинаас буух гэж байх үед Н.М гэгч дундад ази үүлдэрийн нохой дээрээ гүйж очоод салтаандаа оруулж барьчихаад ойртуулахгүй байсан. Чи наад нохойгоо уячихаад дагаад яв гэхэд маргааш очно, одоо очиж чадахгүй гэж эсэргүүцээд нохойгоороо сүрдүүлээд байсан. Нохойгоороо сүрдүүлээд байвал наад нохойг чинь буудна шүү гэхэд миний нохойг буудвал чамайг би ална шүү гэж хэлээд гэр рүүгээ нохойгоо аваад орчихсон. Эхнэр гэх эмэгтэйгээс нохой нь хэр дайрдаг юм бэ гэхэд хүн рүү дайраад байдаг эсэхийг би сайн мэдэхгүй гэхээр нь станцаар хэлтсийн жижүүртэй холбогдож болоод байгаа үйл явдлыг хэлж зааварчилгаа авсан. Жижүүрээс эхнэр, хүүхдийг эхлээд аваад ир гэж үүрэг өгсний дагуу хэлтэс дээр авч ирж жижүүрийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Хэлтэсээс 2 цагдаа нэмж аваад буцаж очиход нохойгоо уячихаад гэрээ цоожлоод гараад явчихсан байсан. Ойр орчимд хайж явж байгаад урд талын хашаанд байдаг айл руу орж Н.М талаар асуухад Н.М гэгч ирээд 2-3 сар болж байгаа, дүүг нь сайн мэднэ гэж хэлсэн.. Одоо хаана байж болох вэ гэж асуухад урд талын гудамжинд байдаг дүүгийнх нь гэрийг зааж өгсөн. Тухайн айлд яваад ороход 2 эмэгтэй, нэг бага насны хүүхэд байсан. Ах Н.М чинь хаана байна гэхэд Н.М ах хаачсан талаар мэдэх зүйл алга гэсэн. Тухайн айлаас гараад хэлтэс дээр ирээд Содгэрэлд аюулын зэргийн үнэлгээ хийсэн. Хүүхэд дээр нь бас аюулын зэргийн үнэлгээ хийсэн. 103 тоот өрөөнд хүүгийн биед ямар гэмтэл учирсан байгаа талаар үзэхэд нуруун дээр нь улаан хөвдрүүлсэн шинэ шарх байсан. 4-5 тийм гэмтэл байсан. Өөр ямар гэмтэл байгаа талаар ээжээс нь асуухад хамар руу гараараа цохиод цус гаргасан. Би тэрийг нь цэвэрлэсэн, хүүхдийн хамарнаас цус гарахад миний ухаан балартаад хаана, хаана цохисныг нь би сайн санахгүй байна. Нуруу руу нь галын төмрөөр үгэнд орохгүй, эцгийгээ гэж бодохгүй байна гэж цохисон. Нүүр рүү цохиод цус их гарсан. Тэгээд миний ухаан балартсан. Хүүхдээ өмөөрөөд урдуур нь ороход Н.М намайг зодсон, хүүхдээ өмөөрөөд давраалаа, хүүхэд чинь намайг аав аа гэж дуудахгүй байна гэж хэлж байсан гэж тухайн үед ярьж байсан. Содгэрэл гэх эмэгтэйн 1 нүд таглаж хавдсан, нүүр нь битүү хаван гүйсэн, хавдаж хөхөрсөн тус шархнууд шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1548 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Содгэрэлийн биед тархи доргилт, дух, баруун , зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, уруул, хүзүү, нуруу, баруун бугалга, баруун , зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:
1. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шинжээч эмч Б.Долгормаагийн 1547 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2018.01.16-ны өдрийн М.Сүрэнбаярын толгойн компьютер томографын зургийг дахин уншуулахад зүүн чамархайн ясанд хугарал тогтоогдоогүй болно.
2. М.Сүрэнбаярын биед тархи доргилт, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх жижиг цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл учирчээ.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Г.Энхбаатар, М.Золжаргал, Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 438 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:
1. М.Сүрэнбаярын зүүн чамархайн ясны хугарал нь нотлогдохгүй байх тул 2018.01.19-ний өдрийн шинжээч эмч Б.Долгормаагийн 1547 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй байна.
2. 2018.03.27-ны өдрийн шинжээч эмч Г.Энхбаатар, М.Золжаргал, Ц.Нандинцэцэг нарын 384 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шинжээч эмч М.Энхбаяр, М.Ариунтөгс, Б.Даваасүрэн /хх-ийн 110-111 дүгээр тал/,
- Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130, 52, 84 дүгээр тал/%
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7-11 дүгээр тал/,
- Насанд хүрээгүй хохирогч М.Сүрэнбаярын өвчний түүх /хх-ийн 42-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.М нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 48-18 тоотод хамтран амьдрагч Б.Содгэрэл, бага насны буюу 4 настай М.Сүрэнбаяр нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Н.Мт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 48-18 тоотод хамтран амьдрагч Б.Содгэрэл, бага насны буюу 4 настай М.Сүрэнбаяр нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн 1548, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 384, 438 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.М нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Содгэрэл нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 128 дугаар тал/,
Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Н.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Мыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мт оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ