| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2102001720144 |
| Дугаар | 2025/ДШМ/419 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/419
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
яллагдагч С.Б-гийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1215 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батзоригийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар эсэргүүцлээр С.Б-д холбогдох 2102001720144 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн С-ын Б, 1985 онд Ховд аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ... яамны ... газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх ажил хийж байсан, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
С.Б- нь ... яамны ... газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 5.1.22-д “бага үнийн арга” гэж захиалагчийн тогтоосон техникийн санал авбал зохих доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн бага үнэ санал болгосон зөвлөхийг шалгаруулах”, 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, 8 дугаар зүйлийн 8.4-д “тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэсэн хуулийн заалт болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай “аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” тушаалд дурдсан “аялал жуулчлалын хөтөлбөрийн төсвөөр хэрэгжих арга хэмжээнүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж,
-Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг зохион байгуулах таван багц ажлыг хийлгэхдээ бага үнийн аргаар шалгаруулалгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байранд хуулийн төсөл боловсруулах талаар үйл ажиллагаа явуулдаггүй буюу гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А Т” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан,
-2013-2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн нар боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл, холбогдох материалыг иргэн Х.С-д өгч, төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлэн санхүүжилтийг “А Т” ХХК-иар дамжуулан Х.С-д 10,000,000 төгрөг олгуулсан,
-Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Д-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/464 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг шууд байгуулж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой бусад улс орны холбогдох хууль, журмын орчуулга хийлгэж 1,550,000 төгрөгийг шилжүүлж, улсын төсөвт 11,550,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон,
-мөн ... яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/377 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” тушаалын хавсралтад тусгасан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон улсын ижил төстэй хуулийн төслийн судалгаа хийж дүгнэлт гаргуулах, татвар эдийн засгийн тооцоолол хийх гэсэн гурван ажлыг хийж хэрэгжүүлэхгүйгээр уг ажлуудын төсөв болох 15,100,000 төгрөгийг уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй Аялал жуулчлалын хөгжлийн төвд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж, гадаад улс руу томилолтоор явах хүмүүсийн томилолтын зардалд оруулах талаар чиглэл өгч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх зэрэг асуудлыг дутуу хянаснаас шалтгаалж хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлууд үүсжээ.
2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1541 дүгээр захирамж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/899 дүгээр магадлал, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/967 дугаар захирамж, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1305 дугаар захирамжид заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүхээс хэрэгт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг урьд прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамж, магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхэд яллагдагч С.Б-г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үйл баримт өөрчлөгдөх нөхцөл байдал тогтоогдсон.
Прокуророос урьд С.Б-г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийж, нийт төсөв өртгийг хувааж, ...дансаар дамжуулан Х.С-д олгохыг зохион байгуулсан, Д.Д-тай ...гэрээ байгуулж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой бусад улс орны холбогдох журмын орчуулга хийлгэж 1,750,000 төгрөгийг шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 7,100,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн атлаа гэрээнд тусгасан ажлуудыг огт хийж гүйцэтгэлгүйгээр тус төвөөс 15,100,000 төгрөгийг буцааж ... яам руу шилжүүлэн авч гадаад улс руу зардалд оруулан өөрөө гадаад улс руу явж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 26,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байжээ.
Харин шүүхээс буцсан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яллагдагчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд “...С.Б-г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, ...хуулийн төсөл боловсруулах талаар үйл ажиллагааг явуулдаггүй буюу гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ...хуулийн төсөл, холбогдох материалыг бүрдүүлэн санхүүжилтийг “А Т” ХХК-аар дамжуулан Х.С-д 10,000,000 төгрөг олгуулсан, ... яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Д-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/464 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх хуулийн төсөлтэй холбоотой бусад улс орны холбогдох журмын орчуулга хийлгэж 1,550,000 төгрөгийг шилжүүлж улсын төсөвт 11,550,000 төгрөгийн хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, ...гурван ажлыг хийж хэрэгжүүлэлгүйгээр уг ажлуудын төсөв болох 15,100,000 төгрөгийг уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй аялал жуулчлалын хөгжлийн төвд ...шилжүүлж, гадаад улс руу томилолтоор явах хүмүүсийн томилолтын зардалд оруулах талаар чиглэл өгч бусдад давуу байдал бий болгосон...” гэж өөрчлөлт оруулан шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл шүүхээс прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллагдагч С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд тусгагдсан буюу өөрчлөгдсөн үйл баримтад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй. Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч С.Б-гийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Прокуророос С.Б-г тухайн үйлдэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нөхцөлд С.Б- ганцаараа уг гэмт хэргийг үйлдэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнтэй холбоотой хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаар бусад хэргийн оролцогчдыг заавал шалгаж тогтоосны дараа шүүхээр оруулах нь зүйтэй. Урьд нь гарсан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос С.Б-г ... яамны ... газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай “аялал жуулчлалын хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” тушаалд заасан хэм хэмжээнүүдийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг урьд хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд болон давж заалдах шатны шүүхийн магадлалуудад заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэргийн материалаас үзэхэд, анхан шатны шүүх урьд хэргийг гурван удаа хэлэлцээд “Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц-ийг яллагдагчаар татаагүй, Х.С-той адил үйлдэлтэй Д.Д-ын үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэсэн үндэслэлээр буцааж байсан байна.
Хэргийг прокурорт буцаасны дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагчаар татагдан оролцож байсан Х.С-, Д.Д- нарыг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаас гадна шаардлагатай гэж үзсэн бусад мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэж, улмаар прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд үйл баримтын өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлджээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлсон.
Энэхүү зохицуулалтын дагуу шүүх гагцхүү прокуророос яллах дүгнэлт үйлдсэн яллагдагчийн хувьд, яллагдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр зүйлчилсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар тогтоосон байдаг.
Түүнчлэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол болон шүүгчийн өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан.
Гэтэл анхан шатны шүүх хуулиар хязгаарлалт тогтоох замаар зохицуулсан хэмжээ хязгаараас хальсан буюу прокурорын яллагдагчаар татаагүй этгээдүүд болох Ц.Цэнгэл, Д.Д- нарыг шалгах гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх гагцхүү хуульд захирагдах бөгөөд прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлээгүй, яллагдагчаар татаагүй этгээдийг яллах, ийнхүү яллахаар чиг үүрэг өгөх нь шүүх хараат бус байж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчимд нийцэхгүй.
Иймд прокурор Ч.Батзоригийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1215 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Ч.Батзоригийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хангасугай.
2.Яллагдагч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН