| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2405043862193 |
| Дугаар | 2025/ДШМ/409 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/409
Ч.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Цогням,
хохирогч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Н-т холбогдох 2405043862193 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Ч-гийн Н, 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Л” ХХК-д ахлах менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Ч.Н- нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны голд байх автомашины зогсоолд машиныхаа тоосыг арчиж байсан Д.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар гараараа цохих, бие хэсэг рүү өшиглөх, заамдах, хоолойг боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газар Ч.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-аас 150,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгож,
хохирогч Д.Б- нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Н-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч А/267 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж заасан.
Хохирогч Д.Б- нь тухайн хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Харин хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар байна. Мөн журмын 2 дугаар хавсралтаар баталсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хамаарч байгаа бөгөөд энэ хүснэгтээр тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр зохицуулсан.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.8-д шүүх хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байхад анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт үгүй учир шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг арилгахад шаардлагатай төлбөрийн хэмжээг тодорхойлон тооцоолох боломжгүй мэтээр дүгнэж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг шүүгдэгч Ч.Н-аас гаргуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох хуульд заасан журмыг зөрчиж, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогч Д.Б- хохирол төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй атал шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна гэж дүгнэн шүүгдэгч Ч.Н-т 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Ч.Н-аас гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 06 цаг 20 минутын үед Н гэх залууд зодуулсан. Өнөөдрийг хүртэл 156 хоног эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдралаа алдан хохирч байна. Тухайн үед Ч.Н-ыг цагдаагийн байгууллага хаягийг олж тогтоосон. Хэсгийн байцаагч удаа дараа түүнийг дуудахад “би тийм хувцасгүй явсан, би биш” гэх зэргээр сар гаруй хохироосон. 11 дүгээр сард 19 цагт таниулах ажиллагаа явуулсан. Энэ хүн мөн гэж хэлсэн. “Би төлбөр мөнгийг өгнө. Эмчилгээний төлбөрийг өгнө” гэж хүлээн зөвшөөрсөн. Надад 50,000 төгрөг болон архи өгнө” гэж хэлсэн. Намайг аргалах гээд байна гэж ойлгосон. “Гомдолгүй болгочих, мөнгө төгрөгийг нь өгнө” гэж надад хэлсэн боловч юу ч өгөөгүй. Өнөөдрийн байдлаар би 3 дугаар эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байна. Амьдралын чанараа алдаж, тархи толгой эргэх, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон. Нууцалсан дугаараас над руу залгаж дарамталдаг. 4-5 дугаар сараас намайг хагалгаанд орно гэж хэлсэн. Гэмтэл авснаас хойш сантехникийн засвар үйлчилгээ хийж амьдралдаа нэмэр болж чадахгүй байна. Шүүгдэгч Ч.Н- намайг ална гээд 11 дүгээр байрыг тойрч хөөсөн. Тухайн үед би баригдсан бол өнөөдөр ингээд амьд явж байх баталгаагүй. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Шүүх шинжилгээний тухай хуульд шинжээчийн дүгнэлт гаргах журмыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан. Энэхүү журмын 2.1-д заасны дагуу 1-5 дугаар зэрэглэлд хор уршиг учирсан гэж үзэж шууд тогтоохоор заасан. Мөрдөгчөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан журын 2.1.1-д “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Энэхүү тогтоолыг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Үүнд тусгай мэдлэг шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шалгуур үзүүлэлтийг харгалзан 2 сайдын хамтарсан тушаалаар баталсан. Тус журмын 2.2-т “… хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэж заасан. Хэрэв зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гаргуулах, эсхүл шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргуулахаар журамласан. Мөн журмын 2.2-т “...Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.” гэж заасан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчээс 2 дугаар зэрэглэлээр тогтоосон нөхөн төлбөрийг Улсын дээд шүүхийн аргачлалын дагуу гаргуулах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ч.Н-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Д.Б-гийн: “...Тэр согтуу залуу “чамайг 2 цохивол үхнэ” гээд намайг хөөсөн. Би машинаа тойрч зугтаасан, тэр залууд “одоо харьж унт аа” гэж хэлэхэд хөөж барьж аваад намайг боосон. Би өөрийгөө хамгаалаад гараараа цээж рүү нь түлхэхэд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед ТҮК-ийн 2 хүн явахаар нь тусламж гуйхад тэр залуугийн гараас намайг салгасан. Би зугтаагаад гэр рүүгээ орох гэсэн чинь араас дагаад хөөгөөд байхаар нь хойшоо ... дүгээр байр тойроод зугтааж, хэсэг хугацааны дараа гэртээ ирсэн чинь байрны зүс харсан хүн “согтуу хүн машины чинь арын цонхыг хагалчихаад яваад өглөө” гэсэн...” гэх мэдүүлэг (хх 8-9),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн 13571 дүгээр: “...Д.Б-гийн биед тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалгын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх 26-27),
-хохирогч Д.Б-гийн машины хагарсан шилний үнэлгээг 250,000 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн БГ1-24-470 дугаар дүгнэлт (хх 20-23),
-Ч.Н- нь хохирогч Д.Б-г зодож байгааг тусгасан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 35-42) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Ч.Н- нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орчим тээврийн хэрэгслийнхээ тоосыг арчиж байсан хохирогч Д.Б-тэй “зориулалтын бус газарт машинаа тавьж, угаасан” гэх асуудлаар шаардлага тавьж хэрүүл маргаан үүсгэн, түүний нүүрэн тус газар цохих, бие хэсэг рүү өшиглөх, заамдах, хоолойг боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацрын төвгөрт шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ч.Н-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн, шүүгдэгч Ч.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 12.1-д “Зам, эсхүл замын байгууламж дээр автомашин угаасан ...” бол иргэн, хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнд тооцож, шийтгэл оногдуулахаар заасан.
Хохирогч Д.Б- нь автомашиныг зогсоолын бус газар байрлуулж, улмаар машинаа угааж байсан, түүнчлэн энэ талаар нь шаардлага тавьсан шүүгдэгчийг тэрээр эхэлж шүүгдэгч Ч.Н-ыг цохисон болох нь хэрэгт авагдсан сиди бичлэг болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Ч.Н- нь зүй ёсны шаардлага тавьсан боловч хохирогчийн биед нэг удаагийн бус, хэд хэдэн удаагийн үйлдлээр халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруутай тул анхан шатны шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба оролцогчдоос хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Шүүх гэм буруутайд тооцогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлт хийдэг.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Ч.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан тодорхойлогдсон шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Хохирогчийн өмгөөлөгчөөс “Д.Б- нь тухайн хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэх агуулгаар гомдол гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.
Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах эсэх асуудлаар Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан зохицуулалтуудыг хэрэглэн Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хууль хэрэглээний зөрүүтэй нөхцөл байдалд тайлбар, дүгнэлт хийж, нэгдсэн практик тогтоосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан.
Мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг ойлгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ба мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 ...) хуульчлан зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.
Гэтэл хэрэгт хохирогч Д.Б-гийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжилгээний байгууллага тогтоогоогүй, зөвхөн мөрдөгчийн үйлдсэн маягтыг хохирогч Д.Б- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд, хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН