| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01508/И |
| Дугаар | 312/шш2025/01727 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 312/шш2025/01727
| 2025 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 312/ШШ2025/01727 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* *******4 тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/-ийн,
Хүсэлтийн шаардлага: өв хүлээн авах хугацаа сунгуулж, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* *******4 тоот газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний төрсөн охин Лувсанцэрэнгийн ******* 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Эх хүн би үрээсээ хагацахын зовлонд шаналалтай хоногууд өнгөрч байна. Миний охин Л.******* нь ам бүл 5-уулаа амьдарч байсан бөгөөд төрсөн ээж би болон түүний төрсөн охин О.Ганцэцэг, төрсөн дүү Л., ач хамт бид нар амьдардаг байсан. Төрсөн охин Л.*******ийн бусад эгч нар нь болон ах нар, төрсөн дүү Л. нарын оролцоотойгоор газар худалдан авч тухайн газарт байшин барьж, амьдарч байгаа боловч газрыг худалдан авахдаа төрсөн охин Л.*******ийн нэр дээр гаргуулж, өмчлөгч болсон тул тухайн хөрөнгийн өвлөгчийг тогтоолгох шаардлагатай болсон. Гэтэл түүний төрсөн охин болох О.Ганцэцэг нь газрын гэрчилгээг авч явсан ба өв залгамжлах эрхийг шилжүүлэн авч хөөцөлдөнө гэсэн боловч яасан нь тодорхойгүй байдлаар өнөөдрийг хүрлээ. Би одоо 92 настай. Бусдын асрамжинд хэвтэрт байдгийн улмаас өвлөх эрхийн асуудлыг өөрийн биеэр хөөцөлдөж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нотариатад хандах хуулийн хугацаанд хандаж чадаагүйгээс болж тухайн газар болох Орхон аймаг Баян өндөр сум Баян ******* 6 гудамж 624 тоот газрын өвийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх болоод байна. Иймд Орхон аймаг Баян -Өндөр сум ******* багийн Баян-******* 6 гудамж 624 тоотод буюу шинэ хаяг Орхон аймаг Баян өндөр сум Баян-******* 26 багийн Овоот хэсгийн 6-23 тоотод буюу хаягийн өөрчлөлтөөр Орхон аймаг Баян өндөр сум Баян-******* 26 багийн Овоот хэсгийн *******4 тоот газрын өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Х.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Л.*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-5/, Л.*******ийн төрүүлсэн хүүхдийн лавлагаа /хх-6/, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-7/, Орхон аймаг Баян-Өндөр сумын ******* багийн хүн ам, өрхийн бүртгэлтийн дэвтрийн хуулбар /хх-8/, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* 6-124 тоот газрын гэрчилгээний хуулбар /хх-9/, Энхжин мандарваа өрхийн эрүүл мэндийн төвийн асрамжийн тодорхойлолт /хх-10/, Орхон аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/308 дугаартай тодорхойлолт /хх-11/, Баян-Өндөр сум Овоот багийн засаг даргын тодорхойлолт /хх-12-13/,-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс: Монголын нотариатчдын танхимаас, Орхон аймаг Архивын тасгаас талийгаач Л.*******ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/, Орхон аймаг Баян-Өндөр сумын Овоот баг 6-23 тоот газрын гэр бүлийн хэрэгцээний 880 м.кв газрыг өвлөх талаар хүсэлт гаргасан эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Улсын бүртгэлээс Орхон аймаг Баян-Өндөр сумын Овоот баг *******4 тоот газрын үл хөдлөх эд хөрөнгийг лавлагааг нотлох баримтаар гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.******* нь талийгч охин Л.*******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, түүний өвийг хүлээн авах хугацааг сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Х.*******гийн охин Л.******* нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Овоот баг *******4 тоот гэрчилгээний Г-2101007777 дугаартай газрын гэр бүлийн хэрэгцээний 880 м.кв газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2023 оны 07 дугаар сарын 11-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан тул хүсэлт гаргагч нь Л.*******ийн хууль ёсны өвлөгч нь мөн байна.
4. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.
5. Хүсэлт гаргагч Х.******* нь ...эрүүл мэндийн шалтгаанаар бусдын асаргаанд байсан..., мөн охиноо нас барснаас хойш 1 жилийн дотох нотариатад хандаж хүсэлт гаргахад хүлээн аваагүй... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтээ гаргаж чадаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тэрээр өвлүүлэгч Х.*******гийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Овоот баг *******4 тоотод 2019-2023 он хүртэл хамт амьдарч байсан. Мөн охин Л.*******ийг нас барснаас хойш уг хашаанд амьдарч байсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Овоот Засаг даргын албан бичгээр болон түүний тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан... гэж зааснаар хүсэлт гаргагч Х.******* талийгаач охин Л.*******ийн өвийг хүлээн авсан байна.
6. Иймд хүсэлт гаргагч Х.*******г талийгаач охин Л.*******ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, түүний өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 22-р баг, ******* Овоот 6 гудамж, 624 тоотод байрлах, гэрчилгээний Г-2101007777 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 880 м.кв талбайтай газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.*******г талийгаач охин Л.******* /РД:1/-ийн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сумын 22-р баг, ******* Овоот 6 гудамж, 624 тоотод байрлах, гэрчилгээний Г-2101007777 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 880 м.кв талбайтай газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ