| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2203004850453 |
| Дугаар | 2025/ДШМ/418 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/418
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч З.А-, түүний өмгөөлөгч Т.Багахүү,
шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Тэгшмандал,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.М-д холбогдох 2203004850453 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн Э-ийн М, 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор ялтай байх хугацаандаа бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт 1,200,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Э.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын замд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд “Toyota Succeed” загварын ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно”, мөн дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөний улмаас З.А-ын жолоодон явсан “Yamaha МТ-01” загварын ... УН улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мотоциклд 7,633,094 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-аас 7,203,394 төгрөг гаргуулж, хохирогч З.А-т олгож, хохирогч З.А- гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой өмнө гарсан болон цаашид гарах эмчилгээний зардал, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч З.А-аас уучлалт гуйж, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулсан. Би зүрхний хэм алдах эмгэгтэй тул зүрхний хавхалга нээх хагалгаанд Улсын 3 дугаар эмнэлэгт орох оочиртой ба эмнэлгийн байнгын хяналтад байх заалттай. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажил хөдөлмөр хийн амьдарч, сумын шинэ нэгдсэн эмнэлэгт хяналтад байх боломжтой. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөр ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.М- нь анхан шатны шүүхээс гаргасан хохирлыг төлж барагдуулаагүйн улмаас 1 жилийн хорих ял оногдуулсан. Иймд Э.М- нь гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн зүрхний хэм алдагдаж, зүрхний өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг түл 1 жилийн хорих ялыг, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө бичгээр илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон.
Э.М- нь байнга биш тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хохирогч, холбогдогч нарын аль алины буруутай гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар бага, оршин суух тодорхой хаяг, Хэнтий аймгийн Бор өндөр суманд эрхэлсэн тодорхой ажилтай байсан хувийн байдлаас гадна өөрийн холбогдсон хэрэгтээ гэмшин гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч өөрт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээж аль болох нийгэмдээ эргэн ирж ажиллах, амьдрах хүсэл зорилготой байгаа зэргээс үндэслэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн Э.М- нь зүрхний өвчний улмаас хагалгаа хийлгэхээр Улсын 3 дугаар эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр оочирт орсон, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, хэрэг шийдвэрлэх явцад 2024 онд яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэж байсан, байнга эм уух заалттай тул эрүүл мэнд доройтож болзошгүй байдалтай байгааг анхаарч үзнэ үү.
3 удаагийн гүйлгээгээр хохирогч З.А-ын данс руу шүүхээс гаргуулсан 7,300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн эмчилгээний зардал төлөхөө илэрхийлж тохиролцсон. Хохирогч талаас гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлж байгаа.
Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.М- нь шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тиймээс давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч З.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул би гомдолгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцах талаар харилцан тохиролцсон. Иймд шүүгдэгч Э.М-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, шүүгдэгч Э.М-д оногдуулсан 1 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршигт тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Э.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч З.А-ын: “...Би ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй 120 мянгатын автобусны буудал өнгөрөөд явж байхад миний урд явж байсан суудлын тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан зураас даваад буцаж эргэх үйлдэл хийх үед би тоормос гишгэж зогсоох гэсэн боловч зогсож чадалгүй мөргөлдөж онхолдсон...” (1хх 14-15),
-шүүгдэгч Э.М-ын: “...Тээврийн хэрэгсэл жолоодон ганцаараа ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад зам түгжрээд байхаар нь үргэлжилсэн давхар цагаан зураас даваад буцаж эргэх үйлдэл хийх үед миний хойноос явж байсан мотоциклтой хүнтэй мөргөлдөж осол гаргасан. Би үргэлжилсэн цагаан шугам давж эргэх үйлдэл хориотойг мэднэ...” (1хх 105-106),
-шинжээч Ц.Түвшинцэнгэлийн: “...Бид үнэлгээ хийхдээ засаж сэлбэх биш дандаа ижил марк, серийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг сольж угсрах талаас судалж гаргасан. Тус мотоциклийг засварлах зах зээлийн шууд зардал нь 6,332,194 төгрөг, шууд бус зардал нь 7,633,904 төгрөг, засварлах боломжтой эд анги, засварлах боломжгүй эд анги, засвар үйлчилгээний зардал, учирсан хохирлыг нөхөн сэргээж болох, болохгүй эсэх талаар тайланд нэг бүрчлэн тусгасан...” (2хх 105, 151) гэх мэдүүлгүүд,
-З.А-ын биед учирсан баруун дунд чөмөгт ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11500 дугаар дүгнэлт (1хх 38-40),
-Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 919 дүгээр “...Жолооч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” (1хх 73) гэх магадлагаа,
-техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/06 дугаар:
“...“Toyota Succeed” загварын ... УБО дугаарын автомашины жолооч Э.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. “1.1-1.3, ... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн,
“Yamaha MT-01” загварын ... УН улсын дугаартай мотоциклын жолооч З.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг-аас хэтрүүлэхийг хориглоно”, 3.7.в. “Жолоочид ...бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Осол болох үед “Yamaha MT-01” загварын ... УН улсын дугаартай мотоцикл нь 71.28 км/цаг-аас их хурдтай явж байжээ...” (1хх 225-227) гэх дүгнэлт,
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 4-10),
-жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1хх 11-12),
-хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 65-70, 2хх 1-4, 122-129) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Э.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 120 мянгатын замд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд “Toyota Succeed” загварын ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно”, мөн дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөний улмаас З.А-ын жолоодон явсан “Yamaha МТ-01” загварын ... УН улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мотоциклд 7,633,094 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхээр хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин, хохирогч З.А-ын жолоодон явсан мотоциклтой мөргөлдөж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.М-ын дээрх гэм буруутай үйлдэл 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч Э.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж буй хандлага чухал бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсхүл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрнэ.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.
Шүүгдэгч Э.М- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрт маргахгүйгээр бүрэн төлж барагдуулсан ба хохирогч “гомдол, саналгүй” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан.
Түүнчлэн хохирогч З.А- нь хэрэг гарах үед эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд урсгал сөрсөн, 71.28 км/цаг-аас их хурдтай явж суурин газарт баримтлах хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн зэргээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/06 дугаар магадалгаагаар тогтоосон байх ба хохирогчийн энэхүү хууль бус үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
3 дахь заалтыг “Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаагаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.М-д мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгдэгч Э.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 83 (наян гурав) хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН